Д.Хаянхярваа: Цалинг бууруулахгүй байх нэгдсэн шийдэлд хүрсэн

14182343_710828182388579_75115917_nУИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон төсвийн тодотголын асуудлаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Харин татвар нэмэх эсэх асуудлыг ажлын хэсэг дахин нягталж үзэхээр боллоо. Тухайлбал, онцгой албан татвар, 150 метр квадратаас дээш талбайтай орон сууц, автомашины хуучин эд анги оруулж ирдэг хувь хүн, аж ахуйн нэгж, цалингийн шаталбараас хамааралтай татварын асуудлыг дахин авч хэлэлцэхээр болсон байна.

Төсвийн тодотголыг судалж санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг судлан санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахлан ажиллаж байна. УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан байна гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид төсвийн тодотголтой холбоотой асуудалд нэлээд анхаарал хандуулсан. Нийгэмд цалин хасах нь, татвар нэмэх нь, хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийг зогсоох нь гэсэн мэдээлэл түгж байна. УИХ-д өргөн барьсан төсөл хөтөлбөр эцсийн баримт биш. УИХ-аар өргөн барьсан төслийг баталж байж эцсийн шийдвэр гардаг. Өргөн барьсан төслийг эхлээд бүлэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байж төсвийн тодотгол хууль болж эцсийн баримт бичиг болж гарна. Өнөөдрийн хуралд Засгийн газрын гишүүдийг байлцуулж байгаад эдийн засгийн нөхцөл боломжийн талаар ярилцлаа. Үндсэндээ Засгийн газрын оруулж ирж байгаа мөрийн хөтөлбөрийн хүрээнд авч үзэхэд эдийн засаг бидний тооцоолж байснаас харьцангуй доогуур нөхцөл байдалтай байна.  Тиймээс Засгийн газрын оруулж ирж буй мөрийн хөтөлбөр бол өнөөгийн эдийн засгийн чадамжид тулгуурласан гэж ойлгох хэрэгтэй” гэв.

Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгож, 40 хувьд нь 2-3 жилийн дараа боломжит хувилбараар өгөх, Оюутны тэтгэлгийн санг 90 тэрбум төгрөгөөр байгуулах санал оруулж ирснийг МАН-ын бүлэг дахин судлах шаардлагатай гэж үзлээ. МАН-ын бүлэг маргааш дахин хуралдаж, энэ талаарх шийдвэрээ эцэслэн гаргана гэж бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ.


URL:

Нэр: Zochin Огноо: 2 September 2016

Neeree tiim.irgediin amidrsl odoo saijirsan haragdaad bga yum uu ih hural, zasgiin gazriin gishuud mini ee

Сэтгэгдэл бичих