Солиулж авсан “Galaxy Note 7” шатжээ

527-14757315621537960_whatsubjectВАШИНГТОН. /ВВС/. АНУ-д нэгэн зорчигчийн ухаалаг гар утаснаас утаа гарч, шатсаны улмаас нисэх онгоцноос хүмүүсийг буулгажээ.

Уг гар утас нь батарей нь хэт халснаар дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарсны улмаас эргүүлэн татсан утсыг орлуулан “Samsung Electronics” корпорациас өгсөн шинэ гар утас байсан аж.
Энэ хэрэг лхагва гарагт Кентукки муж улсын нисэх онгоцны буудалд болжээ. Зорчигч болох нэгэн эрэгтэйн ухаалаг гар утаснаас утаа уугиж эхэлсний дараа зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 75 хүнийг бүгдийг нь онгоцноос буулгасан байна. Аз болоход, энэ явдлын үеэр хүмүүс гэмтэж бэртээгүй байна.
АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газраас чухам ямар загварын гар утас шатсаныг мэдэгдээгүй боловч  тус улсын хэвлэлүүдэд бичиж байгаагаар, өнгөрсөн наймдугаар сард худалдаанд гаргасан “Galaxy Note 7” байжээ.
Батарей нь хэт халсны улмаас шатаж дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарсны дараа Өмнөд Солонгосын “Samsung” корпораци уг шинэ бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлээс эргүүлэн татаж, худалдан авсан хүмүүст өөр шинэ гар утас оронд нь авахыг уриалсан билээ.
Дээрх хэрэгтэй холбогдуулан “Samsung Electronics” мэдэгдэхдээ “утаа гарч, шатсан гэх төхөөрөмжийг шалгаж үзэх хүртэл ямар нэгэн мэдэгдэл хийх боломжгүй” гэсэн байна.
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг 

URL:

Сэтгэгдэл бичих