Арван гурван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн үү

4Аав нь өвөртлөөд унтаж байдаг гэсэн…
Арван гурван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн үү!

Арван гурван нас. Бусад хүүхдийн хувьд аав ээжийн хайр энхрийлэлд элэг бүтэн жаргадаг үе. Харин охины ээж 9 настайд нь , хойд эцэгт нь  орхиод явжээ. Ээжийгээ явснаас хойш охин, хойд эцэг, эх нэгтэй хоёр дүүгийн хамт амьдрах болж…Эцэст нь үр зулбуулах эм уусан байдалтай, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандсан гэж эх сурвалж бидэнд мэдээллээ.


БАРИМТ 1

13 настай охин үр зулбуулах эм уусны улмаас өнгөрсөн сарын 28-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандсан байна. Түүнийг хойд аав нь бэлгийн харилцаанд уруу татсан байж магадгүй гэж албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Түүний хувьд анх хэвлийгээр нь базалж өвдсөн байдалтай сумын эмнэлэгтээ ханджээ. Харин сумын эмнэлгээс түүний өвдөлтийг мухар олгой гэж оношилсон байна. Ингээд дараа нь 2 дугаар шатлалын эмнэлэгт хандаж жирэмсэн гэдгээ мэдсэн даруйд хотод суудаг ээж дээрээ ирсэн байна. Харин ээж нь түүнд үр зулбуулах эм уулгаад, дараа нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ханджээа. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалжийн яриаг хүргэе.

- “13 настай охин насанд хүрээгүй. 8 дугаар ангийн сурагч гэсэн. 13-14 долоо хоногтой жирэмсэн охин ирсэн. Гэхдээ ирэх үедээ “Нарантуул” захаас ээж нь эм аваад уулгачихсан гэсэн. 9 дүгээр сарын 15-нд хэвлийгээр өвдөөд мухар олгой байж магадгүй  гээд эмнэлэгт очиж үзүүлсэн чинь жирэмсэн нь оношлогдсон. Тэр үедээ 11 долоо хоногтой байсан юм билээ. Тэгээд насанд хүрээгүй гэдэг утгаараа эмч нарын комиссын шийдвэрээр ороод албан ёсны шийдвэр эмнэлэгт гарах ёстой байсан. Гэтэл өөрсдөө зугтаад алга болчихсон. Тэгээд “Нарантуул” захаас есөн ширхэг эм аваад уулгачихсан байсан. Ер нь бол охин ээжийнхээ үгэнд ороод уусан. Тэгээд “доошоо цус гарлаа” гээд ээждээ хэлэхэд ээж нь “зулбах гэж байгаа юм” гэж хэлээд “дахиад уух уу” гэж асуусан тухай надад ярьж байсан. Тухайн үедээ нэлээд тонус ихтэй, цус их гарчихсан байсан болохоор даруй арга хэмжээ авсан.

Хойд аав нь л бэлгийн харьцаанд уруу татаж оруулсан юм шиг байгаа юм. Нэг биш нэлээд хэдэн удаа бэлгийн хамтрагч маягаар байсан байж магадгүй юм шиг санагдсан. Тэрийг нь гэрийнхэн нь мэддэг юм шиг байсан. Тэгээд ээж нь мэдсэн болоод арга хэмжээ авсан байх. Манайх ургийнх нь шинжилгээг цагдаа нарт өгсөн. Тэгээд ДНК-г нь тодорхойлоод, цагдаа сэргийлэх шалгах байх. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс охинд шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлж, цагдаа хяналтын байгууллагад мэдэгдсэн” гэлээ.

Одоогоор үр тогтоох шинжилгээний албан ёсны дүн гараагүй байгаа бөгөөд 13 настай охин хаанаас үр зулбуулах эм авч уусан, хүчирхийлэлд өртсөн эсэх нарийн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн гэдгийг албаныхан бидэнд хэлсэн юм.

Харин “Баримт” нэвтрүүлгийн баг “Арван гуравхан настай охин яагаад жирэмслэх болов. Түүнийг ийм байдалд оруулсан цаад нөхцөл шалтгаан нь юу байв. Сум орон нутгийн нийгмийн ажилтнууд юу хийж байв?” зэрэг асуултуудын хариуг тодруулахаар хотоос холгүй орших нэгэн сууринг зорьсон юм. Бид гэрийнх нь хаягийн дагуу хайсаар сумын төвийн захдуу байрлах нэгэн хашааг олов. Цэлгэр том хашаан доторх жижиг шавар байшинд хүн байсангүй. Хөршүүдийнх нь хэлснээр, бидний хайж очсон хүмүүс энд өмнө нь олон жил амьдарсан. Сүүлийн үед бараг байхаа больсон. Хойд эцэг нь хүүхдүүдтэйгээ өөр газар амьдрах болсон гэнэ. Ингээд 13 настай охины талаар хөршүүдийнх нь юу гэж ярьсныг хүргэе.

Хөрш эмэгтэй:

- Би ер мэдэхгүй. Би саяхан хотоос ирсэн. Намайг ирэхэд л гэрт нь хүн байхгүй байсан. Гэрийн хаалга нь дандаа түгжээтэй, хашаанд нь үхэр орчихсон л байх юм байна шүү дээ.

Хөрш залуу:

- Энэ чинь өөрөө хүнтэй суунгуутаа охиноо хойд аав дээр нь хаяад явчихсан. Охиноо ингээд хойд эцэг дээр нь орхиод явчихдаг юм байх даа гэж хүмүүс гайхдаг л байсан. Аав нь өвөртлөөд унтаж байдаг гэсэн сэм яриа байгаа биз дээ. Заримдаа бүр залуучуудад биеийг нь үнэлүүлэх гээд байдаг ч гэнэ үү тиймэрхүү л юм яригдаад байдаг юм.

Ээж нь салахдаа өөрийн өмнөх нөхрийн бага охиноо, хойд эцэг дээр нь үлдээгээд явжээ. “Охиноо ингээд хойд эцэг дээр нь үлдээгээд явчихдаг юм байх даа” гэж тухайн үед хүмүүс гайхаж байсан. Сүүлдээ “Охиныг аав нь өвөртлөөд унтаж байдаг гэсэн. Хар багаас нь замыг нь алдуулчихлаа” гэсэн явган яриа сумын төвөөр гарах болсон гэж хөршүүд нь хэлж байна.


Охин сумын сургуульд сурдаг. Түүнд анхаарал хандуулах  нийгмийн үүрэг хүлээсэн  ангийн багш, сургуулийн  нийгмийн ажилтнаас эхлээд олон хүн байх ёстой. Ингээд бид сумын сургуулийн захиралтай уулзсан юм.

Тэрээр,

- “Нөхцөд байдал тааруу байсан шүү дээ. Ээж нь гэртээ голчлон байдаггүй. Тэгээд хойд аавтайгаа байдаг байсан. Хараа хяналт маш сул байдаг байсан. Бид өнгөрсөн хичээлийн жилд ч гэсэн тухайн хүүхэд дээр кэйс нээгээд араас нь хамтарсан багаар явж нэлээд ажилласан. Нэлээд олон зүйлийг хэлж үүрэг болгосон. Тэгээд хайхрамжгүй байдлаасаа болоод ийм асуудал үүсч байгаа юм л даа. Тухайн хүүхэд хичээлдээ явахгүй байх, гадуур насанд хүрсэн залуучуудтай хамт яваад байсан болохоор манайх хүүхдийн хамтарсан баг сургалт семинарт хүртэл хамруулж байсан. Тэгээд л хичээл амарсны дараа асуудал үүссэн байх.

Энэ охины хувьд гэр бүлийн хараа хяналт сул хүүхэд. Өнгөрсөн жил насанд хүрсэн залуутай хамт яваад байна гэсэн мэдээллийн дагуу сургуулиас хүүхэд хамгааллын баг гарч ажилласан. Яг хүүхэдтэй тулж ажилласан хүн бол манай сургуулийн нийгмийн ажилтан” гэж  захирал хэлж байлаа.

Бид нийгмийн ажилтнаас ярилцлага авахыг хүссэн боловч, хүүхдийн хувийн нууцтай холбоотой учраас мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан. Иймээс бид ч гэсэн сэтгүүлчийн ёс зүйн үүднээс хүүхдийн нэр ус, сумын орон нутгийн нэрийг нэвтрүүлэгтээ оруулахгүй гэсэн баталгаа өгч, удаа дараа хандсаны эцэст тус сургуулийн нийгмийн ажилтан,

“Хүүхэд хамгааллын хамтарсан баг 2015 оноос хойш ажиллаж эхэлсэн. Ерөнхийдөө энэ хүүхдийн цаад амьдралын хувьд хойд эцэгтэй, төрсөн эх нь анхаарал халамж сул байсан. Хамгийн гол нь салалт. Эцэг, эхийн хүүхэддээ тавих анхаарал халамж сул байгаагаас болж өсвөр насны хүүхэд маш ихээр хохирч байна. Аав нь ямар нэг байгууллагад харьяалагдаж ажилладаггүй, олсон орлогоороо архи уудаг. Тэгэхээр тэр айл архины хамааралтай болж таарч байгаа биз…” гэх тайлбарыг бидэнд өглөө. Түүнээс авсан дараах мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн ч гэдэг юм уу, тиймэрхүү дарамт байдаг байсан болов уу? Энэ тухай та ярилцаж үзсэн үү?

-Сум орон нутагт ямар нэг байдлаар тиймэрхүү зүйл байж магадгүй шүү гэсэн ийм асуудал их яригддаг шүү дээ. Би ч гэсэн иймэрхүү хандлага мэдэрч байсан. Тухайн үед бол шууд тэр асуудлыг гаргаж ирэхэд хүндрэлтэй тийм үү. Тэгээд би ямар сайндаа хоёр гурван удаа уулзаад, магадгүй дөрөв, тав дахь удаагийн уулзалтаар  илэрч магадгүй, нэг зүйлийн гогцоо гарч магадгүй  гэж бодоод төлөвлөлт хийсэн. Гэтэл яг уулзалт болохоор багшаа… Миний бие өвдөөд байна гэдэг ч юм уу ямар нэг шалтгаан хэлдэг. Тэгэхээр уулзалт болгон товлосон хугацаандаа үр дүнтэй болох үнэхээр боломжгүй байсан. Тэр хүүхдээс бэлгийн харилцаанд орсон уу ч гэдэг юм уу, тийм шууд тулгасан асуулт тавьж байгаагүй ээ. Ээжийн хувьд бол салахдаа хүүхдүүдээ хойд эцэг дээр нь үлдээж явснаас болж л ийм асуудал үүслээ. Одоо салаад 4 жил болж байна.

-Энэ хугацаанд охин хойд эцэгтэйгээ хамт байсан гэсэн үг үү?

-Тийм. Би энэ тухай ээжид нь хэлж байсан. Ээж нь болохоор би мөнгө олох гээд ажил хийж байгаа. Охин ядаж хоёр дүүгээ хараад хэн хэндээ дэмтэй л байна гэж бодож байна гэсэн тайлбар хэлдэг байсан.

-Таны хувьд цаг зав гаргаад ажилласан гэж хэлж байна. Гэтэл ажлын үр дүн гараагүй юм биш үү?

-Мэдээж ажиллаагүй биш ажилласан. Гэр бүл рүү нь чиглэсэн урьдчилан сэргийлэх ажил зөндөө хийсэн. Хамгийн гол нь эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж ийм байдалд хүрсэн.

-Ийм байдал үүсгэхгүй байх хэмжээнд ажиллах ёстой байсан юм биш үү?

-Тодорхой хэмжээгээр ажилласан. Магадгүй энэ хүүхдийн амь эрсэдсэн бол аюул биз дээ. Тэгэхээр энэ зүйлийг эрт мэдэрч, эмнэлгийн тусламж үзүүлж асуудлыг шийдлээ шүү дээ. Үүнийг ажиллаагүй гэж хэлэхгүй биз. Мэдээж би ажилласан ажлаа хаана ч тайлагнана гэв.


Бид хүүхдийн нэр төрийг сэвтэхээс сэргийлж, сумын нэр, мөн сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сумын засаг дарга, нийгмийн бодлогын мэргэжилтэн нарын нэрийг нууцалж байна. Нийгмийн ажилтны хэлснээр “Би охинтой хэд хэдэн удаа уулзсан. Гэхдээ хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд ордог. Эсвэл ойр дотно харилцаатай эсэх талаар огт мэдээгүй” гэж тайлбарласан.

Тэгвэл тус сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн бидэнд дараах хариултыг өгсөн юм.

-Өнгөрсөн хавар хичээлээ таслаад байсан болохоор сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг гарч ажиллаж байсан. Гэтэл саяхан хүүхдийн 108 утаснаас танай сумын ийм  хүүхэд Эх нялхаст ирээд жирэмсэн гэдэг нь батлагдаад явлаа гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээлэл ирээгүй байсан бол бид энэ тухай мэдэх боломжгүй байсан.

-Хамтарсан баг ажиллаад байгаа хэрнээ энэ тухай мэдэж чадахгүй байна гэхээр ажил дутуу яваад байна гэсэн үг үү?

-Энэ тухай ёстой мэдэхгүй. Эхлээд энэ хүүхэд олгой ургасан гээд хот явсан болохоор бид сайн мэдэхгүй байна.

-Таны хувьд ажиглаж байсан, харж байсан гэсэн тайлбар хэлж байна. Хүүхэдтэй яг яаж  тулж ажилласан юм бэ?

-Сургуулийн нийгмийн ажилтан тэр хүүхэдтэй хоёр гурван удаа уулзаж ганцаарчилсан зөвлөгөө өгсөн. Бид бас тэр үед охиныг эмнэлгийн үзлэгт оруулъя гэсэн чинь ээж нь дургүйцсэн. Жижиг газар эмнэлэгт үзүүлэхээр хүүхдийн нэр хүндэд муу гэдэг үүднээс.


Энэ сумынхны хувьд анх хүүхдийн 108 утаснаас мэдээлэл авсан байна. Хэрэв Эх хүүхдийн эрүүл мэндийн  үндэсний төвөөс хүүхдийн 108 утсанд мэдээлэл өгөөгүй бол сумын сургууль, засаг захиргаа энэ тухай мэдээлэл авах боломжгүй байж. Ингээд бид хүүхэд хамгааллын багийг ахалж ажилладаг, сумын засаг даргатай уулзсан юм.

Гэвч “Ерөөсөө л гэр бүлийн байдал. Төрсөн эцэг нь нас барсны дараа ээж нь хойд эцэгтэй нь суусан. Хойд эцэг нь зөв төлөвшсөн тохитой, томоотой хүн байгаагүй. Өөрөөр хэлбэл, орон шоронгоор явж байсан. Тодорхой хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Эцэг эхийн хоорондын ийм маргаан олон жил үргэлжилсэн. Тийм гэр бүлд л байсан хүүхэд л дээ” гэсэн тайлбарыг өглөө.

“Тус сумын албан хаагчдын өгсөн мэдээллээс харахад, охины хойд эцэг нь шоронд ял эдэлж байгаад гарч ирсэн хүн. Ээж нь харин охиноо 4 жилийн өмнө, хойд эцэгт нь орхиод явсан байна. Энэ хугацаанд охинд тавих хараа хяналт суларч, эцэст нь жирэмсэн болж, үр зулбуулсан. Товчхондоо, 13 настай охины амьдрал гэр бүл салалт, эцэг эхийн хараа хяналтгүй байдлын золиос болсон нь тодорхой байна” гэж “Хөөрхөн зүрхнүүдийн аян” төрийн бус байгууллагын  зохицуулагч Б.Оюундарь дүгнэж байна.

Тэрээр цааш нь “Үл хайхрах буюу хараа хяналт сул хүүхдийн жишээ байна л даа. Ээж нь өөрөө хүүхдээ үл хайхардаг юм байна. Гурав дөрвөн жил хойд эцэгт нь үлдээсэн байна. Тэгээд юу болдог байсныг хөрш айлынх нь хүмүүс худлаа хэлэхгүй шүү дээ. Нэг оронд хамт байдаг, хамт унтаж байдаг гэсэн гээд. Хүүхэд ч гэсэн худлаа хэлнэ гэдэгт би итгэхгүй байна. Хохирогч болсон хүүхдэд бид итгэх хэрэгтэй. 13 настай хүүхэд жирэмслээд үр зулбасан энэ тохиолдолд насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон бол энэ чинь өөрөө эрүүгийн хэрэг. Тухайн этгээд хэн ч бай хуулийн  хариуцлага хүлээж л таарна” гэв

Биднийг нэвтрүүлэг бэлтгэх явцад, “Үр тогтоох шинжилгээний дүн эцэслэн гараагүй учраас энэ охин хүчирхийлэлд өртсөн эсэх нь тодорхойгүй байна” гэсэн тайлбарыг зарим албан тушаалтнууд өгч байсан. Мөн “Охин өөрөө хөнгөн явдалтай” гэх яриа ч чих дэлсэж байв. Гэвч 13 настай охиныг хэн ийм зүйлд уруу татав? Хуулиараа бол бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон тохиолдолд, хүч хэрэглэсэн эсэхээс үл хамааран хэн ч байсан эрүүгийн хариуцлага хүлээх ёстой.

Иймээс “Баримт” нэвтрүүлгийн баг Эрүүгийн цагдаагийн газарт албан ёсоор хандаж, энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн гэдгийг дурдах нь зүйтэй.


БАРИМТ 2

Өнгөрсөн онд өсвөр насны 300 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Тэдний ихэнх нь ураг төрлийн хүмүүсийн хүчингийн золиос болдог гэж Хүний эрхийн байгууллагууд мэдээлж байна.

Хүний эрхийн байгууллагуудад жилд дунджаар 350-400 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн гомдол, мэдээлэл ирдэг. Харин тэдний 30 хүртэл хувь нь 14-өөс доош насны хүүхдүүд байдаг аж. Бага насны  хүүхдүүдийн хувьд ихэвчлэн ураг төрлийн хүчингийн хохирогч болсон байдаг. Хамгийн сүүлд л гэхэд 5 настай, 7 настай хоёр охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн тохиолдол  гарсан. Бас хоёр сартай хүүхдийг бэлгийн гаж хүслээ хангах хэрэгсэл болгосон гээд сэтгэл сэрдхийлгэм хэрэг үргэлжилсээр…


“Хөөрхөн зүрхнүүдийн аян” төрийн бус байгууллагын  зохицуулагч Б.Оюундарь

- Төрсөн хоёр сартай хүүхдээ хүртэл бэлгийн гаж дур хүслээ хангах зорилгоор үтрээ рүү нь хуруугаа хийсэн тохиолдол ч гарж байсан. Бэлгийн хүчирхийллийн хамгийн муухай бугшсан төрөл нь ураг төрлийн хүчин. Цагдаагийн байгууллагынхан бол ахуйн хүрээний хүчин гэж хэлдэг. Үүнд болохоор төрөл садангийн, хөрш айлын эсвэл хойд эцэг ч юм ийм ойр тойрны хүмүүс ордог. Хүчирхийлэл үйлдэгч тухайн хохирогчийг таньдаг мэддэг боловч итгэлийг нь эвдэх замаар үйлддэг ийм гэмт хэрэг.

Харин эргээд хууль хяналтын байгууллагад хандах явцад мөрдөн байцаах шатнаас хэрэг хаагдах, буцаагдах тохиолдол хамгийн их байдаг. Яагаад гэвэл монголчууд хамгийн түрүүнд нэр төрөө боддог. Учир нь хүчирхийлэгч үйлдэгч ньтхуайн айлын тэжээгч, төрөл садангийн хүн эсвэл төрсөн эцэг, хойд эцэг нь байдаг учраас эргээд ээж нь ч юм уу хэн нэгэн өмгөөлөх хандлага байдаг.


