А.Шоовдор: Хоёр компанийн хоорондын гэрээг УИХ-ын дэд дарга дэлгэх шаардлагатай гэж үү

zShoovdor-225x300Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн захирал А.Шоовдортой ярилцлаа. Бидний яриа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Эрдэнэт” үйлдвэртэй энэ оны наймдугаар сарын 25-нд ямар гэрээ хийсэн талаарх асуултаас эхэлсэн юм.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 2016 оны аравдугаар сарын 17-нд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хоёр гэрээ танилцуулсан. Үүний нэг нь танай компанитай 2017-2021 он хүртэл таван жил шохой нийлүүлэх тухай гэрээ. Асуудлын гол нь уг гэрээнд зааснаар 15 тэрбум 258 сая төгрөгийг урьдчилж төлөх, жил бүрийн эхний сард төлнө гэсэн байгааг үзүүлсэн. Энэ гэрээнд таны гарын үсэг бий. Яагаад ийм гэрээ байгуулах болсон юм бэ?

-Манай үйлдвэр 2017-2021 он хүртэл Эрдэнэт УБҮ-тэй технологийн шохой худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ чинь тохиолдлын чанартай биш шүү дээ, анх удаа ч биш. Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэр Эрдэнэт УБҮ-ийг технологийн шохойгоор 34 дэх жилдээ, барилгын байгууллагуудыг барилгын шохойгоор тасралтгүй ханган ажиллаж байна. Эрдэнэтийн УБҮ баяжмалаа ангижруулах процесст сайн чанарын шохой чухал үүрэг гүйцэтгэдэг.

Учир нь шохойн чанарын үзүүлэлт баяжмалын зардалд шууд нөлөөлдөг юм шүү дээ. Цементийн үйлдвэрлэл улирлын чанартай явагддагаараа онцлогтой. Эрдэнэт УБҮ-г шохойгоор хангахад шаардлагатай уулын ажил, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх, дулааны станцын үйл ажиллагааг найдвартай ханган явуулахад шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн жилд нийлүүлэх шохойны 40 хувийн урьдчилгаатай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан.

Энэхүү урьдчилгаатай шохой нийлүүлэх гэрээ нь шохойн үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих, үнийг тогтвортой нэг үнээр мөрдөх, чанаргүй стандарт бус шохойн нийлүүлэлтээс хамгаалсан, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг тэнцүү хангасан гэрээ юм.
Өнгөрсөн жилд 36,000 тн шохойг 20 хувийн урьдчилгаа төлбөр авахаар гэрээ байгуулаад ажиллаж байна. Эрдэнэтийн УБҮ-г технологийн шохойгоор хангах хэмжээний шохойн үйлдвэр Монгол Улсад баригдаагүй байгаа нөхцөлд Хятадаас импортоор шохой зайлшгүй авна.

Манай үйлдвэр Эрдэнэтийг 100 хувь шохойгоор, Монгол Улсын цементийн дотоодын хэрэгцээг хангахаар зорин ажиллаж байна. Монгол Улсын төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж ажилладаг Эрдэнэтийн УБҮ-ийг олон жилийн турш технологийн шохойгоор ханган ажиллаж байгаадаа хамт олон маань баяртай, Эрдэнэтийнхэн ч бидэнд талархаж явдаг.

-Үүнийг та ердийн гэрээ гэж үзэж байна уу. Хууль зөрчсөн зүйл заалт бий юу?

-Тийм ээ. Энэ гэрээ нь хоёр компанийн хоорондын харилцаа зохицуулж байгаа ердийн нэг гэрээ. Бүх аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцаа гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж явдаг. Гэрээ бол аж ахуйн нэгжүүдийн хуулийн өмнө барих хамгийн том бичиг баримт юм. Харин гэрээ байгуулаагүй бол жинхэнэ сэжигтэй хэрэг биш гэж үү.

-УИХ-ын дэд даргын үзэж байгаагаар үүнийг “шахаа” гэж нэрлэдэг хуулиас ангид нийлүүлэлт биш гэж үү?

-Байгалийн баялагаа ашиглан дотооддоо үйлдвэрлэж чаддаг, нэмүү өртөг бий болгодог бараа бүтээгдэхүүнийг импортоор худалдан авч өндөр үнээр нийлүүлэхийг “Шахаа” гэдэг байх. Бид олон жил шохой үйлдвэрлэн нийлүүлж байгаагаа шахааны бизнес хийж байна гэж бодохгүй байна.

Шохойн үйлдвэр ажиллахад дотоодын нүүрсний уурхай, эрчим хүч гээд олон компани ажиллаж улсад мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд л явдаг. Хятадаас импортын шохой Эрдэнэт УБҮ-т өндөр үнээр нийлүүлдэг цаг саяхан л байсан.  Үүнийг бид зогсоож чадсан.

-Энэ гэрээг байгуулахын өмнө уг урьдчилгаа төлбөрийг авах шалтгааны талаар Эрдэнэт үйлдвэрээс ч юм уу, Засгийн газраас төлөөлөл тантай уулзаж байсан уу?

