АН-ын даргыг гаднаас томилъё

3393Улс төрийн ууган хүчний нэг Ардчилсан нам өнөөдөр хурлаа зохион байгуулж чадахгүйдээ хүртэл элгээрээ хэвтээд байна. Улс төрийн нам олон угшилтай байх нь эв нэгдлийг сарниулж, задарч бутрахыг үндсийг тавьдаг аж. АН-ын угшил МСДН, МоАХ зэрэг олон намын нэгдлээс гадна тухайн намд байж байгаад салан тусгаарласан эрхмүүд ч буцаж орсон байдаг. Ямартаа л сонгуулийн өмнөхөн ИЗНН, МҮАН-ынхан Ардчилсан намд эргэн ирж нэгдэн зовлонг нь нэмэх вэ дээ. Дээр нь АН дахь “Алтангадас”, “Шонхор”, МоАХ, МҮДН гээд олон фракц дотроо начилддаг. Дээр нь Шинэчлэлийн хөдөлгөөний залуус нэмэгдээд байгаа. Энэ бүхэн эргээд сонгуулийн дүн, төр барилцахад ч сөргөөр нөлөөлдөг талтай.

 

Өнөөдөр АН бүхэлдээ гудамжинд гарч, төр, засгийн бодлогын гадна зогсчихоогүй байгаа. Энэ нь АН-аас бүх ард түмний санал авч сонгогдсон Ерөнхийлөгч, парламент дахь 10 суудал, НИТХ-ын мөн хэмжээний төлөөллөөр баталгаажина.

 

Дээр нь сум, дүүргийн ИТХ-ын сонгууль гэх улс төрийн намын хувьд, тэр дундаа цөөнхийн суудалтай байгаа АН-ын хувьд нэн хариуцлагатай үе ирээд байгаа. УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулиар МАН-ыг үнэмлэхүй олонхиор сонгосон сонгогчид эдүгээ сум, дүүргийн сонгуульд сөрөг хүчинг илүүтэй сонгох найдварыг АН-ынхан тээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Гэхдээ сонгогчдын итгэлийг татах эсэх нь АН-аас шалтгаална.  Харамсалтай нь энэ нам УИХ-ын сонгуулийн дараах ялагдлын шокноосоо өнөөг хүртэл гараагүй юу, эсвээс нам доторх олон жил үргэлжилсэн фракц хоорондын зөрчилдөөн эргэж нэгдэхээргүй, эвлэж хэлэлцэхээргүй таслагдсан уу бүү мэд, төв аппаратдаа улс төрийн шийдэлд хүрч чадахгүй сууцгаана.

 

Тиймээс л эхлүүлээд орхисон ҮЗХ-ны хуралдааныг дахин дахин хойшлуулж, эдүгээ орон нутгийн сонгуулийн дараагаар товлолоо. Энэ нь АН сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд удирдагчгүй, үүрэг гүйцэтгэгчтэйгээр оролцох нь. Ер нь УИХ-ын сонгуулиар ч намын даргаа эсэргүүцсэн хэвээр, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр төв штабаа ахлуулсан байдаг.

 

Орон нутгийн сонгуулийг аймаг, нийслэлийн АН-ын дарга нар удирдаад оролцох байх. Тухайлбал, Улаанбаатар хотод нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл сонгуулийн штабаа ахална. Энэ мэтчлэн аймгуудын АН-ын дарга нар орон нутгийн сонгуулийн штабаа удирдана. Мөрийн хөтөлбөрөө ч тухайн сонгуулийн штабын ахлагч нар боловсруулах биз. Магадгүй өнөөдрийн намын удирдлагын үүрэг гүйцэтгэгчид орон нутгийн сонгуулийн штабыг ахлах эрхмүүдэд үүрэг чиглэл өгөх байх.

 

Нөгөөтэйгүүр ардчиллын партизанууд залуучууддаа халгаатай юм. “Ирээдүй үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” гэх алдарт үгийг ойшоодоггүй бололтой. Залуус нь өөрсдийгөө дэмжихийг АН-ын удирдлагуудад хэлж, шаардаж л байсан. Хамгийн ойрын жишээ нь АН-аа шинэчлэх хөдөлгөөнийхөн. АН-ын залуус өнгөрсөн дөрвөн сараас удирдлагууддаа шаардлага хүргүүлж байсан хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй. Харин эдүгээ тэдний шаардлагыг хүлээн авч, хэлэлцэхээ намын даргын үүрэг гүйцэтгэгч мэдэгдсэн гэдэг.

 

Ер нь АН-ынхан өөрсдөдөө итгэдэггүй, өрөөлийн үгэнд орж, бусдын аманд багтаад байгаа хандлага ажиглагддаг. АН-ын төр, засгийн эрх барьж байсан он жилүүдэд Н.Алтанхуяг МАХН-тай буюу Н.Энхбаяртай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулж, гишүүд дэмжигчдээ төдийгүй, олон нийтийн зэвүүг хүргээд авсан. Намаа  фракцгүй АН болгохоо уриалан тамгыг нь авч байсан З.Энхболд ч сонгуулийн дараагаар МАХН-ын дарга Н.Энхбаяртай мөр зэрэгцэн зогсож, сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байлаа. Цаашлаад хамгийн сүүлд АН-ыг Н.Энхбаяр толгойлно гэх мессэж ниссэн.

 

Магадгүй энэ бүхнээс АН-ын хагарал дээд цэгтээ тулж, нуруу харуулсан нөхөд энд тэнд эвсэн хуйвалдаж байгаа бололтой дог. Эдүгээ нам доторх фракц байтугай, гаднаас хэн нэгэн “Би АН-ын дарга болъё” гээд ороод ирэхэд хэн ч эргэлзэхээргүй боллоо. Магадгүй намаасаа салан тусгаарлаж, улс төрийн хүчин байгуулсан эрхмүүд АН-д бий. УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулийн тойргуудад гэр бүлээрээ нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдан, гудамжинд чацга царайлж яваа /өөрийнх нь хэлснээр/ “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн байхад гайхах зүйлгүй. Ер нь АН дотроо нэгэнтээ ойлголцоо больчихсон хойно гаднаас удирдагч сонгочихвол яалтай.

 

Ийнхүү  АН-ын уналт хэдий хүртэл үргэлжлэхийг таашгүй.

 

Н.Энхлэн

Эх сурвалж: Shuud.mn

Линк: http://www.shuud.mn/content/read/473606.htm


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих