Оросын мафи хуучин ба өнөө цаг үед

aba72f6406b6ac0fgreatАВАРГЫН ҮХЭЛ 
Дотоодын дээрэмчдийн хэн нэгнийг хилийн чанадад цаазаар авах ял оноож байсан явдлыг би ер санахгүй юм хэмээн цагдаагийн хурандаа Дмитрий Медведев ярьж байна.

Тэрбээр 1994 онд Дотоод хэргийн яамны Зохион байгуулалттай гэмт хэргийг хянах газрын эрүүгийн томоохон төлөөлөгч нарын хэргийг мөрдөх хэлтсийн даргын албан тушаалаас огцорсон билээ.
- Юуны өмнө эрүүгийн гэмт хэрэгтнүүд бие биедээ өөрсдөө ял оноож, хэрэгжүүлэхэд хүргэдгээс л тэгдэг байх. Миний загалмайлсан эцэг, хагас хүнд жингийн боксын сонирхогчдын дэлхийн аварга Олег Каратаевтай яг ийм явдал тохиолдсон юм. Спортоо орхиод тэрбээр Орост дээрэмчний үйл ажиллагаанд хөл тавьж, Петруччио гэх хочтой, Зөвлөлтийн Армийн түрүүч гэгч нэгэн этгээдийн дээрэм, тонуул, аллага үйлддэг бүлэгт ажиллаж эхэлсэн юм. Тэр үед бид Каратаев тэр хоёрыг баривчилсан билээ.

Шүүх хурлын дараа Петруччио цэргийн прокурорын газарт хэн нэгнийг мөнгөөр хахуульдсанаар түүнийг хугацаанаас нь өмнө сулласан юм. Хожим нь Суздальд өөрийн хүмүүстэй цуг Улсын Аюулгүй Байдлын ажилтнуудын баривчлах ажиллагааны үеэр автоматын суманд оногдож алагдсан билээ. Харин Каратаев Америкийг зорьж, рэкет хийж эхэлжээ. Тэр тун ер бусын хүн байлаа. Москвад байхдаа /тэрбээр “Варшавская” зочид буудалд байрлаж байлаа/ цахилгаан шатанд санаандгүй орж ирсэн ямар ч гадаадын иргэний эрүүг нь мулталж, түрийвчээс нь мөнгийг нь аваад тайван гэгч нь тоолж үзээд “Наргианд хүрэлцэх л юм байна” гэж хэлээд хөгжим захиалсан аль нэг зоогийн газар руу дээрэмдсэн мөнгөөрөө тооцоогоо хийхээр хээвнэгхэн явж чадах л нэгэн.
АНУ-д байхдаа ч биеэ ийм маягаар авч явсан байж магадгүй. Эх орон нэгтнүүдээ айлган сүрдүүлж, хаа нэгтээ хил гарч явсаар эцэст нь түүний хүүрийг л олсон. Түүний дагз руу нь буудсан байлаа.

Ер нь бол хилийн чанадад зохион байгуулалттай гэмт хэргээр дагнан мэргэшиж байсан оросуудын хамгийн анхны бүлэг Орост Интерполын үндэсний товчоо бий болохоос өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.
Тэр үед ХМТ-ны хүсэлтээр бид Орост Дмитрий Белокопытов болон Давид Шустер гэсэн Украины паспорттой хоёр иргэнийг баривчилсан.
Америкчууд тэднийг эрэн сурвалжилж байсан агаад тус бүр нь хийсэн гэмт үйлдэлдээ 420 жил хоригдох ял эдлэх магадлалтай байв. Тэдний АНУ-д үйлдсэн эрүүгийн гэмт хэргийн нарийн ширийн зүйлийн талаар бидэнд тодорхой мэдээлэл өгөөгүй ч Шустер бензин шингэлж зарсан залилангийн хэрэг, бас сүрдүүлгийн хэрэгт холбогдсон байлаа.

Тэднийг эрэн сурвалжилж эхлэхэд тэд түүхэн эх орондоо эргэн ирсэн байлаа. Орост тэд Акоп Юзбашев гэгчтэй хамтран ажиллаж түүнтэй хамтран Москва орчмын Пушкины дүүрэгт хууль бусаар хил давуулан оруулж ирсэн спиртээр хууль бус архи үйлдвэрлэж эхлэв.
Спиртийг Польшоос оруулж ирэх ажлыг Шустер хариуцаж байв. Гэхдээ бидний сонирхлыг хууль бусаар хил давуулах наймаа зэргийн жижиг сажиг наймаа огт татахгүй байлаа.

Харин баривчилгаа явагдах үед бид тун арвин олзтой таарсан юм. Тэнд тэр үед нүдний гэм болсон мэргэн буучийн винтов, Орост үйлдвэрлэсэн зэвсгээс гадна Америкийн автомат буунууд ч байв. ХМТ-ны ажилтнууд энэ буунуудыг хараад “Пөөх, манайд бол зөвхөн тусгай албаны элитийн багийнхныг л ийм автоматаар зэвсэглэдэг шүү дээ” хэмээн дуу алдсан юм. “Харин манайд бол Москва орчмын дээрэмчдэд байдаг л нэг зэвсэг” гэж би хариулсан билээ.

ОРОСУУД УРАГШИЛСААР
Дээрэмчид харийн оронд өөрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар надад нэгэн хуулийн цоорхойг ашиглагч/ хууль ёсны хулгайч/ ярьсан юм. Түүний хэлснээр чухам эртний ховор эдлэл наймаалагчид гэмт хэргийн хүрээгээ анхлан өргөтгөж эхэлжээ. Тэд хамгийн түрүүнд Чехословак, Польшоор дамжин Герман руу гарч, дараа нь Франц, Испани руу зам тавьж, цаашлаад дэлхийн өнцөг булан бүрт даамжрав.

Хамгийн түрүүн аль Зөвлөлтийн нөхөрлөлийн үед л бий болсон анхны дээрэмчид байршиж байсан Европ руу тэд хамгийн түрүүн татагдаж, машин хулгайлж ЗХУ руу оруулж ирэх, мөн Зөвлөлтөөсөө Баруун руу биеэ үнэлэгчдийн газар руу охид бүсгүйчүүдийг зөөвөрлөж, улмаар төмрийн түүхий эд, зэр зэвсэг, тэр байтугай хар тамхийг Ази тивээс Оросоор дамжуулан Баруун руу гаргадаг бизнес эрхэлдэг болов.
-Тэр үед хилийн чанадын зохион байгуулалттай гэмт хэрэг хараахан өргөжин тэлээгүй байсан юм. Зөвхөн эхлэлийн үе байлаа. Тийм ээ, эрүүгийн гэмт хэрэгтнүүдээс хамгийн түрүүн ховор эдлэлийн наймаачид зориглосон. Энэ бүхэн өөрчлөн байгуулалтаас бүр өмнө байсан юм. 1975-1980 он хүртэл ЗСБНХУ болон АНУ-ын дээд удирдлагын хоорондын зөвшилцлөөр ЗХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг зөөлрүүлэх зорилгоор зөвхөн АНУ руу л гэхэд ЗСБНХУ-аас 90 мянган еврей цагаачилсан бөгөөд дан ганц 1979 онд л гэхэд 51 мянган еврей хилийн дээс алхжээ. Чухам тэр их цагаачдын урсгалд л Оросын эртний үнэт эдлэл, бурханы зураг наймаалагчид олноороо явж байсан аж. ЗСБНХУ-с явахаас өмнө бичиг баримтаа бүрдүүлж байхад тэдний буух газрыг Израиль хэмээн товлож өгсөн боловч зарим нь Европт бууж, зарим нь АНУ-г зорьсон байна. 1980-аад оны дундуур гэхэд Америкийн цагдаагийн газарт ЗСБНХУ-аас гаралтай цагаачдын дунд зохион байгуулалттай гэмт хэрэг бий болж, тоо нь хурдацтай өссөн талаар тэмдэглэгдсэн байлаа.

АНУ дахь Оросын мафийн анхны “загалмайлсан эцэг” бол Евсей Агрон болон Марат Балагула нар гэлцдэг. Агрон 1975 онд Ленинградаас цагаачилжээ. ЗСБНХУ-аас дөнгөж ирээд яах ч учраа олохгүй байгаа дүрвэгчийн дүрээр төмсний тор барьчихаад дэлгүүрээр хэсч Брайтонд хэдийнэ төвхнөсөн иргэдээс зөвлөгөө өгөхийг хүсч явахдаа цаанаа огт мөнгөгүй учир Оросоос тохиолдлоор авчирсан хааны алтан зоосыг хямдхан худалдан авахыг санал болгох залийг анх тэр л гаргасан гэдэг.
Тэгсэн атлаа худалдан авагч нарт алтан зоосны оронд юу эсийг атгуулна гээч, нэг удаа зүгээр л уутай төмс өгсөн байж. 1986 онд Евсей Агрон Бруклинд гурав буудуулан хөнөөгдсөн юм.

Марат Балагулын хувьд тэр гэнэн хонгор америкчуудыг бурхи шиг муу залиараа гайхуулсан байна. Юу гэвэл тэр өөрийн шатахуун түгээгүүрийн газрын шатахууныг усаар шингэлэн зардаг байжээ. Америкчууд ийм зүйлийг төсөөлж ч чадахгүй байв.

1983 онд түүнийг шоронд суулгажээ. Бензин хуурамчаар наймаалсан хэргээс гадна тэр хар тамхи, үнэт чулуу хууль бусаар борлуулсан, түүнчлэн Колумбийн хар тамхины дамчидтай холбоо сүлбээтэй ажилладаг, Сьерра-Леонед алмаз чулууны наймаа эрхэлдэг гэсэн ял сонсчээ. Түүнээс гадна, түүний эзэмшилд Нью-Йорк дахь “Одесса” зоогийн газар байдаг байв.

Оросын мафи үнэхээр хүчирхэг хэмээн Америкийн тусгай албад үнэлж дүгнэснийг ОХУ-ын ДХЯаманд байгаа мэдээ баримтууд ч баталж байна. 1991 онд Орост хил дамнасан холбоо сүлбээ бүхий 80 гаруй гэмт бүлэглэл тоологдож байлаа. Энэ тоо 1994 он гэхэд 450 болж өссөн юм.

Европын хувьд нэн ялангуяа Германд 1994 оны сүүл гэхэд 300 гаруй Оросын мафийн бүлэглэл янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн Германы цагдаагийн газрынхан үзэж байв. Тэд хулгайлсан машинуудыг дамлан худалдаж, үнэт ховор эдлэл, хар тамхийг хууль бусаар хил давуулж, өнгөт метал, газрын тос, ховор эдлэлийг наймаалж, эх орондоо эргэн очихоор бэлтгэж байсан Барууны цэргүүдийн зэвсгийг хулгайлан мөнгө болгож байлаа.

Дашрамд хэлэхэд “Зөвлөлтөөс гаралтай америкчууд” ОХУ-ын Батлан хамгаалах яамны эх орон нэгтнүүдтэйгээ холбоо сүлбээ тогтоох замаар бас нэг гайхалтай залиланг үйлджээ. 1990 оны эхээр, Флоридын бизнес эрхлэгч Хуан Альмейд болон Одессын иргэн байсан Леша-Тарзан хочтой Людвиг Файнберг нар Колумбийн кокаиныг тээвэрлэх зорилгоор Кронштадтад зэвэрсэн шумбагч онгоц худалдан авахыг оролдсон байна. Үүнийхээ төлөө Алмейд, Тарзан нар шүүхээр ял сонсов. Колумбичууд ч гэсэн гар доороо тааралдсан зүйлээр сэтгэлээ тайвшруулах хэрэгтэй болов.

Хэдэн жилийн өмнө зун АНУ-ын эргийн гвардийнхан Колумбийн гурван иргэнийг баривчлан саатуулжээ. Тэд өөрсдөө угсарсан шумбагч онгоцоор гурван тонн кокаиныг Америк руу зөөвөрлөж байжээ.
Бас нэг дуулиантай хэрэг Литвын хоёр иргэн Александр Даричев, Александр Погребежский нартай холбоотой бөгөөд тэд Болгарт үйлдвэрлэсэн зенитийн пуужинг АНУ руу гаргахаар оролдсон хэргээр Майамид ял сонссон юм.
Тэр пуужингууд мөн л колумбичуудынх байлаа.

Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр иймэрхүү бүдүүн баргийн үйдэл нь илүү нарийн ажиллагаагаар солигдон сайжирч эхлэв. Өнөө АНУ-д ах, дүү Смушкевич нар орон нутгийн иргэдийг үнэ төлбөргүй диспансерийн үзлэг хийлгэх төсөл боловсруулж, төрөөс дэмжлэг авснаар америкчуудын татварын мөнгөнөөс 3 тэрбум долларыг нь салгаж чаджээ. Улсын төсвөөс авсан мөнгөөр тэд оношлогооны аппарат бүхий арваад автобус худалдан авч, хотуудаар явж, орон нутгийн иргэдийн даралтыг хэмжиж, цусны шинжилгээ авсан эмч нарын цалинг төлсөн байна. Харин дараа нь өвчтөнүүдэд зарцуулдаг мөнгө нь хэдэн арав дахин өссөнийг АНУ-ын даатгалын компаниуд олж мэдээд мэл гайхжээ. Ах дүүс хуучин эх орон нэгтнүүдээ хэтэрхий ойр ойрхон, бас ташаа оношилж байсан нь тодорхой болмогц /тухайлбал, хавдартай гэж оношилсноор даатгуулагдчаас маш их мөнгө шаарддаг/ тэдний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэв.

LAFAMIGLIAMI-ТАЙ НӨХӨРЛӨЦГӨӨЕ
Европт хуучин ЗХУ-аас ирсэн “хууль ашиглаж хулгай хийгчид” орон нутгийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдтэй, тэр дундаа Италийн мафитай ойр дотно холбоо тогтоожээ. /Италийн мафи нь эх орондоо Lafamigliami- гэр бүл гэдгээрээ алдартай/. Өрсөлдөөн ч тэдний хувьд огт саад болоогүй бололтой.

-Орост хулгайч нарыг хавчиж эхлэхэд тэд аль болох эрх чөлөтэй болохыг эрмэлзэж байсан хэмээн Дмитрий Медведев ярьж байна.
-Энд хууль сахиулах байгууллагуудыг, миний бодлоор, зориудаар задарган бутаргаж байхад тэд эрүүгийн гэмт хэргээр орж ирсэн мөнгийг үл хөдлөх хөрөнгө болгож, өөрсдийн хэрэгцээнд төдийгүй дамлан зарах зорилгоор зуслан худалдан авч, мөнгөө байнга эргэлдүүлж байхын тулд зочид буудалд хөрөнгө оруулж байна. Банкны үйл ажиллагааг тэд хожуу сонирхож эхэлсэн юм.
Энэ бүх үзэгдэл Испанид, Чехословакт, Польшид ч ажиглагдаж байсан. Бидэнд болон гадаадын мэргэжил нэгтнүүдэд маань хэдийнэ танил болсон эрүүгийн том этгээдүүдээс гадна Европ руу Оросоос маш их мөнгөтэй хүмүүс ирсээр байсан. Гэтэл тэднийг Орост хэн ч мэддэггүй. Олон улс оронд байгаа эрүүгийн гэмт этгээдүүд өөр хоорондоо гайхалтай сайн холбоо сүлбээтэй байдаг юм. Тэд бие биенээ ойлгож, дэмжиж байдаг.

Сурвалжлагч:-Өрсөлдөөн яах болж байна? Хоорондоо өрсөлддөггүй гэж үү?
-Өрсөлдөөн бол өрсөлдөөн. Хамгийн гол нь тэд нэг ашиг сонирхолтойд л оршиж байна. Манайхан харийн нутгийг зүгээр нэг бөмбөгдөхөөр ирээгүй, тэд амьд, их мөнгө авчирдаг байсан, тэд өөрсдийн холбоо сүлбээгээ ч хуваалцаж өөрсдийн гэсэн санал тавьж, Барууны эрүүгийн ертөнцөд хөрөнгө оруулдаг байсан.

Чухам италичуудтай хил дамнасан холбоо сүлбээтэй байсан нь төрийн толгойд байгаа хууль ёсны иймэрхүү луйварчдад тухайлбал Робинзон Арабули, Бесоан Жонуа /тэднийг үл мэдэх хүмүүс Москвад буудан хороосон/ нийслэл хотод Европын алдартай загвар зохион бүтээгчдийн сүүлийн үеийн шинэ загварын үнэтэй хувцасны дэлгүүр нээх боломж олгосон хэмээн өдгөө зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж байгаа мэргэжилтнүүдийн хэлж байна.

ХУЛГАЙН АГУУЛАХ 
Ингээд эцсийн эцэст гэмт бүлэглэлийн томоохон сүлжээ бий болсон бөгөөд хууль сахиулагч байгууллагын төлөөлөгч нар ч ийм сүлжээ оршин тогтнодог гэдгийг үгүйсгэхгүй байгаа юм. Тухайлбал “хууль ёсны луйварчин” Харо гэгч Их Британийг, Жамал Тюрик нар Испанийг, Мужаан-Украин, Унгар, Польшийг, Хасан -Израиль, Балти орчмын орнууд, Унгар, Жем /өдгөө өөд болсон/ болон Пудель нар –Герман, Швейцарийг, Хоолой, Сум хоёр Өмнөд Солонгос, Филиппинийг, Юлдаш-Пакистаныг, Слава-Канадыг, Матвей-Грекийг, Петрик, Тайванчик-Герман Францыг, Каро-Туркийг холбох зарлага болж байжээ.
Үнэндээ эдгээр мэдээ баримтанд бас худал зүйл ч агуулагдаж байгаа юм. Тухайлбал Тайванчик бол төрийн эрхэнд гарсан хулгайч биш. Тэгэхээр иймэрхүү мэдэгдэлд туйлын болгоомжтой хандах хэрэгтэй гэдгийг энэ зүйл л хангалттай нотлож байна.

ЗӨВЛӨЛТИЙН ДЕСАНТ 
АНУ-ын тусгай албадаас гаргасан нэгэн мэдэгдэлд задран унасан ЗСБНХУ-аас капитализмын улс орнууд руу үй олон хууль ёсны хулгайчид ирсэн нь Улсын Аюулгүй байдлын хорооны нууцлаг, бас оновчтой төлөвлөсөн ажиллагаа хэмээн үзэж байгаа юм. Энэ хувилбар нь Зөвлөлт Холбоот Улсад зохион байгуулалттай гэмт хэрэг нь чухам хуулийн эрхэнд гарсан хулгайч нарын санаачлагаар бий болсон гэсэн онолд тулгуурлаж байгаа юм. Тэд Баруун руу хаягдаад харийн эдийн засаг руу Оросын мафийн тэмтрүүлийг тархааж эхлэх бөгөөд ийм байдлаар капитализмын үндсийг устгах болно.
“Оросын зохион байгуулалттай гэмт хэрэг” хэмээх илтгэл гал дээр тос нэмсэнтэй адил түлхээс болов. 94 хуудас бүхий энэхүү товхимлын зохиогч нарын дунд АНУ-ын ТТГ-ын захирал асан Жеймс, Вулси, Уильям Уэбстер, Роберт Гейтс, сенатч Патрик Лихи, Уильям Рот болон Жон Кил, Пентагоны тагнуулын удирдах газрын дарга асан Гарри Сойстер нар байлаа.

“Оросын зохион байгуулалттай гэмт хэрэг Оросын төрт улсын нэр хүндэд муугаар заналхийлж байгаа төдийгүй иргэд ч төрийн эрх мэдлийн нэгэн хэлбэр гэж үзэж байна” хэмээн тус судалгаанд Жеймс Вулси батлан хэлжээ.
“Баруун руу хулгайч нарын десант буусан” гэх онол нь олон зүйлийн нөлөөгөөр, тэр дундаа Дотоод хэргийн яамны шинжээчдийн үзэл бодол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хүчин чармайлтын дүнд бий болсон юм.

Бодит байдал дээрээ бүх зүйл илүү будлиантай юм. Тийм ээ, Баруунд хулгайч нар ямар нэг бүлэг бий болгосон, гэхдээ мянга гарсан тоотой “дээрэмчний зэвсэгт хүчнийг” бий болгохыг эрмэлзээгүй юм. Энэ нь нууц ажиллагааны наад захын энгийн дүрэмд харшлах байсан.
Хулгайч нар үй олноороо хилийн чанадад цагаачлан гарсан нь 1993-94 онд Орост олон удаа гарсан буудлагаас, эсвэл Дотоод хэргийн яамны зүгээс хэт их мөрдөж мөшгөөд байснаас л болсон гэдгийг тооцож үзэх хэрэгтэй.

Тийм ээ, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн эсвэл хууль дүрэм үйлчилдэггүй /баривчлах, мөрдөх, байцаалтаас гадуур байдаг/ хууль ёсны хулгайчдын улсын аюулгүй байдлын төлөөлөгчидтэй холбоо сүлбээ тогтоосоор ирсэн, одоо ч тогтоож байгаа.
Түүхч Алексей Мухины үзэж байгаагаар 1980-аад оны дунд үеэс ЗСБНХУ-ын Улсын Аюулгүй байдлын Хорооны ажилтнууд Владимирск, Тулунск, Цагаан хун гээд хулгайч нарын бүх шоронгийн дэлхий өнцөг булангаас цугларсан янз бүрийн хулгайч нартай зөвшөөрөлтэйгээр холбоо тогтоож байжээ. Энэ ажиллагааны үр дүн тодорхой бус, гэхдээ эдгээр ярилцлагын дараа УАБХ-ын архиваас хулгайч нарын талаарх бараг бүх бичиг баримтыг татан авч өөрийн гэсэн картыг бий болгожээ.

Архивын баримтын мэдээгээр ял эдэлсэн хууль ёсны хулгай нарын 70 хувь нь ямар нэг байдлаар дээд байгууллагуудтай түншилж байсан байх юм. Эдгээр бичиг баримт нь гэмт хэргийн орчинд тэдний нэр хүндэд багагүй аюул учруулж байв. Тэгэхээр, УАБХ нь эрүүгийн ертөнц дэх томоохон гаруудыг дэгээдэх боломжтой болсон бөгөөд зөвхөн ямагт хүчирхэг байсан хороог задран унахтай нь хамт гэмт хэргийн нийгэмлэгийг удирдан хянах боломжгүй болсон байна.

-Баруунд хулгайч нарыг замаас нь олж, боломж олгодог хэмээн Дотоод хэргийн яамны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахмад дайчин, цагдаагийн хурандаа Анатолий Жогло ярьж байна.

- Тэнд шал өөр хууль тогтоомжтой, өөр аргатай, тусгай албадын ажлын хэлбэр ч өөр. Тэнд хулгайч нарын үнэрийг авах л юм бол улайсгасан төмрөөр л мөрдөн хөөх болно.

Адилхан л нарийн ажиллагаатай үйл явц. Манайд урьд нь насанд хүрсэн таван хүн болгоны нэг нь ял сонсч байсан бол манай иргэдийн хувьд хэн нэгнийг шургана гэдэг үгүй. Гэтэл Японд гурван иргэн бүрийн нэг нь цагдаагийн мэдээлэгч байдаг. Энэ тухай ч тэд албан ёсоор мэдэгдэж байдаг. Татарин, Самосвал гэх мэтийн хүмүүсийн хувьд тэд ОХУ-ын газар нутаг дээр үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө Интерполын хүсэлтээр баривчлагдаж, Орост хоригдож байгаа юм.

- Иваньковын талаар бид энд Орост мөрдөж байсан, хэмээн Дмитрий Медведев ярив. Гэхдээ тэр нэг киноны пүүсийн /Ролан Быковын зураг авалтын бүлэг/ нэрээр кино операторын дүрээр АНУ руу явсан. Тэнд л тэр баривчлагдаж, Оросын зохион байгуулалттай гэмт хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ удтал нотолсон. Урьд нь тэднийг эрүүгийн ертөнцөд нэр хүндтэй гэж нэрлэдэг байсан бол одоо харин нэр хүндтэй бизнес эрхлэгчид гэх болжээ.

- Зохион байгуулалттай гэмт хэрэг төрийн дэмжлэггүйгээр оршин тогтнох боломжгүй билээ. Ийм дэмжлэггүйгээр энэ бол зүгээр л дээрэм, хэрэв түүнийг ядаж цагдаагийн ажилтан дэмжээд ирэхээр авилгал болдог. Манай одоогийн гэмт хэргийн элитууд яваандаа нэр хүндтэй бизнес эрхлэгч болно, эхнээсээ зарим нь ч болж ирээд байна. Тэднийг Баруун ийм маягаар л хүлээн авна, харин хэзээ ч эрүүгийн гэмт хэрэгтнүүд гэж хараагүй.

- Тэгэхээр ямартаа ч хилийн чанадад Оросын мафи байна гэсэн үг үү? Эсвэл төрөөс тэтгэлэг авахын тулд түүнийг Америкийн тусгай албадынхан бодож олов уу? Хэрэв байдаг бол гадаадын мафиас юугаараа ялгаатай юм бэ? 
- Онцгой ялгарах зүйлгүй. Манай төлөөлөгч нарт мөнгөн хөрөнгө хуримтлагдаж эхэлмэгц яг л Орост байдаг шиг үйл ажиллагааг явуулж эхэлдэг. Орон нутгийн гэмт бүлэглэлүүдийг халхалж эхлэнэ дээ. Үнэнийг хэлэхэд Оросын мафи тэр байтугай Италийн мафиас илүү гэмээр. Ямар нэг буудалцаан болж, өрсөлдөгчийг нь устгалаа гээд тэд юуны ч өмнө зогсохгүй. Тэгээд ч тэдэнтэй тэмцэхэд нэлээд хэцүү. Оросын гэмт хэрэгтнүүдийн эгнээнд гадаадын хууль сахиулагчид нэвтрэхэд маш хэцүү. Тэд уугуул иргэдийн эрх ашгийг хөндөөд, улсын аюулгүй байдалд аюул нүүрлүүлээд ирэхэд тэнд шуугиан дэгддэг. Оросын мафи байхгүй гэж орилдог хүмүүс бол зөвхөн өөрт нь ашигтай, түүнтэй тэмцэхэд мөнгө битгий гаргаасай гэж хүсдэг зальтнууд л байдаг. Тийм ээ, гадаадад Оросын мафи байдаг, Орост байгаагаас ч илүү чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Учир нь зохион байгуулалттай гэмт хэргийн талаарх мэдээллийг гадаадаас илүү сайн авдаг. Манайхан өөрсдийнхийгөө мөрдөж байгаа юм чинь.

- Дэлхийд Оросын эрүүгийн гэмт хэргийн бүлэглэл улам өргөжих үү? Ямар салбарт зонхилох бол? 
- Баруунд манайх шиг эмх замбараагүй нөхцөл үүсэх л юм бол мэдээж өргөжинө. Ашиг сонирхлын талбар гэвэл юуны өмнө газар байх болно. Төрсөн эх орон болсон Оросоос авахуулаад хаа сайгүй. Манайхан Франц, Италийн эрэг хавиар томоохон хэсэг газруудыг хэдийнэ худалдаад авчихсан. Европт одоогийн байдлаар хамгийн хямдхан газартай Черногорт мөн л идэвхтэй худалдан авч байна. Хаанаас мөнгө гарч ирж байна гэдгийн учрыг хэн ч олох гэж оролдохгүй. Тэгтэл газрын эзэн бол бүхний эзэн гэдгийг дэлхий дээр бүгд мэднэ шүү дээ.

- Тэгэхээр НАТО Өрнөд рүү тэлж байхад Орос Баруун руу давшиж байна гэсэн үг үү? 
- Орос биш харин Оросын эрүүгийн гэмт хэрэг Баруун руу хүрээгээ тэлээд байна шүү дээ.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих