СҮХБААТАР ДҮҮРГИЙН 160-Р ЦЭЦЭРЛЭГ ШИНЭ ДЭЭВЭРТЭЙ БОЛЛОО

8Сүхбаатар дүүргийн 160дугаар цэцэрлэгийн зарим ангиуд намар хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй болоод байсан. Учир нь цэцэрлэгийн дээвэр муудаж, дээд давхарын ангиудад үйл ажиллагаа явуулах боломгүй болоод байсан аж.

Өнгөрсөн наймдугаар сарын 24-ны өдөр Д.Цогтбаатар гишүүн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан байна. Үүний дагуу нэг ангийн дээврийг дүүргийн Засаг дарга нөөц хөрөнгөнөөсөө гаргаж засварласан. Үлдсэн ангиудын тээврийн асуудлыг Д.Цогтбаатар гишүүн санаачилж, нийслэлийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийнхээ дээврийг  засах боломж бүрджээ. Нийслэлээс нийт 37 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан байна. Ингэснээр хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд хүлээж авах боллоо.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар энэ талаар ярихдаа “Сарын өмнө ирэхэд цэцэрлэгийн үйл ажиллагаа хүнд байсан. Ингээд бид хотын удирдлагуудтай газар дээр нь ирж танилцаад “Яаралтай энэ асуудлыг шийдэхэд онцгой анхаарч өгөөч ээ” гэсэн хүсэлт тавьсан. Хотын дарга Су.Батболд, Хөрөнгө оруулалт хариуцсан н.Баярхүү дарга цаг тухайд түргэн шуурхай арга хэмжээ авч, дээвэр засварлах хөрөнгө шийдэж өгсөн. Бид дулааны улиралд багтаагаад засварын ажлаа дуусгана. Хүүхэд аюулгүй орчинд өсч хүмүүжнэ гэдэг бол номер нэг асуудал. Хүүхдүүд цэцэрлэгт явж байж эцэг эх нь санаа зовохгүйгээр ажлаа хийж, улс орон хөгжинө. Хүүхдэд төсөв байхгүй гэх тайлбарыг өгөх эрх бидэнд байхгүй. Бид хүүхдүүдэд тав тухтай, эрүүл аюулгүй орчин бүрдүүлж өгөх үүрэгтэй, үүний төлөө ажиллах ёстой” гэлээ.

Ийнхүү Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг дээвэртэй болж 570 хүүхэд эрүүл, аюулгүй, дулаан орчинд сурч, хүмүүжих боломж бүрдэж байгаа нь энэ юм. Тус цэцэрлэг нь 280 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд 570 гаруй хүүхдийг  хүлээж аваад байгаа аж.

Г.Эрдэнэзул


URL:

Сэтгэгдэл бичих