ХУНГИЙН ХАРААЛ БА ЕРӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЧ ЯРИА

4292
Үйлийн үр үнэн үү, худал уу гэж эргэлзэх нь  би хүн үү, мал уу гэж эргүүтэхтэй адил. Хун гэгч цасан цагаан шувуу жигүүртний аймаг дотроо тогосын дараа орох сайхан шувуу байж мэдэх юм. Энд  хунгийн гадаад гоо сайхны тухай биш харин хосын амьдралдаа ямархан үнэнчийн тухайд хийгээд хүн-хунгийн амьд холбоо, хунгийн хараал, ерөөлийн тухай ам дамжин яригддаг хууч яриаг өгүүлье.Хунгийн хараал

Монгол улсын их сургуулийн биологийн ангийн хоёр оюутан 1970-аад онд Ховд аймгийн Хар-Ус нуурын хөвөөнд хээрийн дадлага хийжээ. Дадлагын хугацаандаа хунгийн чихмэл хийх нэг хэцүүхэн даалгавар тэдэнд байсан аж. Оюутнууд нутгийн нэг залуугаас бууг нь гуйж аваад нэг хун буудаж, чихмэлээ хийсэн юм байна. Чихмэл хийж байхад нэг хун тэдний толгой дээгүүр эргэлдэн нисээд байж. Оюутнууд ижил хун нь байх гэсхийгээд нэг их тоосонгүй. Гэтэл оройхон болж байтал майхных нь гадаа түсхийсэн чимээ гарчээ. Гараад харцгаатал нэг хун нөгөө чихмэлийн дэргэд газар мөргөн унаад амьсгал хурааж байв гэнэ. Хоёр оюутан “даалгавараа 200 хувь биелүүлж хоёр чихмэлтэй боллоо” хэмээн баярласан гэдэг.
Харамсалтай нь дадлагын хугацаагаа амжилттай дуусгасан хоёр оюутан замын унаагаар буцаж яваад замдаа онхолдон хоёул амь насаа алдсан ажээ.

Хунгийн ерөөл

Өвгөн эмгэн хоёр хэдэн малтайгаа Хар-Ус нуурын хөвөөнд намаржиж байжээ. Тэнгэр хуйсагнан, ингэн буйлаадас хаялсан өдрүүд үргэлжилж шувууд бараг буцаж дууслаа гэнэ. Гэтэл сүрэг хун үлдэж, хошууран ниссэнээ эргэн газардаад байгааг өвгөн ажиглажээ. Яваад очтол хөөрхий нэг хунгийн даль жигүүр хугархай тул нисч чадахгүй, санжсан жигүүрээ чирэн явгалан салбаганах аж.
Өвгөн түүнийг ихэд өрөвдөн гэрээсээ араг авчраад арайхийн барьж аваад үүрэн харив. Хунгийн сүргээс нэг нь өвгөний хойно урд орон ниснэ. Өвгөн эмгэн хоёр хунгийн хугархай далийг чиг барьж боогоод тугалынхаа хашаанд хийхэд дагаж ирсэн хун гэр дээгүүр нь эргэлдэн ниссээр байжээ. Харанхуй болоход хун сүрэгтээ нийлэхээр нуурын зүг нисэв. Маргааш нь нар мандахын хэрд хунгийн сүрэг өвгөний гэр дээгүүр хэдэнтээ эргээд алсын замдаа шуудрахад нэг нь сүргээсээ хоцорч гэр дээгүүр нь эргэлдсээр байхад хоёр хөгшин гэрээс гарч нулимсаа арчин арчин сүү өргөхөд хөөрхий хун гараараа даллах мэт дэвсээр сүргийнхээ араас одов. Сүрэг нь тэнгэрийн хаяанаас наашлан ирж нөгөө хунгаа тосч аваад зэл татан ниссээр далд орсон гэдэг.
Үлдсэн хунгийн даль жигүүр аяндаа илааршин зүгээр болсон ч хоёр хөгшнөөс огтхон ч хөндийрөлгүй, өгсөн хоолыг нь идсээр тугалынх нь хашаанд тохитой дулаахан өвөлжөөд хаврын улиралтай золгожээ. Өвгөн эмгэн хоёр ууланд өвөлжөөлөөд хавар нуурынхаа хөвөөнд ирж буув. Усны шувуудын түрүүч ирж эхэллээ. Нэг сүрэг хун нуурын захад явгалахад нэгэн хун буулгүй шууд өвгөнийхийг чиглэн ирээд гэр дээгүүр нь эргэлдэн нисэхэд нөгөө хун ч нисэхийг завдан тэмүүлсэн тул хөгшид мөн л нулимсаа шудран шудран ижилдэн дассан хундаа сүү амсуулаад тавьжээ. Хоёр хун агаарт тэврэлдэн золгох мэт болоод өвгөний гэр дээгүүр хэдэнтээ эргэлдээд сүрэгтээ очиж нийлсэн аж. Хоёр хун өдөр бүхэн дээгүүр нь халин ниссээр хаваржаад өвгөнийхийг зусландаа нүүхэд хэсэг дагаж нисээд нуурандаа үлджээ.
Хоёр хөгшин намаржаандаа буухад нөгөө хоёр хун өдөр бүхэн талархлаа илэрхийлсээр байж. Шувуу буцах болоход хос хун өвгөн эмгэн хоёрын гэр дээгүүр шүргэн алдан хэдэнтээ нисээд сүргийнхээ хойноос далд орсон ажээ. Хоёр хөгшин ч нулимсаа мэлмэрүүлсээр сүү өргөн хоцорчээ.
Гайхалтай нь саалийн ганц нэг үнээ, чөдрийн ганц мориноос өөр юмгүй шахам ядуу зүдүү хоёр хөгшиний мал сүрэг өсөн аривжиж, амьдрал ахуй нь эрс дээшлэн жаргалтай сайхан амьдарч, өндөр насыг зооглосон гэдэг.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих