АН-ын лидерүүдийн ээлж дараалсан мэдэгдлийн “цуваа”-г Н.Алтанхуяг үргэлжлүүлж ҮЗХ-ны хурлаас өмнө “бөмбөг тэслэх” бололтой

147381169857d894f26972cШинэ долоо хоног эхэлж амжив уу, үгүй юу АН-аас “утаа” савсаж эхэллээ. Мэдээж шалтгаан нь хоёрхон хоногийн дараа хуралдах ҮЗХ-ны хуралдаантай холбоотой. Энэ удаагийн ҮЗХ-ны хурлыг өнгөрсөн сарын 28-нд хуралдуулахаар товлосон ч УИХ-ын ээлжит чуулгантай давхцсан тул есдүгээр сарын 16-нд хуралдуулахаар товлосон билээ.

Тиймээс баасан гарагийн орой ҮЗХ-ны ирц бүрдэж гэмээн ёстой “халуухан” юм болох учиртай. Ингэхийн тулд нэн түрүүнд ирц бүрдэх ёстой. Ирц бүрдэхийн тулд АН-ын фракцууд нь тохироонд хүрч элдэв дээдийн “хор”-оо тултал найруулж дууссан байх шаардлагатай. Бэлтгэл ажлаа базааж дуусч гэмээн ҮЗХ элдвийн саад тотгоргүйгээр товлосон газраас товлосон цагтаа эхлэх учиртай.

Товчоор хэлбэл ҮЗХ-ны хурлаас өмнө АН-ын намын дараагийн дарга тодорч, тохироонуудаа хийж дууссан байна гэсэн үг юм. Тиймээс энэ өдрүүдэд АН-ынхан “үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг” бужигнаж байна. Тэгвэл уг үйл явцтай холбоотойгоор АН-ын лидерүүд өнгөрсөн өдрүүдэд ээлж дараалан мэдээлэл, мэдэгдэл хийж олны анхаарлыг өөртөө татаж эхэллээ. Эхлээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үгээ хэлэв. Ерөнхийлөгч жил бүр уламжлал болон оролцдог “Балдорж” шагнал гардуулах ёслол дээрээс өөрийн санаагаа илэрхийлэв.

Тэрбээр “…Сэтгүүлч Ерөнхийлөгчийн хувьд энэ шагнал гардуулах ёслол маань отгон ёслол болж байна. Юм хугацаатай байх чинь их сайхан юм. Сараар тоологдоод эхэлсэн. Үлдэж байгаа саруудад УИХ, Засгийн газартайгаа нийлээд, хамтраад зүтгэнэ ээ.

…Би сая П.Очирбат гуайд хэлж байсан. “Та бол анхны Ерөнхийлөгч шүү. Жил бүрийн Балдорж шагнал дээр та бүх Ерөнхийлөгч нарыг төлөөлж ирж байгаарай” гэсэн. Бид бас ажилтай болчихож магадгүй шүү дээ…. Та бүхний боддог, бичдэгээс арай илүү явахыг би хичээнэ ээ. Ерөнхийлөгч биш байсан ч гэсэн. Та бүхний боддогоос илүү эрчтэй, илүү ард түмэндээ, хүмүүст ээлтэй, зөв явахыг хичээж ажиллах болно. Үүнийг та бүхэнд хэлье. Их баярлалаа…” хэмээн хэлэв. Түүний хэлсэн үгнүүд маш тодорхойгоор би Ерөнхийлөгчөөр буугаад зүгээр суухгүй гэдгийг нь батлав. Харин олон нийтийн харж байгаа шиг НҮБ үү, сэтгүүлчид болон улс төрийн хүрээнийхэний бодож байгаа шиг намаа тэргүүлэн 2020 оны сонгуульд орох уу гэдгийн хариу хараахан гараагүй байна. Магадгүй энэ асуултын хариулт баасан гарагийн орой ч олдож мэдэх юм. Хэрэв нам руугаа буцахаар зэхэж буй тэрбээр энэ удаагийн ҮЗХ-д ач холбогдол өгөх нь тодорхой.

Тэгвэл Ерөнхийлөгчийн дараа Э.Бат-Үүл сэтгүүлчдэд хандан даваа гарагт мэдээлэл хийнэ хэмээн зар тараав. Түүнийг ямар мэдэгдэл хийх талаар сошиалд битүүхэн хэлэлцүүлэг өрнөж байсан. Гэвч даваа гарагийн өглөө түүний хийсэн мэдээлэл хэний ч таамаглаагүй мартсан сэдэв байлаа. Тодруулбал, Үүл баатар “Намайг 17 жилийн өмнөх С.Зориг агсны хэрэгт сэжигтнээр татлаа” гэх нь тэр. Тэрбээр ер нь л юу юугүй ачигдаж магадгүй шүү гэх битүү сохор утгатай зүйл өгүүлэв. Шалгах шаардлагатай бол шалгах л байх. Хамгийн гол нь намын даргын төлөөх хамгийн том “тулаан”-ы өмнө энэ асуудал яагаад сөхөгдөв. Яагаад өнгөрсөн хавар, өвөл бүр ядаж зун энэ асуудал яригдаагүй вэ гэдэг сонирхолтой. АН-ын даргад хамгийн хүчтэй өрсөлдөж чадах улстөрч өнөөдөр Э.Бат-Үүлээс өөр байхгүй. Цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд тэр л бусдаасаа арай дөнгүүр оролцох шаанстай нь. Тиймээс Үүл баатар гэнэт мэдэгдэл гаргасан болон түүнийг шалгах болсон шалтгаан нь яалтчгүй ҮЗХ-ны хуралтай, намын даргад нэр дэвших хүсэлтэй нь “мөргөлдөж” таараад байна.

Ингээд АН-ын хоёр ч лидер өөрсдийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэн нөхцөл байдлын талаарх битүүхэн сураг ажгийг олон нийтэд “шидлээ”. Тэгвэл АН-ын дараагийн нэг хүчтэй лидер болох “Алтангадас” фракцын гол хүн Н.Алтанхуяг өнөө маргаашдаа багтаж олон нийтэд хандаж мэдээлэл хийхээр бэлтгэж буй талаар баттай эх сурвалжууд мэдээлэв. Энэ өчигдөр мэдээлж байсан. 27 дахь Ерөнхий сайд, цагтаа намаа удирдаж явсан Н.Алтанхуяг мэдээж ҮЗХ-тэй, намын даргын асуудалтай холбоотой мэдээлэл өгнө. Харин аль өнцөгөөс хэрхэн ярих бол гэдэг анхаарал татсан сэдэв болох үлдэх нь.

Өнгөрсөн хавар тэрбээр “Булхай луйвар, дээрэмчдийн төр…” зэргээр мэдээлэл хийж олон нийтийн анхаарлыг татсан билээ. Тэр цагаас хойш нам нь ялагдаж, намын нөхөд нь даргын төлөө тэмцэлдэж байхад чимээгүй байсан тэрбээр энэ удаад ҮЗХ-тэй холбоотой нэлээд ноцтой асуудлыг ярьж магадгүй юм. Ямартаа ч энэ өдрүүдийн хамгийн “халуухан” хийгээд анхаарал татсан сэдэв бол яалтчгүй ҮЗХ билээ.

Г.Лхагваа

 


URL:

Сэтгэгдэл бичих