Ураг төрлийн хүчингийн хохирогч болсон хүүхдүүд ихэвчлэн хэн нэгний дарамт, заналхийлэл дор хохирдог учраас цагдаа хүний эрхийн байгууллагуудад хандах нь ховор. Иймээс нэг хохирогчийн ард дахиад 10 хохирогч байдаг гэсэн олон улсын судалгаа ч  байна. Гэтэл манай улсын хувьд өсвөр насны охид жирэмслэх, хүүхэд төрүүлэх тохиолдол их.

Тодруулбал, 2014 онд 3200, 2015 онд  өсвөр насны 3595 охин хүүхэд төрүүлсэн мэдээлэл байна. Өсвөр насны охидын эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг “Гүнж” төвийн охидын ярианд анхаарлаа хандуулна уу.

-Манай ангид өнгөрсөн жил шилжиж ирсэн охин хичээлдээ ерөөсөө ирэхгүй байгаа. Яасан талаар нь тодруулахаар хэлээгүй. Түүнтэй дотно найзалдаг найзуудаас нь асуухаар жирэмсэн болоод саяхан төрсөн гэж хэлсэн. Үүнийг сонсоод их эмзэглэж, хэцүү санагдсан.

-Найз маань өөрөөсөө хоёр ах найз залуутай байсан. Тэгээд түүнээсээ жирэмсэн болчихсон. Хавар хичээлдээ ерөөсөө ирээгүй. Зургаас харсан чинь гэдэс нь том байх шиг болохоор манай ангийнхан таамаглачихсан байсан. Бид нар ингээд хичээлээ хийгээд инээд хөөртэй байж байхад гэртээ хүүхдээ хараад байна гэдэг харамсалтай л байх.

Дунд сургуулийн сурагчдын дунд хэн нэгэн нь жирэмслээд хүүхэд төрүүлэх нь байдаг л зүйл гэдгийг охид хэлж байв. Гэтэл энэ хүүхдүүдийн ард ураг садангийн холбоотой хэн нэгэн хүчирхийлэгч байхыг үгүйсгэх аргагүй. Цагдаагийн ерөнхий газарт ирсэн өргөдөл гомдлоос харахад 2014 онд 90, 2015 онд 68, 2016 оны эхний 10 сарын байдлаар 70-н хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоон мэдээлэл байна.

Ингэж ураг төрлийн хүчингийн хохирогч болсон хүүхдүүд цагдаагийн байгууллагад ханддаг боловч, хэрэг ихэвчлэн мөрдөн байцаах шатнаас буцаагддаг тухай албаныхан хэлсэн. Учир нь хохирогчийн төлөөлөх  хүн нь ээж нь эсвэл аав нь байдаг бол сэжигтэн нь эргээд хамаатан садангийн хүн эсвэл хойд эцэг нь байх тохиолдол олон. Ингээд эцэст нь бага насны хүүхэд хохирч үлддэг ийм л дүр зураг  тодорч байна…

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь сонсох бол ЭНД дарна уу…

Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Монголын радио

URL:

Нэр: зочин Огноо: 25 October 2016

бузар амьтныг олны өмнө ил болгож ццазал дараа дараагийн гаж донтонгуудад сургамж болог

Нэр: zochin Огноо: 25 October 2016

yu gechbee 2 sartai huuhdiig yasan genee arai buzar yum bolood baigaam bish uu ene neeree arai ch dee heleh ug ch oldohguin bn

Нэр: zochin Огноо: 25 October 2016

yu gechbee 2 sartai huuhdiig yasan genee arai buzar yum bolood baigaam bish uu ene neeree arai ch dee heleh ug ch oldohguin bn

Нэр: zochin Огноо: 26 October 2016

neg ugyylberee yasan ih dabtsan yum be

Сэтгэгдэл бичих