МАХН-ын хувь заяа яаж эргэх бол?

ef77ae3a6d3f4f10883f1581dc7025d9Улстөрийн гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж буй энэ үед МАХН бодлого, төлөвлөгөөгөө боловсруулж, үйл ажиллагаагаа жигдрүүлэн алдаа оноогоо дэнслэн явахад эргээд босоод ирэх боломжтой. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хүчтэй унасан ч улстөрд өөрийн гэсэн орон зайтай гэдгээ баталсан МАХН аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулиас сэргэлт авч цаашлаад 2020 оны сонгуульд АН, МАН-ыг ардаа хийхийг байг гэхгүй.

2012 оны УИХ-ын сонгуульд 10-аад суудал авч улстөрийн гуравдагч том хүчин гэдгээ зарласан МАХН энэ удаагийн сонгуульд тун хангалтгүй оролцсон ч хоосон хоцроогүй, басхүү УИХ-д суудалтай гуравдагч нам болсон. Тэгвэл өдгөө МАХН-д юу хэрэгтэй байна вэ.

Улстөрийн гуравдагч хүчин гэдгээ харуулж, шинэчлэлийн салхи оруулж, намын кадруудынхаа асуудалд ихээхэн анхаарах цаг нь болжээ. Эс бөгөөс Н.Энхбаяр гэдэг ганц хүнээс хамааралтай энэ нам улстөрийн тавцангаас бүрмөсөн унахад ойрхон болоод байна. Ингэж хэлэхийн учир МАХН аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохгүй болж, муу дээр муухай гэгчийн үлгэрээр ялагдалтайгаа эвлэрч, намаа нэгмөсөн уналтад оруулах гэж байна. Хэдэн сарын өмнө Монгол Улсын бодлогыг тодорхойлж явсан нам орон нутгийн сонгуульд оролцохгүй гэдэг нь байж болох үзэгдэл мөн үү.

Эх сурвалжуудын мэдээлснээр, МАХН-ын үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод байгаа юм байна. Учир нь, намын гол санхүүжүүлэгч Н.Энхбаяр намдаа мөнгө зарцуулахгүй болсон аж. Өөрөөр хэлбэл, санхүүжилтгүйн улмаас МАХН-ын анхан шатны үйл ажиллагаа зогсоод байгаа юм байна. УИХ-ын сонгуульд МАХН өвдөг шороодож, томоохон санхүүжүүлэгчдээ алдахаас гадна зарим санхүүжүүлэгчид нь өөр намд элссэнээс бүх ачаа Н.Энхбаярын нуруун дээр иржээ. Тэгтэл Н.Энхбаяр өөрөө гурван хэрэгт нийтдээ 15 жил хорих зүйл ангиар буруутгагдаж буй. Ямартай ч, Н.Энхбаяр хоосорсон уу гэх яриа гараад байгаа аж.

Гэхдээ нэгэн үе “Авлигын загалмайлсан эцэг” хэмээн тодорхойлогдож явсан, нэлээдгүй хөрөнгөтэй гэх, бүр хилийн чанадад 100 сая ам.доллартай хэмээн өрсөлдөгч нь сонгуулийн үеэр мэдээлж байсан мэдээллээс үзэхэд Н.Энхбаяр мөнгөтэй баймаар. Магадгүй олон улсын дүрэм журмын дагуу Н.Энхбаяр тэрхүү мөнгөө авч чадахгүйд хүрсэн байж болох юм. Товчхондоо, гаднын банкууд хууль, шүүхийн байгууллагаар шалгагдаж буй, гэм буруугүй гэдэг нь тогтоогдоогүй хүнд нууц хөрөнгийг нь өгдөггүй аж. Тэгэхээр Н.Энхбаярт юуны түрүүнд гэм буруугүйг нь тогтоосон бичиг хэрэгтэй.

Ийм тохиолдолд Н.Энхбаяр АН юм уу МАН-д хандах нь ойлгомжтой. Тэгвэл улстөрийн тохироо хийгдсэн мэт Н.Энхбаяр намаа орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх улстөрийн шийдвэрт хүрсэн нь дээрх таамгийг улам бүр бататгаж байна. МАХН орон нутгийн сонгуульд оролцохгүй болсноор зарим аймаг, дүүргийн МАХН-ын хороо МАН-д дагаар орж байгаа сурагтай.

Магадгүй Ардчилсан намыг хэдэнтээ царайлчилсан Н.Энхбаяр энэ удаад МАН-тай, М.Энхболдтой тохиролцож, энэ тохиролцооныхоо дагуу намаа орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байхаар шийдсэн бололтой. Харин үүнийх нь шагнал юу юм бол доо. Магадгүй хилийн чанадад наашаа ч үгүй , цаашаа ч үгүй гацсан гэх 100 биш юм аа гэхэд нэлээдгүй олон сая ам.долларын хөрөнгөө Монголын төрөөр гэм буруугүй хэмээн тодорхойлуулж байгаад буцааж авах байх аа даа.

Т.Нинж

Эх сурвалж: Үндэстэн.мн


URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 16 September 2016

ugaasaal mahn yaduusiin nam shdee

Сэтгэгдэл бичих