Ц.Цэрэннадмид: Ж.Эрдэнэбат эрх мэдлийн шатаар ахихдаа “Бороо гоулд”,”Сентерра гоулд”-д үйлчилсээр ирсэн

527-1475469507d6e3785b10ab7ed88af7e730c6403b87_1200

Ноён уулын Гацуурдын орд дахь “Сентерра Гоулд” компанийн эзэмшлийн дөрвөн лицензийг цуцлуулах тухай “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний нэхэмжлэлтэй шүүх хурал Захиргааны хэргийн шүүхэд энэ сарын 26-нд болсон ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайн байна уу, сайхан намаржиж байна уу. Таны бие гайгүй юу. Ноён уулын асуудлаарх шүүх хуралд та эрүүл мэндийн шалтгаанаар оролцож чадаагүй. Тиймээс Мандал сум, Ноён уулын талаарх өнөөдрийн нөхцөл байдал ямар байгааг асуухаар зориод ирлээ?
-Сайхан намаржиж байна. Өнгөрсөн өвлийн өлсгөлөнгийн үеэс хойш бие тааруухан байх боллоо.
Нас жар гарсан эмэгтэй хүн хөхөө өвлийн хүйтэнд хүйтэн цементэн дээр арав гаруй хоног өлсөнө гэдэг маш их эрүүл мэндийн доройтолд ордог юм байна. Дархлаа байхгүй болдог юм байна. Дээр нь хөл, гараа хугалж цааш өрнөсөн янз бүрийн юмыг Монголын сэтгүүлчид бүгд мэдэж байгаа. Сая жаахан самар идсэнээс болж бөөлжих, гүйлгэх зэргээр хямарч самрын шар гэдэг юм болоод  шүүх хуралд очиж чадаагүй.
Гэхдээ “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний итгэмжлэлтэй олон хүн байдаг. Тэд  оролцсон. Бас хуульчдын баг ажиллаж байгаа. Энэ үйл явдал цаг хугацааны хувьд удаан үргэлжлэх шинжтэй байна. Яагаад гэвэл анхан шатны шүүхээс  дөрвөн лицензийг түдгэлзүүлсэн. “Сентерра Гоулд” компанийнхан давж заалдсан. Давж заалдах шатны шүүх баримтаа сайн бүрдүүл, лиценз түдгэлзүүлэх хурлыг дахин хийлгэ  гэсэн үүрэг өгсөн. Тэр дагуу анхан шатны шүүхэд буцсан. Сая хоёр дахь удаагаа буцлаа.
-Шүүх хурлын мэ­дээл­лийг та авсан байх. “Сентерра Гоулд” компани шүүг­чээс татгалзсан гэсэн үү?
-“Сентерра Гоулд”-ийн төлөөлөгчид хараад сууж байхад манай итгэмжлэгдсэн хуульч шүүгчтэй нүдээ ирмэлцэж байна гэнэ. Ингэж хэлээд шүүх хурлыг хойшлуулж, шүүгчээс татгалзсан гэсэн.
Тийм зүйл хаана ч байхгүй шүү дээ. Төсөөлөөд үзэхэд, шүүгчид хол зайтай индэрт суудаг, өөдөөс нь хараад 40-50 хүн сууж байна. “Сентерра Гоулд”, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрынхан бүгд  байгаа. Тэнд ямар хэрэгтэй гэж нүд амаа ирмэлцэх юм бэ. Нөгөө талаас, хуульд ямар үед шүүх бүрэлдэхүүнээс татгалзах вэ гэдгийг заасан байдаг. Садан төрлийн холбоотой бол оролцож болохгүй гэх мэт. Гэтэл “Сентерра Гуолд” компанитай холбоотой маргаан хэлэлцэх явцад  хүн нүдээ цавчихгүй гээд тэвхдээд орох юм уу. Тэгэхээр тэр бол зүгээр л шалтаг, шалтгаан. Өөрөөр хэлбэл, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж харж байна.
Бидний зүгээс бол Монголын хууль, шүүхийг хүндэлж ерөөс янз бүрийн үг хэл, этгээд авир гаргалгүй хууль, журмын дагуу хуралд оролцож, чив чимээгүй сууцгаагаад  явж байгаа. Тэнд зөвхөн хуульч, итгэмжлэгдсэн төлөөлөгчид л үг хэлж, ярьдаг. Бид шүүгчид нөлөөлөх гээд, шүүхийг өөрийн талд байлгах гээд байх шаардлага ч байхгүй. Тэнд Монгол Улсын, монголчуудын язгуур эрх ашиг, үүх түүх, өв соёл, хойч үедээ үлдээх баялагийн асуудал л байгаа.
-Тэгвэл “Сентерра Гоулд” яагаад дураараа авирлаж, Монголын хууль, шүүхэд хүндэтгэлгүй хандаж, бас өөрсдөдөө итгэлтэй байдаг юм бол оо. Та юу гэж бодож байна?
-Энд нэг л юм байгаа. Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхаасаа эхлээд. “Сентерра Гоулд” компани  Ноён уул руу зам тавьсан цагаас өгсүүлэн бүх асуудалд  одоо Ерөнхий сайдын албыг хашиж буй Жаргалтулгын Эрдэнэбат холбоотой. Бүр шууд холбоотой. Үнэнийг дэлгэхэд ичиж зовох,  айж агших юм алга. Монголын ард түмэн бүгд харж, сонсч, мэдэж  байгаа. Ж.Эрдэнэбатыг Засаг даргаар ажиллаж байх үед Ноён уул руу сайжруулсан зам тавигдсан. Миний харж байгаагаар тэр зам тавигдахад Монгол Улсад Урт нэртэй хууль хүчин төгөлдөр хэлэлцэгдэж байсан. Маш их хэмжээний ойн сан, усны сав газар, хүүхдийн амралтын зуслан хүртэл тэр замын трасст орсон.
Ноён уул дахь алтны лицензүүд Ашигт малмалын хэрэг эрхлэх газар мэдэх хэрэг ч Ж.Эрдэнэбатын лоббигоор олгогдсон. Энэ нууц биш. “Сентерра Гоулд”, “Бороо Гоулд”-тай холбоогүй юм  Ж.Эрдэнэбатад нэг ч байхгүй. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, дараа нь УИХ-ын гишүүн, өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд  гэх энэ өндөрлөгт шат дараалан хүрэх хүртэл энэ хүн “Сентерра Гоулд”-ын талд үйлчилсээр байгаа. Хатуу үг гэдэг үнэн үг байдаг.Тиймээс хатуухан хэлчихэд “Сентерра Гоулд”-ын толгой компанийн захирал Жон Казакоф сэтгүүлч Б.Отгоны асуултад хариулахдаа хэлсэн дээ “Танай Монгол Улсын Их хурал болон Засгийн газарт манай лобби бүлэг ажиллаж байгаа.
Танай “Урт нэртэй хууль”-ийг байхгүй болгоно, Ноён уулыг чинь ч ухна” гэж. Өөрөөр хэлбэл, танай байгаль хамгаалах хууль, ойн хуульд бид нөлөөгөө оруулж чадна  гэсэн. Нялуунаас шулуун гэж үг бий. Шулуухан хэлчихэд, би түүнийг “Лобби бүлэг”-ийн удирдагч,  “Гацуурт” төслийг санаачлагч гэж боддог. Тэрэндээ эрдээд шүүх хурал дээр Засгийн газрын ажлыг яриад байгаа байхгүй юу. Төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахаа байчихна ч гэх шиг. Тэтгэвэр тэтгэмжээ өгч чадахгүй болно ч гэх шиг.
-Ноён уул хэчнээн тонн алтны нөөцтэй, түүний хэдийг нь авч хэдийг нь бидэнд өгнө гэж тэгж эрддэг юм бэ. Хэдэн тоо хэлдэг ч яг таг тогтоосон нөөц, хийсэн тооцоо, судалгаа байдаггүй биз дээ?
-“Сентерра Гоулд”-ын хэлж байгаагаар, Засгийн газрын мэдээлснээр 75 тонн алтны нөөцтэй гэж байгаа. Түүний идэвхтэй нь 50 тонн, идэвхгүй нь 25 тонн гэдэг. Тэгвэл нэгэнт алт руу орсон хүн цаана байгаа 25 тонныг үлдээх үү, үгүй л байхгүй юу. Алтыг өндөр технологиор гаргаж авах арга, хэрэгсэл  зөвхөн Канадад байдаг. Тиймээс “Бороо гоулд”-ын 55 тонн гэж ярьдаг, 43 тонн гэж хэлдэг тэр алтыг 10 жил олборлолт хийнэ гэж хэлээд тавхан жилийн дотор үндсэн ордыг нь ухаж аваад  явчихсан. Түүний 12 тонныг нь Сү.Батболд авсан гээд бүгдээрээ л ярьдаг, мэддэг. “Бороо Гоулд”-ын нягтлан бодохоор ажиллаж байсан хүн хэлсэн байдаг шүү дээ.
-Би яагаад ингэж асуув гэхээр “Сентерра Гоулд” Гацууртын ордын алтыг барьцаалаад дэлхийн банкнаас зээл авчихсан сураг дуулдсан?
-Гурван удаа ийм үйлдэл гаргасан шүү дээ.  Нэгдүгээрт, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар авсан байдаг. Түүнийгээ буцааж төлөөд энэ оны эхээр нэгдүгээр сарын 11-нд  150 сая ам.доллар хүссэн нь захирлуудын хурлаар хэлэлцүүлэгдсэн. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн дэлхийн өнцөг булан бүрт ажилладаг. Бидэнд Торонтогоос мэдээлэл ирүүлсэн юм. “Сентерра Гоулд” компани Ноён уул, Гацууртын орд нь 120 тонн алтны нөөцтэй гэж хэлээд 150 сая ам.доллар хүсч байна. Захирлуудын хурал  болох гэж байна гэсэн.
Тиймээс бид Сүхбаа­тарын талбайд акц хийж, нэгдүгээр сургуу­лийн өмнө байрладаг Монгол дахь Европын сэргээн босголт, хөгж­лийн банкны төлөө­лөгчийн газрын үүдэнд очсон. Түүний дараа Торонтогийн   Европын сэргээн босголт, хөгж­лийн банкны төв оффис­той, Монгол дахь төлөөлөгчийн газар холбогдож видео  хурал хийсэн. Хэрэв “Сентерра Гоулд”-д 150 сая ам.долларын зээлийг өгвөл Монгол Улсад иргэний дайн гарна. Түүний эхний обьект нь танайх болно шүү гэдгийг  хөдөлгөөнийхөн хатуу мэдэгдсэн.
Тэгвэл тэр үйлдлээ мөлийлгөх, баллуурдах зорилгоор “Сентерра Гоулд” компани өнгөрсөн сарын эхээр Сэлэнгэ аймаг, Баруун, Зүүн Хараа, нийслэлд ажлын тайлан гэсэн нэртэй баг зүүсэн ажиллагаа явуулсан. Хэрх баг дээр хийсэн цуглаан нь шившиг болж иргэдэд хөөгдөөд явсан. “Мөнгөн хараа” чуулгад болсон үйл ажиллагааны үеэр ч иргэд тэднийг хөөж явуулсан.
-Ажлын тайлан гэдэг нь  юу байсан юм бэ?
-Ажлаа тайлагнах өдөрлөгт нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хоёр ч төлөөлөгч ирсэн байсан. Ард түмэн нь яаж хүлээж авч байна гэдгийг харах гэж ирсэн биз. Гэтэл тийм залилангийн аргаар ард түмнийг хошгируулах гэж оролдоод харамсалтай нь тэр нь бүтээгүй, хөөгдөөд явсан. Хэрэв, 150 сая ам.долларыг өгсөн байх юм бол тэр нь өөрөө асуудалтай. Олон улсын шүүхэд очих бүрэн үндэслэлтэй.
Бүхэл бүтэн тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын Засгийн газар, төрд нь 75 тонн алтны нөөцтэй гэж хэлчихээд яахаараа Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд  болохоор 120 тонн алттай гэдэг юм бэ. Тэнд төдөн тонн алттай гэж хэн тогтоогоод байгаа юм бэ, “Сентерра Гоулд”-аас өөр. Эрт цагаас оросууд ч, хятад хүмүүс ч, монголчууд өөрсдөө ч ухаж байсан Ноён уулаасаа авахуулаад Хантайширын нуруунд бүхэл бүтэн алтны судал байгаа шүү дээ. Алтан орчин гэж хэлж болно. Мянган жил шахам ухсан тийм л газар шүү дээ. Гэхдээ 200 метрийн гүнд байгаа үндсэн ордыг тэд тэсэлж дэлбэлж авахаар  байгаа.
Түүний Ноён уулаас ухах цэг нь 2.7 км газар. Жирэмсэн эмэгтэй  шээх газраас холгүй  боловч  тэсэлж дэлбэлэх юм бол Ноён уулын тал нь алга болно. Дээр нь нэг зүйлийг хэлэхэд, энд хөрсөндөө хүнцэлийн хорны хэмжээ байх ёстойгоос  8000 дахин их, усандаа 6000 дахин их байгаа. Хүнцэлийн хор байгальд оршдог элемент хэдий ч байх ёстой хэмжээнээс ийм өндөр агууламжтай байдаг. Тэр нь хөрсөндөө байх үедээ яах ч үгүй гэдгийг судлаач эрдэмтэд хэлдэг. Тэсэлж дэлбэлэх юм бол агаар мандалд цацагдаж энд амьтай юм үлдэхгүй. Тэгвэл Мандал сум мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг шүү дээ. “Сентерра Гоулд” энд хоноцын сэтгэ­лээр  ажиллаж байгаа. Тэдний “Лобби бүлэг”-т хэн, хэн байгаа нь ч ил байгаа. Гацууртын төслийг дэмжилгүй эсрэг санал өгсөн  34 гишүүн бий. Дэмжиж товч дарсан 15 гишүүн байгаа.
Тэднийг бид “Жон Казакофын бөгсийг долоогч” гэж нэрлэж Төрийн ордны баруун талд цуглаан, хэвлэлийн хурал  хийснийг олон нийт мартаагүй  байх. Ер нь бол “Ноён уулаа аваръя”, “Гал үндэстэн”, Босоо Хөх Монгол” гээд эх орончдын хөдөлгөөнүүд нэгдэж “Эвлэн мандуулах хүч” гэж  том хүчин болсон. Бид монгол хүн бүрийн, айл өрх болгоны төлөө  явж байгаа. Бидний ард хэн нэг хүн, хэсэг бүлэг байхгүй. Жил тойронгийн хугацаанд  хэн нь хэн бэ гэдгийг цагдаа, тагнуул, хүчний байгууллага, шүүх, прокурор, ард түмэн  бүгд харлаа, таньсан ч байх.
-З.Энхболд Их хурлын дарга байхдаа та бүхнийг мөнгөөр жагсдаг гэж  хэлсэн байх аа?
-Нотлох хэрэгтэй л дээ, тэрийгээ. Эх орныхоо төлөө тэмцэж байхад, жирийн олон, ард түмэн минь байхад бидэнд өөр юу ч хэрэггүй. Нэр хүнд, алдар гавьяа, мөнгө төгрөг, албан тушаал бидэнд хэрэггүй. Юугаар ч сольшгүй агуу сэтгэл байна. Юугаар  сольшгүй үнэ цэнэтэй эцэг өвгөдийн минь цус бидний судсаар гүйж байна. Эх орон минь байна.
Тийм учраас захын  чавганц би хүртэл  эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас айхгүй явахад Монголын минь шижигнэсэн сайхан залуус мэдээж шүү дээ. Тиймээс “Сентерра Гоулд” шиг бусдыг хахуульдах, шүүх эрх мэдэлд нөлөөлөх гэж оролдох, нүд амаа ирмэлцэх, өнгө мөнгөний төлөө үхэлдэх  шаардлага бидэнд үгүй. Бид шороо ухаж биш тэмцэж ирсэн тэнгэр заяатай, тэнгэрээс заяагдсан хөх толботой, босоо хийморьтой, халуун цустай  ард түмэн. Бид ургуулж  дэвжээж, өсгөж үржүүлж  амьдардаг  болохоос ухаж уруудуулж, булшилж амьдардаг  ард түмэн биш.
Иймээс  “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний нэхэмжлэлтэй “Сентерра Гоулд”, АМХЭГ-ыг хариуцагчаар татаад байгаа шүүх хурал бол зөвхөн бидний тэмцэл бус  Монголын ард түмний тэмцэл.Монгол Улсын үндсэн хуульд газрын хэвлий доорх байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан. Монгол  хүн болгон байгалиа хамгаалах журамт үүрэгтэй. Байгалийн өмч  маргааш төрөх үр ачийн маань өмч, тиймээс  өнөөгийн төр, энэ цаг үед дээрэмдэх ямар ч үндэс байхгүй.
“Сентерра Гоулд” компани Ноён уулын алтыг Европын сэргээн босголт банкны барьцаанд тавьж болж байхад Монгол Улс, монголчууд яагаад тавьж болдоггүй юм бэ. Тэд газрын доорх баялагт нь эзэн суугаагүй. Тэнд хайгуул, ашиглалт явуулах дөрвөн лицензийг л авсан шүү дээ.
-Ингэхэд хүүхдийн зусланг нь “Сентерра Гоулд” устгачихаж байхад Мандал сумынхан дуугарч тэмцээгүй. Одоо ч ярьдаггүй нь  ямар учиртай юм бэ?
-“Арцат” гэж хүүх­дийн зуслан байсан юм. Эрдэнэбатын аав Жар­галтулга тэр зуслангийн захирлаар ажиллаж байгаад нас барж, эхнэр Пүрэвдулам нь үргэлжлүүлж авсан. Пүрэвдуламын хариуцаж байсан “Арцат” хүүхдийн зусланг “Сентерра Гоулд” замын трасст оруулсан.
700 -750 мянган ам.доллараар зарсан гэсэн яриа байдаг. Тэр  ханцуйн дор наймаалцсан асуудал. Зусланг хамгаалах гэж нэг ч хүн  хуруугаа  байтугай хошуугаа хөдөлгөөгүй. Ж.Эрдэнэбат аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа  зарчихсан шүү дээ. Тэгэнгүүтээ “Сентерра Гоулд” компанийн замын трасст оруулсан хүүхдийн зус­лан байсан хэсэгхэн газ­рыг “Арцат Богд” гэх ойн нөхөрлөлөөр  Ж.Эрдэнэбатын ээж Пүрэвдулам  авсан байдаг.
Тэгсэн атлаа бас нэг сонин баримт нь яг тэр газраар анхны нинжа Ноён уул руу гарсан байдаг. Бид нинжа нартай тэмцэж, алт угаах усан буу, мотор, машины дугааруудыг нь хурааж, Мандал сумын цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн бүх баримт нь бий. “Сентерра Гоулд”-ын дэлхийд танигдсан сонгомол арга нь эхлээд төрд байгаа авлигачин, лоббичдыг бий болгодог. Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдтэй эхлээд орооцолддог. Бүгдийг нь авлигадаж хүлцэнгүй болгож аваад байгалийн хуульд нь өөрчлөлт оруулдаг. Өөрсдөдөө ашигтай хувилбараар хууль гаргуулдаг. Тэгээд ухах гээд ирэхээр нь ард түмэн босч тэмцэх юм бол захиалгат нинжаг  турхирдаг.
Түүгээрээ нийгэмд ямар ойлголт өгдөг вэ гэвэл, нинжа ороод улсад ямар ч татвар төлөхгүй байгаль орчныг аймшигтай сүйтгэдэг. Тиймээс нинжаг болиулж компанид хариуцуулж өгье гэсэн чиглэлийг баримталдаг. Дараа нь ард түмэн бүр хүчтэй эсэргүүцээд ирвэл цагдаа, хүчний байгууллагуудыг халуун зэвсэг барихад хүргэдэг. Ийм айхтар сонгомол аргатай. Дэлхийн өнцөг булан, үндэстэн дамнасан авлигачин  ком­пани байгаа. Ялангуяа байгалийн баялаг их­тэй, хүлцэнгүй, хүн ам цөөтэй, дорой буу­рай улс үндэстнийг дээрэмдэж явдаг компани гэдэг нь дэлхий даяар нотлогдчихсон шүү дээ.Өөр ч бодох юм бий.
-Тэр нь?
-Монгол хүн хэзээ байтлаа эцэг, өвгөдийн булшаа ухаж төнхөж байсан юм бэ. Тартагтаа туллаа гэхэд ээжийгээ нэг алтан бөгжтэй, эцгийгээ нэг хөөрөгтэй нь оршуулчихсан бол өө тэрийг нь очиж авнаа гээд булшыг нь ухаад явахгүй биз дээ. Тэр зөвхөн алтандаа ч биш дэлхийн төрт ёсны үүх түүх, өв соёл бүгд Ноён ууланд байгаа.
Эмийн маш ховор ургамлуудтай. Эцэг өвгөд маань ухаантай учраас  дэлхийн хуурай газрын гуравны нэгийг шахам эзэлчихээд Монгол Улсын голомтыг яагаад тэр хавтгай дөрвөлжинд тавив. Тэгэхдээ яагаад заавал Ноён ууланд ясаа тавьсан юм бэ. Яагаад Ноён уул, Хатан уул, Эмгэн уул гэж тэрийг нь онголов. Яагаад битгий хүр гэж зарлигдсан юм бэ. Нэрнээсээ эхлээд утга учиртай шүү дээ, газар нутаг маань. Зүүн хараа, Баруун хараа гэж нэрлэдэг. Зүүн нүдний хараа, Баруун нүдний хараа, мэлмий гэсэн үг. Яагаад Ширхэнцэг хайрхан гэж хэвтэж байгаа арслан шиг уул ард нь байгаа юм бэ. Яагаад түүний хөвөөгөөр Хараа гол урсч байна вэ. Яагаад Сүсэгтэй гэж уул тэнд байна вэ.
Энэ бүхэн учиртай. Урд талаасаа Сүсэгтэй гээд нэлээд эхэлсэн нь урд талаас минь хүрч ирээд сөгдөж мөргөөд сүсэглэж яв гэсэн утгатай. Бодончийн гол, Бодончийн уул гэж бий. “Монголын нууц товчоо”-нд Чингисийн удмынхан нутаглаж явсан уул, гол байна. Тэгэхээр “Сентерра Гоулд”-ийн тогтоогоод байгаа 75 тонн алтанд ч биш, яагаад тэр нэг 200 хэдхэн сая ам.долларын төлөө үхэлдээд  байна вэ. Яагаад  эрх мэдэл, албан тушаал хүртчихээд  улам улангасаад байгаа юм бэ.
Яагаад тэмцээд байгаа юм, ард түмнийхээ өмнөөс. Яагаад дарамт­лаад байгаа юм, ард түм­нээ. Энэ утга учиртай. Тиймээс Монголын мэдлээс гарчихсан. Хүн төрөлхтний  өв соёл гэдэг утгаараа дэлхийд танигдчихсан. Ноён уулд Хараа, Ерөө гол, Орхон, Сэлэнгийн бэлчрээр дамжин цааш Байгаль далайд гардаг дэлхийн цэвэр усны 70 хувийг бүрдүүлдэг. Тэгвэл түүнийг үндэстэн дамнасан “Сентерра Гуолд” гэж  компаниар хордуулах уу, дэлхий нийт. Энэ асуудал шүү.
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэ­бат саяхан төр­сөн нутагтаа томилолтоор ажиллаж, сонгогч, иргэд­тэйгээ уулзсан. Уулзалтаар Ноён уулын асуудлаар  юу хэлж, ярив?
-Зүгээр нэг жалга, довны үзэлтэй жижигхэн бодолтой Ерөнхий сайд байгаа болохоор энэ хонхроос, өөрийн ахуй амьдралаас  дээш  давж харж чадахгүй байна. Аймгийн Засаг даргаар ажиллаж, УИХ-д дөрвөн жил сууж, улсын төсвийг атгасан Сангийн сайд хийж, өнөөдөр Монгол Улсын  Ерөнхий сайдын өндөр сэнтийд суучихаад Хэрх багийн ард иргэдтэй уулзахдаа ёс зүйгүй авирласан. Намайг тэр уулзалтад очиход “Та гар, би нутгийнхаа ах дүүстэй уулзъя. Та бол гаднаас ирсэн хүн. Манай нутагт ирээд үсрээд 4-5 жил болж байгаа” гэж хөөсөн. Түмэн хүн сонсч байсан даа, тэр үгийг нь. Бичлэг нь ч байгаа.
Бүхэл бүтэн Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн, улсын эцэг байх хүн байж, ард түмнээ тэр араас, энэ урдаас гарсан гэж алаг үзэж байна лээ. Хууль тэгш эрхтэй үйлчилдэг учраас би Ж.Эрдэнэбаттай  заалдахад бэлэн байна. Намайг хаанаас ирсэн, хаанахын хэн болохыг тэр хүн тогтоож өгөх ёстой. Олон нийтийн өмнө “Ноён уулыг хамгаалаад байгаа, өлсч цангаад байгаа улс их мөнгө нэхдэг гэж байгаа. Би удаа дараа хэлсэн” гэж гүтгэсэн. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний хэнтэй ч тэр уулзаж байгаагүй.
Надаас л харин “Би сонгогдох юм сан.Дэмжээд, туслаад өгөөч” гээд тэвэрч аваад  гуйлгачилж явсан байх. Түмэн харж байсан шүү дээ. О.Цэрэннадмид  хаанаас ирсэн хүн бэ, харь гаригаас ирсэн юм уу.
Гадаадаас хил давж орж ирсэн үү гэвэл би БНМАУ-ын Намын төв Хорооны нарийн бичгийн  дарга бөгөөд МАХН-ын нарийн бичгийн дарга, Сайн ноён хан аймгийн Хан хөгшин уулын хошууны Хөгшин Тээл гэдэг газар төрж  өссөн, эх оронч,төр нийгмийн зүтгэлтэн Жамбын Лхүмбэ гэж хүний үр удам байгаа юм. Нэртэй, устайгаа  Монголын түүхэнд хүртэл байна. Тагнуулын архивт ч байна. Монголын үндэсний архивт ч бий. Улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг  удирдан зохион байгуулах газрын архивт ч байгаа.
Тэр хүний хэлмэгдсэн хилсдсэн гэдэг нь шүүхээр нотлогдчихсон бол энэ үр хүүхэд нь мөн гэсэн нотолгоо баримтууд нь бас байна. Би болоод манай төрөл төрөгсөд, ах дүүс хэлмэгдлийн бүхий л зовлон зүдгүүрийг туулж ирсэн. Өнөөдөр би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн иргэн, энд ажиллаж, амьдардагийг баталгаажуулсан иргэний үнэмлэх нь байна. Энд ирээд 10 жил болж байна. Мандалчууд төдийгүй монголчууд намайг бүгд танина, мэднэ дээ.
Ерөнхий сайд намайг  иргэдийн уулзалтаас хөөх  ямар үндэслэл байна  вэ. Би хэнээс ямар мөнгө нэхсэн, гуйсан  юм бэ. Тэрийгээ нотлох ёстой. Нотолж чадахгүй бол өөрөө хариуцлагаа хүлээх нь зүйтэй. Би Монгол Улсын түүхэнд намтар, түүхтэйгээ байгаа энэ улсын түүхэн иргэн. Тэгвэл Жаргалтулгын Эрдэнэбат өөрөө харин хэн  бэ.
-Мандал сумын, Хэрх багийн  унаган  хүүхэд биз дээ?
-Мэдээж ийм асуулт гарч ирнэ. Хэрх баг битгий хэл, Сэлэнгэ аймгийн мандал сумынхан бүгд мэднэ. Тулгатын тохой гэдэг газар цөлөгдөж ирсэн хэдэн цахар байсан. Тэдний үр удам гэдэг. Мандал сум даяараа хэлдэг,  ярьдаг. Өөрөө ч тэрийгээ гэрчилдэг юм билээ. Аймгийн Засаг дарга байхдаа жижиг, дунд үйлдвэрийн дарга Даваахүүг дагуулж Мандал суманд ирсэн юм, 2009 онд. Тэр үед би Хүний эрхийн байгууллага дөнгөж ажиллуулж эхэлж байсан юм.
Би жирийн иргэн атал төр барьж буй хүмүүс, засаг захиргаа нь арга хэмжээ авч өгөхгүй болохоор ард түмэн надад ханддаг байсан. Одоо ч ирдэг. Тийм учраас би маш их мэдээлтэй, нотлох баримттай байдаг. Газар булаачихлаа, хадлангийн газаргүй болчихлоо гээд газрын асуудал их байдаг.
Тэр үед ирсэн. Аймгийн Засаг дарга болоход нь би хэлж байсаан. Байдал ийм байна шүү, асуудлыг шийдэж өгөөч гэхэд надад “Та гаднаас ирчихээд хэн бэ. Би Хэрх багийн унаган иргэн, унаган хүүхэд. Би таван үеийн ногоочин” гэсэн. Тэгэхэд нь би хэлж байсан. “За чиний таван үеийг тооцъёо хүү минь. Чамайг төрөхөд  аав чинь 20-той  байж, чиний эцгийг төрөхөд  өвөө  чинь 20-той гаргаж,  элэнц өвөө чинь мөн 20-той эцэг болж байж. Ингээд чиний таван үеийг тооцоход 1900 он гарч байна.
Тэр 1900 онд анжис чирээд  газар хагалж ногоо тарьж явсан монгол хүн нэг ч байхгүй. Тэгэхээр та эрлийз хүн болж таарлаа. Эрлийз хүнд эх орон гэж байхгүй. Өөрийн сүлд дуулал, төрийн сүлд, далбаа гэж байхгүй” гэж хэлж байсан. Тэгэхэд “АН-ын Цэрэннадмид гуай, би аймгийн МАХН /МАН/-ын дарга хүн” гэж хэлж байсан. Тэр үед би газрын гомдол гаргасан бүх хүнийг аймгийн Засаг дарга, эрх бүхий хүмүүстээ үгээ хэл, газраа шийдүүлж ав  л гэсэн.
Тэр уулзалт дээр Ж.Эрдэнэбат өмнөө байсан ширээн дээр хэдэн цаасан куртик  овоолчихоод “Би шөнө нойр муутай хонолоо.хэдэн куртик аваад иртэл, би өрх толгойлсон надад өгөөч,  би ядсан хүн байна туслаач” гэж утасдаад амраасангүй” гэж ард түмнээ доромжлоод сууж байсан даа. Тэр куртик гээд байгаа нь   Солонгос, Хятадад барилгын ажилд өмсдөг юм уу, эсвэл жорлон цэвэрлэхдээ өмсдөг юм уу нэг тийм зүйл байсан. Би ард түмний амьдрал чинь тийм л хэцүү байгаа шүү гэдгийг хэлчихээд гарч байсан.
Ер нь бол ах дүү, төрөл садангаа аль өнгөтэй өөдтэй, мөнгөтэй газарт байршуулж, төрийн албыг төрлийн алба болгож, идэж уудаг гээд зөндөө асуудал байдаг. Тэр болгоныг нь хэлээд яах вэ, Ж.Эрдэнэбат бол хувь хүн. Би Монгол төрийн өндөр сэнтий, Ерөнхий сайд гэх албан тушаалыг нь хүндэтгэж байна. Иргэний хувьд хууль, шүүхийн байгууллагаар явах нээлттэй. Хууль тэрэнд ч, надад ч тэгш үйлчилнэ. Тэгэхээр хэлэх зүйлээ хаана ч хэлнэ. Хүнийг гүжирдсэн, гүтгэсэн зүйл байвал би ч, тэр ч хариуцлагаа хүлээгээд явах учиртай.
Гэхдээ нэгэнт нийтэд мэдэгдэж байгаа, Сэлэнгэ аймгийн нутаг, сумынх нь хэмжээнд яригдаж байгаа, гол усных нь хэмжээнд хэлж, ярьж байгаа зүйлийг чөлөөтэй хэлнэ. Хүн шударга байх ёстой шүү дээ. Тэгээд ч би сэжиглэх эрхтэй. Ямар нэг болохгүй юмыг ард түмэн сэжиглэхгүй бол бид хаашаа явах вэ. Бурууг хэлж, засч залруулахгүй бол хаашаа явах вэ. Тиймээс ахмад хүний хувьд ч, эх хүний хувьд ч, тэмцэгч хүний хувьд ч болохгүй байгаа зүйлийг хэлж, буруу муухайг няц гишгэхийн төлөө явна, тэмцэнэ.
-Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат та хоёрын дунд хувийн ямар нэг өс хонзон байхгүй. Гагцхүү буруу, муухайг шүүмжилж, засч залруулахаар ярьж хэлж ирсэн нь  ийм байдалд хүрчээ гэж ойлгож болох уу. Жишээ нь иргэдийн уулзалтаас таныг хөөсөн нь?
-Тийм. Шударга бөгөөд үнэн үг хатуу байдаг. Болохгүй, буруу, бусармаг юм хийж байгааг нь хэлчихээр ийм юм болж байна. Тийм зүйлийг хараад, зөвшөөрөөд, дуугүй байж болохгүй. Би Ж.Эрдэнэбатыг  аймгийнхаа  ядарсан, зүдэрсэн айлд ганц гэр бөмбийтөл босгоод өгсөн гэж дуулаагүй. Өрх толгойлсон, ядуу тарчиг эх, ээжүүдийг харж үзээд, сурах гээд чадахгүй байгаа хүүхэд ,залууст сургалтын төлбөрийг нь шийдээд өгсөн  гэж сонсоогүй.
Зөвхөн өөрийн цусан төрлийн хүмүүсийг энд тэнд ямар л орон тоо, мөнгөтэй холбоотой юм байна, тэнд бясаа, бөөс шиг чихэж байдаг юм байна лээ. Энэ нутгийн ядарч зүдэрсэн, уулын модонд очоод галынхаа түлээч авч чадахгүй байгаа нэгэнд ганц  машин мод буулгаад өгөх битгий хэл цучил түлээ өгч гэж дуулаагүй. Ер нь  хийсэн ажилтай, хэлэх үгтэй, ард түмэнтэйгээ хамт байсан хүн хэзээ ч унадаггүй юм.
- Ерөнхий сайдыг дагаж  явсан сайдууд  таныг  хатуу үг хэлсэн гэж  улс төрийн хүрээнд шивэр авир хийсэн байна лээ?
-Үнэн. Тэр хүний ямар үндэстэн бэ гэдгийг нутгийн ард түмэн бүгд шуугидаг. Ил тод шүү дээ. Намайг та гадны хүн, гар, ор, би нутгийн ах дүү нартайгаа уулъя гэж хөөхөөр нь  өмдөө чирсэн Гунгаа хужаагийн үр удам гэдгийг нь хэлсэн. Би өөрийгөө буруу, зөрүү хэлсэн гэж бодохгүй байна. Харин ч омогшиж байна. Би  хэн бэ, тэр хэн бэ гэдгийг нь ойлгуулж өгсөн.
“Таныг Хэрхийн ард түмэн мэднэ дээ” гээд  байна лээ, зайлуул. Хэрхийн ард түмэн намайг мэдэхгүй гээд яах билээ. Эрхийг нь хамгаалахын төлөө, нутаг усных нь төлөө, ажилгүйчүүдийг нь ажилтай болгохын төлөө зүтгэж, наад зах нь өргөдлийг нь бичиж өгөөд ч болов туслаж ирлээ. Би ганц “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний хүн биш шүү дээ, Монголын хүний эрхийн байгууллагын Мандал сум дахь салбар зөвлөлийн тэргүүн, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны  Мандал сумын салбар зөвлөлийн дарга, “Хэрхийн хөгжил” ТББ-ын тэргүүн. Энд би дөрвөн байгууллага авч явдаг. Хүний төлөө цагдаа, Засаг даргын Тамгын газар, ИТХ-тай хамтарч ажилладаг.
Эрх мэдэлтэй дарга, цэрэг рүү өргөдлөө  бичээд эрхээ хамгаалахаар явахаас илүү иргэд маань над руу ханддаг. Миний утас 24 цаг нээлттэй байдаг. Миний оролцоогүй хүний эрхийн асуудлаарх гомдол санал болоод  бүтсэн ажил ховор. Намайг хэрхийн ард түмэн битгий хэл Монголын ард түмэн, дэлхий нийт мэддэг болсон шүү дээ. Яалтай билээ дээ, хүүхээ.
-Наашаа ирэх замд Мандал суманд чулууны  тээрэм бий болсон гэж дууллаа. Тариа тээрэмдэх тухайд бол ойлгоно, чулуу  гэхээр ямар зорилго байна аа?
