МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭН ХЯНАДАГ ВЭ

f72902c5-fbe8-4423-b76d-39e205b89039Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулган дээр гишүүн О.Баасанхүү “Монголын эдийн засгийг “Рио Тинто” хянадаг боллоо. “Рио тинто”-гийн өрсөлдөгчдийг гаргаж ирж байж, Монгол зөвхөн нэг компаниас хамааралгүй болно” хэмээн онцолсон юм. “Рио-Тинто”-гоос гадна Монгол улсын эдийн засагт хяналт тогтоох хүсэл сонирхолтнууд цөөнгүй байдаг нь сүүлийн 10-аад жилд болж өнгөрсөн үйл явдлуудаас тодорхой харагдсаар ирсэн. Тэр дунд Тавантолгой, шинэ төмөр замын төслийг булаацалдсан МCS, Женкогийн бүлэглэлүүд, Ц.Нямдорж гишүүний тэмцээд байгаа ХХБ, мөн манай урд хүчирхэг хөрш болох БНХАУ гээд олон талууд Монголын эдийн засгийг хянахын төлөөх тэмцэлд явж ирсэн нь нууц биш. Монголыг “авч яваа” 200-300 гэр бүлийн тухай асуудал ч 10 гаруй жилийн өмнөөс л яригдах болсон. Ингээд үзэхээр Монгол улсын эдийн засгийг нэр дурдсан бүх талууд нэг нэгнээсээ өрсөн хянахаар тэмцэлдэж байгаа нь тодорхой байгаа юм.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ “РИО” ХЯНАДАГ УУ

О.Баасанхүүгийн хэлснээр “Рио Тинто” арай ч манай эдийн засагт бүхэлд нь хяналт тавьж чадаагүй байх. Оюутолгойн ихэнх хувьцааг эзэмшдэг тэдний хувьд энэ зэрэгт хүрэхийн тулд өмнөх хэд хэдэн Засгийн газарт ажиллаж байсан С.Баяр, Д.Зоригт, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэх мэт хүмүүсийн “дэмжлэг”-ийг хүлээсэн нь тодорхой. Гэхдээ арай ч эдийн засагт бүхэлд нь хяналтаа тогтоосон гэвэл худал. Хоёр жилийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газартай Дубайн гэрээг үзэглэж, далд уурхайн бүтээн байгуулалтад зориулан олон улсын банк санхүүгийн байгууллагаас 4.4 тэрбум ам.долларыг босгосон. Тэгвэл эдүгээ ахиад нэг тэрбумыг босгох хэрэгтэй гэж байгаа сурагтай.

Эндээс харахад “Рио Тинто” манай Засгийн газрыг улам л өрөнд оруулж, манайд ашиг өгөх хугацааг хойшлуулахыг байнга хүсч байгаа нь илэрхий. Тэдний “гар хөл” болсон нөхдүүд ч хүслийг нь биелүүлэхээр хөдөлж эхэлснийг УИХ-ын гишүүний хувьд О.Баасанхүү “илчилсэн” ч байж мэдэх л юм.

ХХБ ЭДИЙН ЗАСАГТ НОЁРХОХЫГ САНААРХАВ УУ

УИХ-ын архаг гишүүдийн нэг, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Монгол улсын эдийн засгийг ХХБ, цаашлаад АН дахь МҮДН фракцийнхан хянаж эхэлсэн тухай ярьсан. Түүнийхээр ХХБ нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр улмаар “Эрдэнэт”-ийн УБҮ-ийн 49 хувийг тус тус аваад байгаа.

Цаашлаад Багануурын уурхай, цахилгаан станцуудыг өөрийн болгох гэж байгаа аж. Эсрэг тал буюу “Эрдэнэт”-ийн УБҮ, ХХБ-ныхан түүний ярьсныг үгүйсгэсээр байгаа. Гэхдээ л “овоо босгоогүй бол шаазгай суухгүй” гэгчээр ХХБ дээрх нэр бүхий үйлдвэр компаниудыг хувьчлахаад ямар нэг байдлаар оролцсон нь тодорхой юм.

Бизнесийнхэн ч Монголын банкууд ямар нэг төсөл, хувьчлал дээр биднийг дэмжихээсээ илүүтэй өөрсдөө урдуур дайраад тухайн төслийг охин компаниараа дамжуулаад авчихдаг хэмээн гомдоллох юм билээ. Ингээд үзэхээр ХХБ-д учир бий нь тодорхой байна.

ТАВАНТОЛГОЙ, ТӨМӨР ЗАМЫН ТӨЛӨӨ ХҮЧ ҮЗСЭН MSC, ЖЕНКО ЮУ

Өнгөрсөн жилүүдэд Тавантолгой орд болон шинэ төмөр замын төсөлд хяналтаа тогтоохын төлөө хоёр бүлэглэл хүч үзэж ирсэн. Тэдгээр нь АН, МАН-ыг дамнасан МCS-ийг тойрсон бүлэглэл болон АН-ын “Женко”Х.Баттулгынханбайлаа. Тэдний энэ тэмцлээс болж өнөөдөр Монгол улс шинэ төмөр зам ч үгүй бас Тавантолгойн ордоо эдийн засгийн хувьд ашигтай төсөл болгож ч чадсангүй.

Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 260 орчим км төмөр замыг тавьчихсан бол хямралд ингэтэл их дарлуулахгүй байх байв. Тэгвэл уг төмөр замыг ямар царигаар тавих тухай маргаанаас болоод хоёр төсөл хоёул өнөөг хүртэл огт хөдөлсөнгүй. Харин ч Тавантолгойн ордыг ашиглах зорилгоор байгуулагдсан төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани шахааны бизнесийн үүр уурхай болж өрөнд баригдаж өтөнд идэгдсээр удлаа. Хоёр бүлэглэлийнхэн үүнээс болж улсаа хохироосон. Өөрсдөө ч хохирсон.

Гэхдээ л хэн нэг нь нөгөөдөө бууж өгөхийг хүсээгүй учир эцэст нь хүртэл явсан нь энэ. Х.Баттулга нар “шинэ төмөр зам” төслөөс идэж уусан хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж явна. Харин энэ удаа МCS-ийхэн зорьсондоо хүрч хамтрагч “Шинхуа”-тайгаа хамтдаа Тавантолгойд эзэн суух сурагтай.

Тэр бүү хэл шинэ төмөр замын 49 хувь ч хятадуудад очих нь ойлгомжтой болоод байна. Тэгвэл энэхүү хоёр талынхан Монголын эдийн засгийг хянаж байна уу. Зарим талаар тийм гэж болно. Гэхдээ өргөн утгаараа арай ч тэр хэмжээнд очоогүй. МCS Монголын эрчим хүчний төсөл, тендерүүдээс эхлээд маш олон салбарт гар хөлөө дүрсэн гэлцдэг бол Женко нь бидний талх тариа, мах хиам гээд өргөн хэрэглээнээс гадна аялал жуулчлалд бас томоохон байр суурьтай. Гэхдээ л тэдэнд Монголын эдийн засаг тэр чигтээ хянагдаагүй л байна.

УРД ХӨРШ ҮҮ

Манайхан бүр 1990-ээд оны сүүлээс л хятадууд манай эдийн засагт хяналтаа тогтоосон тухай ярьж ирсэн. Нээрээ ч аливаа улс оронд хяналт тогтоохын тулд юуны өмнө хоолны газруудаас эхлээд түүхий эдэд нь хяналт тогтоодог гэдэг. Энэ үүднээс харвал хятадууд аль хэдийн манайд томоохон байр суурьтай болж авсан. Нийтийн хоол буюу халуун тогооноос эхлээд Монголын малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг тэд л тогтоон барьдаг болсон.

Тэд зам, барилга, уул уурхайд ч асар олноороо орж ирсэн. Одоо “Банк оф Чайна” хэмээх БНХАУ-ын төрийн мэдлийн асар том банкаа оруулж ирээд бүхнийг атгачих сонирхлоо байнга илэрхийлэх болоод байна. Ийнхүү Монголын эдийн засгийг одоогоор хэн нэгэн дангаар хянаж чадахгүй байгаа ч тун ойрын хугацаанд асуудал өөрөөр эргэх магадлал нэгэнт бий болчихоод байна.

Г.Самбаа

gereg.mn


URL:

Нэр: зочин Огноо: 25 October 2016

Баасанхүү чадварлаг ухаантай залуу шүү амжилт хүсье

Сэтгэгдэл бичих