Хачигт хазуулснаар хүний сэтгэцэд өөрчлөлт ордог

527-14730492557326ae1d3d474e8originalСүүлийн үед ойд самар түүж яваад хачигт хазуулах тохиолдол ихэсчээ. Хачигт хазуулсны улмаас халдварладаг 30 гаруй төрлийн өвчин байдаг бөгөөд Сэлэнгэ, Булган, Хэнтий аймгийн ой нь хачгийн хамгийн гол голомт болдог гэнэ. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэн Д.АЛТАЙГААС тодрууллаа.

-Хачигт хазуулсны улмаас хүний биед ямар эрсдэл тулгарах вэ?
-Хачигт хазуулсны улмаас хүний тархи үрэвсэж улмаар тэнцвэр алдагдах, хараа муудах, сонсголгүй болох, саажилт үүсч хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг аюултай. Мөн сэтгэл мэдрэлийн өвчтэй болох эрсдэл бий.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хачиг биед нэвтэрч орохооргүй битүү, тод өнгийн хувцас өмсөх хэрэгтэй. Тод өнгийн хувцас нь хачиг буусан тохиолдолд ялгарч харагддаг. Хачгийн голомттой буюу ой хээр явахдаа анхаарал, болгоомжтой байж 3-4 цаг тутамд биеэ шалгаж, хачиг үргээх бэлдмэл хэрэглэх шаардлагатай.
-Хазуулсан тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хачигт хазуулсан тухайн газарт үрэвсэх, улайх, цааш хүндэрвэл толгой өвдөх, тууралт гарах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хүнээс хүнд халдахгүй. Хэрэв хачигт хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд эмчид яаралтай хандаж шинжилгээ өгөх хэрэгтэй. Дур мэдэн ямар ч эмчилгээ хийж болохгүй.
-Хачиг байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан гарч ирдэг. Манай орны аль улиралд ихэвчлэн тохиолдлог юм бол?
-Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь дөрөв, тавдугаар сарын дунд үед үүрнээсээ гарч, арваннэгдүгээр сард ичдэг. Монгол Улсад ой, хээр, бэлчээрийн гэсэн гурван төрлийн хачиг байдаг. Жил бүрийн 7-9 дүгээр сард ой, хээрийн хачигт хазуулсан иргэдийн тоо эрс нэмэгддэг. Гэхдээ иргэд анхаарал болгоомжоо алдаж болохгүй.
-Иргэдийн дунд ганцхан хаврын улиралд хачиг гарч ирдэг гэсэн ойлголт байдаг. Энэ талаар тайлбар өгөөч?
-Бид хачгийг зөвхөн хаврын улиралд гарч ирдэг хэмээн боддог. Энэ нь андуурал. 2015 оны дөрвөөс наймдугаар сард нийслэлийн хэмжээнд хачигт хазуулсны улмаас ХӨСҮТ-д 360 хүн хандсан байдаг. Үүнээс хэвтэн эмчлүүлсэн 13 хүн байсан. Хачигт хазуулсан хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл 20-40 насны эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байдаг. Өвчлөгчдийн 68 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг.
Г.Мягмарсүх
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих