Америкчууд манай аврагчдын багаар ажиллах чадварыг үнэлж байна

13Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн тусгай ажиллагааны командтай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн удирдлага” сургалт, дадлага сургууль  дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Хууль сахиулах их сургуулийн дэргэдэх онцгой байдал, хил, цагдаа, шүүхийн шийдвэрийн сургуулийн албан хаагчдын гамшгийн удирдлагын чадварыг дээшлүүлэх, гамшгийн үед ажиллах харилцан хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой уг сургалт, дадлага сургуульд гамшгийн удирдлагаар мэргэшсэн багш, мэргэжлийн аврагчид багтсан баг АНУ-аас ирж оролцож байна.

Тэгвэл Монгол, Америкийн аврагчдын хамтарсан “Гамшгийн хор уршгийг арилгах эрэн хайх аврах ажиллагаа”-ны дадлага сургууль өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид боллоо.

Дадлага сургуулийн үеэр автомашин, төмөр хийцийг задлан осолдогчийг гаргах, аврах ажиллагаа  явуулах, аврах ажиллагааны багаж, техник хэрэгслийг хэрхэн ашиглаж, эзэмших дадлагыг хамтран хийлээ.

Монгол, америкийн аврагчдын ашигладаг багаж, хэрэгслийн хувьд ялгарах зүйлгүй, аврах ажиллагааны holmatro зэрэг фирмийн орчин үеийн багаж хэрэгслийг аврах ажиллагаанд ашигладаг.

Америкийн аврагчдын хувьд хүн нэг бүрийн аврах ажиллагааны багажыг  овор, хэмжээ багатай, олон үйлдэлтэй, авсаархан байхаар шийдэж өгсөн нь аврагчдын түргэн шуурхай ажиллах нөхцлийг илүү хангасан байна гэж монгол аврагчид сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

Харин америкчууд манай аврагчдын багаар ажиллах чадварыг илүүд үнэлж байлаа.

Энэхүү дадлага сургууль нь аврагчид орчин үеийн багаж хэрэгсэлтэй танилцах, аврах ажиллагааны арга барил,  туршлагаас харилцан судлах чухал ач холбогдолтой болж байгааг оролцогчид онцоллоо.

Дадлага сургууль өнөөдөр үргэлжилнэ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


URL:

Сэтгэгдэл бичих