ЭХИЙН ХАЙР

1935878_912065408909853_5249715764366628349_nТүүнд хоол өгөх нь бүү хэл “Энэ нэг золбин юм, зайл…!” гэж хөөж туугаад, хажуугаар нь гарсан хүүхдүүд хүртэл чулуу шидэлнэ. Өглөө эрт гэрээс гарахад манай хашааны урд талын гудамжны цаана хэвтэж байдаг юм. Харин би хааяа тогооны угаадас, хоолны шавхруу үлдвэл өгөхийг бодно. Сав олдохгүй болохоор нь газар хонхойлж ухаад асгахад их л баярласан, бас эмээх мэт зөөлнөөр хараад угаадасыг долооно. Наашаа гэх хүнгүй ганц эм амьтны зовлон барагдах биш дээ.

Хэдхэн сарын өмнө нэг шөнөжин ноход яргиад хоносны дараахан түүний гэдэс нэлээд томорсон, их л өлсөж туйлдсан шинжтэй гуйвлан алхасаар үүдэнд ирсэн юм. Хөөрхий дөө, хүнд чичлүүлж, хөөгдөж туугдсаар байгаад халширч, хүнээс зугтан хаа хол хашааны булан тохой л бараадаж явдаг сан. Гэтэл тэр өглөө түүнд хоол өгөх ганц найдлага нь би байсан бололтой. Хулмагнан навталзаж, сүүлээ шарван гасласаар хөлд ирж сөгдөх мэт хэвтлээ. Маш ихээр өлссөн нь илт байв. Гэрт ортол хоолны үлдэгдэл үнэндээ байгаагүй тул тавган дээрээс хэдэн хатсан боорцог аваад хаяж өгтөл бөөнөөр нь үмхлэн, бараг л бүгдийг нь нэгэн зэрэг залгичихаад илүү харалгүй буцаад гуйвлан одсон сон. Түүнээс хойш тэр лав сар гаруй хугацаанд харагдаагүй юм. “Бодвол нохой устгалынханы суманд өртсөн хэрэг, за тэр нь ч амар даа” хэмээн бодож байлаа. Ер нь, түүнийг энэ хугацаанд надаас өөр хэн ч үгүйлээгүй байж мэднэ.

Гэтэл саяхан нэг өглөө гэрээс гартал тэр ирчихэж. Гэдэс нь бүр ар нуруундаа наалдчихсан “Идчих л юм байвал юу ч хамаагүй өгөөч” гэсэн шиг харцаар намайг ээрэв. Аз болоход урьд орой нь чанасан хонины толгойн шөл байхаар нь жаахан бүлээсгээд аваад гарлаа. Ийм сайхан шөлийг шууд хонхор газарт асгаад өгөмгүй санагдахаар нь хийх сав хайн гэрээ тойрч жаал алхав. Олигтой нь бүү хэл онгорхой цоорхой нь ч олдсонгүй. Бүлээн шөлний үнэр авсан цагаан алаг жингэр сүүлээ шарвагнуулан тойроод гүйж байна. Тэгэхээр нь гялгар уут өнөөх хонхойлсон газартаа тавиад хийж өглөө. Шөлний үнэрээр ойр хавийн ноход гүйлдээд ирэх нь тэр. Хөөрхий, цагаан алаг хэд долоосноо замын цаад дахь эзгүй хашааны зүг хялам хялам хийн гийнан, надаас “Энэ шөлийг манаж байгаач” гэсэн шиг харцаар ширтэж байснаа давхиад явчихав.

Учрыг эс олсон би хавийн нохдыг бусдын адил чулуугаар шидэлж хөөн хоолыг нь манан хэсэг зогслоо. Төдөлгүй тэртээх хашааны булангаас цагаан алаг хэдэн жаахан гөлөг дагуулан гарч ирэв. Сүүлийн сард харагдаагүйн учир энэ байж л дээ. Паацагнасан хөөрхөн амьтас ээжийгээ дагах нь дагаж, зарим нь хашааны булан руугаа буцаж балтаргана. Энэ хооронд цагаан алаг над дээр хэдэнтээ давхин ирж шөлөө нэг долоож үзсэнээ, “Удахгүй ээ” гэх шиг над руу хараад буцаж давхина. Ингэсээр зургаан хөөрхөн амьтан дагуулсаар ирэв. Тэд хоолонд орчихож. Асгасан шөлөн дунд хоёр нь ороод зогсчихсон, бусад нь тойроод иднэ. Харин цагаан алаг ойролцоо хэвтээд гөлөгнүүдээ харан нулимс унагаж байлаа. Тэр өөрийнх нь ходоод хоосон ч гөлөгнүүдээ хооллож буйдаа сэтгэл нь дүүрэн байгаа ажээ. Гөлөгнүүд шөлийг юу ч үлдээлгүй идчихээд паацагнан гүйлдэж, эх рүүгээ цоройлон тоглоно. Харин шөл байсан газрыг цагаан алаг хэдэнтээ долоосноо гөлөгнүүдээ дагуулсаар буцаад явав. Тэр бүр хүмүүс анзаардаггүй энэ амьтадын амьдралыг харж зогссон би ч өөрийн эрхгүй нулимс унагаж, бид зургааг төрүүлж өсгөсөн ээжийгээ улам ихээр саналаа. Ижий минь биднийг өлсгөхгүй, бусдаас дутуу явуулахгүйн тулд нэгэн насаа элээж буйг ухаарав. Эхийн хайр ямар агуу вэ.

 

 

М.Наранболд


URL:

Сэтгэгдэл бичих