-Үгүй. Эрдэнэт УБҮ Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн хооронд жил бүр байгуулдаг л гэрээ. Аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтад Засгийн газар оролцдоггүй.

-Тэгээд энэ гэрээ яагаад Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөвт оруулдаг татварын хэмжээнд нөлөөлсөн болж таарч байна вэ?

-Энэ гэрээ 2017 оноос хэрэгжих гэрээ. Улсын төсөвт нөлөөлөх хэмжээний ямар ч урьдчилгаа аваагүй, харин өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр манайд өглөгтэй явж байна.

-Ц.Нямдорж дарга хэлэхдээ “Энэ гэрээг хийснээс хойш 40-өөд хоног болж байна. Хөтөл, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр хоёулаа Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очлоо. Энэ хоёр Эрдэнэтийн мөнгийг хөөж гаргах ажлыг зохион байгуулсан” гэж хэлсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Захиалагч бүтээгдэхүүнээ авахын тулд, үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд урьдчилгаа төлбөртэй гэрээ хэлцэл хийгддэг. Энэ нь аль алиныхаа үйлдвэрлэлийг дэмжих, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хийгддэг гэрээний салшгүй нэг хэсэг. Манайх Эрдэнэт УБҮ-ийг технологийн шохойгоор найдвартай хангахын тулд хөрс хуулалт, шохойн чулууны олборлолт, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийхэд зориулсан урьдчилгаа авдаг.

-Танай компани Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очсон юм уу. ХХБ-ны Гүйцэтгэх захирал мэдээлэхдээ манай банкинд тэдний нэг ч хувьцаа байхгүй гэх юм?

-Худалдаа хөгжлийн банкинд манай үйлдвэрийн хувьцаа байхгүй. Харин зээл бол бий.

-Энэ бүхэн танай үйлдвэрлэлийн хувьд монополь болохоор өрнөөд байгаа бизнесийн өрсөлдөөн үү, эсвэл хоёр улстөрчийн хоорондын зөрчилд хавчуулагдаад байгаа хэрэг үү гэдгийг тайлж өгөөч?

-Оюу толгой, Бороо гоулд , хөнгөн бетон, төмөрийн хүдэр боловсруулах үйлдвэрүүд бий болсноор технологийн шохойн хэрэгцээ эрс нэмэгдэж өсөх хандлагатай байна. Манайхаас технологийн шохой авах сонирхолтой боловч тээвэр ложистикийн асуудал шийдэгдээгүй учраас Оюу толгой импортоор шохой авч байна.

Бусад боловсруулах үйлдвэрүүд технологийн шохойгоо манай үйлдвэрээс авч байна. Хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээг хэвлэл мэдээллээр цацаж олон нийтэд ташаа мэдээлэл хүргэх шаардлага баймааргүй юм даа. Тэр тусмаа УИХ-ын дэд дарга нь энэ гэрээг олж авч дэлгэж байгааг гайхаж байна.

Хэрэв манай үйлдвэрлэж байгаа шохой Эрдэнэт УБҮ-ийн техник технологийн шаардлагыг хангахгүй байгаа бол  шинээр шохойн үйлдвэр барьж байгуулах, импортоор шохой худалдан авах асуудал нээлттэй байгаа.

-Сүүлийн асуулт. Өнгөрсөн дөрвөн жилд таныг АТГ шалгаж байсан. Харин одоо та шалгагдаж байгаа юу, шалгуулаад дуусчихсан уу?

-Би энэ үйлдвэрт 30 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хувийн ч бай  хувьсгалын ч бай Баялаг бүтээгчид болон үндэсний компаниудынхаа бизнесийн нэр төрд халдан дайрч доромжлох, идээчин, уугаачин мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд ойлгуулдаг үзэгдэл газар авч байгаад харамсаж явдаг.

Тэгэхээр энэ улсад хэн юм үйлдвэрлэж бүтээх вэ? Аль эсвэл бүгд улстөрч, дуучин, бөхчин болох уу? Уг нь аж үйлдвэр хөгжиж байж л улс орон ажилгүйдэл, ядуурлыг даван туулсан олон жишээг ярьдаг биз дээ.

Намайг Улсын үйлдвэрт ажиллаж байхад нэргүй мэдээллээр 38 тэрбум төгрөг идлээ, уулаа, мөнгө угаасан гээд хоёр жил гаруй хугацаанд шалгасан.

Миний ойр дотнын хүмүүс, гэр бүл, ах дүү, найз нөхөд, хамт олон гээд шалгагдаагүй хүн үлдээгүй дээ. Харин эцэст нь шүүхээр гэм буруугүй нь тогтоогдож цагаадсан. Миний хийж чаддаг ажил учраас би буцаад үйлдвэртээ ажиллаж байна. Дарамт шахалтгүй, хардлага сэрдлэггүй, хувийн үйлдвэрт ажиллах сайхан байна.

 Ярилцсан: У.Оргилмаа


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 October 2016

Нямдоржын шахаа сүйрчих гээд байгаа юм байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.