СУРАГЧДЫН СЭТГЭЛЗҮЙД СӨРӨГ ДАЙРАЛТ ХИЙЕ

4Хүүхдийн сэтгэхүй гэдэг цав цагаан цаас шиг. Тэрхүү цаасан дээр амьдралын явцад юу бичихээс хамаарч, тухайн хүүхэд ирээдүйд хэн болох нь шийдэгддэг гэдэг. Хүний ухамсарт үйл ажиллагааны онцлог, сэтгэцийн төвшинг тодорхойлогч хүчин зүйл нь нас. Нас ахих тусам хувь хүний оюун ухаан, сэтгэх үйл явцын цар хүрээ улам сайжирч өөрийн үйл ажиллагааны мөн чанар, гарах үр дагаврыг ухамсарлан ойлгох, удирдах чадвар улам нэмэгддэг байх юм.

Тэгвэл сүүлийн үед энэ чадвар нъ бүрэн бүрэлдэж амжаагүй насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ. Шулуухан хэлэхэд зөвхөн насанд хүрээгүй хүүхдүүд гэлтгүй 1990-ээд оноос хойш төрсөн залуус гэмт хэрэгт холбогдох нь ихэссэнийг ар араасаа хөврөх бараан мэдээллүүд бэлхэнээ гэрчилнэ.

Чөлөөт нийгэм бүрэлдэн тогтож, зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оноос хойш импортын олон соёлын нөлөөнд хуүхэд, өсвөр үе ямар нэг шүүлтүүргүйгээр хэт автсан нь эцэстээ ийм үр дагаварт хүргэв үү. Аллага хүчирхийлэл, садар самуун сурталчилсан кино уран бүтээл, Солонгосын олон ангит киноны нөлөө, интернэт, нийгмийн сүлжээний хэт буруу хэрэглээ өсвөр үеийнхнийг хэн болгон хувиргаж байгааг бид нүдээрээ харж, мэдэрч ирлээ. Тиймдээ ч ийм дүгнэлт хийхэд хүрсэн хэрэг. Гэрийн ажилд гар бие оролцон эцэг эхдээ туслах, эсвэл даалгавраа хийж, үеийн жаахан хүүхдүүдтэй гадаа хөөцөлдөн тоглох насан дээрээ PC тоглоомын үүдийг сахиж, гадуур хоноглон алаан хядаан цус урсгасан тоглоомонд улайран суух нэгнийг ирээдүйд хэн болохыг нь үнэндээ хэн ч тааварлаж чадахгүй шүү дээ.

Цагдаагийн байгууллагаас гаргасан нэгэн баримтыг дурьдахад, энэ оны эхний таван сарын байдлаар насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн 215 гэмт хэрэг бүртгэгдсэний 58.4 хувь нь нийслэлд гарчээ. Үүнээс 14-15 настай 47, 16-17-той 180 хүүхэд байгаа юм. Эдгээрийн 45.6 буюу 98 нь хулгайлах, 55 буюу 25.5 хувь нь бусдын биед гэмтэл учруулсан хэрэг эзэлж буй. Мөн энэ оны эхний таван сарын байдлаар газ үнэртэж мансуурсан найман хүүхэд бүртгэгдсэний нэг нь хорвоогоос хальсан байдаг. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурьдахад ч, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт өвс татаж мансуурсан 18 настай хүү хүргэгдэн ирж, улмаар амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 12-нд гарсан байх юм.

Гэмт хэргийн талаарх мэдээллийг урьдчилан сэргийлэх, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах зорилгоор хэвлэлийнхэн ч сайтар мэдээлэл авч, заримдаа сэргийлэх бус сэдэл өгч орхидог тухай албаны нэгэн эрхэм дурьдаж байсныг энд дурьдахад илүүдэхгүй биз.

Тэгвэл гэмт хэрэг үйлдсэн хойно нь хашгичих бус, үйлдэхээс нь өмнө сэргийлэхэд нэмэр болохуйц нэг санал байна. Хар тамхины эсрэг дайн зарласан Филиппиний шийтгэгч хочит Ерөнхийлөгч Родриго Дютертын хэрэгжүүлж буй бодлогоос бидний нөхцөлд уусгаж болохуйц нэгэн туршлага байгаа нь сургуулийн сурагчдыг шоронтой танилцуулах үйл ажиллагаа юм. Улсын хууль цаазыг уландаа гишгэж, гэмт хэрэг үйлдвэл ийм шийтгэл хүлээж, ийм орчин нөхцөлд хоригдох болно гэдгийг Филиппиний боловсролын байгууллага хийгээд хуулийнхан багаас нь харуулж мэдрүүлэх зорилгоор сурагчдыг шоронтой танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг болж. Нэг талаар, энэ нь хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлөх сөрөг дайралт юм. Алаан хядаан цус урсгасан эсвэл хүчирхийлэл, хар тамхины хэрэглээг сурталчилсан барууны киноноос хүүхдүүд гэмт хэргийг энгийн зүйл мэт хүлээн авсан байх нь бий. Тэгвэл тэдний ийм сэтгэхүйд сөрөг дайралт хийж, гэмт хэрэг үйлдвэл хуулийн хариуцлага хүлээж, эрхээ хязгаарлуулдаг юм шүү гэдгийг бодит нөхцөл дээр нь тулгуурлан ой тойнд нь ухааруулдаг болъё.

Хамгийн гол нь орчныг нь харуулдаг байя. Номонд бичсэн онолын мэдээллээс илүүтэй бодит орчин хүүхдийн сэтгэхүйд илүү нөлөөтэй байх болов уу. Тиймээс цагдаагийнхан болон боловсролын салбарынхан хамтран эх орны ирээдүй болсон залуу үеэ гэмт хэрэг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм сөрөг дайралт хийгээд үзвэл ямар вэ.

Монголын мэдээ
Б.Даваа


URL:

Сэтгэгдэл бичих