Г.Баасан: Хишиг, тэтгэвэр бол тэс өөр зүйл битгий андуур

3133Улсын их хурлаас Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэд хоногийн өмнө хүчингүй болгосон билээ. Хүчингүй болгосон шалтгааныг Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат “Урт наслах тусам надад тэтгэвэр олгоно шүү гэдэг бодолтой амьдраасай л гэж хүссэн юм.
Түүнээс биш хар буруу санах ч юм уу, өмнөх Засгийн газрын бодлогыг үгүйсгээгүй. Тиймээс тэтгэврийг “Насны хишиг” гэдэг нэрээр үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдсэн.

 

Монголын ахмадын чөлөөт холбоо үүнд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж мэдээлэл хийсэн юм. Тус холбооны тэргүүн Г.Баасан “Хишиг, тэтгэвэр гэдэг бол тэс өөр зүйл. Хишиг бол өгсөн ч болно, өгөөгүй ч болно. Өгөхгүй байлаа гээд нэхдэггүй, өглөө гээд гомдох юм байхгүй зүйлийг хишиг гэдэг. Тэр бол төрийн хайр хишиг. Харин тэтгэвэр бол тэтгэврийн шимтгэл төлөөд түүнээсээ авч байгаа хэрэг битгийн андуур” гэсэн юм.

 

Мөн УИХ-аар баталсан хуулийг Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгосон нь төрийг үгүйсгэж буй үйлдэл гэдгийг онцлоод Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийллээ. Монголын ахмадын чөлөөт холбооныхон дээрх асуудлаар 21 аймагт санал асуулга явуулж байгаа бөгөөд одоогоор 15 аймгийн дүн ирсэн байна. Мөн тус холбооноос УИХ-ын дарга, Ерөнхий сайдад Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан бичиг хүргүүлж байгаа аж.

Г.Эрдэнэзул

Facm.mn


URL:

Сэтгэгдэл бичих