Элнур Абдулаймов: Би өөрийгөө Отгондалайтай муу тоглосон гэж боддоггүй

box boksСонирхогчдын боксын 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх тулаан манай спорт сонирхогчдод таагүй дурсамж үлдээсэн байдаг. Учир нь олон улсын хэмжээний мастер Д. Отгондалай Узбекстаны боксчин Элнур Абдулаймовт шударга бусаар ялагдаж медалиас мултарсан. Ийм явдал болоогүй бол манай тамирчин өдийд олимп, дэлхийн аваргын хос медальтан хэмээн цоллуулах байлаа. Харамсалтай нь шүүгчид үүнийг хүсээгүй. Тэгвэл шүүгчдийн ачаар дэлхийн медальтан хэмээн дуудуулж яваа Узбекстаны боксчин Элнур Абдулаймов Монголд ирээд буцав. Тэрбээр Монголын боксын холбооноос зохион байгуулж буй “Чингис хаан-Улаанбаатарын цом ” тэмцээнд оролцохоор ирсэн нь энэ. Жин өгсөж 64 кг-д өрсөлдсөн тэрбээр шөвгийн дөрөвт манай тамирчин Б.Баярхүүд ялагдсанаар хүрэл медальтай нутаг буцсан юм. Энэ үеэр түүнтэй хэсэг хугацаанд ярилцлаа.

-Монголд тавтай морил!

-Баярлалаа. Энэ сайхан оронд ирсэндээ туйлын баяртай байна.

-Тэгвэл манай орны талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач. Өмнө нь хэрхэн төсөөлж байв?

-Үнэхээр сайхан байна. Танай, манай хоёр оронд төстэй зүйл их бий. Түүхэн эх сурвалж харахад ч тийм байдаг. Гэхдээ орчин үеийн Монгол Улс, тэр тусмаа Улаанбаатар хот миний төсөөлж, бодож байснаас нэлээд зөрүүтэй юм. XXI зууны хот болж чаджээ. Өндөр шилэн барилга, өмнө нь үзэж хараагүй гоё машин зөндөө харлаа. Мэдээж байгаль нь дэндүү сайхан. Ямар ч байсан миний бодсоноос өөр юм. Монгол надад маш их таалагдаж байна. Хүмүүс нь найрсаг зантай, үйлчилгээ сайтай. Бүсгүйчүүд нь царайлаг. Спорт сонирхогчид нь тамирчдаа маш сайн дэмжиж байх жишээтэй. Сэтгэл татам зүйл олон байна даа.

-Хэдийгээр тэмцээн гээд завгүй байгаа ч амжуулаад хотоор зугаалсан биз дээ?

-Үнэнийг хэлэхэд санаснаараа зугаалж чадсангүй. Бид тэмцээний хугацааг нэлээд тулгаж ирсэн учраас ядарсан. Одоо болтол ядаргаа гүйцэд арилахгүй л байна. Гэхдээ мэдээж цөөн газраар явсан. Тэмцээний амралтын өдрөөр Цонжинболдогт байдаг Чингис хааны хөшөөн дээр очлоо. Үнэхээр сүрлэг юм билээ. Би өмнө нь энэ хөшөөний талаар интернэтээс уншиж байсан. Дэргэд нь очоод өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрсөн.

-Тэмцээнд оролцох гэж ирсэн тамирчнаас “Чингис хаан-Улаанбаатарын цом”-ын зохион байгуулалтын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Өндөр төвшний зохион байгуулалттай болж өндөрлөлөө. Хэдийгээр цөөхөн орны тамирчин ирсэн ч үзүүштэй гоё тэмцээн болсон. Дараагийн тэмцээнүүдэд илүү олон орны баг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-Та өөрийнхөө тулаанд хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Би энэ тэмцээнд жин өгсөн оролцсон. Замдаа нэлээд ядарсан учраас хүссэн амжилтаа үзүүлж чадсангүй. Гэхдээ хоосон буцахгүй боллоо. Ямар ч байсан хүрэл медалийн тавцанд зогсч, төрийн далбаагаа мандуулсандаа баяртай байна. Манай улс уг тэмцээнд маш их ач холбогдол өгсөн учраас хүчтэй бүрэлдэхүүнтэй ирсэн. Ирээдүйд Узбекстаныг тив, дэлхийд төлөөлөх шилдэг залуу тамирчдаа Монголд авчирсан. Ямар ч байсан манай баг боломжийн амжилттай нутаг буцах нь. Өөрийнхөө тулааныг сайн болсон гэхгүй ч багийнхаа үр дүнд сэтгэл хангалуун байна.

-Таныг Монголын спорт сонирхогчид 2015 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтод манай Д.Отгондалайг ялсан гэдгээр тань илүү мэднэ. Та тэр тулааны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Өмнө нь Азийн аваргад би ялагдаж байсан. Харин ДАШТ-д хариугаа авсан. Шилдэг тамирчныг ялж хүрэл медаль хүртсэндээ баяртай явдаг.

-Тэр тэмцээний шүүлтэд манайхан таагүй бодолтой байдаг. Өөрөөр хэлбэл, таныг шударга бусаар медаль авсан гэж дүгнэж байгаа?

-Тийм ээ, энэ тухай сонссон. Гэхдээ би өөрийгөө муу байсан гэж бодохгүй байна. Дэлхийн аваргаас медаль авахын төлөө, ялалт байгуулахын төлөө л бэлтгэл сургуулилтаа хййсэн. Зорилгодоо ч хүрч медалийн тавцанд зогссон. Энэ тулаанд ямар нэгэн дүгнэлт өгөхийг хүсдэггүй. Шүүгч нар шийдвэрээ гаргасан. Тэгээд л гүйцээ. Бүх зүйл болоод өнгөрсөн учраас дахин сөхөх шаардлагагүй болов уу.

-Та Монголд ирээд Д.Отгондалайтай уулзсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Бид сайхан найз шүү дээ. Угаасаа тамирчин хүн бүрт байдаг араншин шүү дээ. Рингэнд, дэвжээнд гарахаараа араатан мэт дайрдаг. Харин бусад үед өрсөлдөгчтэйгээ дэндүү сайхан үерхэж нөхөрлөдөг. Бид яг л тийм найз. Тэмцээнээс бусад үед гэмгүй сайхан нөхөрлөдөг. Д.Отгондалай бол яалт ч үгүй энэ цагийн шилдэг боксчдын нэг. Үүнтэй хэн ч маргахгүй. Түүний цохилт маш хүчтэй ирдэг. Бас өрсөлдөгчөө сайн мэдэрдэг. Ер нь түүнд тамирчин хүнд байх ёстой олон давуу тал байдаг. Д.Отгондалайгаас суралцах зүйл их бий.

-Ингэхэд та ДАШТ-ээс медаль авч олимпийн эрхээ авсан мөртлөө Риог зорьж чадаагүй. Дасгалжуулагч тань “Элнур сорилд ялагдсан учраас гэртээ үлдсэн” гэж Монголын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Та Риод очоогүйдээ харамсдаг уу?

-Би одоо ч гэсэн тэр тухай бодохоор харамсах сэтгэл төрдөг. Би олимпийн эрх авахын төлөө маш их хөдөлмөрлөсөн. Ингээд ДАШТ-ээс эрхээ авахад үнэхээр их баярлаж билээ. Гэвч миний гол өрсөлдөгч маань мэргэжлийн боксын хагас хөнгөн жинд бас л олимпийн эрх авсан. Уг асуудлыг бидний дунд сорил явуулж шийдвэрлэхээр болсон. Би болон миний багш үүнийг зөв гэж үзсэн учраас хүлээн зөвшөөрч байлаа. Гэвч тулаан миний хүссэнээр болоогүй. Хэрвээ тэр тулаанд би ялсан бол өөрийгөө Риогоос медаль авах байсан гэж боддог.

-Гэртээ телевизээр олимп үзэж байхдаа юу бодож байв?

-Янз бүрийн л зүйл бодсон. Гол өрсөлдөгчдөө сорил тэмцээнд ялагдсаны дараа бэлтгэлээ үргэлжлүүлэн хийхээр шийдсэн. Одоо болтол амраагүй л явна.

-Одоо олимпийн шинэ цикл эхэлж байна. Дэлхийн өнцөг, булан бүрт байгаа улс орнууд 2020 оны олимпод тамирчдаа бэлтгээд эхэлжээ. Танд ч гэсэн бодсон зүйл байгаа биз дээ?

-Мэдээж байлгүй яах вэ. Гэхдээ одоо энэ тухай ярихад эрт байна шүү дээ. Риогийн олимп дуусаад хоёр сар л өнгөрч байна. Миний хувьд бэлтгэлээ л сайн хийхийг эрмэлздэг. Бусдыг нь дасгалжуулагч мэдээд шийдэх биз. 2020 онд үнэхээр сайн формтой байвал Токиог зорихыг үгүйсгэхгүй. Тэр болтол их хугацаа байна. Ямар нэгэн шалтгаанаар оролцохгүй ч байж болно. Эцсийн эцэст тамирчин хүн бүрийн мөрөөдөл олимп байдаг. Тиймээс мөрөөдлөө биелүүлэхийн төлөө л зүтгэнэ дээ. Тэгж чадвал боксын спортод зүтгэсний хэрэг гарна гэж боддог.

-Нээрээ та яагаад заавал боксчин болсон юм бэ. Танай улсад жүдо маш сайн хөгжсөн. Таны биед ч тохирохоор юм шиг санагдлаа?

-Үнэнийг хэлэхэд би өөрийгөө боксчин болно гэж бодоогүй. Энэ талаар ямар ч төсөөлөлгүй явсан. Гэтэл нэг л өдөр хөнгөн атлетик, бокс, бөх гэх мэт 7-8 спортын төрлөөс сонголт хийх шаардлага гарсан. Намайг шийдвэр гаргаж чадахгүй байхад Рустам багш тусалсан юм. Тэр “Чамд боксын спорт илүү тохирно. Чи шантрахгүй хичээллэж чадах уу. Тэгвэл би чамайг шавиа болгоё” гэж хэлсэн. Би ч шууд зөвшөөрсөн. Саидов Рустам багш бол манай улсын бахархал шүү дээ. Тийм болохоор л түүнийг дагахаар шийдсэн юм. Харин одоо бодоход тухайн үед үнэхээр зөв шийдвэр гаргажээ.

-Гэрийнхэн тань эсэргүүцсэн үү?

-Үгүй ээ, харин ч сайн дэмжсэн. Над шиг хөдөлгөөнтэй хүүхэд спортоор хичээллэвэл хүмүүжнэ гэж бодсон байх /инээв/.

-Таны ойрын зорилго?

-2017 оны ДАШТ. Үүнд амжилттай оролцож, дэлхийн аваргын медалиа хос болгохын төлөө зүтгэнэ дээ.

-Ингэхэд та Монголын боксын тамирчдын талаар хэр их зүйл мэдэх вэ?

-Д.Отгондалайг сайн мэднэ. Тэр бол шилдэг тамирчин. Мөн олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогтыг мэддэг. Ингээд л болоо.

-Олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба нарыг мэдэхгүй гэж үү?

-Уучлаарай, мэдэхгүй. Тэдний тухай сонсч байсан. Гэхдээ мэдэхгүй.

Жич: Тэр ийн ярьсны дараа

“Уучлаарай, би өмнө нь бас нэг хэвлэлд ярилцлага өгсөн. Тиймээс энэ удаа товчхон ярилцлага өгмөөр байна. Ингээд дуусгаж болно биз

дээ ” гэснээр бидний ярипцлага өндөрлөсөн юм.

 

 

Б.МӨНХЗУЛ /Үндэсний шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих