Б.УУГАНХҮҮ: ДАРААГИЙН БАРИЛДААНАА ХЭТЭРХИЙ ИХ БОДСОН НЬ ЯПОНЫ БӨХӨД ЯЛАГДАХАД ХҮРГЭСЭН БАЙХ

6Паралимпийн зуны 15 дугаар наадамд амжилттай оролцож, хоёр хүрэл медаль хүртсэн баг тамирчдыг өчигдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээж авч, баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр паралимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн тамирчин Б.Ууганхүү, паурлnфтингийн төрлөөр мөн хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээ нарт алд цэнхэр хадаг, мөнгөн аяга барьж, удахгүй Засгийн газраас мөнгөн шагнал өгнө гэдгийг хэлсэн юм. Түүний дараа паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүүтэй цөөн хором ярилцлаа.

-Рио-2016 паралимпийн 15 дугаар наадмаас хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Барилдаануудынхаа талаар эргээд нэг дурсаач?

-Энэ удаагийн паралимпийн наадамд манай жинд 12 тамирчин өрсөлдсөн. 60 кг-ын шилдэг 12 тамирчин өрсөлдсөнөөс би чансаагаараа 11 дүгээрт бичигдэж орсон. Эхний тойрогтоо эзэн орны тамирчинтай барилдах байсан. Хүндхэн барилдаан болсон. Би ялсан. Тэр өдөр яагаад ч юм жиндээ их гоё орсон, сэтгэл санаа сайхан байсан, бүх зүйл таарсан. Барилдаанууд ч сайхан болсон. Японы бөхтэй барилдахад бага зэрэг тактикийн алдаа гаргаад хожигдчихсон болохоос бусдаар бүх зүйл сайхан таарсан. Сэтгэл зүйн хувьд барилдаан болгон дээр 100 хувь өөртөө итгэлтэй байсан.

-Японы бөхийг ялсан бол финалдах боломж бүрэн байсан. Тэр барилдааны өмнө тактикаа яаж боловсруулсан бэ?

-Японы бөхтэй өмнө барилдаж байгаагүй. Дээрээс нь барилдааныг нь тийм ч их үзэж, хараагүй болохоор жаахан алдаа гаргачихсан. Уг нь илт давуу барилдаж явж байгаад цагийн төгсгөлд ялагдсан. Хэрвээ Японыг ялсан бол хагас шигшээд Румыны бөхтэй барилдах байсан. Тэр тамирчныг өмнө ялж байсан учраас хэрвээ энэ удаад ялчих юм бол финалд гараад ирэх юм байна гэж бодож байсан. Ингэж дараагийн барилдаанаа хэт бодчихсон маань алдаа болсон байх.

-Хүрэл медалийн төлөө маш сайхан барилдаж, ердөө л 4, 5-хан секундэд цэвэр ялсан. Энэ барилдааны талаар ярьвал?

-Би тэгж хурдан ялна гэж бодоогүй. Би тэр тамирчинтай өмнө нь нэг таарч барилдаж байсан. Тийм болохоор нэлээд удаад барилдах болов уу гэж бодож байлаа. Гэхдээ өмнө нь нэг ялж байсан болохоор энэ удаад ч ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан юм. Гэтэл дөрвөн секундэд ялчихсан. Барилдахаар татамид гарахын өмнө 66 кг-ын н.Мөнхбат ах надад нэлээд зүйл зааж зөвлөсөн. Ингээрэй, тэгээрэй, цаад бөх чинь ингэж барилддаг шүү гээд л. Баруун талдаа өмсдөг учраас түүнийг нь хийлгэж болохгүй шүү, өөрөө эхэлж мэхээ хийж барилдаарай гэдгийг ч хэлж өгсөн.

-Тухайн үеийн мэдрэмжээ мэхээ хийсэн үү. Эсвэл яг ийм маягаар хийе гэж бэлтгэсэн юм уу?

-Ер нь тиймэрхүү мэх хийнэ гэсэн төлөвлөгөөтэй гарсан. Харин тухайн үед барилдааны явцад хөл нь цөмрөөд ороод ирсэн. Тэгээд л мэдрэмжээрээ л мэхээ хийгээд л ялсандаа. Угаасаа холбоо мэх хийхгүй л бол болохгүй. Ганц мэх хийгээд зөвхөн тэнцвэр алдуулаад, үнэлгээ салгах боломж бага шүү дээ. Ерөөсөө жүдо холбоо, угсраа мэх хийж байж л өрсөлдөгчөө ялдаг спорт.

-Пара жүдо бөхийн талаар манай уншигчдад бага сага ойлголт өгөөч. Харах чадвараасаа хамаараад тодорхой ангилалтай байдаг юм билээ?

-Пара жүдо бөхийн спортод B1, B2, B3 гэсэн гурван ангилал байдаг. Тэр гурван ангиллын тамирчин хоорондоо холилдож барилдана гэсэн үг. B1 ангилалд багтаж байгаа тамирчин бол огт хараагүй гэсэн. В2 болохоор өмнөх замаа харах төдий хараатай байна. Харин В3 болохоор сул хараатай, орчноо мэдрээд, хараад явах боломжтой тамирчид байдаг.

-Таны хувьд В3 ангилалд багтдаг. Тийм болохоор мэх хийхдээ хөл цөмөрч орж ирж байгааг харах нь байна шүү дээ?

-Харна. Тэгэхдээ ихэнхдээ мэдэрнэ. Миний нэг том давуу тал бол их мэдрэмтгий байдал.

-Бэлтгэлээ яаж базаадаг вэ. Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчидтай хамтраад л бэлтгэл хийчихнэ биз дээ?

-Би энэ дашрамд Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын пара жүдогийн холбооны Ерөнхийлөгч Х.Цагаанбаатар нарт баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Ерөнхийлөгч Х.Баттулга пара жүдогийн тамирчдыг ч гэсэн хамруулаад, бид “Хамтын хүч амжилт” уриан дор нэгдэж чаддаг. Хамтдаа бүхий л бэлтгэлийг нэг дор хийж явдаг. Тийм болохоор шигшээ багийн ах нар болоод бэлтгэл хангагч дүү нартаа баярлаж явдгаа хэлмээр байна. Паралимпийн наадамд оролцохоор явахын өмнө Х.Баттулга Ерөнхийлөгч н.Мөнхбат ах бид хоёрыг  Flyx Gem дээр өглөө бүр бэлтгэл хийлгэдэг байсан. Мөн хээрийн бэлтгэл хүртэл хийлгэсэн. Хандгайтад “Говь” цогцолбор дээр бас бэлтгэлээ хийсэн.

-Дараагийн Олимпийн наадамд оролцох боломж мэдээж байгаа. Оноогоо цуглуулаад, чансаагаа нэмэхийн төлөө л барилдана биз?

-Дараа оны эхээр тэмцээнүүд эхлэх байх. Одоохондоо хэзээ, хаана,  ямар тэмцээн болох төлөвлөгөө нь гараагүй байна. Ямарч байсан тэмцээн уралдаандаа сайн оролцоод, дараагийн Олимпийн наадамд илүү их амжилт гаргахыг  хичээнэ дээ. Манай пара жүдогийн тамирчид дөрвөн жилийн хугацаанд тэмцээндээ оролцоод, оноогоо цуглуулаад л явна. Өнгөрсөн дөрвөн жилд тун цөөхөн тэмцээн болсон. Дөрвөн жилд ердөө л дөрөвхөн тэмцээн болсон. Харин Токио хүртэл тэмцээнүүд нэмэгдэх сураг байсан. Пара жүдогийнхон харьцангуй цөөн тэмцээнд оролцож байж эрхээ авдаг учраас илүү өндөр шаардлагатай. Оролцсон тэмцээн болгондоо медальд хүрч байж л шигшээ 12-т багтаж, тэмцээнд оролцоно.
Монголын мэдээ
Н.Пунцагболд


URL:

Нэр: z Огноо: 8 October 2016

замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхжаргал сүүлийн дөрвөн жил монголийн интернэт комментоор од болж дууслаа чи байрнийхаа хөвгүүдийг татаж чангаахаа боль ичдэггүй амьтан

Сэтгэгдэл бичих