С.Ламбаа: Багш, эмч нар нэг сарын тэтгэмж авах гэж 30 жил ажиллахгүй

11Хамтын тэтгэврийн тухай хууль болон эмч нарын тэтгэвэрт гарахдаа авдаг байсан 36 сарын тэтгэмжийн асуудлыг Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагаас тодрууллаа. 

-Нийгэмд хүлээлт үүсгээд байсан “Хамтын тэтгэврийн тухай хууль” -ийг хүчингүй болгочихлоо. Энэхүү хуулийн төслийг хэзээнээс ярьж эхэлсэн юм бэ? 

-“Хамтын тэтгэврийн тухай хууль” өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд батлагдсан. Энэ хууль Нийгмийн даатгалын сангаас бүрэн тэтгэвэр авч байсан болон цэргийн албанаас тэтгэвэрт гарсан хүмүүсийн аль нэг нь нас барсан тохиолдолд тэтгэмж олгох харилцааг зохицуулсан юм.

Энэ хуулийн төслийг 2008 онд Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө оруулж, дэвшүүлж байсан. Тэгэхээр Хамтын тэтгэврийг аль 2008 оноос ярьж байсан юм гэдгийг ойлгох ёстой. Харамсалтай нь 2008 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж чадаагүй. Харин 2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хамтын тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх заалт орж, хууль батлагдсан.

Энэ хууль нийгмийн маш их ач холбогдолтой. Учир нь Монголын төр засаг үеийн үед ахмадуудын төлөө гэдэг ч үнэн хэрэгтээ ахмадуудын тэтгэвэр тэтгэмж ямар байгааг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Тэтгэврийг нь тууштай нэмэгдүүлж чаддаггүй юм гэхэд хорогдуулахгүй бодлого чухал.

Тэтгэврийг нь тууштай нэмэгдүүлж чаддаггүй юм гэхэд хорогдуулахгүй бодлого чухал.

Тухайлбал, хоёр настны нэг нь тэнгэрийн оронд явлаа гэхэд үлдсэн нь тухайн тэтгэврийн Засгийн газрын тогтоосон хувь хэмжээгээр хүртээд байж байна гэдэг бол “Хамтын тэтгэврийн” цаад агуулга нь байгаа юм.

Насан туршдаа ханилсан ханийнхаа нийгэмд төлсөн төлбөрийн тодорхой хэмжээг нь өөрөө авч байна гэсэн үг. Нийгмийн даатгалын сангаас олгож байна гэдэг нь тэр хүн насан туршдаа Монгол Улсад хөдөлмөрлөснийхөө төлөө төлсөн төлбөрөө буцааж авч байгаа юм. Түүнээс төр засаг сайндаа Монгол Улсын төсвөөс мөнгө өгч байгаа юм биш.

-Хуулийг хүчингүй болгохын тулд Ерөнхий сайд, Сангийн сайдынхаа хамтаар хачин гэхээсээ илүү сүсгийн гэмээр мэдэгдлүүдийг хийж олны дургүйцлийг хүргээд авсан. Энэ хуулийг сэргээх нь ямар ач холбогдолтой юм бэ? 

-Хамтын тэтгэвэр бол өөрийн болон хамт амьдарч байсан ханийнхаа нийгэмд хөдөлмөрлөсөн хөлснийхөө тодорхой хувийг авч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь тодорхой шаардлага тавьсан зүйл шүү дээ. Нэгдүгээрт, 15-аас дээш жил хамт амьдарсан байх ёстой.

Хоёрдугаарт, Хамтын тэтгэврийг авч байгаа хувь нь 20-иос доошгүй байх ёстой гэж хуульчилсан. Тэгэхээр тэтгэврийг нь бүгдийг нь аваад байх юм шиг ойлголт буруу. Ахмадууд нэгийгээ нас барчихаасай, би тэтгэврийг нь авч идэх юмсан гэж бодоод байдаг тухай л юм яриад байх юм.

Монгол ахуй, ёс заншил, ахмадуудын үеийн үед уламжилж ирсэн номлол, сургаалтай огт нийцэхгүй байгаа юм. Хэдийгээр хүний мөс, чанар муудаж байгаа ч гэсэн насны эцэст бие биеэ үхчихээсэй, үхэхээр нь тэтгэврийг нь авч иднэ гээд бодоод сууж байдаг хүн гэж байхгүй. Энэ ертөнцөд ч байхгүй. Ерөнхий сайдын хэлсэн тайлбар бол их буруу гэж ойлгож байгаа.

Монгол хүн урт насалж байж дундаж наслалтын хэмжээ өснө гэсэн үг. Тиймээс Хамтын тэтгэврийн цаад агуулга нь ядаж үлдэж байгаа хүн нь илүү урт наслах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тэтгэврээ тогтоолгоод гарч байгаа хүмүүс бол “Энэ тэтгэврийг олон жил аваарай” гэж ерөөдөг юм билээ.

Харин яриад байгаа бодлогоор бол цөөхөн жил аваад бурхны оронд яваасай гэсэн хууль болчихоод байна. Энэ хуулийг сэргээх нь аль аль талдаа ач холбогдолтой. МАН-ынхан яагаад хүчингүй болгож байгааг ойлгохгүй байна. Аль эсвэл нэрийг нь өөрчилж өөртөө наах гээд байгаа юм уу. Хэн хийсэн нь чухал биш.

Өнгөрсөн парламентад МАН мөн олон л суудалтай байсан. Ардчилсан нам, Монгол Ардын намын хамтарч хийсэн л хууль шүү дээ. Хамтын тэтгэврийн хууль Ардчилсан намынх учир хүчингүй болгож, өөрсдийнхөө нэр томьёогоор шинээр хийе гэдэг бодлогоор Монгол Улс хөгжихгүй.

Ахмадуудаараа тоглоом, шоглоом хийж байгаа юм шиг зүйл боллоо гэдгийг би улстөрч хүний хувьд үзэж байна. Би хуулийн төслийг нь харсан. 99 наснаас дээш настай нь тэдэн төгрөг гэж заасан байсан.

Монгол хүн хэд насалж байгаа билээ дээ. Тиймээс энэ хуулиа эргэж сэргээ, насны хишгээ болио, хамтарч гаргасан хуулиа мөрдөөд яв гэж хэлмээр байгаа юм. Энэ хуульд хэн нэгнийг ялгаагүй, малчин, багш, эмч гээд бүгд л хамрагдаж байгаа.

-Төсвийн тодотголоор багш, эмч нарын тэтгэвэрт гарахдаа авдаг байсан 36 сарын тэтгэмжийг бууруулсан. Тодотголд тусгаснаар бол 1-12 сар болсон байна? 

-Эрүүл мэндийн тухай хууль бол 2008- 2012 онд намайг Эрүүл мэндийн сайд байх үед батлагдсан. Энэ хуульд эмч нарын тэтгэмжийг 36, Боловсролын тухай хуулиар багш нарын тэтгэмж 36 сар гэж батлагдсан юм. Өөрийн бие даасан хуулиар батлагдсан урамшууллын хэлбэр.

36 сар хүртэл тэтгэмж өгөх асуудал нь бага цалин аваад, хамгийн хүнд хүчир ажил хийдэг багш, эмч нарын нийгмийн асуудал, тогтвор суурьшилтай байх нөхцөлийг хангасан хууль. Эмч, багш нар суманд ажиллаж байвал гурван жил тутамд зургаан сар, аймагт ажилладаг бол таван жил тутамд зургаан сар, 25 жилээс дээш жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож байгаа бол энэ тэтгэмжийг олгож байгаа юм.

Өнөөдөр багш, эмч нарын хангамж, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал ямар байгаа билээ. Тэгэхээр энэ хуулийн ач холбогдол маш их байсан. Одоо бол тэтгэвэртээ гаръя, эмч, багшийн ажлаа болъё гэдэг байдал багассан. Хэчнээн цалин багатай ч гэсэн ажиллах жилээ дуусгая гэдэг хүсэл тэмүүлэлтэй болсон.

Ардчилсан намынх учир хүчингүй болгож, өөрсдийнхөө нэр томьёогоор шинээр хийе гэдэг бодлогоор Монгол Улс хөгжихгүй.

Гэтэл үүнийг өөрчлөөд 1-12 сар болгож өөрчилсөн. Энэ нь даргын үзэмжээр нэг сарын тэтгэмж ч өгч болно гэсэн үг. Нэг сарын тэтгэмж авъя гэж 30 жил ажиллахгүй. Миний сонссоноор 36 сарын тэтгэмжийг 2017 оны төсөв дээр өөрчлөөд, тэтгэмж олгох асуудлыг харьяа яам нь мэддэг шахуу болгож байгаа юм байна.

Тэгэхээр 36 байх уу, нэг сар байх уу гэдгийг Засгийн газар мэддэг болох нь. Хуулиар баталгаажна гэдэг бол маш том баталгаа. Засгийн газар бол өөрт байгаа мөнгөндөө тааруулж л өгнө. Тэгэхээр үзэмжийн асуудал л болж, тэгш бус байдлыг бий болно. Хэл ам дагуулна.

Боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн захиргааны байгууллага ажил хийхэд хүнд болно. Өмнө нь яадаг байсан гэхээр тэтгэвэрт гарах хүнийхээ нэрийг тодруулаад мөнгийг нь төсөвт суулгаад баталдаг учраас ямар ч асуудалгүй хэрэгжиж байсан. Тэр агуулгаар нь аваад үзвэл нийгмийн хамгааллын бодлогыг тогтвортой байлгах нь чухал.

Бид хүүхдийн мөнгийг олон жил ярьж байна. Хүүхдийн мөнгөний ард олон асуудлыг шийдэж байсан. Сургууль завсардалт, вакцин гэх мэт асуудлыг шийдсэн юм.

Таны хүүхэд сургуульд ороогүй бол, вакцинаа хийлгээгүй бол хүүхдийн мөнгөнд хамрагдахгүй гэхээр нийгмийн харилцаанууд шийдэгдээд явж байсан юм. Гэтэл байгаа мөнгөндөө тааруулаад, энэ манай намын бодлого гэж хандаад байгаа нь төрийн бодлогын залгамж шинж чанар, нийгмийн хамгааллын мөн чанарыг ноцтой зөрчиж байна. Энэ бол маш том ухралт.

 


URL:

Нэр: иргэн Огноо: 5 October 2016

ажил хийхгүй тэгээд яаж амьдрах юм бэ багш, эмч нар. ЭРГҮҮ ЗӨНӨГ

Сэтгэгдэл бичих