Албан тушаалтануудаас төр хохирлоо нэхэмжилье!

527-1475217560922db8d0db030358bigНамрын налгар шар өдөр засгийн ордны хажуухан талд алхаж явтал өмнө нь өмгөөлж байсан ахтайгаа таарлаа.

-За, сайн уу. Дүү ажлаа хийгээд гялалзаад л байгаа биз дээ.
-Сайн, сайн. Та сайхан намаржиж байна уу?
-Сайхан шүү. Ах нь сая л нэг юм ажилдаа буцаж орох шийдвэрээ аваад баяртай явнаа хэмээн сэтгэл хангалуунаар мөр алгадав. Хоёр жил шүүхийн шийдвэрээ барин шогшсоныг нь мэдэх тул баярлав.
Эмч хүн өвчтөнөө эдгээд явж байхыг харахад сайхан байдаг шиг, өмгөөлөгч хүн эрхийг нь хамгаалсан иргэн зөрчигдсөн эрхээ сэргээн эдлээд явахад сэтгэлийн баясал, мэргэжлийн омогшил төрдөг билээ.
Улс орны эдийн засаг хямарч, улсын төсвөө бүрдүүлж чадахгүй байгаа энэ үед хуульчид дунд халуун ярианы сэдэв болж буй, магадгүй шинэ засгийн газрын хууль зүйн салбараас мөнгө босгох нэгэн зохицуулалтыг ахтай хөөрөлдсөн ярианаас үүдэн өгүүлэхээр шийдлээ.
Төрийн албаныхан тогтворгүй байна, улс төрийн намын харъяаллаар төрийн албан хаагчдыг ялгаварлан халж байна гэх шүүмж миний мэдэхийн сүүлийн арав гаруй жил, магадгүй намайг дуулахаас өмнө ярьж эхэлсэн шүүмж билээ.
Манай хуульчдын төрийн албанд ажилладаг ах дүү, найз нөхөд, танил тал гээд олон хүн ажлаасаа чөлөөлөгдөх гээд байна, чөлөөлөгдчихлөө, ашгүй би үлдчихлээ гэх мэтээр засгийн газар солигдох бүрт сандарч мэгдэн зөвлөгөө авахаар ярьдаг, зарим нь өмгөөлүүлдэг. Засгийн газар солигдох бүрт гардаг айдас түгшүүр юуных вэ?
Байг, улс төрийн сонирхолоор чадваргүй ажилтан урьд өмнө нь томилогдсон байсныг чадвартайгаар нь сольсон, бүтцийн өөрчлөлтийн үндсэнд чөлөөлөгдсөн байж болно.  Гэхдээ энэ бүхэн хуулийн дагуу үйлдэл байх ёстой. Хуулийн дагуу байсан уу, үгүй юу? гэдгийг шүүх шийдэж олон хүнийг ажилд нь эгүүлэн тогтоодог.
Энэ  тохиолдолд тухайн ажлын байранд  шинээр орсон ажилтан болон үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ажилтанд давхар цалин улсаас олгодог. Өөрөөр хэлбэл нэг ажлын байран дээр хоёр цалин бодогдож байна гэсэн үг. Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан хүмүүс шүүхэд хандаад, гурван шатны шүүхээр явахад дундажаар нэг жил болдог. Энэ үед бүтэн нэг жил хоёр хүний цалин бодогдоно.
Төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсан ажилтаныг шүүхийн шийдвэрээр тухайн эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилгүй байсан үеийн цалин олговрыг ажил олгогч нөхөн олгодог хуультай.
Тухайн албан тушаалтан шүүхийн шийдвэр гарчихаад байхад биелүүлэхгүй байсаар байдаг, шинэ авсан хүнээ (өөрийнхөө намын гэчихье) ажилд нь байлгаад, хуучин хүнээ ажилд нь авахгүй байх тохиолдол байдаг. Надтай таарсан ах Дээд шүүхийн шийдвэр гарсанаас хойш бүтэн хоёр жилийн дараа саяхан ажилдаа буцаж орсон хүн байна. Ингээд бодохоор гурван жил нэг ажлын байран дээр хоёр хүн цалин авах болж байгаа юм. Нэхэмжлэл гаргасан хүн ажилдаа эргэн ортолоо цалингаа ажил олгогчоос нэхэмжилж болдог.
Шүүхийн практикаас харахад буруутай албан тушаалтанууд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэснийг үндэслэл болгон “арьсаа” хамгаалдаг. Гэвч энэ заалт нь бидний ярьж буй тохиолдолд ажлаас буруу халагдсан хүн тухайн байгууллагаасаа цалингаа авах тухай л зохицуулалт юм. Харин тухайн байгууллага буруу шийдвэр гаргасан албан тушаалтанаасаа гэм хороо арилгуулахаар шаардах эрхэд огтхон ч падгүй.
Улсын хэмжээнд хэдэн ажлын байран дээр хэдэн хүнийг ийнхүү давхар цалинжуулсан бэ?  Хэдэн төгрөг гарсан бэ? Хэн энэ хохирлыг барагдуулах вэ? гэдэг асуудал урган гарч байна.
Татвараас олж буй, та бидний мөнгийг ийнхүү дураараа зарцуулдаг албан тушаалтануудтай хэрхэн, яаж хариуцлага тооцох вэ? Ингээд энэ янзаар нь хүлцэнгүй ардын дүрээр хармайгаа увайгүйгээр хоослуулан байсаар байх уу?
Судалж үзэхэд салбар яамдын төсөвт эдгээр нь албан ёсоор тусгагддаггүй бөгөөд тухайн байгууллага өөрийн төсвөөс яаж ийж байгаад “аргалаад” (төсвийн хэмнэлт нэрээр) гаргаж өгдөг байна. Зарим эдийн засагчдын төсөөллөөр сүүлийн цөөн хэдэн жил нийтдээ ажлаас буруу халсаны улмаас олгож буй олговор нь улсын төсөвт 70 гаруй тэрбум төгрөгийн дарамт учруулсан байна. Үүний үнэн эсэхийг нарийвчлан судлах хэрэгтэй. Үнэхээр үнэн бол том тоо.
Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар “төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах,.. албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” бүрэн эрхийг Төрийн албаны зөвлөлд олгосон байна. Бүрэн эрх гэдэг нь эрхээ хэрэгжүүлж ч болно, эсхүл болохгүй ч байж болно гэсэн сонгох эрхийн тухай асуудал биш бөгөөд “бүрэн” гэдэг тодотгол орсоноороо чиг үүргийг өөртөө агуулдаг Үндсэн хуулийн ойлголт юм.
Иймээс Төрийн албаны зөвлөл, түүний салбарууд нь ажлаас буруу халсан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан тушаалтануудаас төрийн нэрийн өмнөөс хохирлоо нэхэмжлэх үүрэгтэй байна. Үүн дээр нэмэгдээд Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасны дагуу “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж, Төрийн албаны зөвлөл, түүний салбарууд прокурорт хүсэлт гарган, прокурорын туслалцааг авах боломжтой байна.
Прокурор зөвхөн хянадаг, ялладаг  байгууллага биш бас иргэний хэрэгт ард түмнээ төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэйг практикт хэрэгжүүлэхийг хүссэн олон прокурорууд байгаа гэдгийг энд тэмдэглэмээр санагдлаа. Прокурорын байгууллага Төрд хохирол учруулсан хувь хүн, хуулийн этгээдээс төрийн хохирлыг нэхэмжилж, улсын төсвийг бүрдүүлж өгвөл өнөөг болтол хурцаар тавигдаад байгаа цалин, хангамжийн асуудлаа ч шийдвэрлүүлэхэд түлхэц болох юм.
Зөвхөн цалин, хөлсний асуудал дээр ч бус Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хархорин сумын нутгаар урсаж буй Орхон голын асуудал дээр ч хууль бусаар алт олборлож буй хуулийн этгээдүүдийн төрд учруулсан хохирлыг салбарын яам, аймаг, сумын засаг дарга нарын аль нэгний хүсэлтийн үндсэн дээр прокурор нэхэмжлэл гарган төрд учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэн буруутай этгээдүүдээс нэхэмжлэх боломж байна. Энэ мэт жишээ олныг дурдаж болно.
Эцэст нь хэдэн жилийн хугацаанд болсон үйл явдалд энэхүү буруу шийдвэр гаргасан албан тушаалтануудын хувийн хөрөнгөөс энэ их мөнгийг АРД ТҮМЭН нэхэмжлэх вэ?
Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дор хаяж гурван жил байдаг. Тэгвэл төрийн албан хаагч нь үр дүнгийн гэрээ, эсхүл хөдөлмөрийн гэрээ байгуулсанаас үл хамааран Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасныг иш үндэс болгон өнгөрсөн гурван жилд төрийн албыг төрлийн алба болгосон албан тушаалтануудаас төр хохирлоо нэхэмжилж, төсвөө бүрдүүлье.
Ингэсэн цагт төрийн алба тогтвортой байх бас нэг үндэс болох буй заа. Өнгөрсөн гурван жилд аль аль намууд төр барилцсан наадах чинь бүтэхгүй гэж “бүтэхгүй юм” л сонсмооргүй байна шүү.
Хуульч Б. Гүнбилэг

URL:

Сэтгэгдэл бичих