-100 тонн чулуу буталж тээрэмдээд цианитаар угаах юм гэнэ. Тээрмийн ард Ж.Эрдэнэбат л байгаа.  Нутгийн ард түмэн бүгд ярьж байгаа. Би саяхан  Хүний эрхийн байгууллагаар гарын үсэг цуглуулсан. Мандал сумын иргэдийн  амар тайван байх,  Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй  орчинд амьдрах, амьд явах эрхээ эдлэх боломжийг хааж байна. Тэр 100 тонн чулуу нь хаана байгаа юм бэ. Байгалийн хөрснөөс л авах  байх. Түүнийгээ 75 тонн цианитаар угаана гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Хятадуудаар тээрэм бариулаад Мандал суманд  алт угаах нь байна шүү дээ.
-“Бороо Гоулд” Ноён уулын орчмыг хашаалж хамгаалаад хүн ойртуулдаггүй, оруулдаггүй. Одоо тэнд байдал ямар байгаа бол?
-“Бүрэн цэнгэл” гэж хамгаалалтын алба ажилуулдаг. Түүний 1-5 дугаар  постыг татан буулгаж, “Бороо Гоулд”-ийн нэг захирлын хамгаалалтын албыг оруулсан. Тавдугаар пост орчим нь шөнө гэрэл тавьж, үйл ажиллагаа явуулаад байгаа. Манъяктай “Стана” , “Делика” машин нэгдүгээр постоор нь орж, гарч байна. Нэгдүгээр пост нь Түнхэл талд байдаг. Өнгөрсөн жил тэр постоор нинжа нар орсон. Одоо би юу гэж харж байгаа вэ гэвэл, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсноороо захиалгат нинжа оруулах гэж байгаа юм байна гэж сэрдэж байгаа.
-Ямар үндэслэлээр?
-Өөрөө сая ирж уулзалт хийхдээ “Монголын төр нинжагаа дийлэхээ байсан” гэж хэлчихээд явсан. Монголын төр өнгөрсөн өвөл Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд  “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний найман хүн  зүгээр л өлсгөлөн зарлаад хэвтэж байхад 300-400 цагдаагаа тавиад, тагнуул, эрүүгийн цагдаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, гал команд, дотоодын цэрэг гээд бүгдээрээ хүч хавсраад тэмцэж дайрдаг юм билээ.
Уул ус, үүх түүх, өв соёлыг нь устгах гээд байгаа, булш бунхан ухах гээд явж буй хэдэн нинжаг дийлэхгүй байна гэж юу байдаг  юм бэ. Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд ийм үг хэлж болох уу. Иймээс би захиалгат нинжа оруулах гэж байгаа юм байна. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярилаа гэж ойлгож байгаа. Тэнд “Сентерра Гоулд” компани ухах газрынхаа дэргэд дээр нь гурав, доор нь таван өрөм зоочихсон байна.
-Лицензийн асуудал шүүхийн шатанд маргаантай байхад үйл ажиллагаа явуулахыг  нь түдгэлзүүлдэг биз дээ?
-Тийм. Гэтэл тэнд тийм биш, нууцаар ажил­лаад байна. “Элит” гэдэг компанийнхан ухаж бай­сан хүүхдийн “Арцат” зуслан­гийн орчмыг хариуцсан  “Арцат Богд” ойн нөхөрлөлөө ээж Пүрэвдулам нь хариуцаж байгаад хэл ам гарангуут прокурорт нягтлан бодогчоор  ажиллаж байгаа  хүргэн Төмөрсүхийнхээ нэр дээр шилжүүлсэн байна лээ. Тэнд удаа дараа хууль бус үйл ажиллагаа гарч   байгаа.
Саяхан АСЕМ-ын үеэр дэлхийн 24 орны сэтгүүлч Ноён ууланд очиход “Бид Жаргалтулгын Эрдэнэбатын ах дүү нь байна”гээд хүмүүс усан буугаар буудаад байж байсан нь тааралдсан, зураг бичлэг нь байгаа. Дэлхийн 24 оны сэтгүүлч зураг,  бичлэг хийгээд явсан. Би түрүүнд хэлсэн, Ноён уул руу нинжа оруулдаг газар нь тэр. Булавч бултайж, даравч далдайна гэгчээр ах дүүс нь барьж өгөөд байна шүү дээ, түүнийг. Ж.Эрдэнэбатынхан энэ жижигхэн газрыг өөрийн вант улс шиг санаж ингэж л авирлаж байна. Өнөөдөр “Сентерра Гоулд”, түүний гар, хөл бологчдын үйл ажиллагаа байгаль, газар шороогоо гэсэн бүх хөдөлгөөнийхөн, дэмжигчид  малчин түмний хараа хяналтад байгаа.
Нуух юм, нууц зүйл Монголд байхгүй. Ялангуяа буруу, бусармагт нууц байхгүй, гэмт үйлдэл заавал илэрдэг. Эх орноо, газар дэлхийгээ, өвөг дээдэс, өв соёлоо үеийн үед тахиж шүтэж, цай сүүний дээжээ өргөж ирсэн ард түмэн  тэр үнэт зүйлээ байхгүй болгож, үгүй хийхийн төлөө  байхгүй нь ойлгомжтой. Харин хошгируулж байгаа нэг юм бий.
- Тэр нь юу билээ?
-1000 ажлын байр бий болгоно гээд байгаа. Мандал сумынхан хэзээ ч ажлын байртай болохгүй. Үүнийг би баттай хэлж яадна. Яагаад гэвэл, “”Бороо Гоулд” компани нуруулдан уусгах гээд жаахан ажил хийж байгаа. Тэд 700 гаруй ажилчнаа  ажлаас түр халсан. “Сентерра Гоулд”-ийг ажлаа эхлэхээр буцааж авах юм гэсэн. Дээр нь ивээн тэтгэгч, лоббичдынх нь үйлчилгээний компаниуд ороод ирнэ. Техникийн ажилтнууд гэж баахан хүн орж ирнэ. Аж ахуйнхан байна. Мандал сумын залуус ажилтай болох уу. Ийм л худалч байгаа байхгүй юу.  Хүний дотор санаа, дотор ухаан гэдэг ийм айхтар.
-Ноён уулыг тусгай хамгаалалтад авлаа гэж УИХ шийдвэрлэхэд хүмүүсийн сэтгэл амсхийж байсан даа. Тэр хэр тулхтай шийдвэр вэ?
-Мандал сумын ИТХ 31 төлөөлөгчтэй. Их хурал ч, ИТХ ч ямар нэг шийдвэр гаргахдаа 51-ээс дээш ирцтэй хуралдах ёстой. Тэгвэл орон нутгийн ИТХ-ын  11 төлөөлөгч сууж хуралдаад ирээгүй таван хүний нэрийг  нэмж  бүртгээд Ноён уулыг 11 га газраар хамгаалалтад авах бичгийг З.Энхболд, Ч.Сайханбилэг нарын шахалтаар гаргасан. УИХ нь баталсан.
Тэр  бол  хүчингүй. Зөвхөн Ноён уулын торгон оройг хамгаалалтад авсныг хамгааллаа гэхгүй шүү дээ. Харин ч орон  нутгийн мэдэлд байх 37 мянган га газрыг 11 болгож багасгасан. Өөрөөр хэлбэл, “Сентерра Гоулд”-ийн ашиглах  талбайг хилийн зурвасаас гаргасан. Тэр нь өөрөө хуурамч. Хуурамч тэр тогтоолыг  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энд ирэхдээ зөв шударга юм шигээр ярьж байна лээ.
Бид Ноён уулаа хамгаалчихсан шүү дээ. Би шүтлэгтэй хүн, хормойд нь төрж өсч, хүүхдийн зусланд амарч, цэцэг навчийг нь барьж, эрвээхэй хөөж явлаа. Энэ Ноён уулд огт хамаагүй, харин Гацууртын төсөл  байхгүй юу гээд. Тийм  худалч, хулхи, тархи угаалт явуулна гэдэг өөрөө гэмт хэрэг.  Уг нь гаднаас ирсэн гээд байгаа би,  зарим хүний гүтгэдгээр алт  их зүүдэг, алтанд  шунасан, алтны уурхайтай, нинжа нарын босс гэж хэлүүлдэг би Ноён уулын алтыг ухах гэж армиа дагуулж ирмээр. Унаган  нутгийн, энд төрж өссөн, цэцэг навчийг нь барьж, эрвээхэй хөөж, зусланд нь амарч явсан Ж.Эрдэнэбат надаас харамлаад гүйж явмаар.
Гэтэл эсрэгээрээ болчихоод байна. Тийм байж  намайг гаднаас ирсэн гэж хүргэн ах Жаргалаараа гүтгүүлж, хаалтын гэрээтэй телевизүүдээр гүтгүүлж байсан даа.  Энд ийм л юм болоод байна даа, дүү минь. Эгч нь  мэдээ орсон цагаасаа хэлмэгдэж, улс төрийн хэлмэгдүүлэлт гэж ямар айхтар юм болохыг мэддэг учраас дандаа баримттай ярьж хэлнэ шүү. Тийм  учраас айхгүй.
-Одоо асуултаа жаахан өөрчлөөд таны тухай асуувал болно биз дээ. Ардчиллын Цэрэннадмид, Асрах газрын Хүүхэлдэй Цэрэннадмид, 40 мянгатын  гээд олон нэр хоч таныг дагаж явдаг юм байна
-Би 40 мянгатын унаган хүүхэд. Нөхөр маань 40 мянгатынх. Бид гэр бүл болж тусдаа гарахдаа ч тэндээс холдоогүй. Улаанбаатарынхан намайг андахгүй дээ. 1988 оны сүүлчээс ардчилсан хувьсгалыг дэмжиж, багын найзуудтай хамт ухуулах хуудас нааж явлаа. Би орос дэлгүүрээс том размерийн хөхөвч авч өмсөөд тэр дотроо ухуулах хуудсуудаа чихчинэ. Эрчүүд нь хуурай сүүний лаазанд жонхуу зуурч хийгээд барьчихна. Тэгж ардчилсан хувьсгалд оролцсон. Би өөрийгөө ардчилсан хувьсгальч, ард түмний бүтээгдэхүүн гэж боддог. АН төр барьсан өнгөрсөн дөрвөн жил фракцалсан празитууд Ноен уулаар минь оролдсон учраас, жириин гишүүдэд ардчиллын үнэ цэнэ, тус нэмэр байхгүй байгаа учраас би АН-аа хаяад гарсан.
Хэдхэн хүн өөрсдийгөө анхны 13, ардчилагч гэж цээжээ дэлдэж, Ц.Элбэгдоржоос авахуулаад ардчиллын утга учрыг буруу тийш хөтөлж, тэр тусмаа бидний үүх түүх, өв соёлыг оролдож эхэлсэн учраас намаа орхисон. Намайг Мандал-суманд ирэхэд АН 34-хөн гишүүнтэй байсан бол би ирээд 2008 оны сонгуульд 375, 2012 онд 750 болгож оруулсан.
Хэрх багт АН-ын үүр байгуулж, тамга тэмдгийг нь авч өгч явлаа., Уг нь би Ц.Элбэгдоржийг маш их дэмжиж ажиллаж байсан. “Шууд ардчилал”-ыг гаргахад анхны багш болж байлаа. “Иргэний танхим”байгуулахад баг дээр анхны танхимыг нь нээсэн. Ардчиллыг зөв шударга байгаасай гэж боддог. Миний бодлоор багаас, аймгаас, сумаас эхлэн намаа цэвэрлэх ёстой байсан. Намаа шинэчилье гэж манайхан их л ярьж байна. Би очихгүй байгаа. Хөл, гар муутай хүн хотод очих, очоод хоёр гурав хоног байх хэцүү.
Тэгээд ч сонгуульд дөхөж, намаа цэвэрлэе, шинэчилье гэнгүүт бохир заваан юм хийж, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг босгож ирж байна. Э.Бат-Үүлийг өмнө нь барьж, хориод л байсан. Одоо яллагдагчаар татлаа л гэнэ. Үүл хотын нэрээр ажиллаж, алдаж онож байсан ч ажил хийсэн.
“Босоо Хөх Монгол”-ын хүүхдүүд Бурхан Халдуныг цэвэрлэж, өвөрмонголчуудыг сөгдүүлсэн хүмүүстэй таараад салгаад явуулсан байхад нь буруутгаж шогтож л байсан. Гэхдээ тэр хамаа алга, өнөөдөр С.Зоригийн аллагад Э.Бат-Үүлийг холбож байгаад миний дургүй хүрч байна.
-Яг юунд нь ?
-Үүл хэнэггүй талдаа, уймраа хүн л дээ. Би Хотын дарга болсных нь дараа уулзах гээд очсон юм. Гэтэл утсаар ярих гээд зурагтынхаа удирдлагыг халааснаасаа гаргаад ирсэн. Гар утас гээд зурагтынхаа удирдлагыг аваад гарчихсан байгаа юм. Мартамхай гэх үү, уймраа, яаруу гэдэг юм уу, ийм л хүн. Гэтэл тэр цагаан малгай яасан ч үйлтэй малгай вэ. Яасан ч гүтгэж ханадаггүй, гэрчийн этгээд болсон малгай юм. Энэ үнэхээр харамсалтай. Ардчилсан хувьсгалын зүтгэлтэн, шударга нэг хүнээ хилсдүүлж, хэлмэгдүүлж гүтгэж байгаа явдал. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад өндөр магадлалтай учраас ингэж  байна. Э.Бат-Үүл 40 мянгатад өссөн, зодолдвол зодолдчихдог танхайдуу явсан. Гэхдээ хүн алах хүн биш.
Тийм амьдралд өссөн, тийм хүмүүжлээр хүмүүжсэн хүн биш. Харин Ц.Элбэгдоржийн хувьд Ардын нам руу урваж, сая сонгуулиар юу болгов.
Намаа нухсан шүү дээ. Газар дээр нь ирж, иргэдэд нь амлалт өгч Ноён уулыг хамгаална гэж дэмжүүлж гарчихаад өлсөөд яваад очиход нь “Эрмитажийн гадаа очиж өлс” гэж хэлсэн тэр цахар ер нь бол яршиг л байна.
-Яагаад намаа нухсан гэж?
-Тэрийг тааж ядах юмгүй. Би тааж мэддэг далай лам, далдыг харагч биш. Гэхдээ амьдралын их туршлага, үзсэн, дуулсан юм байна. Цаадах чинь одоо яах гэж байна гэвэл, та нар хараарай л даа. НҮБ-д очих гэж үхэлдээд, АСЕМ энэ тэр хийж гадныханд тал засаад гүйгээд байгаа, НҮБ-д очлоо гэхэд дөрвөн жил  болно. МАН-тай хуйвалдаж, М.Энхболдыг энд дөрвөн жил байлгачихаад 2020 оны сонгуулиар эргэж ирэхдээ ардчиллыг аварсан дүрээр ирнэ. Тэгээд самарна. Жор барьсан эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэгчээр би Элбэгээгээ мэдэлгүйдээ.
-Та хэлмэгдлийн сүүдэрт дайруулж, эмээ дээрээ өсч, амаргүй амьдралыг туулсан. Одоо ч газар шороогоо хамгаалах шударга тэмцлийн амаргүй талбарт явж байна. Энэ хүртэл сайн муу хэлүүлж, алдар гавьяагаа үнэлүүлэхдээ үнэлүүлж, үгүйдээ үгүй, янз бүр л явж ирсэн байх. Та юунд хамгийн их баярладаг вэ?
-Эмээ бид хоёрын тухай зохиолч Б.Ойдовын бичсэн “Халхын сайхан хүүхнүүд” номд дэлгэрэнгүй орсон доо. Хүмүүс мэдэх байх. Би зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн. Одоо тав нь байна даа. Арав гаруй ач зээтэй. Хэлмэгдэгсдийн холбооны ажлаар анх хүний эрхийн төлөө тэмцэж, дуугарч явсан. Ардчилсан хувьсгалын анхдагч.
Гудамжны тэмцэгч гэх үү дээ. Шударга бус зүйлийн төлөө тэмцээд байдаг араншин миний цусанд байдаг юм уу даа. 2012 онд Ардчилсан холбооны гишүүн, ой хамгаалагч Баарай Алтанхуяг гэж залуу уйлчихсан, манай нөхрийг дагаад ирдэг юм.
Юу болов гэтэл “Хэцүү юм аа, эгч минь. Данхгар жийптэй хүмүүс ирээд намайг ална, булна гэдэг. Ноён уулын алтыг ухаад даварч байна, тэр хүмүүс” гэсэн. Би Ноён уул хаана байдгийг ч мэддэггүй байсан. Тэгээд учрыг нь сонсч, түүхч судлаач хүмүүсээс асууж судаллаа. “Ноён уулаа аврах хөдөлгөөн” тэгж бий болж, Ноён уулаа ухуулах уу, үгүй юу гэсэн гарын үсэг цуглуулахаас ажлаа эхэлсэн.
2013 онд Баарай Алтанхуяг маань элэгний айхтар өвчнөөр нас барсан. Би хүний эрхийн холбоо гээд ажил их тул, хоёр жил шахам “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий ажлыг Ардчилсан холбооны Цэрэндолгор гэдэг эмэгтэйд хариуцуултал зогсонги байдалд орсон.
Ингээд өөрөө хөдөлгөөнийг тэргүүлэх болсон. Одоо “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг Монголын бүх эх оронч хөдөлгөөн, эвсэл холбоод дэмждэг. Түүний цаана хэн нэг хүн биш, Монголоо гэсэн сэтгэл л байгаа. Монголын ард түмэн хэзээ хүчтэй байсан бэ гэвэл, эвтэй байхдаа л хүчтэй байдаг юм. Эх оронч хөдөлгөөнд нэгдэж, зүтгэж, энэ олон ажлыг үүрч явахад түшигтэй, халамжтай хань минь намайг багана шиг тулж өдий хүрлээ. Тийм байгаагүй бол би энэ хүртэл явж ирэхгүй. Тиймээс ханьдаа баярладаг. Өөр нэг зүйл бол би төр, төрийн бус байгууллагын шугамаар олон шагнал, урамшуулал авч явжээ.
Тэр дотроос Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан минь намайг хөгшин, залуугүй “Ажаа” гэдэг хүндэтгэл, авгайлж дууддаг нь хамгаас том шагнал юм. Надад үүнээс өөр гавьяа, шагнал хэрэггүй. Монголчууд газар шороо, улс орныхоо төлөө зүггэдэг, тэмцдэг. Нэг зүйл харамсалтай санагддаг нь, олон сайхан залуусыг хагасыг нь ялих, ялихгүй хэргээр шоронд хийчихсэн. Хагасыг нь эрүүл мэндээр сорчлоод харьд боолын хөдөлмөр эрхлүүлэхээр экспортолчихсон. Үлдсэн нэгийг нь мөрөөдөлгүй, зорилгогүй болгож архины бизнесээ дэмжигчид болгочихсон. Төр алга. Дээр нь эрчүүд нь “Улаан ном-д орохоор ховордсон.
Монгол ингэж эзэнгүйдэх нь хэнд ашигтай вэ. Тэгвэл монголчууд Манжийн дарлалд 200 жил байхдаа ч нутаг орноо зараагүй юм шүү. Өнөөдөр эзэн нь байхгүй араар орж ирсэн, төрд гарсан хоноцын сэтгэлтнүүд өөрсдийгөө улстөрч гээд байгаа хэсэг бүлэг хүн Монголын түүхийг баллуурдах, ард түмнийг аймаглан чимээгүй дайнаар устгах, улс төрийн өнгөт хэлмэгдүүлэлтээр газар шороо, ус ургамал, ан амьтан, араатан жигүүртэн, хүн малыг устгах ажлыг хийж байна.
Жишээ нь, долдугаар сарын 1-нд олон залуус хэлмэгдэв, яагаад олон зуун цагдаа эрэмдэг зэрэмдэг болов. Энэ бүхэн эрлийзсэн боловсролтой, эрлийзсэн сургалттай, эрлийзсэн хүмүүжилтэй, эрлийз цустай нөхдүүд Монголын төрийг эзэгнэж байгаатай холбоотой. Тиймээс энэ ярилцлагынхаа төгсгөлд эх орондоо эзэн байя, түүний төлөө зүтгэе, тэмцэе гэж танай сониноор дамжуулаад уриалах байна даа.
-Энэ тэмцэлд таны амь нас ч бас зарим үед хүнд байдалд орж байх шиг. Та санаа зовж байна уу?
-Өлсгөлөн бол тэмцэл байсан. Эрүүл мэнд эрсдэлд орсон нь үнэн. Гэсэн ч би тэмцлээс, шударга үнэнээс ухрахгүй. Өнгөрсөн өвөл гар, хөлөө хугалж гэмтсэн маань гадны нөлөөтэй байсан, араас хүн ирээд түлхчихсэн юм. Энэ мэт зүйл байгаа учраас АСЕМ-ын үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Олон улсын Хүний эрхийн байгууллагаас миний амь насыг хамгаалалтад авлаа гэж хоёр хүн ирээд явсан.
Гэтэл саяхан сум дотроо нэг газраас нөгөө хүртэл жаахан газар өвгөнтэйгээ машинаар явтал осол гарах дөхлөө. Дэлгүүр ороод гараад ирэх хооронд машины дугуйны хийг гаргачихсан байсан. Азаар муу юм болсонгүй. Энэ мэтчилэн амь насанд заналхийлсэн оролдлого удаа дараа гарч байна. Хүний эрхийн байгууллагуудад хандана гэж бодож байна.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Нэр: Anonymous Огноо: 3 October 2016

МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

Нэр: Anonymous Огноо: 3 October 2016

Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

Нэр: Anonymous Огноо: 3 October 2016

Аливаа улс орон дотоод асуудлаа өөрийн дүрэм журам, үндсэн хуулийн хүрээнд, улс төрийн бүх талуудын оролцоотой шийдвэрлэхэд хэн ч гаднаас нөлөөлөх ёсгүй. Харамсалтай нь олон улсын практикт ийм хандлага арилахгүй байна. Найрсаг харилцаатай Монгол улсын дотоод хэрэг явдалд гадны нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ улсууд бүгдийг хийх болно. /ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров/

Нэр: Anonymous Огноо: 3 October 2016

Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

Нэр: Anonymous Огноо: 3 October 2016

Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

Нэр: Anonymous Огноо: 5 October 2016

тэнэг юм ярихийн. Эрдэнэбат ямар хамаа байнаа.

Сэтгэгдэл бичих