АН, МАН хоёр адилдаа адил, годилдоо годил

АН МАН

Манай улсын эдийн засгийн аюулгүй байдал эрсдэлд ороод байна. Монгол Улсын өр 21 тэрбум долларын хэмжээнд хүрчихээд буй.  Үүнийг АН эрх барьж байх үедээ байх ёстой хэмжээ гэж харж байсан МАН болон бусад улс төрийн хүчин “Улс орныг дампуурал рүү хөтлөх хэмжээнд туллаа” гэж дүгнэж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн сонгууль энэхүү өрийг хэн, хэрхэн төлөх вэ гэдэг өрсөлдөөн байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь дараагийн эрх барих хүчин нь эдгээр өрийг хүүтэй нь хамт төлөх үүрэг хүлээн авах байсан. Тэр ч ёсоороо МАН-д ийм үүрэг оногдсон юм. Тэгвэл МАН-ын хувьд өр зээлнээс татгалзах тухай бус, харин ч улам илүү өр тавих тухай санааширч суугаа сураг чих дэлсэх боллоо. Өрийн таазыг цаашид Дотоодын нийт бүтээгдэхүүний 88 хувьд хүргэх төлөвлөгөөг боловсруулаад байгаа ч гэж дуулдах болов. Үнэхээр ч шинэ Засгийн газрын зүгээс гадаадын банк санхүү, хөрөнгө оруулагчид, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагатай уулзаж буй санал, хэлэлцээрүүд нь хэрхэн нэмж зээл авах тухай байгаа нь бодитой үнэн. Харин тэрхүү зээлээ эргээд АН-ын үед тавьсан өр зээлийн төлбөр хийгээд хүүг төлөхөд зарцуулна. Тийм ч учраас олны дунд “АН дөрвөн жил идэж ууж наргиж наргичихаад, тооцооныхоо хуудсыг МАН-д үлдээгээд явчихлаа” гэсэн хошигнол газар аваад байна. Тиймээс МАН ирэх дөрвөн жилд АН-ын бий болгосон өр зээлийг төлж барагдуулахын тулд өр зээл нэмж тавих нь ээ гэдэг дүгнэлт хийж болохоор байна.

Тэгвэл одоо үүсээд буй өр үнэхээр санаа зовохгүй байж болох зүйл мөн үү. Олон эдийн засагч энэхүү өрийг аюул занал гэж харж байна. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болоод хэтийн  төлөвийг харахад, өрийг дарах байтугай, хүүг нь төлөхөд ч хүндрэлтэй байгаа аж.

21 тэрбумын өрөө ойрын жилүүдэд хэрхэн яаж, ямар эх үүсвэрээс төлөх нь тодорхойгүй. Өрөө төлөх нь байтугай, төсвөө ч бүрдүүлж чадахгүй байдалтайгаар өнгөрсөн дөрвөн жилийг үдлээ. Ирэх жилээс бид төсвийнхөө 30 гаруй хувийг өрөнд өгөх болно. 2017 оны гуравдугаар сард Чингис бондын зээлийг төлж эхлэхээр байгаа. Таван тэрбум ам.долларын 500 саяыг 2018 оны нэгдүгээр сард төлнө. Жил хүрэхгүй хугацаанд нэг тэрбум ам.доллар төлөх үүрэгтэй. Харин үлдсэн нэг тэрбумыг 2022 оны арванхоёрдугаар сараас төлнө. Үүний дараа Самурай бондын төлөлт 2023 оноос орж ирнэ. Энэ бүх өрийг ам.доллараар төлнө. Сангийн сайд “Өрийг өрөөр л төлөхөөс өөр гарц байхгүй” гэж мэдэгдсэн. Ийм л ангалын өмнө улс орноо туун авчирсан АН одоо ямар ч үүрэг хүлээхгүй. Харин үүрэг нь МАН-д ирлээ. Улс орноо өрнөөс гаргана гэх амлалтыг зоригтой өгч байсан МАН гэтэл улсын өрийг 6 тэрбумаар нэмэгдүүлнэ гэх боллоо. Тэд өмнөх АН-аас өр зээл тавих санаархлаараа ялгарахгүй нь бололтой. Өөрөөр хэлбэл, АН-ын тавьсан өрийг МАН-ын тавьсан өрөөр дарна. Үр дүнд нь Монгол Улс хоёр намын өр зээлийн бодлогын хөлд үрэгдэж, өрийн дарамтад орох нь зайлбаргүй болжээ.

 

Д.Ирээдүй

Эх сурвалж: Breakingnews.mn


URL:

Tags: ,

Нэр: enhee Огноо: 15 September 2016

замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхөө чи байрнийхаа банди нарыг оролдохоо боль монголийн интернэтээр дүүрэн од болж дууслаа мал аа

Сэтгэгдэл бичих