М.Энхболд: “Насны хишиг”, 36 сарын тэтгэмж ирэх оны нэгдүгээр сараас олгогдож эхэлнэ

147562865557f44e6f2fedfМонгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын орон нутгийн томилолт өнөөдөр /2016.10.04/ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилж байна. Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав.
Төлөөлөгчид аймгийн иргэдтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганы үеэр батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд өвөрхангайчууд зургаадугаар сард болсон Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Ардын Намд итгэл үзүүлэн, гурван нэр дэвшигчдийг гурвууланг дэмжиж төрд төлөөллөө болгон илгээсэнд талархлаа илэрхийлэв. Тэрбээр шинээр байгуулагдсан Улсын Их Хурал богино хугацаанд их ажил амжуулсан болохыг танилцуулан, ээлжит бус чуулганы үеэр гаргасан шийдвэрүүдийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл амаргүй хүнд байгаа бөгөөд олон улсын байгууллагууд үүнийг анхааруулж, сэрэмжлүүлж байсан цаг үед шинэ Засгийн газар байгуулсан талаараа Улсын Их Хурлын дарга  дурдаад, төсөвт тодотгол хийж, хямралын үеийг даван туулах тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа гэв. Улс орны төлбөр, санхүүгийн чадамж сульдсан энэ байдалд Засгийн газар үнэлэлт дүгнэлт өгч, өмнөх Засгийн үед авсан зээлээс бага хүүтэй, урт хугацаатай, тухайлбалжилийн 2.2 хувиас ихгүй хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн хөнгөлөлттэй, төсөв дэмжсэн хөрөнгийн эх үүсвэр олох шаардлагатай хэмээн үзжээ. Мөн төсвийн алдагдлыг багасгах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа аж.
Тухайлбал, хөдөө аж ахуй, уул уурхай, хүнсний салбаруудад тодорхой алхмуудыг хийж, улс орны хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлуудыг хийх саналыг Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасныг Улсын Их Хурал дэмжин баталсныг дурдлаа. Улаанбуудай, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжид төрөөс хөрөнгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр мөн гаргаад байгаа юм байна. Тэрбээр хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын том төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх ажлуудыг эхлүүлж, ирэх оны төсвийн төсөл болон Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөж буй хууль, тогтоолын төслийн талаар Өвөрхангай аймгийн иргэд, хөдөлмөрчдөд мэдээлэл өгөв.
Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч иргэдэд дарамт ачаалал үүсгэхгүй байх тал дээр төр засгаас анхаарч ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын дарга танилцуулаад, сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан “Насны хишиг” тэтгэмжийг 70-аас дээш настай ахмадууддаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор тооцож, 20.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан талаар дуулгав. Түүнчлэн оюутан залуус, цаашлаад гэр бүлд нь дэмжлэг болохуйц шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн зээл олгох зориулалтаар 90 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас 101.5 тэрбум төгрөгийг нэмж төвлөрүүлэхээр улсын төсөвт тусгасан байна. Оюутан залуус суралцах хугацаандаа сургалтынхаа төлбөрийг зээлээр авч барагдуулчихаад, мэргэжил эзэмшин ажил хөдөлмөр эрхэлж, эргүүлэн төлөх бололцоог бүрдүүлэх юм байна. Цаашдаа улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал нэн тэргүүнд иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зарчим баримталж байгаа талаар өвөрхангайчуудад дуулгалаа.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үеэр 2016 оны улсын төсөвт тодотгол хийн, төсөв санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн 2016 оны сүүлийн гурван сард тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад 36 сарын нэг удаагийн тэтгэмж олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Гэхдээ ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс энэ тэтгэмжтэй холбоотой зохицуулалт хуучин хэвээр мөрдөгдөх болно гэдгийг онцлон дуулгасан юм. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр бүрэн тусгагдсан болохыг танилцуулаад, ирэх дөрвөн жилэдгээр ажлыг шат дараалалтай хийж гүйцэтгэх боломжтой хэмээн үзэж байна гэв.
Орон нутгийн ажил байдал нь улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал нөлөөтэй гэдгийг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр тэмдэглэн хэлээд “2016 оны долоодугаар сарын 01-нээс Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр төрийн байгууллага ямар нэг шийдвэр гаргахдаа иргэдийн санал бодлыг сонсож, тусгах үүрэг хүлээдэг болсон” гэв. Төгсгөлд нь тэрбээр хэдхэн хоногийн дараа сум, дүүргийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчдийг сонгох сонгууль болно. Төр засгийн шийдвэрийг нутаг орондоо хэрэгжүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг төр засагт хүргэх төлөөлөгчдөө сонгохдоо тэдний туршлага, мэдлэг, олонд танигдаж хүндлэгдсэн байдлыг харгалзан сонгоно хэмээн найдаж байна гэв.
Үргэлжлүүлэн Өвөрхангай аймгийн иргэд Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон албаны хүмүүсээс асуулт асууж, санал хүсэлтээ уламжлан чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.
Улсын Их Хурлын орон нутгийн томилолт маргааш Архангай аймагт үргэлжилнэ. Тэрээр дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар Цэцэрлэг суманд ажиллан, нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомж болон намрын ээлжит чуулганаар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслийн талаар танилцуулахаар төлөвлөжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

URL:

Сэтгэгдэл бичих