Толгойгүй Ардчилсан нам

be6f5ca091b57de0943d916e19189443Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар огтхон ч төсөөлж байгаагүй ялагдал амссан Ардчилсан намын хуучин удирдлага сонгууль өнгөрөөд бараг бүтэн улирал болж байхад шокноосоо гарч чадаагүй атлаа сонгогчдын хүсэл зоригийн дагуу хүссэн хүсээгүй алдахаас өөр аргагүй болсон эрх мэдлээсээ зууралдсан хэвээр байна.

Зургадугаар сарын 30-ны шөнө дөлөөр Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяраа дагуулан сэтгүүлчдийн өмнө гарч ирж, улс төрийн хариуцлага хүлээхээ мэдэгдэж байсан АН-ын экс дарга З.Энхболд өөрөө эрх мэдлээс сайн дураараа холдож байгаа дүр үзүүлж яаран мэдэгдэл хийчихээд цаагуураа хуучин заншлаараа л хор найруулж, одоо хэр ялагдсан намын удирдлагад нөлөөтэй байхыг эрмэлзсээр байгаа нь илт.

Чухамдаа Ардчилсан намын ялагдлын үндсэн шалтгаан болсон зарим фракцийн удирдагчдын хэрээс хэтэрсэн хуйвалдаан сонгуулийн дараа ч үргэлжилж, Гүйцэтгэх зөвлөлд илүү нөлөө бүхий Шонхор, Алтан гадас, МҮДН-ийнхэн үгсэн хуйвалдах замаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр яаруу сандруу томилуулсан билээ.

Түүнээс хойш намынхаа олон зуун гишүүдийг ээлж дараалан халаа сэлгээнд өртүүлж, гудамжинд гаргуулсаар байгаа Ардчилсан намын эрх мэдэлтнүүд удирдах дээд байгууллага – Үндэсний Зөвлөлдөх хороо (ҮЗХ)-гоо нэг удаа хуралдуулах гэж үзээд хэлэлцэхээр төлөвлөсөн зургаан асуудлаасаа ганцханыг нь шийдвэрлэсэн нэртэй өнөөг хүрсэн.

Улиран одсон зуны турш АН-ын Үндэсний Зөвлөлдөх хороо байн байн хурлын товоо хэвлэлээр зарлаж байсан ч нөгөө л фракцийн хуучин бурхинууд хүссэн тохироондоо хүрч чадаагүйн улмаас хойшилсоор бүр сүүлдээ ер нь энэ намын хурал хэзээ нэгэнтээ болно гэдэгт итгэх хэцүү болжээ.

Энэ завсар намаа шинэчлэх гэсэн олон хөдөлгөөн бий болж, намынх нь залуу гишүүд элдэв санаачилга гарган үе үе хэвлэлийн бага хурал зарлаж үзэл бодлоо илэрхийлж, шинэчлэлийг яаравчлахыг шаардаж байгаа ч экс дарга нар нь таг чиг.

Харин тэдний зарим нь есдүгээр сарын 01 болж сургууль цуглахтай зэрэгцэн ичээнээсээ толгойгоо өндийлгөж эхэлж байна. Саяхан АН-аас төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байсан хэсэг эрхэм УИХ дахь АН-ын бүлэгтэйгээ өргөтгөсөн хуралдаан хийлгэж бүлгийн дэргэд Зөвлөлдөх зөвлөл гэж сүрхий бүтэц байгуулснаа зарлалаа. Түүнтэй зэрэгцэн АН-ын сүүдрийн Засгийн газар байгуулан ажиллуулах тухай санааг ч цухалзуулаад эхэллээ. Харин есдүгээр сарын 16-нд товлосон ҮЗХ-ны хурлынхаа талаар хэн нь ч ам ангайхгүй бололтой.

Зөвлөлдөх зөвлөл байгуулж, тэр ч бүү хэл сүүдрийн Засгийн газраа зарлаж өөрсдийгөө улируулан “сайд дарга” нарт өргөмжилж болно л доо. Парламентын засаглалтай улсад байдаг л жишиг. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд энэ нам юун түрүүн амьд байгаагаа харуулж, дээд байгууллагаа хуралдуулж, шинэчлэлийн салхи оруулах томоохон алхам хийж, ядаж нэг толгойтой болох нь нэн түрүүний асуудал. Түүнээс биш намаа ялагдалд хүргэсэн хуучин удирдлагууд нь буцаад төрийн ордон хавиар эргэлдлээ, сүүдрийн “сайд” нар боллоо гээд намынхаа гишүүд болон олон нийтийн инээдэм, доог тохуу болохоос хэтрэхгүй.

З.Энхболдыг АН-ын дарга, УИХ-ын дарга буюу улсын хоёрдугаар хүн байхад тус намын ҮЗХ ирц нь хүрэхгүй тоотой хэдэн удаа хуралдах гэж оролдоод тарж бутардаг, тэр хэрээрээ намынхаа рейтингийг унагадаг байлаа. Эрх баригч нам байхдаа ийм байсан, сөрөг хүчин болж, гудамжинд тэр чигээрээ шахам гараад ч ялгаа алга. Тиймээс Монгол улсын болон намынхаа гишүүдийн өмнө үүрэг хариуцлага хүлээх учиртай, олон зуун мянган гишүүнтэй энэ намын одоогийн үүрэг гүйцэтгэгч болон түүнийг хөшигний цаанаас залдаг удирдлагуудаас ядаж энэ удаа өөрсдийгөө сайд, даргаар өргөмжлөхийн өмнө ҮЗХ-гоо цуглуулж, фракцийн “15 толгой”-гоо нэг болгож, намаа цул болгохыг олон нийт шаардах эрхтэй. Сар хүрэхгүйн дараа орон нутгийн сонгууль болох гэж байна. Намын чинь угшилтай төрийн албан хаагч олон гишүүн ажил, амьдралаараа хохирон гудамжинд гарсаар байна. Хэрэв та бүхэн хүссэн тохироогоо хүлээж хуучин эрх мэдлээ санагалзсаар орон нутгийн сонгууль хүргэвэл орон нутагт байгаа олон мянган гишүүд чинь араас нь залгаад хуйгаараа гудамжинд гарна.

Нам шинэчлэх тухай яриа уг нь сайхан. Гэхдээ шинэчлэгдэхийн тулд ядаж хуралдаж сурах хэрэгтэй шүү дээ.

POLITIK.MN


URL:

Сэтгэгдэл бичих