Смарт картны оронд ГАР УТАС ашиглах боломжтой болно

9Нийтийн тээврийн хэрэгслийн төлбөрийг карт ашиглахгүйгээр, гар утсаараа хийх боломжтой үйлчилгээг арваннэгдүгээр сард нэвтрүүлэх гэж байна. Энэ талаар “Улаанбаатар Смарт Карт” компанийн шинэ төслийн багийн ахлагч М.Мөнхболдоос тодрууллаа.

- Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид төлбөрөө гар утсаар хийх боломжтой болох нь. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- Ерөнхийдөө Улаанбаатар хотын нийтийн тээвэрт,

  • Удирдлагын мэдээллийн
  • Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх гэсэн хоёр үйл ажиллагааны төсөл өнгөрсөн оны долоодугаар сарын 29-нөөс эхлэн хэрэгжсэн.

Анх хэрэгжихдээ төлбөрийн хэрэгсэл нь карт хэлбэрээр гарсан байгаа.

Харин энэ удаад төлбөрийн хэрэгслийн хоёр дахь шатны төслийн ажил хийгдэж байна. Энэ нь гар утсаараа нийтийн тээврийн төлбөр төлөх боломжийг бий болгох ажил юм.

- Төлбөр төлөхөд гар утас ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

- Техникийн шаардлагын хувьд зайлшгүй үүрэн холбооны операторын SIM карт байна. SIM карт нь U-Money функцтэй байх шаардлагатай.

Энэ үйлчилгээ хэрэгжиж эхлэхээр иргэд U-Money функцтэй симээр одоо байгаа сим картаа сольж байж нийтийн тээврийн хэрэгсэлд утсаа ашиглах боломжтой болно.

Үүнээс гадна гар утас нь NFC технологийг дэмжиж ажилладаг байх ёстой. Энэ нь гар утсанд байгаа мэдээллийг долгионоор дамжуулах боломжтой байх ёстой гэсэн үг.

Тэгэхээр SIM нь U-Money функцтэй, гар утас нь NFC-г дэмжиж ажилладаг байх ёстой байх нь.

- Ингэснээр ямар давуу талтай юм бол?

- Бусад орнуудын хувьд энэ нь өдөр тутмын хэрэглээ болчихсон байгаа. Энэ үйлчилгээ манайд бий болсноор хэрэглэгч карт авч явах шаардлагагүй, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо утсаараа төлбөрөө төлөх боломжтой болно.

-    Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

- Энэхүү төсөл хоёр шат дараалалтайгаар хэрэгжинэ.

  • Эхний шатанд одоогийн картын зарчмаар буюу заавал карт цэнэглэх цэгүүдэд очих шаардлагагүй боловч бусад төлбөрийн сувгуудаар утсаа цэнэглэх зарчмаар явна.
  • Хоёр дахь шатанд тусгай апликэйшн гарна. Апликэйшн гарснаар хэрэглэгч утаснаасаа шууд U-Money картаа цэнэглээд, хэрэглээд явах бүрэн боломжтой болно гэсэн үг.

Төсөл маань бүх нийтийн хэрэглээнд хандсан учраас эхний ээлжинд бүх үүрэн холбооны оператор, банкуудтай хамтарч ажиллана гэсэн бодолтой байгаа.

Одоогийн байдлаар бүх операторуудад саналаа хүргэчихсэн, тодорхой хэмжээний бэлтгэл, судалгааны ажлууд хийгдээд явж байна.

Ерөнхийдөө төлөвлөж байгаагаар арваннэгдүгээр сард эхний шатны үйлчилгээг нэвтрүүлнэ.

- Гар утсан дээр энгийн болон хөнгөлөлттэй картыг хэрхэн ялгаж өгөх вэ?

- Энэ тал дээр техникийн хувьд боломжтой. Гэхдээ шууд нэвтрүүлж болохгүй учраас байгууллагуудтай зөвшилцөж, тодорхой хэмжээний зөвшөөрлийг авч байж нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Тухайн карт ямар төрлийнх вэ гэдгийг нийтийн тээврийн хэрэгсэлд суурилагдсан төхөөрөмжөөс шууд хянах боломжтой, мөн жолоочийн хяналт давхар явж байгаа.


Давхардсан тоогоор авч үзвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 550,000 орчим карт идэвхтэй ашиглагдаж байгаа аж. Улаанбаатар хотод сая гаруй иргэн амьдарч байгаа гэж үзвэл тал хувь нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчих карттай болжээ.

Харин ашиглагдаж байгаа картын 300,000 гаруй нь хөнгөлөлттэй зорчих төрлийн карт байгаабол үлдсэн нь энгийн болон хүүхдийн карт байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих