Монголбанкийг залилж, сорьцын зөрүүтэй алтан гулдмай тушаасан хэрэгт Эрдэнэсийн сангийн ахлах нягтлан бодогч холбогджээ

1201609061473121360-ЭНЭ ХЭРЭГТ ТУС БАНКНЫ ЭРДЭНЭСИЙН САНГИЙН АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ ХОЛБОГДЖЭЭ-

Монгол Улсын иргэн Боржигон овогт Ч.Ш нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. Хэргийг тодруулбал, 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Ч.Ш нь 2011 оны 10 дугаар сарын 28-наас 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд өөрөө болон О.Ж, Х.О, Ц нараар Монголбанкинд 100.859.20 грамм алт тушаалгасан байна. Ингэхдээ сорьцын хяналтын албанаас тогтоосон сорьцоос өөр сорьцтой алт тушаан залилан мэхэлж, Монголбанкинд онц их хэмжээний буюу 1.177.186.253.25 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн шүүх 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 320 дугаар цагаатгах тогтоолоор Ч.Ш-д прокуророос Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байна.

Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Н.Золжаргалын нэхэмжлэлтэй тус хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Ш-ыг цагаатгаж, хохирогч Монголбанкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд “…нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ш-ыг Сорьцын хяналтын хэлтсээс сорьц, жин тогтоосон алтан гулдмайг өөр сорьцтой алтан гулдмайгаар сольсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Мөн Монголбанкны гэрээт алт цэвэршүүлэгч Англи улсын “Жонсон Матей” компаниас 2011 оны 3 дахь ачилтын алтыг цэвэршүүлсэн тухай дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тусгайлан томилогдсон шинжээч биш тул шүүх үнэлэх боломжгүй” гэж 320 дугаар цагаатгах тогтоолоор дээрх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Ш-ыг цагаатган, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүх 320 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

-НАЙМАН ШИРХЭГ АЛТАН ГУЛДМАЙГ ХАЙЛУУЛЖ, ДАХИН СОРЬЦ ТОГТООЛГОХОД ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗӨРҮҮ ИЛЭРСЭН БАЙНА-

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас “Ч.Ш-д холбогдох хэрэгт битүүмжилсэн 8 ширхэг /2671, 2672, 2674, 2675, 2678, 2679, 2680, 2681 дугаартай/ алтан гулдмайг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтэст нэг бүрчлэн хайлуулж, дахин сорьц тогтоолгоход анх тогтоосон сорьцын хэмжээнээс их хэмжээний буюу 267.178.950.8 төгрөгийн сорьцын зөрүү илэрсэн тул уг асуудалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-д заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэх” талаар гомдол гаргажээ. Энэ дагуу Улсын Ерөнхий прокурорын газраас Ч.Ш нарт холбогдох хэргийг хянаад, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/04 дугаартай тогтоолоор шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагаа үүсгэж, Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Батсайхан шалгасан байна.

Шалгалтаар Монголбанкинд 2003 оноос 2009 оны 07 дугаар сарын 02-ныг хүртэл дотоодын аж ахуйн нэгж, иргэдээс тушаасан алтандМонголбанкны гэрээт цэвэршүүлэгч болох Англи улсын “Жонсон Матей” компани болон хөндлөнгийн шинжээчээр ажилласан “Стеварт групп” компаниар сорьцын шинжилгээ хийлгэхэд алтны сорьцын зөрүүгээс нийт 315.1 кг алт буюу тухайн үеийн валютын ханшаар 6.0 тэрбум төгрөг, 2011 оны 2 удаагийн ачилтаар сорьцын шинжилгээнд хүргэгдсэн алтнаас 11.9 кг буюу 800.0 сая төгрөг, 2011 оны 3 дахь ачилтаар 18.3 кг буюу нийт 1.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.

2011 оны 3 удаагийн ачилтаар Англи улсад хүргүүлж сорьцын шинжилгээ хийлгэсэн алтнаас алт тушаагч Ч.Ш-ын 6 удаагийн үйлдлээр тушаасан 16.572.40 граммм алтнаас 2.844.16 грамм, Х.О-ы 5 удаа тушаасан 1.479.1 грамм алтнаас 2.857.64 грамм, О.Ж-ын 17 удаа тушаасан 41.261.18 грамм алтнаас 5.766.76 грамм, Ц.Ц-ын 10 удаагийн 32.564.20 грамм алтнаас 5.367.38 грамм алт тус тус дутагдсан нь тогтоогдсон байна.

Монголбанкийг залилан мэхэлж сорьцын зөрүүтэй алтан гулдмай тушааж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх энэ гэмт хэрэгт Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын Эрдэнэсийн сангийн ахлах нягтлан бодогч С.Цагаанхүү холбогджээ.

Мөрдөн байцаалтын явцад Ч.Ш-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх мөн л Ч.Ш-д холбогдох хэрэг нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгожээ.

Монголбанкны гэрээт алт цэвэршүүлэгч Англи улсын “Жонсон Матей” компаниас 2011 оны 3 дахь ачилтын алтыг цэвэршүүлсэн тухай дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тусгайлан томилогдсон шинжээч биш тул шүүх үнэлэх боломжгүй” гэх үндэслэлээр хэргийг цагаатгасан байна.

Өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 320 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 852 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ч.Ш-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих