Алдаатай сурах бичиг хэвлэгдсээр байх уу

7mrhh25l0u4is20vsbihc23j0eДоктор С.Батсүх, У.Туяа нарын зохиосон Ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичиг, алдаатай, хүүхдийн хүмүүжилт сөргөөр нөлөөлөх учраас шүүхээс хүчингүй болгосон тухай мэдээлэл цацагдав. Энэ мэдээний араас Боловсролын хүрээлэнгээс мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд “Иргэний боловсрол” номыг хүчингүй болгоогүй. Зарим хэвлэл хүчингүй болгосон хэмээн ташаа мэдээлэл цацлаа гэдэг тайлбарыг хийжээ. Мөн мэдэгдэлд “Иргэний боловсрол” сурах бичгийн үг үсэг, найруулгазүйн алдааг засч сайжруулах шаардлагатай гэсэн шүүхийншийдвэр гарсан хэмээн алдаа дутагдлаа хаацайлж бас хүлээн зөвшөөрчээ.

Ийм алдаа анх удаа гарч байгаа юм биш. Хариу нь гардаггүй бодлого, утгын авцалдаагүй шүлэг, сүнсний хурд тооцоолох өгүүлбэртэй бодлого зэрэг учир дутагдалтай сурах бичиг өмнө нь ч хэвлэгдэж байсан. Магадгүй хэрэг болгон шалгасан нь энэ байх.

Шалгах үндэслэлийг “Боловсролын баталгаа” ТББ-аас 2015 онд гаргажээ. Улмаар тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд болон БСШУЯ-д олон удаа албан тоот хүргүүлж Иргэний боловсролын хичээлийн сурах бичгийг засварлах тухай санал хүргүүлж байжээ. Гэвч 2014 онд хэвлэгдсэн сурах бичгийн алдаанууд 2015 оны номонд ямар ч засваргүйгээр хэвээр хэвлэгдсэн байжээ. Иймд энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн /ёс суртахууны унших эх/ “Иргэний боловсрол” нэртэй сурах бичгүүдийг хэрэглээнээс хасч, хууль тогтоомж стандартад нийцсэн байдлаар дахин зохиож хэрэглээнд нэвтрүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан байна. Шүүхээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Тиймээс “Боловсролын баталгаа” ТББ-аас дахин нэхэмжлэл гаргаснаар шүүх сурах бичгүүдийг шинэчлэн засч, сайжруулж дахин түгээх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Хүүхдийн боловсролд буруугаар нөлөөлөх алдаатай ном хэвлэгдсээр байгаа нь өнөөдөр хөндөх ёстой асуудал болжээ. Тиймээс ЕБС-ийн сурах бичигт хэн хяналт тавьж, зөвшөөрөл олгодог эсэхэд БСШУСЯ-наас хариулт хайлаа. Тус яаманд Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтэс гэж бий. Тус хэлтэст Б.Дуламханд, Ч.Ганцэцэг гэх хоёр мэргэжилтэн ажилладаг байна. Мэргэжилтнүүдээс номын агуулга, зөвшөөрлийн тухайд тодруулах гэсэн боловч “Бид мэдэхгүй. Газрын даргаас асуу” гэв.

Улмаар Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаагаас тодруулахад “Шүүхийн тогтоол бидэнд ирээгүй байна. Тогтоолыг уншиж танилцсаны дараа албан ёсны тайлбар хийнэ” гэв.

Хэрэглээд, заагаад хэдэн жил болчихсон хойно нь алдаатай үгүйг нь ярилцаж суухаар өмнө нь хяналт тавьж болоогүй тухай лавлахад “Ажлаа аваад удаагүй байгаа учраас номын зөвшөөрөл хяналтын тухай мэдэхгүй байна” гэсэн хариултыг өгөв.

Харин “Иргэний боловсрол” номын зохиогч У.Туяа “Шүүхийн тогтоол надад ирээгүй. Манай шавь нар таныг ажлаас чинь халсан гэсэн үү гэж асууж байсан. Би халагдаагүй л сууж байна. Тийм болохоор намайг тайван орхи” хэмээн уцаарлав. Номын агуулгын тухайд тодруулахад “Би зохиосон нь үнэн. Харин алдаатай эсэхийг нь шүүхийн тогтоолыг харж байж болно” хэмээлээ.

“Иргэний боловсрол” сурах бичгийн алдаанаас жишээ татвал нэг үгийг хоёр өөрөөр бичжээ. Тавдугаар ангийн “Иргэний боловсрол” номын 36 дугаар хуудсанд “газар руу” гэж бичсэн хэр нь 37 дугаар хуудсанд давтан бичихдээ “газар луу” гэж бичжээ. Номон дээр нь хоёр өөрөөр бичигдсэн байхад хүүхэд аль нь зөв эсэхэд эргэлзэх нь мэдээж. Мөн “туслана” зэргээр зөв бичих дүрмийн алдаа ч ажиглагдав.

“Адмон” компаниас “Иргэний боловсрол” сурах бичигт хийсэн засварын хэсгээс

Энэ хичээлийн агуулга, ач холбогдлын тухай Нийслэлийн 14 дүгээр сургуулийн 1Е ангийн багш Д.Ганцэцэгээс тодруулсан юм.

-“Иргэний боловсрол” хичээлийг нэгдүгээр ангийн сурагчдад заадаг болсон. Гэтэл “Иргэн гэж хэн бэ” гээд зургаан настай хүүхдээс асуухаар хариулт өгч чадахгүй байна.

-Энэ хичээл зайлшгүй орох нь зөв. Багш нар математик, монгол хэл гээд л явчихдаг. Гэтэл хүүхдийн төлөвшил чухал шүү дээ. Бид хүүхдийнхээ төлөвшилд анхаардаггүй байсан бол “Иргэний боловсрол”-ын цаг дээр хүүхдээ сонсох ёстой, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах цаг гаргаж өгөх нь зөв гэдгийг олж харсан. Хүүхдүүд энэ хичээлийн цагт аль нэг зүйлийг бодож толгойгоо өвтгөхгүй, буруу хариулчих болов уу гэж айж эмээхгүй. Өөрийгөө нээлттэй илэрхийлэх чадварт суралцдаг.

-Зургаан настай хүүхэд “Иргэний боловсрол” гэдгийг яаж ойлгодог юм бэ?

-Анх хичээл ороход дуугарахгүй, гайхаад л, жаахан эмээдэг байсан. Одоо бол өөрийнхөө л бодлыг ярь гэхээр их хөөрхөн зүйлсийг ярьдаг. Түүн дээр тулгуурлан зөв хүн болж төлөвших дадлыг суулгаж өгдөг юм. Ерөөсөө тэр цаг дээр хүүхдээ сонсох ёстой юм байна гэдгийг багш нар мэдэж авсан. Тийм ч болохоор багш нар энэ хичээлийг орох дуртай. Хүүхэд ч хичээллэх дуртай байдаг юм.

-“Иргэний боловсрол”-ын номонд ийм жишээ байгаа юм. “Бат ногоон гэрэл дөнгөж асангуут замаар гартал машинд дайруулах шахав”. Энэ жишээнээс харахад ногоон гэрлээр гарсан ч машинд дайруулж болзошгүй юм байна гэж хүүхэд ойлгож болохоор байна.

-Ногоон гэрэл ассан байлаа ч автомашин туслах замаас орж ирэх зэрэг асуудал байдаг шүү дээ. Тиймээс зам хөндлөн гарахдаа гэрэл ассан эсэхийг сайтар анхаарч, анхаарал болгоомжтой гарах ёстой гэсэн сануулга. Байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалдаг, эх орондоо хайртай тийм л иргэн болгож төлөвшүүлэхэд хичээлийн зорилго оршдог.

ЕБС-ийн сурагчдад тус хичээл хэзээний ороод эхэлчихсэн. Хичээл ч чухал гэдгийг багшийн ярианаас ойлгож болохоор байна. Гэтэл ном нь алдаатай. БСШУЯ-наас сурах бичгийн эхээ боловсруулж хэвлэлийн компаниуд захиалгаар хэвлэдэг. Жилд нийтдээ хэд хэвлэгдэж байгаа талаар тооцоо байхгүй ч Монгол Улсын 21 аймаг есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуульд энэ номыг хэрэглэж байгаа. Алдаатай чигээрээ 2014, 2015, 2016 онд хэвлэгдэн гарсан байна.

Өнөөгийн сурах бичигт эндүү ташаа, зөрүү буруу зүйл гарч, үе үеийн сурагч нарыг өнөөдрийг хүртэл төөрөгдүүлсээр байна. Цаашлаад суралцагчдын шинжлэх ухаанд үндэслэсэн мэдлэг олж авах эрхийг ноцтой зөрчиж байна. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?! Үүнийг Боловсролын яам, түүний харъяа газрууд хэзээ анхааралдаа авч, ажилдаа тусгах вэ.

Г.Тэгшсүрэн

www.shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.