3,8 их наядын төслийг 547,3 тэрбум болгож танав

downloadӨнгөрсөн оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт зардлыг 1.7 тэрбум төгрөг буюу 21.9 хувиар нэмэгдүүлсэн. Тодруулбал, урсгал зардал 494, хөрөнгийн зардал 419, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 826.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь төсвийн зардалд хяналт сул байгааг харуулж буй.

Үүний нэг жишээг 2010-2017 оны нэгдсэн төсвийн урсгал зардалд зээлийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ хамгийн өндөр өсөлттэй байгаагаас харж болно. Төсөвт хэдий хэр хэмжээгээр тодотгол хийнэ, төдий чинээгээр алдагдал, өр зээл, дараа дараагийн төсөв, төлөвлөлтөд дарамт бий болдог. Тэр дундаа өнгөрсөн онд их хэмжээгээр тодотгол хийсэн нь сонгууль, валютийн ханшийн өсөлт, өрийн үйлчилгээ, төсөвт тусгагдаагүй арга хэмжээтэй холбоотой хэмээн Нээлттэй нийгэм форумаас дүгнэж байгаа юм. Үүнд эдийн засагчид дуу нэгтэй байгаа бөгөөд дараагийн төсвийн зардлаа тооцохдоо зарцуулах ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргах хэрэгтэйг анхааруулсан.

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед хаа хаанаа танах, хэмнэх нөхцөлд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор ирэх онд хийх хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Ирэх онд шинээр 33.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Тодруулбал, зайлшгүй шаардлагатай эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгаалал, эрчим хүчний салбарт дээрх хөрөнгөөр шинэ төсөл хөтөлбөр эхлүүлэх аж. Тухайлбал, боловсролын салбарын их засварт 5.5, тоног төхөөрөмжид 10, эрүүл мэндийн салбарын их засварт гурван тэрбум, тоног төхөөрөмжид найман тэрбум, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын их засварын ажилд хоёр тэрбум, эрчим хүчний засвар шинэчлэлд таван тзрбум зарцуулах аж. Эдгээрээс бусад салбарт хөрөнгө оруулалтын обьектийг шинээр эхлүүлэхгүй юм байна. Мөн өмнөх жилүүдэд эхэлсэн ажлыг дуусгах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, гүйцэтгэгч компаниудад шаардлагатай санхүүжилтийг олгох зарчим баримтлах аж. Харин өнгөрсөн онуудаас ирэх онд шилжсэн хөрөнгө оруулалтын төслийг шийдвэрлэхэд 259 тэрбумыг зарах аж.

Эдгээрийн зарим нь 2016 оны төсөвт тусгагдаагүй аж. Тиймээс тэдгээр санхүүжилтийг ирэх оны Төсвийн тухай хуульд тусгаж, ажлыг нь дуусгах юм байна. Сангийн яаманд 3.8 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийн санал ирсэн бөгөөд нягталж шалгаад 547.3 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг төсөвт тусгаж УИХ-д өргөн барьжээ. Тодруулбал, 259.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн, 115.4 тэрбум нь концессийн, 172.8 тэрбум нь Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтыг тусгаад байгаа юм байна. Үүнээс харахад санхүүжилт, хөрөнгө оруупалт хэр буурсныг дүгнэж болно. Ирэх оны хөрөнгө оруулалтын төсвийн зарцуулалтын дүр зураг ийн харагдаж байгаа юм. Төсвөө хяналтгүй зарцуулж, тодотголыг их хэмжээгээр хийж байсан нь ирэх онд шинээр хөрөнгө оруулалтг хийх боломжийг хаав.

 

 

Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих