АН-ыг шинэчлэх асуудлаар хэн, юу ярив

2u4e1rv5jajk5f7gnds0tjvpb8Энэ цаг үед АН-ын шинэчлэлийн асуудалд олон хүн анхаарлаа хандуулж байна. Тус нам ҮЗХ-ны хурлаа энэ сарын 16-нд ху­рал­­­дуулахаар төлөвлөөд байсан ч орон нутгийн сонгуулийн дараа болгож хойшлуулсан юм. Энэ шийдвэр нь тус намын нэгдсэн бодлого гэдгийг гишүүд нь тайлбарлаж буй. Орон нутгийн сонгуулийн дараа хуралдах ҮЗХ-ны хурлаар намын 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялагдсан шалтгаан, дүрмийн шинэчлэл, дарга сонгох асуудлыг хэлэлцэх юм. Мөн тус намын Их хурал ирэх арванхоёдугаар сарын 6-ны өдөр болох бөгөөд уг хуралдаанаар намаа шинэчлэх асуудлыг голлон хэлэлцэж шинэчилсэн дүрмийг батална.

Тэгэхээр уг нам шинэ дүрэмтэйгээр шинэчлэгдсэн нам болж үйл ажиллагаагаа явуулж чадах эсэх нь удахгүй шийдэгдэх нь. Ардчилсан намын шинэчлэлийн асуудлаар тус намын нөлөө бүхий гишүүд ямар байр, суурийг илэрхийлснийг багцлан хүргэж байна.

УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүргийг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат: Нэг чулуун дээрээ бүдэрсэн хүн дахиад бү­дэрнэ гэдэг ухаантай хүний шинж биш. Тийм учраас АН-ын шинэчлэлийн асуудлыг орон нутгийн сонгуулийн үеэр орхигдуулахгүйгээр цаашаа яриад явна. Ард иргэд АН шинэ даргатай болоосой гэж хүлээж байгаа гэж бодохгүй байна. Харин шинэ бод­логотой, шинэ үйл ажиллагаатай болоосой гэж хүсч байгаа байх. АН-ын шинэчлэл бол зөвхөн намын шинэчлэл биш Монгол Улсын ирээдүйн улс төрийн бодлогын шинэчлэл болно гэж харахыг хүсч байгаа. Их хурлаараа на­мынхаа шинэ дүрмийг батална. 2017 он АН-ын хувьд шинэчлэлийн жил байх болно. Энэ шинэчлэл нь 2020 онд Монголын улс төрийн бодлого зөв явах суурийг тавьсан цоо шинэ шинэчлэл байх болно гэж үзэн ажлаа төлөвлөж байна. Муугаар ярих юм бол АН-ыг долоон фракцтай, орон гэрээ нурааж байна гэж ярьдаг. Сайнаар ярих юм бол АН долоон өнгийн солонготой, аль алиныхаа асуудлыг нээлттэй хэлэлцэж байна гэж ярьдаг. Би сүүлийнхтэй нь санал нэгддэг. ҮЗХ-ны хурал­даанаар Их хуралд оруулах үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгээ байгуулахаар төлөвлөж байгаа. Хугацаа хангалттай. Ажлын хэсэг ажиллаад ирэх арванхоёрдугаар сарын 6-нд үндсэн дүрмээ Их хурлаараа батлуулна. Ингэснээр хуучин ҮЗХ шинэ дүрмийнхээ хүрээнд татан бууг­дана. Бүх зүйл цоо шинээр эхлэх ёстой гэж харж байгаа. Шинэчлэл хөрсөн дээрээсээ ургах ёстой. 16 жилийн дараа Ардчилсан нам хоёр дахь амьсгалаа авахдаа зөв авах ёстой гэсэн хатуу байр суурин дээр байгаа. Фракц гэдэг ойл­гол­тыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан уу гэвэл байсан. Сонгуулийн дүнд сөргөөр нөлөөсөн. Алдаагаа давтахгүйн тулд манай шинэчлэгчид арай өөр байр сууринаас хандах ёстой гэж хэлж байгаа. Залуу­чуудтайгаа би уулзаж ярилц­сан. Бодлого дээрээ нэгдсэн фракц байх нь зөв. Үүнийгээ шинэ дүр­мийнхээ хүрээнд хийх ёстой гэж үзсэн. Тийм учраас би залуучууддаа “Одоо та нар яваад сумынхаа жирийн гишүүд дэмжигчдийн үгийг сонс. Тэрний да­раа дахиад эрэмбэлээд яръя” гэсэн. Ингэх нь бидний хувьд зөв шийдэл.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Шинэчлэл гэдэг бол байнга л хийгдэж байх ёстой зүйл. Түүнээс биш ялалт, ялагдлын дараа цочсон юм шиг хашгирдаг лоозон биш. Манай намын шинэчлэл ч хүндрэл багатай явагдана аа. Учир нь бид хуйвалдааны зарчмаар шинэчлэл хийж жүжиглэдэггүй ил тод нээлттэй нам. Бид хаана, юун дээр ямар хүчин зүйлээс болж, яагаад ялагдав гэдгээ тодорхой, ил тод ярьж, зөв оношилж байж шинэчлэл бодит болно. Харин шинэчлэл нэрээр үйлдсэн гэмээ нууж, хаалгаар биш хаяа тооноор эрх мэдэл, явцуу жижиг эрх ашгийн төлөө шунаж орж ирэх гэж оролдож байгаа хүмүүсийг намын гишүүд сайтар танина. Манай нам олон асуудлыг ул сууриар нь харж, төлөвшилдөө анхаарах, дүрмээ чамбайруулах, гадаад харилцаагаа өргөжүүлэх, хариуц­­лагатай, зарчимтай байх цаг ирээд байгаа нь үнэн. Гэхдээ зөвхөн дотоод зохион байгуулалтаараа оролдох тө­дийх­нөөр шинэчлэл ярих хэрэггүй. Улс төрд шинэ үе орж ирж байна. Эх оронч үзэлтэй, өөрийн толгойтой, би энэ үгийг давтан хэлмээр байна, өөрийн толгойтой хүн чухал шүү. Зарчимч, боловсролтой, шударга өрсөлдөх чадвар бүхий залуусыг бид дэмжих хэрэгтэй. Хүний хүслээр, бусдын хатгаасаар, өөрийн хэм хэмжээг үл тооцон шинэчлэл гэж хоосон хашгирч эрх мэдэл албан тушаал мөрөөдөн нойр нь хүрэхгүй яваа хүмүүс цөөнгүй байгааг ч хэлэх хэрэгтэй. Ардчилсан намд гурван үеийн төлөөлөл анх удаа бий болж байна. Гурван үеийн хэлхээ буюу залуус нь зүтгэж, дунд үе нь ачаа үүрч, ахмад нь туршлага заан зөв чиглүүлж байж улс орноо хөгжил дэвшилд хүргэж чадна. Түүнээс биш нэгнээ үгүйсгээд хол явахгүй л дээ. Нам бодлоготой байж, бодлогынхоо төлөө ажиллах ёстой. Харин намыг бодлого, чиглэлгүй болгосон хүмүүс огцорсон ч багадана. Ардчилсан нам маань МАНАН гэдэг бүлэглэлээс салж байж нам шинжээ хадгалж, улс орноо урагшлуулж чадна.

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин: Сонгуулийн ялагдлаа, өөрсдийн алдаагаа ухаалгаар, эрүүл саруулаар тунгаан хэлэлцээд улс төрийн дараагийн зорилго, үйл хэргийн төлөө АН цул байж чадах уу, үгүй юү. Аль фракц, хэн эрх мэдэлтэй байх гэхчилэн хуучин, шинэ сорилтууд бидний өмнө байгаа. Ийм учраас аль аль нь яаран бас шийдвэр гаргахаасаа болгоомжилж байх шиг байна. Тэрнээс шалтгаалаад л ҮЗХ хуралдах, хуралдахгүй, хурлаараа юу шийдэх, шийдэхгүй вэ гэдэг дээр үл ойлголцол байгаа. Хурлаа хийж чадахгүй хойшлуулаад байгаа үнэн шалтгаан бол энэ. Том улс төр гэхээсээ илүүтэй АН-ын доторхи улс төрийн том өөрчлөлтийн өмнөх нам жим байдал юм уу даа. Мэдээж өмнөх алдаагаа дүгнэхгүйгээр цаашаа явна гэж байхгүй. Дүгнэхдээ харин субъектив байдлаар хэн нэгний буруу гэж шууд хашгирч босч ирэхээсээ илүүтэй хамтаараа юун дээр алдсан юм бэ. Тодорхой бүлэг хэсгийн алдаа байгаа бол тэр нь юунаас болсон юм бэ гэдгийг эрүүл саруулаар ярилцах ёстой. Гэхдээ хэн нэгнийгээ намаас хөөх гээд байгаа юм уу, эсвэл хэн нэгнийгээ олны өмнө “дүүжилж” буруутан болгож харагдуулах гээд байгаа юм уу. Тэр тал руугаа явбал зөвхөн хувь хүмүүсийн зөрчил болж хувираад жинхэнэ асуудлаа эрүүл саруулаар харж чадахаа байчихна. Асуудлаа тойрч сууж байгаад ярих ёстой юм. Бид юун дээр алдав, юунаас болов, дахиад ийм алдаа гаргахгүйн тулд яах ёстой вэ гээд ярилцах ёстой.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: АН-ын тухай яриа өрнүүлж чадаж байгаад нь тэр залуучуудад талархдаг. АН-д энэ үнэхээр дутагдаж байсан зүйл. Энэ дутагдаж байсан орон зайг нөхөж залуучууд гарч ирж, өөрсдийгөө ч, намаа ч шинэчлэе гэж зоригтой ярьж байгаа нь таалагдсан юм. Өөрсдийхөө ярианд өсч том улстөрчид болоосой гэж бодож байна. АН ойрын үедээ шинэчлэгдэж чадна. АН бол маш их потенциальтай нам. Эрх чөлөөтэй гишүүдээс бүрдсэн нам гэж хэлэх дуртай. Эрх чөлөөтэй хүмүүс шинэчлэгдэхээс хэзээ ч айдаггүй юм. Манай намд асар их нөөц, бололцоо бий.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хойшилсон нь АН-ын шинэчлэлтэй ямар ч хамаагүй асуудал. АН хийдэг хурлаа хийнэ. Шинэчлэлийг өнөөдөр хэн нэгэн хүнийг нөгөө хүнээр сольж тавьснаар харж байгаа бол тэрэн шиг худлаа юм байхгүй. АН үнэхээр шинэчлэгдэх гэж байгаа бол намын тулгуур баримт бичиг болсон үндсэн дүрмээ шинэчлэх ёстой. Үндсэн дүрмээ ардчилал, шударга ёс, намын нээлттэй байх зарчим гээд олон зүйлд нийцүүлж өөрчлөх ёстой. Хоёрдугаарт, намын үзэл баримтлал онолоо тодорхойлох ёстой. Гуравдугаарт, угшил гарлаараа фракцладгаа болих ёстой. Энэ намд анхан дунд шатанд гишүүддээ нээлттэй үндсэн дүрэм хэрэгтэй байна. Одоо байгаа Үндсэн дүрэм бол Үндсэний зөвлөлдөх хорооны гишүүдэд л үйлчилдэг, тэдэнд л нээлттэй дүрэм байдаг. Анхан дунд шатандаа тэгш үйлчилдэг дүрэм хэрэгтэй. Улс орны эрх барьдаг хоёр том намын нэг өөрөө эхлээд төлөвшлөө зөв тодорхойлохгүй бол улс оронд хортой. Хоёрдугаарт, УИХ-ын ээлжит бус чуулган Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан зарласан өдөр давхар зарлагдсан. Гэтэл өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар улс орны нийгэм улс төрийн байдалд ноцтой нөлөөлөхүйц, хувь хүний эрх эрх чөлөөнд халдсан олон том асуудлууд хэлэлцэж байна. Нийгмийн анхаарлыг АН-ын ҮЗХ-ны хурал руу чиглүүлсэн пи-ар хийгээд хүн бүр тийшээ хандаж байхад ээлжит бус чуулганаар бүх юмаа шийдээд гарах гэсэн улс төрийн бодлого байсныг үгүйсгэхгүй. Угаасаа АН 26 жилийн хугацаанд улс орны бүтээн байгуулалт, ардчиллын суурийг тавьсан нам.

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл: Намын даргын тухайд ҮЗХ-гоор томилогдох намын дарга нь намынхаа шинэ дүрэм, шинэчлэлийг хийгээд Их хурлаар намын даргаа өгөөд өөрөө намын даргад өрсөлдөж болохгүй гэсэн зарчимтай. Тэгэхгүй бол одоо томилогдсон намын дарга нь Их хурлаар өөрийгөө батламжлуулах гэж очих юм бол манай намд шинэчлэл хийгдэхгүй. Манай намын тэмцэл зогсохгүй. Одоо байгаа намын дарга шинэчлэл хийгээд ажлаа өгөх ёстой. Хэрвээ үүнийг намайг хий гэвэл би хийнэ. Би хэзээ ч албан тушаалын төлөө явж байгаагүй:

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын дарга нэр дэвшигч П.Цагаан: Мэдээж дүрэмдээ суурь өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэхдээ АН-ын гишүүдээс асууя, гишүүдээ сонсоё, гишүүдээрээ шийдүүлье гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Фракцуудын зөрчилд идэгдэж, намыг сульдуулсан ҮЗХ-г татан буулгаж, оронд нь АН-ын 600-700 хүний бүрэлдэхүүнтэй Их Хуралдай байгуулж, жилд нэг удаа тогтмол хуралддаг өдөртэй болох хэрэгтэй гэж үзэж байна. Их Хуралдай ирцээрээ асуудлаа шийддэг байх нь зөв. Тэр өдөр нь намын дарга ИХ-г хуралдуулаагүй, ажлаа тайлагнаагүй бол даргаасаа чөлөөлөгддөг,дараагийн дарга нь томилогдоод, намаа аваад явдаг, гацаагүй ажилладаг болгох хэрэгтэй. Үүнээс гадна АН-ын гишүүнчлэлийг нээлттэй болгож, эрдэм боловсролтой, эрч хүчтэй залуусаар байнга сэлбэгдэж байдаг болох хэрэгтэй. Ахмад, дунд, залуу гурван үеийнхэний гагнаас, амьд холбоо, залгамж хамтын ажиллагаа л тууштай үр дүнд хүргэнэ. Загас толгойноос эхэлж мууддаг гэж үг бий. АН-ын Дүрмийг хамгийн их зөрчсөн хүмүүс бол АН-ын дарга нар гэдэгтэй маргах хэрэггүй. ҮЗХ-ны гишүүд ажил, амьдралаа зохицуулаад цаг, мөнгөө зараад Улаанбаатарт хэрэг болгоод хүрч ирсээр байхад бах таваа хангаж байгаа юм шиг ирсэн хойно нь, тулгаж байгаад хурал хойшиллоо гэж яаж хэлж чадаж байна аа? АН-ын шинэчлэл дүрмээ мөрддөг даргатай болохоос эхлэнэ.Зарчимтай, алсын хараатай манлайлал АН-ын шинэтгэлийг тодорхойлох ёстой. Бүгдээрээ зөвлөлдөөд шийдье л дээ. Миний бодлоор дээрх хоёр хувилбарын аль аль нь буруу гэж бодож байна. Хэдэн хүний тохироогоор сонгогдсон дарга Хурлаа хийхээр л огцорчих гээд байдгийг бид олон удаа харсан. Бид энэ алдаагаа давтаж болохгүй. Ийм учраас АН-ын даргыг дарга нар биш, АН-ын гишүүд, дэмжигчид сонгох эрх дархтай байх ёстой. Энэ удаад бараг ард нийтийн саналаар тодруулсан ч болно гэж бодож байна.

Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар: Манайхны одоо ярьж байгаа дүрмийн шинэчлэлт байх ёстой. Дүрмээ шинэчлэн гэж ярихаасаа илүү дүрмээ мөрддөггүй өөрсдийн эрх ашгийн тулд юу ч хийхээс буцахгүй АН доторх манангаасаа салах хэрэгтэй. . Шуудхан хэлэхэд, өөрсдийн намын засгаа унагадаг Б.Наранхүү мэтийн нөхдүүдээсээ салах хэрэгтэй. Бас МАН-ынхантай үзэл бодол, түрийвчээрээ нэгдсэн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, нарын хүмүүсийг зайлуулж байж АН-ын шинэчлэлийн тухай ярих үүд хаалга нээгдэнэ. Яг үнэндээ манай намд үүсээд байгаа хүндрэл намд МАНАН үүсгэснээс л болсон. Өнөөдөр намын дүрэм, явж ирсэн чиг шугам үгүй боллоо гэж байгаа бүгд чинь энэ бүхнийг уландаа гишгэсэн дээрх хүмүүсээс л шалтгаалсан гэдгийг дахин хэлье.

Ардчилсан намынхан “Дүрмийн” гэж тодотгодог Д.Бямбаа:Намын төлөвшил байхгүй болчихсон учраас энэ нам зохион байгуулалтад ороход хүндрэлтэй болсон. Аливаа улс төрийн байгууллага хуулиа дээдэлдэг, дүрэм журамдаа захирагдаж байвал эрүүл байдаг. Гэтэл АН Их хурлаараа баталсан, өөрийн үнэт зүйл болсон дүрэм рүүгээ нулимж эхэлсэн. Аливаа дүрэм, журам хэн нэгэнд таалагдахгүй байж болно. Нийтэд таалагдаж байвал зохицуулалт мөн юм. Гэтэл дүрэм журам мөрддөггүй фракц хоорондын хэлэлцээрээр асуудлыг шийддэг болсон. Үүнийг “ширэнгийн дүрэм” гэж хэлдэг. “Ширэнгийн дүрэм” АН-ын зохион байгуулалт, гишүүд дэмжигчдийнхээ итгэл үнэмшлийг ч “үгүй” хийсэн. Түүнчлэн сүүлийн зургаан жил цус сэлбэсэнгүй. Огт солигддоггүй ҮЗХ-ийн хэдэн гишүүн байна. Тэр хүмүүс эрх мэдлийн тоглолт хийж, ордон тойрсон жижиг зүйл дээр өнгөрсөн дөрвөн жил сатаарсан. Үндсэндээ АН 100-200 хүний тоглолт хийдэг хэрэгсэл болж хувирсан нь өнөөдрийн ялагдалд хүргэсэн. Энэ байдлын гадна талд байгаа энгийн гишүүд дэмжигчид мэдэрсэн. Ардчиллын үнэт зүйлийг мэдэрдэг Дорж гуай энэ жил сонгуулиа өгсөнгүй. Яг ийм зүйл ганцхан АН-ын дотор яваад байгаа юм биш л дээ.

24tsag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.