Серена Уильямс: Хүн 30 хүрэхээрээ хорьтойгоосоо илүү хүчтэй болдог

    4 Олимпын дөрвөн удаагийн аварга, “Их дуулга” цувралын ганцаарчилсан төрөлд 22, хосын төрөлд 14 удаа түрүүлсэн, дэлхийн чансааны тэргүүнд бичигддэг Америкийн теннисчин Серена Уильямсын “FADER” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.Тэрбээр өдгөө 35 настай бөгөөд их спортод амьдралынхаа 20 гаруй жилийг зориулжээ. Түүнчлэн тамирчин бүсгүй “Түргэн тусламж”, “Хууль ба эмх журам”, “Үсний шоу” зэрэг кинонд тоглож дэлгэцийн урлагт хөл тавьсан нэгэн юм.

 

-Шилдэг нь болно гэдэг онцгой тохиол, хувь заяа байх. Та өөрийгөө гайхалтай хувь заяаны эзэн болж төрсөн учраас энэ өндөрлөгт хүрсэн гэж бодож байсан уу?

 

-Үгүй дээ. Хүн болж төрсөн бүхэн л онцгой хувь заяагаар энэ дэлхийд ирсэн байдаг. Миний хувьд ч ялгаагүй бусадтай л адил амьдардаг. Би илүү гартай биш шүү дээ. Зүгээр л шаргуу хөдөлмөрлөсний үр шимийг амсч яваа тамирчин. Надад итгэдэггүй олон хүн байсан. Харин би тэдэнд буруу бодсоныг нь сануулж, харамстал нь хөдөлмөрлөсөн учраас амжилтад хүрсэн.

 

-“Дэлхийн шилдэг тамирчин” гэдэг цол таныг овог мэт дагадаг. Хүссэн хүн бүр энэ алдрыг хүртэхгүй. Тэгэхээр таныг жирийн тамирчин гэж тодорхойлж боломгүй санагдаж байна?

 

-Бусдаас ялгарч, онцгойрохыг хүсдэггүй. Бас би өөрийгөө ийм тийм гэж тодорхойлж, дөвийлгөмөөргүй байна. Зүгээр л шаргуу хөдөлмөрлөж, үүрэг хариуцлагаас зугтааж байгаагүй гэдгээ л нүүр бардам хэлж чадна.

 

-“Индиан Уэллс” мастеруудын тэмцээнд дахин оролцохоор болсон. Уг шийдвэрийг хэзээ гаргасан бэ?

 

-Би Африкт олон удаа очиж, янз бүрийн аялалд явсан. Гэхдээ төдийлөн онцгой сэтгэгдэл төрдөггүй байсан юм. Харин нэг удаа ховор тохиолоор Нелсон Манделатай уулзаж ярилцах боломж олдсон. Үнэндээ түүний талаар сайн мэддэггүй байсан учраас намтрыг нь уншиж, судалсныхаа дараа ямар гайхалтай хүнтэй уулзсанаа бүрэн ухаарсан. Манделатай уулзсанаас хойш ажиллаж хөдөлмөрлөж, бүтээж босгож, уучлаж өршөөх гэж төрсөн гэдгээ бүрэн ухамсарлаж ийм шийдвэр гаргасан.

 

-Таны амьдралд аялал хэр чухал вэ ?

 

-Дэлхийн олон орноор аялж шинэ зүйл сурч, сэтгэлээ сэргээх дуртай. Би африк гаралтай америк хүн. Африктаа эргэж очихсон гэж багаасаа л мөрөөддөг байлаа. Тиймээс хамгийн дуртай, хэзээ ч очсон уйддаггүй газар бол миний өвөг дээдсийн өлгий Африк улс юм. Тэр газраас л нутгийн иргэдийн цуцашгүй тэмцэл, хүч чадал, агуу түүхийг нь мэдэрч өөрийгөө эрч хүчээр сэлбэдэг. Ийм гайхалтай хүмүүсийн цус надад ч бас бий гэж бодохоор омогшиж, өөрийнхөө хэр хүчтэйг ойлгодог. Өнгөрсөн түүхээс харахад энэ зэрлэг мөртлөө үзэсгэлэнтэй нутагт бүгд тэвчдэг ч хүчтэй нь амьд үлддэгийг ойлгосон. Тиймээс надад хүч чадлаа гайхуулж тэмцэхээс өөр сонголт байхгүй.

 

-Тэгвэл өссөн орчноосоо юуг сурсан бэ?

 

-Биднийг бага байхаас л эцэг эх маань “Өөрийн түүхийг мэдэхгүйгээр хэн ч юу ч хийж чадахгүй” гэж хэлдэг байсан. Өнгөрсөн түүх бол мэдлэг. Ганцхан би ч биш манай гэр бүлийнхэн бүгд гарал угсаагаа эрхэмлэж, бахархдаг. Хар арьстнуудыг хоорондоо таардаггүй, зэрлэг бүдүүлэг гэж бодох хүн олон бий. Харин манай гэр бүлийн хувьд өөр. Өссөн орчноосоо сурсан хамгийн чухал зүйл бол нэг нэгнээ хайрлаж, ямар ч нөхцөлд биесээ сэтгэлдээ тээж, хамгаалах. Манай гэр бүлийнхэн миний тэмцээн бүрийг алгасахгүй үзэж, дэмждэг гэдгийг теннист дуртай хүн бүр мэднэ.

 

-Та Францаар их сайн ярьдаг юм билээ. Яагаад Франц хэл сурахаар болсон юм бэ?

 

-Францын нээлттэй тэмцээнд түрүүлэхийг хүссэн учраас энэ хэлийг сурсан. Тэмцээнд түрүүлээд баярласан сэтгэлээ францаар илэрхийлэхийг хүссэн юм. Мөн Африкийн ихэнх оронд францаар ярьдаг. Надад нэг хөгжилтэй зүйл тохиолдож байсан. Олимпын хотхонд байхдаа Африкийн тамирчинтай ярилцах гэсэн ч англиар сайн ойлголцохгүй байхаар нь францаар ярьсан чинь үнэхээр гайхаж байсан. “Чи чинь америк хүн байж яагаад францаар яриад байгаа юм бэ” гээд л уулга алдаж байлаа. Тэр үед нь би “Америк хүмүүс ч мөн өөр орны хэл сурж болдог юм” гэж хэлсэн.

 

-Хүмүүс таны биеийг хэт хөгжсөн, эмэгтэй хүнд зохимжгүй гэж ярьдаг. Энэ сөрөг хандлагыг хэрхэн хүлээж авдаг вэ?

 

- 17 настайдаа бол эмзгээр хүлээж авдаг байсан. Анхны Их дуулгадаа түрүүлснээс хойш өөрийнхөө тухай мэдээллийг уншихаа больсон. Сонин, сайтад миний тухай мэдээлэл гарсан байвал уншихгүйн тулд нүүрээ эргүүлж, хурдхан сольдог байлаа. Хүмүүс миний биеийн тухай их удаан ярьсан. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хүн бүрт бий. Гэхдээ нөгөө хүнд нь ямар санагдах бол гэдгийг давхар бодох хэрэгтэй. Болгоомжгүй хэлсэн ганц үг хүнийг ямар их зовоодог гэж санана. Одоо бол би огт тоодоггүй. Би өөрийнхөө бүх зүйлд дуртай. Залуу бүсгүйчүүд ялангуяа өсвөр насны охидод хандаж “Чи өөртөө таалагдаж, итгэлтэй алхаж чадаж байвал бусдын юу гэх хамаагүй, хоосон зүйл байдаг юм. Өөрийгөө хайрладаггүй хүнийг хэн ч хайрладаггүй. Тиймээс ямар ч байсан, юу ч болсон өөрийгөө л хайрлаж байгаарай” гэж хэлмээр байна.

 

-Ойрын хугацаанд гэр бүлтэй болох талаар бодсон уу. Эсвэл теннисээ орхисны дараа болох уу?

 

-Үнэндээ энэ бол миний ярих дургүй сэдэв. Хүнд хувийн амьдрал, нууц гэж байх ёстой. Мэдээж эмэгтэй хүн зөнгөөрөө ээж болохыг хүсдэг. Гэхдээ гэр бүлтэй болоход хэт эрт байна. Цаг нь ирэхээр болох ёстой зүйл болдгоороо л болно.

 

-Таны нэг өдрийн хамгийн хөгжилтэй хэсэг юу вэ?

 

-Миний ажлын өдөрт хөгжилтэй хэсэг бараг байхгүй. Өдрийн ихэнх хугацааг автомашинд л өнгөрүүлэх юм. Нэг арга хэмжээнээс нөгөө рүү явсаар байгаад таардаг. Найзуудтайгаа уулзах юм бол тэр л хамгийн хөгжилтэй байдаг. Найзууд маань үе, үе уулзаж хөлсөө гартал бүжиглэж, ярилцаж алжаалаа тайлдаг.

 

-Тамирчин хүнд дасгалжуулагч хамгийн чухал. Таны хувьд арга эвээр ажиллаж “Шантарч болохгүй шүү Серена. Багахан амарч байгаад бэлтгэлээ хийгээрэй” гэж хэлдэг эсвэл шахаж шаардан “Яг одоо талбайд гар” гэдэг дасгалжуулагчийн алийг нь сонгох вэ?

 

-Миний хувьд шахаж шаардан “Яг одоо талбайд гар” гэдэг хатуу ширүүн дасгалжуулагч хэрэгтэй. Би бол төгс төгөлдрийг эрхэмлэдэг хүн. Муу тоглож эхэлбэл сэтгэлээр унан өөрийгөө зовооно. Тиймээс өөрөөс минь илүү надад итгэж, шаргуу хөдөлмөрлөж, хүчтэй байхыг мэддэг хүнийг сонгоно. Спортын энэ ширүүн өрсөлдөөнд арга эвээр ажиллах боломжгүй.

 

- Америкийн өнгөрсөн оны нээлттэй тэмцээнд ялагдал хүлээсэн. Тухайн үед сэтгэл санаа хэр байв?

 

-Харьцангуй тайван байсан. Юуг алдсанаа мэдэхийг бодож байлаа. Дасгалжуулагч маань “Хэрвээ чи ялсан бол нэгэнт өнгөрсөн оноолт, үйл явдлаа л бодно. Харин ялагдсан учраас дараагийн тэмцээнд үүн шиг алдаа гаргаж ялагдал хүлээхгүй юмсан гэж ирээдүйг харж байна” гэж хэлсэн. Тиймээс ялагдал бүр муу байдаггүй туршлага хуримтлуулах нэгэн хичээл зүтгэл гэдгийг ойлгосон.

 

-35 нас гэдэг тамирчдын хувьд ахмаддаа ордог. 30 гарснаас хойш теннис тоглоход хэр байна вэ. Хүндрэл гарах юм уу?

 

- Ер нь гуч хүрсэн бол үе нь өнгөрдөг гэж хэн хэлсэн юм бэ. Нэг удаа ээжтэйгээ ярьж байгаад “Бурхан минь 30 хүрчихлээ гэж үү” гэхэд, “Хүн 30 хүрэхээрээ 20-тойгоосоо илүү хүчтэй болдог юм” гэж хэлж байсан. Тухайн үед ээждээ итгээгүй ч одоо бодоход хамгийн үнэн үг байж. Үнэхээр л 20-той байхаасаа илүү сайн тоглож, улам чанаржиж байна.

 

-Таньд заримдаа теннис үүрэг хариуцлага, дарамт шахалт шиг санагддаг уу?

 

-Үүнийг хийхээр төрсөн гэдгээ мэддэг учраас үүрэг хариуцлага гэж хүлээж авдаггүй. Харин ч баярладаг дуртай зүйлээ хийж амьдрах боломж хүн бүрт олдохгүй. Гэтэл надад таарсан учир аз завшаан л гэж боддог.

 

А.Даваахүү


URL:

Нэр: Anonymous Огноо: 10 October 2016

БАЙНГА Л 30 ХҮРЭЭД ХҮЧТЭЙ БОЛООД БАЙДАГ ЮМ УУ? ХЭДЭН УДАА ХҮРЧ БААЙГАА ЮМ БОЛ?ЭНЭ СЭТГҮҮЛЧИЙН НАЙРУУЛСНААР СИРЕНА БАЙНГА Л 30 ХҮРЧ БАЙДАГ БОЛОЛТОЙ

Нэр: Үүжээ Огноо: 18 October 2016

Тийн шд, яагаачгүй 35-тайд нь хүнтэй суулгахнээ

Сэтгэгдэл бичих