Хөлдүү паартай, “хөдсөн тэрлэг”-тэй нийслэлчүүд

527-14738143269-14-6_700x700Дулаан доголдож, халаалт муудахын зовлон хэзээ арилах бол оо, манай нийслэлд. Муу амласандаа ч биш. Энэ өвөл нийслэлчүүд ус, дулааны зовлонг дахиад л амсах нь.

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа болохоор хүн бүр, дор бүрнээ өвлийг өнөтэй давах тухай ярьж байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэгтэй байгууллагууд ч ажлын гүйцэтгэлээ хувиар өсгөхийг хичээж байна. Энэ сарын 1-ний байдлаар “Улаанбаатар дулааны сүлжээ” компани гэхэд бэлтгэл нь 91.5 хувьд хүрч, өнөө маргаашгүй дулаанд холбох албан байгууллага, ажлаа нягтлаад зав муутай явна. Бичин жилийн зуд цухалзаж байгаа энэ үед хотын доорх “хот” асуудалтай хэвээрээ. Тэсгим өвлийн хүйтнээр хэдэн өдөр балбахад л хотын энд тэнд шугам хоолой хөлдөж, хагараад сандаргах аюул ойрхон байна.
Улаанбаатарыг “Амгалан дулааны станц”, “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” компани дулааны эрчим хүчээр хангадаг. Ингэхдээ эдгээр аврага том дулаан үйлдвэрлэгчийн илч дулаанаар 2760 аж ахуйн нэгж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвийн 9000 гаруй барилга обьект дулаан өвөлждөг. Үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүрэх “зам” гэвэл 379.5 км урттай 13 магистраль шугам, насосны найман станц, дулаан дамжуулах хоёр төв. Нэг ёсондоо, бидний хөл дор бас нэгэн “амьдрал” өрнөж, агуу том аврага байгууламж зогсолтгүй ажилладаг.
Харамсалтай нь жил ирэх тусам газар доорх “амьдрал” хөл толгойгүй больж, байнгын эвдрэл гэмтэл гарах болсон. Үүний хариуд аж ахуйн нэгж, албан байгууллага, орон сууцнуудын дулаан доголдож, халаалт муудаж байнгын хэл ам дагуулдаг. Эдгээр аварга байгууламж хүнээр бодвол өвчин эмгэгт баригдсан, эцэж турсан нэгэн. Энэ нь ашиглалтын хугацаа дууссан, олон жилийн насжилттай магистраль шугам, хоолойнууд гэсэн үг. Гэхдээ нийслэлийн дулааны шугам сүлжээ тэр чигтээ биш л дээ. Тодорхой хэсэг нь. Гэхдээ л тэр хэсэгт цөөнгүй барилга, байшин хөлдөх аюулд автдаг.
Бид “өвчтөн”-ийг бүрэн гүйцэд эмчилж чадахгүйгээр, жил бүр гал унтраах байдлаар аргацааж ирсээр өнөөдөртэй золгож байна. Тухайлбал, 11 г, д магистраль шугам буюу Гурвалжингийн гүүрний төмөр трассаас Гранд плаза хүртэлх дулааны шугамыг 1984 онд ашиглалтад оруулаад 32 жил болж байна. Ашиглалтын хугацаа нь аль эрт дууссан тус шугам хотын нийт хэрэглээний 70 орчим хувийг авч ажилладаг төв хэсэг. Тиймээс өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай болж холбогдох газрууд өнгөрсөн онд зураг төсөл боловсруулсан байна. Нийслэлийн дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 70 хувийг хангаж буй  11 г, д магистраль шугамыг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Харамсалтай нь төсөв хөрөнгийн асуудлаар энэ ажил цэг ч хатгаагүй байна.
Мөн нийслэлийн баруун чиглэлийн төв хэсэг 25 дугаар эмийн сан, 10 дугаар хороолол, Саппоро, I хороолол, Таван шар, 21 дүгээр хороолол орчмын 8 а, б, д магистраль шугам ч засч, сэлбэх хоног хугацаагаа хүлээсээр байна. 1997 онд Дани улсын буцалтгүй тусламжаар угсралт хийгдсэн ч тэр үед урьдчилсан дулаалгатай янданг шууд хөрсөнд булснаас сүүлийн таван жилд гэмтэл доголдол тасрахаа байжээ. Дулааны шугам гадна талаасаа их зэвэрч шугамын хана нь нимгэрээд, даралт даахгүй болсон нь гэмтэл гарах гол шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Нийслэлийн дулааны шугам сүлжээг засч сэлбэхэд тулгамддаг асуудал нь өнөөх л төсөв, хөрөнгийн гачигдал.
Төсөв, хөрөнгөдөө ийнхүү толгой мэдүүлж суух зуур өдөр хоногоор барилгууд сүндэрлээд нийслэлийн дулааны эрчим хүчний ачаалал улам нэмэгдсээр байна. Албаны хүний хэлж буйгаар жилд дунджаар 100-150 Гкал/ц-ийн ачаалалтай 200 орчим барилга төвлөрсөн дулаанд холбогддог ажээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 3-8 хувиар өсдөг. 2011 онд 150 аж ахуйн нэгж дулаанд холбогдож байсан бол өнгөрсөн онд 300 орчим барилга болж нэмэгджээ. Ядахад яр гэгчээр зөвшөөрөлгүй барилга барьчихаад дараа нь дулаанд холбуулах гэж улайрдаг, ар өврөөр гүйдэг нөхөд ч бий.
Уг нь Улаанбаатар найрсаг хот болох ирээдүйн мөрөөдөлтэй. Харамсалтай нь, гадна зам дээрээ түгжрээд, гэртээ ороод дагжаад байвал нийслэлчүүд найрсаг занг хэзээ төлөвшүүлэх вэ. Иргэд ийнхүү бухимдаж байхад, ихэс дээдэс нь сүсэг бишрэлээр төрийн ажлыг гүйцэтгээд төсвийн хөрөнгөөр тоглож байх.
Гэхдээ хотоо дулаанаар хангахад иргэн таны оролцоо бас чухал гэдгийг санаарай. Өвлийн бэлтгэл ид өрнөж байгаа энэ үед та ч бас орон сууцныхаа дулаалгыг ажаарай. Хаалга, цонх, хана туургаар чинь зай завсар гарвал дулаан өвөлжинө гэж саналтгүй. Хөдсөн тэрлэгээ нөмрөөд, хөлдүү паараа тэврээд түмэн зовлон тоочихоос өөр аргагүйд хүрнэ.
Б.Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих