Ардчилсан нам сандал ширээний бус бодлогын шинэчлэл хийх хэрэгтэй

7УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ шийдвэр гаргаж, өнгөрсөн долоо хоногт орон тооны бус зөвлөхүүдээ томилсон. Зөвлөхүүдийн нэрсийг харвал УИХ-ын гишүүн асан М.Зоригт, С.Одонтуяа, М.Батчимэг, Р.Гончигдорж, Р.Амаржаргал нарын 21 хүн байх юм. Энэ нь олон нийтийн дунд есхөн гишүүнтэй бүлэгт 21 зөвлөх томилж УИХ дахь жижигхэн бүлгийн эрх мэдлийг булаацалдлаа гэх шүүмжлэл дагуулаад буй.

Өнгөрсөн дөрвөн жил засгийн эрхийг барьж байсан Ардчилсан нам энэ удаагийн сонгуулиар эрх мэдлийн гадна үлдсэн ч өнгөрсөн алдаа дутагдлаа дүгнэж, намдаа сандал ширээний бус бодлогын шинэчлэл хийж Монголын улс төрд шинэ соёлыг бий болгох цаг нэгэнт иржээ. Энэ нь АН-ыг илүү ардчилсан, нээлттэй, хариуцлагатай, ил тод бодлоготой байх тухай асуудал. Сонгууль бүрийн дараа парламентын гишүүдийн тал нь явж, тал нь шинээр ирдэг жамтай. Харин 2016 оны сонгуулиар ард түмэн АН-д дүнгээ тавьж ёсхөн гишүүний суудалтай үлдсэн.

Намын төлөвшлийн нэг суурь нөхцөл нь санхүүжилтын асуудал байдаг. Иймээс ардчилсан намын шинэчлэлийн бодлого нь наад зах нь санхүүгийн байдлаа ил тод болгохоос эхлэх хэрэгтэй гэж Улс төрийн ухааны доктор/Ph.d/ Э.Гэрэл-Од хэлсэнюм. Тэрээр улс орнуудад зөвлөхүүдийн зөвлөл гэж байдаг. Тухайлбал, Английн засгийн газарт тусгай зөвлөх гэж бий. Ер нь улс төр бол насны хязгааргүй ажил, тэтгэвэрт гардаггүй гэж ойлгож болно. Улстөрч байсан хүн сонгогдоогүй тохиолдолд өөрийн намын улс төрчид зөвлөхөөр ажиллаж байсан олон жишээ бий. Энэ бол байж болох л зүйл. Гэхдээ орон тооны байх уу орон тооны бус байх уу гэдэг нь өөр асуудал.Монголын улс төрчид мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө авдаг, бодлогын судалгаа хийлгэдэг тэрэн дээрээ тулгуурлаж өөрсдөө шийдвэр гаргадаг байх соёлд суралцах хэрэгтэй” гэж тэрээр хэлж байлаа. Мөн дараагийн нэг асуудал нь Ардчилсан нам аль болох илүү дотоод ардчилалтай байх ёстой. Намын үйл хэрэгт гишүүдээ оролцуулдаг, хамтын шийдвэр гаргадаг тэрийгээ дагаж мөрддөг байх нь чухал. Тэгж байж намын шинэчлэлийн ажил хүлээн зөвшөөрөгдөнө.

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд олон зөвлөхүүдээсээ зөвлөгөө авч сайн бодлого шийдвэр, санаачлагыг гаргаж чавдал Ардчилсан намд ашигтай байхыг үгүйсгэхгүй. Олон нийтэд хүргэхэд хэцүү боловч хөрөнгө мөнгө, зохион байгуулалт шаардаад УИХ дахь есөн гишүүдийнхээ зөвлөхүүдээр сүүдрийн засгийн газар байгуулж чадах юм бол “Монголын улс төрд хариуцлагатай хөндлөнгийн хяналт тавьдаг улс төрийн хүчин хүлээн зөвшөөрөгдөнө” гэдгийг улс төр судлаачид хэлж буй. Сонгуулиар ялагдсан нам болгон шинэчлэлийг ярьдаг. Гэхдээ тэр нь үр дүнд хүрдэггүй. Хэн дарга, цэрэг байх уу гэдэг шинэчлэл манайд хамгийн их явагддаг гэж хэлж болно. Ямар ч нам эвсэл шинэчлэлийг үр дүнтэй хийж өөрсдийн зорилгоо хангаж эв санааны нэгдэлтэйгээр сонгуультай золгож чадвал үүнийг бид амжилт гэж харж болох юм. Харин нам дотроо фракцлаад намын дарга, нарийн бичгийн төлөө буруу зүйл сэдэж суугаа бол энэ нам хэзээ ч шинэчлэгдэхгүй нь ойлгомжтой. Ямарч байсан энэ сарын 16-нд болох Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааныг хүлээх л үлдлээ.

Н.Ахмарал  Eagle.mn

URL:

Сэтгэгдэл бичих