АН-д ГЭРЭЛ АСААЯ

_A4A0596Э.Бат-Үүл баатрын хэлсэнчлэн бархирмаар санагдсан өдрүүд АН-д үргэлжилж байна. Сонгуулийн бүр жилийн өмнөөс нам дотор нь дэгдсэн шуурга өнөөг хүргэл намдах бус улам ширүүссээр байгаа нь тэдэнд шинэчлэл гзхээсээ дотооддоо эв нэгдэлтэй байхыг сануулах болсон. Гэвч хэн нэгнийгээ үгүйсгэсэн, хэмлэсэн агуулгатаи АН-ын нөлөө бүхий улстөрчдийн ээлж дараалсан яриа, мэдээлэл, хаа сайгүй өдлөх болсон шинэчлэлийн хөдөлгөөнүүд тодорсноос өөрөөр АН-д гэрэл асаагүй л байна. Хамгийн сүүлд партизанууд нь мэдэгдэл хийв.

Уг нь дүүрэг, орон нутгийн сонгуульд АН-ын амжилг үзүүлэх гол хөшүүрэг нь дотоод эв нэгдэл. Цаашлаад орон нутгийн сонгуульд хэрхэн оролцохоос хамаарч Ерөнхийлөгчийн сонгуулийн зургаа ноороглоно. Цаашдаа Монгол Улсын хувь заяатай АН-ын дотоод нэгдэл хамаатай.

АН-ын хувьд МАН-ыг бодоход өөрийн гэсэн онцлогтой нам. Тэр нь эв нэгдэлтэй байхдаа хүчтэй, эрх ашгийн зөрчил үүсэхээрээ задардаг. 1996 оны сонгуульд “Ардчилсан холбоо” эвслийг байгуулан оролцоод УИХ-д 50 суудлыг авч л байлаа. Гэвч дотоод дахь зөрчлөө зангидаж чадаагүйн уршгаар гурван ч Засгийн газраа огцруулж, 2000 оны сонгуулиар ганцхан суудалтай үлдэж байв. Улмаар таван нам нэгдэж, Ардчилсан намыг албан ёсоор “эх барьсан”-аас 12 жилийн дараа буюу 2012 оны сонгуульд хоёр дахь удаагаа засаглах эрхтэй болсон билээ. Мөн дүүрэг, орон нутаг, Ерөнхийлөгч гээд дараалсан хоёр ч сонгуульд ялалт байгуулж МАН-ыгаа хүндхэн байдалд оруулж байсан нь саяхан. Шалтгаан нь тэд бүгдээрээ нэг зүгт харж, нэг зорилгын төлөө явсных л байв. Гэвч дотоод зөрчил нь даамжирч, савнаасаа хальсны уршиг Засгийн газраа огцруулж 1996-2000 оны түүхээ санагалзахад хүргэсэн.

Хоёр дахь Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа эмхэлсэн ч АН-ын цаг агаар сайжрахгүй явсаар 2016 оны сонгуультай золгосон. Үр дүнд нь тэд есхөн суудалтай л хоцорсон. Хамгийн их бүтээн байгуулалт хийсэн хэмээн сонгуулийн тугаа болгож байсан нийслэлдээ улирч чадалгүй 11 төлөөлөгчтэй болсон. Юу үнэн гэвэл энэ үнэн.

Тиймээс дүүрэг, орон нутгийн сонгуулиас урьтаж эв нэгдэлтэй болох нь өнөөдрийн АН-д шинэчлэлээс илүү хэрэгтэй мэт. Үнэндээ Н.Алтанхуягийн үед ч, З.Энхболдын үед ч АН Их хурлаа хийгээгүй нь тэдэнд байгаа ганц үнэн. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг үе үехэн товлодог ч ирц нь хүрэхгүй хойшлох, эрх ашгийн зөрчлөөсөө үүдэн саналаа нэгтгэж чадалгүй тарах зэргээр “халтуурдсаар” сонгуультай золгож, ялагдал хүлээсэн нь саяхан. Ямар ч байсан хэрүүл, тэмцэлтэй өрнөсөн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаасаа тэд ирэх арванхоёдугаар сарын 6-нд Их хурлаа хийхээр товлосон нь сайн хэрэг. Дараагийн намын даргаа тодруулах, Ерөнхийлөгчийн сонгуулийн зураглалаа гаргана хэмээн улстөржүүлээд байгаа болохоос найман жилийн дараа болох Их хурал АН-д асуудалд эрүүлээр хандах, хэл амаа ололцох, магадгүй эв нэгдлээ зангидах гүүр болох учиртай. Цаг үеийн нөхцөл байдал, улс төрийн орон зай нь ч тэднээс үүнийг хүссэн хүсээгүй шаардаж эхэллээ. Магадгүй АН-д гэрэл асахын эхлэл нь тэдний эв нэгдэл ч байж мэднэ.

Өнөөдөр АН-ын дарга хэн байх нь хамаагүй. Доржийг Батаар солих нь хоёрдугаар асуудал. Гагцхүү энэ цаг үед янз бүрийн мэдэгдэл хийж, улс төрд тодрох гэсэн хувийн амбийцаа л АН-ынхан дарах хэрэгтэй байна. Улс төрийн байр суурь олж авах гэж намаа чичилдэг, хэн нэгнийгээ нүдэх замаар тодрох гэж байгаа бол түүн шиг худлаа юм байхгүй. Тэгж тодордог ч юм биш. Эсрэгээрээ алдана. Цаашлаад намдаа ч, Монгол Улсад ч ашиггүй билээ.

 

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.