Гана улсын их сургууль арьс өнгөний үзэлтэй Гандийн хөшөөг зайлуулахаар болжээ

4Баруун Африкийн Гана улсын хамгийн том их сургуулийн үүдэнд босгосон Энэтхэгийн удирдагч Мохатма Гандийн хөшөөг буулгахаар болсныг тус улсын эрх баригчид өчигдөр зарлажээ.

Өнгөрсөн зургаадугаар сард Энэтхэгийн ерөнхийлөгч Пранаб Мухержеег Ганад айлчлах үед хоёр орны найрамдалт харилцааг билгэдэн энэхүү хөшөөг босгосон юм.

Гэвч Ганын оюутан, багш нар энэ явдлыг доромжилсон хэрэг гэж үзээд хөшөөг буулгах тэмцлийг эхлүүлжээ. Онлайнаар гарын үсэг цуглуулах хөдөлгөөн бий болж, 1,700 гаруй хүн нэгдсэн байна.

Ингэх болсон шалтгаан нь Ганди арьс өнгөний үзэлтэй, Африкийн уугуул иргэдийг Энэтхэг хүнээс доогуур тавьдаг байсан нь түүний Өмнөд Африкт амьдарч байхдаа бичиж байсан захидлаас ил болсон юм.

Ганди захидалдаа каффир (хар арьстнуудыг нэрлэдэг доромж үг) гэх нэр томъёог ашиглаж байсан нь илэрч Африк тивийн иргэдийг ихэд бухимдуулсан аж.

Ганын засгийн газар хөшөөг нүүлгэж өөр газарт байрлуулахаар ажиллаж байгаа тухайгаа мэдэгдэлдээ дурджээ.

Мохатма Ганди нь Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг удирдаж, тайван замаар тэмцэхийг уриалдаг байснаараа алдартай түүхэн хүн юм.

Гэвч өнгөрсөн жил хэвлэгдсэн түүний хувийн намтарт Гандигийн сүүдэртэй талууд ил болсны дотор Африкчуудад хандах сөрөг хандлага багтаж байжээ.

 

Эх сурвалж: Time.Com


URL:

Сэтгэгдэл бичих