МИАТ-ийн мөнгө угаадаг бас нэг “бүлэглэл”-ийг илрүүллээ

9УИХ-аас ажлын хэсэг гарч Хөгжлийн банканд шалгалт оруулсан. Үүний дараа Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Н.Батбаярыг шалгаж эхэлсэн тухай мэдээллийг АТГ-аас өгсөн юм. Түүнтэй хамт Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарын хүмүүсийг шалгаж байгаа мэдээллийг хуулийн байгууллагынхан өгч байгаа.

 

Тэднийг “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм. Тэгвэл энэ үеэр хэд хэдэн хүнийг хуулийн байгууллага шалгаж, сэжигтнээр татаж, цааш нь ачуулсан тухай мэдээллүүд ч сонорт хүрч эхэллээ.

 

Тодруулбал, өнгөрөгч лхагва гаригт Түлш эрчим хүчний дэд сайдаар аижллаж байсан Д.Доржпүрэвийг “ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор “Чингис” бондын мөнгөнөөс санхүүжүүлсэн 35 сая ам.долларын нэг сая орчмыг нь хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн сэжиглэж, цагдан хорьж шалгаж байгаа аж.

 

Тэгвэл МИАТ-ийнхэн мөн л асуудал дэгдээж эхэллээ. Тус байгууллагын Комерийн дэд захирал асан Т.Батчулуун, н.Баясгалан, ХБНГУ дахь “МИАТ”-ийн төлөөлөгчийн газрын дарга н.Дорждэрэм нартай хуйвалдан, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа гэнэ. Тэднийг онгоцны зорчигчдын үйлчилгээнд хэрэглэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт ХБНГУ-ын “Schneider Со ltd..” гэх хуурамч компанийг шалгаруулж, “МИАТ” ТӨХК-д 3 еврогийн үнэтэй дарсыг 8 еврогоор шахаж, олсон орлогоо н.Баясгалан нь О, А нарын данс руу шилжүүлж, мөнгө угаадаг байсан гэдгийг хуулийнхан тогтоож, шалгаж байна. Т.Батчулуун, н.Дорждэрэм нар О, А нарын данснаас 1.5 тэрбум төгрөг гаргуулан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

 

Мөн Авлигатай тэмцэх газраас Улаанбаатар төмөр замын Хангамжийн албаны дарга Г.Энхсайхан гэгчийг цагдан хорьсон тухай мэдээлэл цацагдаад байгаа. Түүнийг Хангамжийн албаны даргаар ажиллаж байх үедээ өөрийн танил, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан, тэднээс хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм.

 

Амар

Үндэстэн агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих