Сайдууд хэмээх “сайн эрс”-ийн араас…

5f94cc3f701c20d839b75684b8665d03МАН энэ удаагийн сонгуульд сөрөг хүчиндээ үнэхээр үхлийн цохилт өгөв. Нөгөөдүүл нь ч ингэж ялагдах магадлал байсан учир сэтгэлзүйн хувьд бэлэн сууцгаалаа. Мөн 2000 онд нэг удаа ийм үхлийн цохилт авч асан туршлага ч бий л дээ. Тиймээс сандарч мэгдсэнгүй. Харин ялагдлын шалтгаан гэвэл өөр хэрэг. Энэ удаа л гэхэд АН доторхи “атамануудын” нь зодоон дээр “ах нам”-ын  амлалтууд гол нөлөө үзүүлжээ.

Ард олон яахав дээ, ямар хошгирч ханах биш, Ардын намдаа итгээд саналаа ёстой тултал өгөв. Ингээд сонгуулийн маргаашнаас тэднийхээ зүг тарвага сахисан анчин шиг хэвтчихээд, өөрийнхөө хамгийн чухал “итгэл” гэх зүйлийг май гээд өгсөн тул амалсан зүйлээ хэрхэн биелүүлэхийг нь амьсгаа даран хүлээж байлаа.

Юуны өмнө хэн, хэнийг сайд даргаараа тавих нь вэ гэдгийг анхааралтай ажиглав. Яагаад гэхээр хүссэн хүсээгүй хэн дарга, сайд болохоос бидэнд амалсан зүйлс хурдан хугацаанд биелэнэ гэж найдсан хэрэг л дээ. Гэтэл сайдууд томилогдоод эхлэнгүүт л, “Өө зайлуул, үүнээс өөр амьтан олдоогүй юм байх даа.  За энэ нөхөр ч дээ, манийгаа бодно гэж лав байхгүй. Еэ чааваас, бас л нэг ирээдүйдээ зартай луйварчин болох магадлалтай нөхрийг  гаргаад тавьчихсан байна шүү дээ” гэсэн яриа хөдөө гадаагүй гарч эхэлсэн юм даа.

Сайд нар дотор ингэхэд сайн нь ч байсан, үнэхээр саар нь ч байсан. Аливаа зүйл нэг номерын хүнээсээ их хамаардаг болохоор Ерөнхий сайдаас авхуулаад нүдээ чичлүүлэх нөхөр бас байсан шүү. Гэхдээ одоо “галт тэрэг” аль хэдийнэ замдаа гарсан тул түүний хойноос халаглаж хашгираад яахав. Хурдхан шиг л ажил төрөлдөө дадаж, мань мэтийгээ гялаалгаасай билээ гээд Төрийнхөө зүг залбирч суухаас.

Хэрэв байдал энэ янзаараа үргэлжлээд, огтхон ч засарч сайжрахгүй бол ирэх жилийн цагаан сарын дараачаас М.Энхболд нам болоод Засгийн газартаа цус сэлбэлт зайлшгүй хийнэ. Эс тэгвээс МАН “Нарангийн энгэр”-т газар авч, насны нь буяны хойтохыг унших магадлал тун өндөр.

Ингэхэд хэрэв байдал энэ янзаараа үргэлжлээд, огтхон ч засарч сайжрахгүй болирэх жилийн цагаан сарын дараачаас М.Энхболд нам болоод Засгийн газартаа цус сэлбэлт зайлшгүй хийнэ. Эс тэгвээсМАН “Нарангийн энгэр”-т газар авч, насны нь буяны хойтохыг унших магадлал тун өндөр гэдгийг үзмэрч зурхайч бус аливаа зүйлийг барин тавин ярьдаг улстөрийн тоймчид өгүүлэх болсон байна.

Саяхан ингэхэд сайдуудын араас агентлагийн дарга нараа томиллоо. Мөн л тэдний зүг анхааралтай харж байв. Гэтэл байдаггүй дээ. Ихэнх нь нөгөө л хэн, нөгөө л цүнх баригчид, нөгөө л нам даган далдганагчдаас томилогдсон байв. Тэгвэл энэ нөхдийн хэн нь хэн бэ гэдгийг танилцуулах уу.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү


Уг нь тэтгэврийн хөгшин л дөө. Тиймээс энэ удаа залуусдаа байраа тавиад өгчихгүй дээ гэсэн шүүмжлэл нам дотор нь маш их бий. Даанч Сэлэнгийнх гэдгээрээ ЕС Ж.Эрдэнэбат зүтгүүлсэн гэж дуулдана лээ. Сайн яривал хамаатны ч сэжүүр бий гэсэн. Мань хүн уг нь УИХ-ын гишүүн, Хөрөнгийн биржийн захирал, МХЕГ-ын дарга гээд сэтгэл нь ханавал ханахаар албан тушаалыг хашиж ирсэн нэгэн яах аргагүй мөн. Монголын хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байхад нь, “Насаараа зөвхөн морин тэрэг л унаж явсан хүнийг сансрын хөлөг жолоод гээд өгсөнтэй ялгаагүй юм боллоо” гэсэн хэл аманд мөн ч их өртсөн дөө. Мөн “Анод” “Зоос” банктай холбоо бүхий луйварт оролцсон гэх хэл ам бий. Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн зарим нь хатуу дэглэмтэй шоронд ял авч байлаа. Харин сугарч үлдсэн нь Р.Содхүү гэгддэг юм. Ингэхэд “Анод” банк дампуурахаас зургаан сарын өмнө БНСУ-аас манай улсад суугаа ЭСЯ Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүүд илгээж асан бичиг нь “Анод” банкийг хуурамч хувьцаа гаргаж, ард иргэдийг мэхлэх үйл ажиллагаанд оролцсоны нэг баталгаа гэж үздэг. Уг  албан бичигт, “…2008 оны тавдугаар сарын 19-23-ны хооронд явагдах “Анод” банкны IPO болон Капитал increase-ийн тендерийг харуцаж буй “Си Си Пи” компани нь өнгөрөгч тавдугаар сарын эхээр БНСУ-ын “Шенань банк” болон өөрийн түншээрээ дамжуулан 4900000 ширхэг хувьцааг худалдан авна гэсэн мэдээлэл өгсөн нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд тус банк, түүний түнш тендерт оролцох бодолгүй байгаагаа манай ЭСЯ-нд албан ёсоор мэдэгдсэн” гэжээ.

МХЕГ-ын даргаар ирэхдээ ч хэл амнаас салаагүй. Чих халууцуулсан үйлдэл тун их хийснээс үүдэн Шадар сайдаасаа илүү эрх мэдэлтэй дарга гэсэн нэрийг авч байв. Мөн түүний албан тушаалын бялуунаас хүртэж ханадаггүйн шалтгааныг МАН-ын томчуудад банк луйвардаад өгчихсөн хүн аргагүй шүү дээ гэх тайлбар ам дамжин яригдаж л байдаг.  Ийм л нэг нөхөр энэ албанд томилогджээ.

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн


Сайд С.Зориг алагдсаны дараа, “Энэ Засгийн үед С.Зоригийн… гэх хэрэг илрэхгүй” гэсэн алдартай лүндэнгээ буулгасны дараа “ах нам”-ын суганд толгойгоо тун лав хавчуулж авсан нөхөр. Ингэснийхээ хүчинд ч УИХ-ын гишүүн болж байлаа. Энэ хугацаанд хэдэн ч засаг солигдов бүү мэд. Гэтэл нөгөө хэрэг нь таг чиг. “Ах” нам ч гарч байлаа. “Дүү” нам нь ч гарч байлаа. Ах дүү хоёр нийлээд ч засаглаж үзлээ. Д.Мөрөнгийн лүндэн таг чиг. Эдүгээ хүмүүсийн дунд эргэлзээ төрж, жинхэнэ эзэд нь бус хэн нэгэн жирийн хүмүүс энэ аллагыг үйлдсэн гэх жүжгийн золиос болоод өнгөрөх юм биш бизгэх хардлага төрүүлэх болжээ.

Түүнийг цагдаа зантай гэлцдэг. Ерөөсөө л энгийн газар тохирхооргүй хатуу ширүүн ааш араншинтай гэдэг юм. Албан газрынхаа ахмадуудтай ч олигтой мэндэлж чаддаггүй нөхөр гэх аж.

Гэхдээ одоо түүнд хийх маш чухал ажил байгаа. Тэрбээр Монголоор дүүрэн бугшсан гэх нь хаашаа гадаадын луйварчдыг газар нутгаасаа гаргаж чадах уу? Хууль бусаар Монголын Улсын иргэний үнэмлэх авчихаад энд сууж байгаа гадаад иргэдийг яах вэ? Мөн зочин болж орж ирчихээд хугацаа хэтрүүлэн амьдарч буй гадаад иргэдийг яах бол гэсэн хүлээлт хаа сайгүй байна. Бас харж байна. Хэрвээ үүнийг хийж, шийдэж чадахгүй бол “С.Зоригийн …” гэх хэргийн талаар хэлсэн лүндэн дээрээ бас нэгэн алдар нэмээд  дуусах биз ээ.

Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг


Түүнийг М.Энхболдын мэдлийн хүн гэдэг юм. Урьд нь энэ газрын даргаар ажиллаж байсан. Ажил албаа мэдэх ёстой хүний нэг. Гэхдээ орчин нөхцөл өнөөдөр өөр болж, татварын талаар огт ондоо бодлого баримтлах цаг болсныг дээр дооргүй яриад байгаа. Түүнийг анзаарсан биз. Дуугүй, хүлцэнгүй, өөрийн гэсэн толгойгүй гэлцдэг юм.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор


УИХ-ын гишүүн байсан гээд намынхаа буянаар түүнд хашаагүй алба бараг байхгүй. Тиймдээ ч аж ахуй муугүй мэддэг, мөн удирдах албан тушаалд хамгийн олон жил ажилласан нөхрөөр эд нараасаа тодорсон байна лээ. Ямартай ч Орон сууц болоод жижиг дунд үйлдвэрлэлийн талаар Засгийн газрын хоёр том төслийг өмнө нь муугүй хэрэгжүүлсэн гэсэн үнэлгээтэй явдаг. Нам дотроо Жунай талын хүн гэгддэг. Өөрөө Архангайнх л даа. Мөн түүнийг ер нь шударга талдаа гэж нөгөө намынхан нь хүртэл ярьдаг юм. Тэгвэл одоо үнэхээр шударга эсэх нь энэ ажлаа хэрхэн хийхээс харагдана. Яагаад гэхээр түүний ажил үүрэгт төрийн өмчит үйлдвэрийн газрууд байдаг. Түүний дарга нар гэж ардаа айхтар татаас, хамгаалалт бүхий алдартай, алдартай луйварчид бий. Ёстой л “Сүхээр цохиод унадаггүй сүргийн манлай” нар байдаг. Тэд нартай л үзэх хэрэг гарна даа. Эсвэл дийлэгдээд тэдэнтэйгээ нийлнэ, эсвэл тэднийг одоо л нэг нуга дарж авч магадгүй. Мөн ийм ч зорилгоор намын нь удирдлага тавьсан байхыг үгүйсгэх юм алга.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан


  УИХ-ын гишүүн, Үндэсний бөхийн аварга Д.Сумьяабазарын шахааны хүн. Түүний Хөрөнгө оруулалтын банкинд чухам ямар ажил эрхэлж асныг нь мэдэх хүн гарсангүй. Ингэхэд энэ агентлагт эдийн засгийн хямралтай үед нэг банк төдий бус улс орон, цаашлаад дэлхийн эдийн засгийн явцыг урьдчилан харах чадвартай хүн хэрэгтэй гэж үздэг юм билээ. Тиймээс одоогоор хэнд ч танил бус энэ залуу чухам хэдий хэр хугацааны дараа тийм хэмжээний мэдлэг чадвартай болохыг тааж мэдэх арга алга. Гэхдээ залуу хүн аль хурдан боловсрохыг тэр гэхэв.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа


УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуайн цүнхийг барьдаг, зөөдөг байсан залуу. Хөдөлмөр эрхэлсэн яамандаа ажиллаж байсан давуу талтай.

Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц


Мэргэжлийн тамирчин. Манайхан “сагсны” гэдгээр нь андахгүй дээ. Тиймээс энэ салбарт мэргэжлийн хүн ирсэнд хүмүүс нь сэтгэл өндөр байна лээ. Ер нь ч тийм ч “дэмий гонзгой” нөхөр угаасаа биш л дээ.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн


  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын дотны найз. Энэ албан дээр хамгийн олон өрсөлдөгчтэй байсан ч тэднийгээ хэрхэн зайлуулсан нь тун тодорхойгүй байдаг. Сүрхий хөдөлгөөнтэй нэгэн гэх бөгөөд жаахан ойворгондуу зантай гэлцэх нь бий. Гэхдээ энэ салбарт ажиллаж байсан гэдгээрээ давуу талтай.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт


  Энэ салбартаа мэргэжлийн хүн. Даанч халшрамтгай, аймхай зантай учраас намынхаа том дарга нарын өөдөөс ганц ч ган хийж чаддаггүй гэлцэж байна лээ.

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт


  Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын туслахаар ажиллаж байсан. Мөн л цүнхийг нь барьдаг нөхрийн нэг. Мөн Сү.Батболдын эхнэрийн нь хамаатан. “Жаахан хүүхдийг юун ч том газар тавьдаг юм бэ дээ” гэсэн хэл амыг нам дотроо тун их дагуулж байгаа. Гаалийнхан л гэхэд тийм ч сайнаар хүлээж авахгүй байгаа нь анзаарагддаг.

  Ийнхүү сайдууд хэмээх “сайн эрс”-ийн араас агентлаг гэх бас нэгэн чухал газрын дарга нар тавигдаж байна. Даанч оносон гэхээсээ алдаатай томилгоо хийж байна гэсэн үгийг намын нөхөд нь хэлэх болсон явдал тун харамсалтай. Яагаад гэхээр нөгөө л ах намын амлалт, түүний төлөө өгсөн итгэл гэх юм жирийн иргэдийн хувьд хамгийн чухал болоод буй учраас тэр л дээ.

Н.Асралт

24tsag.mn


URL:

Нэр: АХАМДЫН БАЯР: Огноо: 24 October 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.