Гадныхан дэмжээд байгаа тэмцэгч-дасгалжуулагчдаа бид өөрсдөө шийтгэх нь хэр зүйтэй вэ

CrH-KW9VIAEiNTHРио-2016 Олимпийн наадам өндөрлөөд хэд хонож байгаа хэдий ч түүнтэй холбоотой хэл ам тасралтгүй өрнөсөөр байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, манай тамирчин Г.Мандахнаранг Рио-гийн дэвжээнээ зодоглох үед шүүгчдийн зүгээс булхай луйвар хийлээ гэдгийг эсэргүүцсэн шигшээ багийн хоёр дасгалжуулагчийн үйлдэлтэй холбогдуулан өчигдөр хэвлэлийн хурал хийгдсэн явдал юм.

Эхлээд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, А.Сүхбат, МЧБХ-ны ерөнхийлөгч, Их аварга Д.Дагвадорж нар хэвлэлийн хурал зарлан, олон улсын тэмцээний тавцан дээр зохисгүй үйлдэл гаргасан гэгдэж буй дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилээр хасах тухай шийдвэрийг танилцуулан, тэмцээнд амжилтгүй оролцсонтой холбогдуулан ард түмнээс уучлал гуйсан юм.

Ингээд тэд хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчидтэй тухтай ярилцах боломж олголгүй гарч одсон бөгөөд үүний дараахан нөгөө талын төлөөлөл болох “хэргийн эзэд” мөн хэвлэлийн хурал хийн, санал бодлоо сэтгүүлчдэд илэрхийлсэн билээ. Хоёр дасгалжуулагч болон тамирчин Г.Мандахнаран сэтгүүлчидтэй ярилцах үедээ монголын чөлөөт бөхийн ертөнцөд явагддаг ажиллагаанд илэн далангүй, шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэднийг илт гүтгэлгийн худал зүйл яриагүй гэдэгт олон нийт итгэлтэй байгаа бололтой.

Энэхүү дуэль маягийн цуварсан хэвлэлийн хурлуудтай холбогдуулан саналаа дурдахад, эх орныхоо нэрийн төлөө шударга бус шүүлтийг эсэргүүцэн, монгол хүний цусанд шингэсэн цөстэй омголон авираа илэрхийлсэн нь тийм ч буруутгаад, шийтгээд байх зүйл биш байлтай. Тэр ч бүү хэл, тэдний энэхүү тэмцлийг дэлхийн зарим улс орнууд ихээхэн талархалтайгаар хүлээн авсныг дурдах нь зүйтэй болов уу.

Өнөөдөр л гэхэд, “Аварга шиг барилд, Монгол шиг тэмц” гэсэн футболк АНУ-д 22$-р зарагдаад эхэлжээ” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгсээр байна.

Хэрэв энэ нь үнэний ортой бол ямартай ч, манай 2 дасгалжуулагчийн үйлдэл шударга бустай тэмцэх билэг тэмдэг болжээ гэхэд хилсдэхгүй. Өмнө нь ч, дэлхийн мэдээллийн томоохон зарим агентлагууд, Хятад улс тэднийг дэмжиж байгаа талаар мэдээлж байсан билээ.

Гэтэл манайхан өөрсдөө тэднийгээ ихээр буруушаан шүүмжилж, арга хэмжээ хүртэл аван шийтгэж байгаа нь нэг л гомдолтой мэт санагдахаар. Чөлөөт бөхийн тогоонд олон жил чанагдсан тэдгээр дасгалжуулагчид мэдээж, дүрэм журмаа мэдэж байж шалдалж нүцгэлсэн байж таараа! Шударга бус шүүлт тэднийг яалт ч үгүй ингэж тэсэрч дэлбэрэхэд хүргэсэн биз.

Харин одоо өөрийн эх орных нь шударга бус шийтгэл тэдний эр зориг, эрч хүчийг нуга дарж болзошгүйг ч үгүйсгэх аргагүй…

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих