Сонгуулийн өмнөх мөнгөн “бороо”

fa84d69ba41e9a69a40021fa62e066c8Удахгүй болох орон нутгийн сонгуулиар сонгогчдын саналыг бас л мөнгөний хүчин зүйлээр татах бололтой. Учир нь, УИХ-ын сонгуулиас хойш буюу 7, 8, 9 дүгээр сард “Хүүхдийн” гэх тодотголтой мөнгө тараагдаагүй.

Харин өнгөрөгч долоо хоногоос эхлэн гурван сар эзэддээ очоогүй мөнгийг бөөнөөр нь олгох тухай яриа газар авсан. Энэ талаар Ерөнхий сайд өөрөө ч ам алдсан.
Ингэхдээ өрхийн амьжиргааны түвшний шинэчилсэн бүртгэлийн дагуу нийт хүүхдийн 60 хувьд нь тун удахгүй олгож, үлдсэн 40 хувьд нь эдийн засгийн нөхцөл байдал сайжрахаар буюу гурван жилийн дараа өгөхөөр зохицуулагдсан. Энэ нь мөн л дараагийн УИХ-ын сонгуулийн өмнө гэсэн үг л дээ.
Мэдээж иргэдийн хувьд хүүхдийн мөнгөө авахаар хүлээж буй хэсэг бий. Тэгээд ч олон хүүхэдтэй өрхүүдийн хувьд багадаа 60-120 мянган төгрөг гэдэг өнөөгийн нөхцөлд буюу хонины килограмм мах 4500 төгрөг болчихсон үед “их юм” гэдэг нь ойлгомжтой. Харамсалтай нь энэ нь хэзээ олгогдож эхлэх мөнгөний сураг юм бэ бүү мэд.
Уг нь хүүхдийн мөнгийг бүр олгохоо болих тухай ярьж байсан ч ядарсан иргэдийн саналыг ядаж нэг хүүхдийнх нь 20 мянган төгрөгөөр ч болов авч байсан нь дээр гэж улстөрчид үзсэн бололтой. Халамж хэлбэрээр олгож буй мөнгө үнэн хэрэгтээ аль ч шатны сонгуулийн үеэр санал авах хүчин зүйл болж хувираад байгааг улс төрийн намууд маш сайн мэддэг болсон төдийгүй үүгээрээ тоглолт хийж, одоо бүр биестээ чөдөр, тушаа болгон ашиглах тактикт шилжээд байгаа нь илэрхий.
Яг өнөөгийнх шиг “мөнгөний хүчин зүйл” бүхий нөхцөл байдал УИХ-ын сонгуулийн өмнө буюу зургаадугаар сард үүсч байсныг иргэд мартаагүй. Мартах байтугай тэр үед эхлүүлсэн Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх хөтөлбөрийн үлдэгдэл 100 мянган төгрөг дансанд хэзээ орох бол гэсэн хүлээлттэй хүмүүс олон байгаа.
Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлж, сонгуулийн өмнө хэрэгжүүлэх ажлыг тэр үеийн сөрөг хүчин-өнөөгийн эрх баригч МАН-ын гишүүд санаачлан УИХ-д тогтоолын төсөл өргөн барьсан юм. Тодруулбал, зургаадугаар сарын 9-ний өдөр МАН-ын бүлгийн гишүүн Су.Батболд, Д.Дэмбэрэл, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр сан “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн 1072 хувьцааг мөнгөжүүлэх асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа Засгийн газарт хүргүүлж байв. Тэд иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг нэг ширхгийн нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр үнэлэн нэг сая төгрөгөөр худалдан авах ажлыг зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгохыг санал болгосон.
Харин тухайн өдрийнх нь үдээс хойш Засгийн газар ээлжит бусаар гэнэт хуралдаан зарлаж, хувьцааг мөнгөжүүлэхтэй холбоотой асуудлаар МАН-д хариу барьсан. Ингэхдээ МАН-ынхны санаачилсан тогтоолын төслийг дэмжиж, 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргасан. Харин үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст тавих асуудлыг хэлэлцсэн байдаг. Өөрөөр хэлбэл долоодугаар сараас хойш үлдсэн 750 хувьцааны асуудлыг шийдэх ёстой байв. Тэр үед мэдээлж байснаар бол 11-12 тэрбум долларын эдийн засагтай Монгол Улсын Засгийн газар нь 8-9 тэрбум, нийтдээ 21 тэрбум долларын өртэй хэрнээ л хувьцааг иргэдээс худалдаж авахын тулд нийт 400 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлагатай гэж байсан. Ингэхдээ асуудлыг Монголбанк болон холбогдох аржилжааны банкуудтай тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлнэ хэмээж байв. Энэ мэдээллийг дуулсан 1.313.432 иргэн хувьцааныхаа 30 хувийг худалдах хүсэлтийг арилжааны банкуудад гаргаж, тэдний 1.294.944 иргэн хувьцааны төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн авсан аж.МАН-ын санаачилгаар АН-ын хэрэгжүүлсэн “сайн хувьцаа” сонгуулийн өмнө саналд нөлөөлөхүйц сайхан PR ажил болоод өнгөрсөн. Гэвч энэ нь тэр үеийн эрх баригч Ардчилсан намд санал авчирсангүй. Харин асуудлыг санаачилсан МАН одоо хэрхэх юм бол?
Сонгуулийн санал хураалтаас хойш дээрх хувьцааны талаар дарга нар ам ангайсангүй. Өнөөгийн байдлаар хүсэлт гаргасан иргэдээс хувьцааны мөнгөө бүрэн аваагүй 19 мянга орчим хүн үлдээд байгаа. Эдгээр иргэдийн хувьцааны мөнгийг гүйцээн олгохоор төсвийн тодотголд санхүүжилтыг тусгасан хэмээн өнгөрөгч сарын сүүлээр мэдээлсэн ч үнэн эсэх нь баталгаагүй .
Ингээд харахаар өгөх мөнгөгүй болчихсон хэрнээ л иргэдийн өнөө, маргаашаа гэсэн сэтгэлийг цөөн хэдэн төгрөгийн амлалтаар хуурч ирээдүй буюу ирэх дөрвөн жилийнх нь хамаг л амьдралыг мөнгөөр худалдаж аваад байна гэж хардахаас аргагүйд хүрч байгаа юм.
Гэвч үнэхээр Монгол Улсын сан хөмрөг бялхаж байгаа бол иргэд нь халамжийн мөнгөө аваад л суугаад байх нь зөв гэхсэн. Харамсалтай нь Засгийн газарт монголчууддаа тараагаад өгчих хэмжээний мөнгө бий юу гэдэг бас л асуулт. Учир нь хувьцааны мөнгө тарааж эхэлж байх үед Монгол Улс мөнгөгүй, төсөв тасарчихсан, АН-ынхан эрх мэдлээ ашиглан мөнгө хэвлэчихлээ гэх мэтээр хардаж байсан. Түүнчлэн саяхан л Ерөнхий сайд, Сангийн сайд нар “төрийн мөнгөний авдар хоосорсон” гэх мэдээллийг хийсэн. Тэгсэн хэрнээ өдгөө “хүүхдийн мөнгө”-ийг “бөөндөж” олгоно гэдэг юу л бол. Бас сонгуулийн өмнөх санал худалдан авах гэсэн сайхан PR l байх даа.

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих