Монголчуудыг хэн ядуу байлгах хүснэ вэ?

395488_233320053414422_2084242064_nХэрэв, тээр жил Таван толгойн төмөр замыг хувийн хөрөнгөөр бариулцан бол хүнд даацын хятад машины дугуйнд урагдсан говь нутгийн минь шарх өдийд аниж байх байлаа. Хятад жолооч нар даам гарч монгол эрчүүдийг өөрийн машингүй гэж дээрэлхэж “янхан жолооч” гэж доромжлохгүй байлаа. Магадгүй Цогтцэцийд том цахилгаан станц баригдаж дуусаад, Оюутолгойд эрчим хүч нийлүүлж эхлэх байлаа. Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, угаасан нүүрс биш, баяжуулсан кокс зарж байх байлаа. Хүмүүс өнөөгийнх шиг ганзагын үе рүүгээ буцалгүй, гудамжны шороонд яль шальгүй юм зарж суухгүй, ажилтай цалинтай байх байлаа. Мэргэжилтэй ажилчид маань халтуур хийж “унаа авах уу” гэж царайчилж суухгүй байх байлаа. Лизингийн зээлийн хүүнд дарлуулах биш, бэлнээр нь тоолоод мөрөөдлийн гар утсаа худалдаж авч байх байлаа. Ипотекийн зээлийг гуйж биш гуядаж аваад, сарын төлбөрөө уйлж биш инээж төлөх байлаа. Улсын маань төсөв санхүү хүндрэлгүй, өр зээл гэж гонгинохгүй байх байлаа. Орос, Хятад хямарсан ч Монголд бизнес буцалж байх байлаа. Ноён доллар гуай төгрөгт минь мөргөж байх байлаа…. байх байлаа…. байлаа….. бай…..

Бид л өөрсдийгөө судалдаггүй болохоос бусад нь бүр онцгойлон судалдаг. Тэр тусмаа Монгол хүний суурь зан төлөв, төрөлх инстинкт, уугуул менталитет гэж нэг гоц сонирхолтой юм байх. Бусад улсаас, ялангуяа суурин иргэдээс их өөр. Хоёрын хооронд бага цалинтай бол хөдөлж өгдөггүй, тэгснээс зүгээр сууж байх минь дээр гэж үздэг хүмүүс шүү дээ бид чинь. Тааран өмдтэй, хөвөнтэй цамцтай, шавар тагзанд бүх насаа өнгөрөөж, цалин бага гэж гололгүй зогсолтгүй зүтгэдэг, ажлын илжигтэйгээ адилхан хятадуудаас, азиудаас эрс өөр улс шүү Монголчууд.

2008-2009 оны хямралын дараа, уул уурхайн их халуурлын үеэр зүгээр суусан хүн байсан уу? Санаач. Байгаагүй шүү дээ. Бүгдийнх нь амьдрал ахуй, ажил төрөл буцалж байсан. Үй олон хүн гадагшаа явж ажил хийдэг. Шалтгаан нь ердөө л таван цаасны зөрүү. 2010-2011 онуудад хэчнээн хүн Монголдоо буцаж ирсэн билээ? Гэтэл одоо яаж байна?

Монгол хүнд итгэл өгвөл, Монгол хүнд ажил өгвөл, Монгол хүнд ахиухан цалин өгвөл юу ч хийж чадна. Яаж л бол яаж ажиллана. Янз бүрээр сэтгэнэ. Гэхдээ Монгол хүн утга учиргүй, илжиг шиг зүтгэж, гахай шиг тэжээлгэдэггүй. Дураа хөдөлбөл хийдэг, хийхээ хүрвэл тултал хийдэг. Бүр сэтгэж хийдэг. Робот шиг биш, машин шиг биш. Дургүйгээ хүрвэл хөдлөх ч үгүй, тийм л хүмүүс бид. Дургүй, эгдүүг нь хүргэх ганц зүйл бол нулимс шиг цалин. Хоёрын хооронд иймхэн мөнгөний төлөө юу? Яршиг л байна, лайны нэмэр. Харин одоо… Үүнээс илүү цалин өгөх тэнхээтэй газар байхгүй. Тэр байтугай, цалингүй ажиллая гэлээ ч ажил байхгүй.

Монгол хүн ахиж өөдлөх агуу хүсэлтэй, өөдрөг мөрөөдөлтэй хүмүүс. Эхлээд түүхий нүүрс зарж байснаа угааж эхэлсэн. Улмаар баяжуулах нь тодорхой байсан. Цаашаа шингэрүүлнэ…. Өөр юу юу ч хийх байсым. Хэзээ ч нэг хэвээр, үүрд ингээд сууна гэж боддоггүй хүмүүс шүү дээ Монголчууд. Улам л ахидаг хүмүүс.

Гадаадад байгаа хүмүүс ээ, та яагаад анх гадагшаа явсан билээ? Та анх юунаас эхэлж байлаа? Одоо ямар болсон билээ? Тийм байгаа биз? Бид ахидаг, давардаг, даам үндэстэн мөн байгаа биз? Гэтэл… гэтэл….

Ингэхэд ер нь Монголчуудыг хэн ядуу байлгах хүсэлтэй билээ???

 

 

ЧУЛУУНЫ ДЭЛГЭР

Эх сурвалж: https://www.facebook.com/delger.chuluun/posts/10154661454814248

 


URL:

Сэтгэгдэл бичих