Арван хүн тутмын ес нь хортой агаараар амьсгалж байна

193406-28092016-1475027575-989623746-who_airpollutionДэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын судалгаагаар манай гарагийн арван хүн тутмын ес нь бохирдсон агаараар амьсгалж буйг тогтоожээ. Хүн төрөлхтний 92 хувь нь уушгины хорт хавдар, зүрхний өвчин, шигдээсийн шалтгаан болохуйц бохирдолтой агаартай орчинд амьдарч байна.

Зүүн өмнөд Ази болон Номхон далайн баруун бүсийн орнуудад хүн амын хорвоог орхих шалтгааны гуравны хоёр нь агаарын бохирдолтой холбогдож, ядуу буурай орнуудад энэ байдал улам бүр хүндэрч байгаа аж.

Жил бүр агаарын бохирдлын улмаас гурван сая хүн амиа алдаж байгаа бөгөөд гэр дотор ч, гадаах агаар ч их хэмжээний бохирдолтой байна.  Жишээлбэл модны утаа, хоол хийхээр түлсэн гал хүртэл агаарыг их хэмжээгээр бохирдуулж байна гэжээ.

ДЭМБ 2,5 микрометрээс бага хэмжээтэй тоосонцрын судалгааг хийж энэхүү үр дүнг гаргасан бөгөөд ийм жижиг хэмжээтэй тоосонцор хүний цусанд шингэж, улмаар тархинд хүрдэг аж.

Улс орнуудаас агаарын бохирдлын улмаас амиа алдаж буй шалтгаанаар Туркменстан нэгдүгээрт бичигдэж, Тажикстан, Узбекистан, Афганистан, Египет зэрэг орнууд удаалжээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн доктор Карлос Дора “Баян орнуудад агаарын чанарыг сайжруулах ажлыг тун эрчимтэй хийж, тодорхой үр дүнд хүрч байна. Харин ядуу, буурай орнуудад энэ асуудал хүнд байна” гэсэн юм.

Энэхүү судалгаа нь 2012 оны байдлаар бөгөөд тухайн жилд Монгол улсад агаарын бохирдлын улмаас 1123 хүн амиа алджээ. Амиа алдсан хүний тоогоор 184 орноос Монгол улс 132 дугаар байрт орсон боловч 100 мянган хүн тутамд амиа алдсан хүний тоогоор 34 дүгээр байрт орсон байна.

Эх сурвалж: WHO


URL:

Сэтгэгдэл бичих