Хүн ард аа, Ерөнхийлөгч өө, Э.Бат-Үүл ээ сонор соргог байгтун

Нэг. Алмазтай хүн амар байж болдоггүй.

1990 оны ардчилсан хувьсгал хийгчид тэр их агуу үйл хэргийн төлөө явсан бүхэнд хэдэн зүйл аминчлан захимаар байна. 1990-ээд оны үед Монголын газрын доорхи баялгийг нь гадаадынхан мэдэх нь битгий хэл газрын дээр байгаа Монгол Улсыг бүтэн нэрээр нь дэлхий мэдэхгүй “Оросын колони Монгол Улс” гэдэг байлаа. Колони Улс байсан нь үнэн л дээ. Түүнээс хойш 20 жил өнгөрчээ. Азидаа байтугай дэлхийд хоёрдугаарт байсан коммунист дэглэмтэй Монгол Ардчилсан Монгол болсон. Ардчилсан Монгол болсон нь магадгүй Монголын ард түмний хувьд Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт”-ээс илүү баялаг юм. Гэвч сүүлийн үед Монголын баялаг руу шунагчид Ардчиллыг доромжлон гутааж улайм цайм “коммунист бол он үндэсний хувьсгалд” уриалан дуудагч улс төрийн хүчин гарч ирлээ. Монголын их баялаг бол ядарсан бидэнд алмаз дүүрэн авдар үлдээчихсэн юм шиг дараа болж байна. Тэгэхлээр алмазтай хүн амар байдаггүйн зовлонг төр засаг эдлэх ёстой. Хүн ард маань ч сонор соргог байх ёстой. Ардчиллын төлөө зүтгэж ад үзэгдэн явсан ч ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдсон Ерөнхийлөгч ч сонор соргог байх ёстой. Ардчилсан нам, Саяхан МАХН гэдэг нэр коммунист цолноосоо салж чадсан Ардын нам, Ардчилсан хувьсгалын удирдагч Э.Бат-Үүл, ардчилсан хувьсгалыг хийсэн, дэмжсэн мянга мянган партизануудад хорин жил өнгөрсөн ч гэсэн ардчилсан төрийг хамгаалах эрхэм үүрэг дахин оногдож байна. Байдал түгшүүртэй байна. Хууль бусаар төрийн эрх авах тухай онол боловсрогдож энд тэнд хуралдаж байна. Н.Энхбаярын телевизийнхэн улайм цайм хүчирхийлэлд уриалах боллоо.

Хоёр. Монголд Коммунист фашист нам бий болохыг хуулиар хориглоё.

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хамгийн олзуурхам ололт бол “Монголд коммунист дэглэм сөнөж МАХН нэр ч байхгүй, үс ч байхгүй болж үүрд устсан нь хамгийн том ялалт мөн. Гэтэл Н.Энхбаяр гэдэг хүн хаанахын захиалгаар ч юм бүү мэд коммунист дэглэмийг дахин сэргээхээр “МАХН”-ыг эмхлэн байгуулж, санхүүжүүлж зохион байгуулж газар сайгүй бужигнуулж байна. Хүн бүр эвсэн нэгдэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй л дээ.

Гэхдээ хэт үндсэрхэг фашизм, нэг хүний нэг намын дарангуйлалд оруулах коммунизм хоёрын тугийн доор нэгдэхийг хуулиар хоригловол коммунизмын зовлонг амсч Оросын тоглоомын улс болж зовсон ард түмэн сэтгэл амар явахсан. Монгол битгий хэл дэлхийн коммунизмын ууган орон Орос хүртэл ардчилагдаж байна шүү дээ. Германы Бундестагийн тэргүүн байсан хүн А.Гитлерийн зургийг тавьчихаад Үндэсний нам байгуулна “Үндэсний хувьсгал” хийнэ гээд давхиад байвал дэлхий айна биз дээ. Путин Ерөнхийлөгчөөсөө буусныхаа дараа В.И.Ленин, Л.И.Брижнев нарын зургийг тавьчихаад ЗХУКН (Зөвлөлт Холбоот Улсын коммунист нам) байгуулна гээд Орос орон даяар коммунист намынхаа нэрэнд хайртай, намынхаа нэрийг өөрчлөхгүй гэж өвчигнөөд байвал хүн төрөлхтний онигоо болно биз дээ. Монголд болохоор л МАХН-даа хайртай баахан хүн хүчээр бий болгов. Коммунизм социализмдаа нэг их хайртай, агуу их удирдагч Х.Чойбалсан Ю.Цэдэнбал зэрэг Оросын боол болсон яргачдын зургийг залчихаад л МАХН-аа байгуулна гэж давхиад байх юм. Ардчилсан төрийн эрхэм зүйл бол ердөө л сонгуулиар байгуулагдсан төр засаг, хэдий муу ч гэсэн олонхи сонгосон 76 түүний засаглал юм. Н.Энхбаярын хувьд Монгол төрийн бүхий л өндөрлөгт хийж үзээгүй ажил байхгүй. Тэгэхээр түүнд албан тушаал бол сонин биш. Сонгуулиар ардчилсан Ерөнхийлөгчид унасан хор шарандаа ч биш, маш өөр улс гүрний зорилго байна гэж хардаж болно биз дээ. М.Энхсайханы хувьд ч ялгаа байхгүй дээ. Ардчилсан намын албан тушаалын бүх өрмийг намын нөхөд нь түүнд өгч байсан юм даг.

Гурав.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг үндэсний аюулгүй байдлын гишүүн байсан хүний улс төрийн зарим эрхийг хуулиар хязгаарлая.

Алмаз дүүрэн авдарт маань гадаадынхан шунаж байна. Алмаз дүүрэн авдар шиг, газар нутгийн их баялаг байгаагүйсэн бол гадаадынхан ч манай сонгогдож чадаагүй улстөрчид ч эргэж хурган улс төрийн өндөрлөгийг булаацалдахгүйсэн. Монголын их баялагт шунасан харийнхан хэнийг санхүүжүүлж хэнийг улс төрд асар их мөнгөөр тэтгэх вэ. Мэдээж нэг иргэнийг бол тоохгүй ээ. Мөнгөний гарз. Тэгэхээр нэр хүндтэй, дээр нь их шуналтай, өөрийн хэрэг бүтэж байвал яахаас ч буцахгүй нөхдүүдийг судлан асар их мөнгөөр уургалан авахаа мэднэ. Ядаж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, зэрэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүмүүсийн улс төрийн зарим эрхийг хазаарлах хэрэгтэй байна. Ядаж тэдний орлого зарлага санхүүжүүлж байгаа байгууллага, зорилго дээр тагнуул, цагдаа онцгой анхаарал тавимаар юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүмүүсээсээ сонгож байгуулсан төр засгаа ардчиллаа, хамгаалах хууль батлахад илүүдэхгүй. Ардчиллын төлөө тэмцэж явсан бүхэн ардчиллын үнэ цэнийг илүү мэднэ. Ардчиллын үнэ цэнийг илүү нандигнана. Илүү хайрлана. Тиймээс ч миний хөндсөн сэдвийг судалж хуулийн төсөл санаачилна гэдэгт найдаж байна. Монгол оронд алмаз дүүрэн авдартай айл шиг их баялаг ил далд байна. Хүн ард аа, Ерөнхий сайд аа, эрхэм гишүүд ээ, Бат-Үүл ээ, Нямдорж оо сонор соргог байгтун.

Г.Дашрэнцэн


URL:

Сэтгэгдэл бичих