Ч.Сайханбилэгийн улстөржсөн шийдвэрээр Ховдод нислэг үйлдэж байгаад осолдсон “Боинг”-ийн хохирол одоогоор 8 тэрбумээр үнэлэгдэж байна

147615099657fc46d4c9b50УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр ард түмэн янз бүрийн л “бэлэг” хүлээн авч байлаа. Тэднээс онцгойрч тодорсон ганц “бэлэг” бол орон нутагт том оврын онгоцыг хямдралтай үнээр нислэг үйлдүүлэх шийдвэр байв.

Тодруулбал, Засгийн газраас анх удаа дотооддоо буюу баруун аймгууд руу том онгоц нисгэх шийдвэр гаргасан. Ховд аймаг нь хатуу хучилттай буултын талбайтай учир том онгоцуудаа тус аймагт буулгаж, тэндээс Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудад богино зайн нислэг хийхээр төлөвлөжээ. Улмаар өнгөрсөн сарын 22-нд Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс Улаанбаатар Ховд чиглэлийн том онгоцны анхны нислэгийг үйлдүүлж, сүртэй нээлт хийсэн. Ингэхдээ орон нутагт нисэхдээ дээрх онгоцны тасалбарын үнийг хямдруулж 175 мянган төгрөгөөр нислэг үйлдэж байх шийдвэр гаргасан. Өмнө нь Ховд аймаг руу “Фокер 50” онгоцоор 240 мянган төгрөгөөр нисдэг байв.

Тэгвэл өнгөрсөн хавар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн сонгуулийг угтаж гаргасан шийдвэрээр Ховд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байсан онгоц осол гаргаж олон хүний амь насыг эрсдүүлэх шахсан юм. Болсон явдлыг эргэн санавал Ховдоос Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх ёстой байсан МИАТ ХК-ийн боинг 737 онгоц техникийн саатлын улмаас нислэгээ хийж чадсангүй. Тодруулбал, 15:35 цагт Ховдоос хөөрөх гэж байсан МИАТ ХК-ийн ОМ7056 аялалын боинг 737 онгоц нислэгийн зурвасаас гарч, эвдэрсэн юм. Нислэгийн зурвасаас гарч, хөөрч чадаагүй шалтгаан нь онгоц хурдаа авах үед нь өрөөсөн дугуй салсан аж. Үүнтэй холбоотойгоор маш их хэмжээний тоосжилт үүсч улмаар мотор руу нь чулуу орж гэмтээсэн талаар эх сурвалжууд мэдээлж байсан.

Тухайн үед нь зам тээврийн сайд болон Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрынхан уг асуудлыг төдийлөн ойшоож үзээгүй.

Тэгвэл өчигдөр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Ховдод осол гаргасан онгоцны талаар мэдээлэл хийв. Түүний хэлж буйгаар уг онгоцоос болж улсад нийт 8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Тухайн үед нь онгоцыг засварлаад дахин үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ гэсэн мэдээллийг албаныхан өгч байсан ч өнөөдөр үнэн байдал нь ийнхүү илэрлээ.

Дээрээс нь тус онгоц нь манай онгоц биш. Түрүүсийн онгоц байсан. Уг онгоцыг 2014 онд үйлдвэрээс дөнгөж гарсан даруйд нь бид түрээслэж хэрэглээр авсан бөгөөд одоо үйл ажиллагааны түрээстэй явж байсан юм.

Хамгийн гол нь Ховд аймгийн аэродром нь том онгоцыг байнга буулгаж, хөөргөх боломжгүй байсныг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Хэдийгээр хатуу хучилттай буултын талбайтай ч гэсэн боингын зэрэглэлд хүрч чадахгүй, нимгэн бөгөөд нарийн замтай юм байна. МИАТ-аас Засгийн газарт хандаж дээрх зөвлөмжийг удаа дараа хүргүүлсээр байхад төрийн өмчит гэдгээр нь шахалт үзүүлж хүчээр Ховд руу том онгоцоор нислэг үйлдүүлж байжээ. Ийнхүү болохгүй гэсэн газар руу хямд үнээр, маш их эрсдэл үүрч том онгоц нисгэж буй шалтгаан нь мэдээж баруун аймгийн сонгогчдын саналыг авах гэсэн эрх баригчдын сонгуулийн шоу байлаа.

Ховдын нисэх зурваст боинг 737 онгоц нь шаардлагатай тохиолдолд 1-2 удаа л ослын буулт хийх боломжтой аж. Гэтэл жижиг онгоц буух зориулалттай, том онгоц буулгаж, хөөргөх боломжгүй аэродром дээр улс төрийн ашиг сонирхолоор онгоц нисгэж төрийн өмчит компанийг төдийгүй иргэдийг аюулд оруулж байлаа. Тэгвэл уг үйл явдлын гор одоо гарч байна. Нислэг үйлдэх боломжгүй хэмээн мэргэжлийнхэн удаа дараа сануулаад байхад сонгуулийн шоунд зориулж хэдэн арван хүний амь насыг эрсдэлд оруулж, дээрээс нь маш их хэмжээний хохирол учруулах хэмжээний шийдвэр гаргасан тухайн үеийн Ерөнхий сайд болон Зам тээврийн яамны холбогдох албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх нь зүйтэй.

Ч.Ган


URL:

Сэтгэгдэл бичих