Хэт өөдрөг төсөөлөл өрийг өрөөр дарах сонголтод хүргэх үү

5t4n62rb8s382qpfrn4a3dh1mУлсын Их Хурлаар Монгол Улсын 2017 оны НЭГДСЭН төсвийг хэлэлцэж буй. Үүнтэй зэрэгцээд нийгэм эдийн засагтай холбоотой хурал, хэлэлцүүлэг цөөнгүй болж байна. Тэдгээрийн нэг нь “Нээлттэй нийгэм” форумаас зохион байгуулдаг төсвийн талаарх хэлэлцүүлэг. Төсвийн тэнцэл, өрийн удирдлагын талаарх хоёр дахь салбар хурал өчигдөр болсон юм. Төсвийг богино хугацаанд харвал Засгийн газрын зардлын төлөвлөгөө, дунд хугацаанд харвал эдийн засгийн бодлогын хэрэгсэл, урт хугацаанд харвал тогтвортой хөгжил, эдийн засгийн хөгжил болж харагддаг. Энэ нь санхүүгийн тогтвортой байдлаас гадна бизнесийн орчин нөхцөлийг сайжруулах, бодлогыг тогтвортой болгоход нөлөөлдөг аж.

Улсын санхүүгийн тогтвортой байдлыг илтгэх суурь хүчин зүйл нь урсгал орлого болон зарлагын тогтвортой байдал. Тодруулбал, богино, дунд, урт хугацаанд улс орны санхүүгийн чадавх, орлогоороо зардлаа санхүүжүүлэх чадвар. Гэтэл манайд сүүлийн гурван жилийн турш урсгал орлого буурсан үзүүлэлттэй байгаа юм. Ийм нөхцөлд урсгал зардлаа өсгөж тооцсоор байсан нь урсгал тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, урсгал орлогоор урсгал зардлаа санхүүжүүлэх байтал зардлаа илүү төлөвлөж орлогоосоо давуулсан нь урсгал тэнцлийг алдагдуулж байгаа юм. Үүний нэмэгдсэн гэсэн үг. Энэ үйл явц үргэлжилсээр зээлийн хэрэгцээг улам бүр нэмсэн. Ингэж төсвийн урсгал тэнцлийн тогтворгүй байдал үүссэн нь ДНБ-д шууд нөлөөлнө. Манай улсад урсгал орлого, зарлагын тогтворгүй байдал, өөрчлөлтийн дээд түвшин нь 65.9 хувьд хүрч байсан. Тэнцлийн алдагдлын хэмжээг тогтоохын тулд орлого тооцохдоо тэнцвэржүүлсэн журмаар гол нэрийн түүхий эдийн үнийг тооцсон байна. Ингэхдээ түүхий эдийн үнийг дэлхийн зах зээлд хэт өөдрөгөөр төсөөлж тооцсоноос болж орлого төлөвлөсөн хэмжээнд хүрдэггүй. Өнгөрсөн онд түүхий эдээс олох орлогоо нэмж тооцож алдаж байсан удаа бий. Энэ алдаагаа дахин давгахыг үгүйсгэхгүй юм. Наад зах нь нүүрсний үнийг олон улсын зах зээлийн үнээр тооцоод байдаг, яг хачир дээрээ хэд дахин хямд экспортолдог.

Төсвийн нийт орлогын 80 гаруй хувийг татварын орлого бүрдүүлдэг. Ирэх оны төсөвт татварын орлогыг 8-15 хувиар нэмж суулгажээ. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 15 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Гэсэн ч энэ оны орлогын албан татвар өнгөрсөн оныхоос буурсан энэ үед татвар нэмэгдүүлээд орлогоо бүрдүүлнэ гэдэг нь боломжгүй хэмээн Нээлттэй нийгэм форумаас хийсэн хөндлөнгийн дүгнэлтээр үзэж байгаа аж. Энэ оны орлогын албан татвар өнгөрсөн оныхоос буурсан үзүүлэлттэй байгаа тул орлого тасалдсан гэж үзэж болно. Үүнээс гадна 1.5 тэрбумаас доош тогтмол орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох тухай хууль төсөвтэй зэрэг яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, татвараас олох орлогоо нэмэгдүүлнэ гэж төсөвтөө тусгаад байгаа хэрнээ ажлын байр хадгалах, үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулна гээд байгаа юм. Мөн 2017 оны төсвийн төсөлд цэвэр зээл болон орлогын харьцааг 0.02 болж буурахаар тооцсон ч эдийн засгийн хүндрэлтэй үед орлогоо хэт өөдрөгөөр төсөөлсөн нь биелэхгүй байх магадлалтай. Учир нь урсгал зардлыг өсгөж төлөвлөсөн тул санхүүжилтийн дугагдал үүсч дээрх харьцаа илүү өндөр гарах магадлалтай байгаа юм. Санхүүжилтээ нөхөхийн тулд зээл авбал зээлийн хүүгийн төлбөр илүү дарамт үзүүлнэ гэсэн үг.

2013 оноос хойш төсвийн орлого нэмэгдээгүй харин ч буурах хандлага ажиглагдаж байгаа юм. Гэтэл ирэх онд нэмэгдэнэ гэж төсөөлсөн. Үүнээс гадна гадаад дотоодын бондуудын өр, зээл асуудал болоод буй. Урсгал зардалд л гэхэд урьдчилсан байдлаар 1.1 их наяд төгрөгийн зээлийн хэрэгцээ гарах аж. Мөн ирэх онд шинээр 2.4 их наяд төгрөгийн өр үүснэ гэж тооцжээ. Үүний 1.67 их наяд нь гадаад, 1.74 их наяд нь дотоод өр байх юм байна. Тодруулбал, гадаадаас илүү дотоодын өр дарамт учруулна гэсэн үг. Харин Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 24.8 их наяд төгрөг байгаа. Ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар Засгийн газар нийт 7.6 их наяд төгрөгийн дотоод гадаадын зээл авах юм. Үүний 69 хувийг Засгийн газрын өрийн үндсэн төлбөр төлөхөд зарцуулна. Тодруулбал, 50 хувь нь дотоодын зах зээлд гаргасан үнэт цаасны үндсэн төлбөр, 33 орчим хувь нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулах дүр зураг харагдаж байгаа юм. Мөн төсвийн төсөлд 2018 оны нэгдүгээр сард төлөх Чингис бондын 500 сая ам.доллар, зургаадугаар сард төлөх Дим Сам бондын нэг тэрбум юанийн үндсэн төлбөрийг төлөх хуримтлалын талаар тусгагдаагүй. Тэгэхээр дээрх өрийг хаанаас санхүүжүүлж хэрхэн төлөх нь тодорхойгүй байгаа юм.

Төсвийн төсөл ярьсны дараа дээрх төлбөртэй холбоотой асуудал үүснэ гэсэн үг. Энэ нь манай улсын эдийн засагт, төсөвт дахиад нэг хүндрэл учруулах юм. Манай улсын нийт гадаад өр 2010 оны эцэст 5.9 тэрбум ам.доллар байсан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар 23.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Тодруулбал, гадаад өр жил бүр 25 хувиар өсчээ. Үүюэс харахад сүүлийн жилүүдэд нийт өрийн үйлчилгээний төлбөр улсын тэнцвэржүүлсэн орлогод эзлэх хувь хэмжээ улам өсч буй. Үүнтэй холбоотойгоор өрийг өрөөр дарах сонголтыг улам нэмэгдүүлж, үүний хэрээр санхүүжилтын зардал өснө. Эцэст нь өрийн дарамт улам гүнзгийрзх нөхцөлийг бүрдүүлэх юм. Татварын бүх хэлбэрийн орлогыг нэмэгдэнэ гэж тооцсон ч татвар төлөгчийн тоо 4.1 хувиар буурсан нь татвар төлөгчдөд дарамт учруулах аж. Өөрөөр хэлбэл, тахварын хэмжээг нэмж, татвар төлөгчийн тоо буурвал тэр хэмжээгээр төлж буй иргэдэд дарамт ирнэ гэсэн үг. Мөн урсгал орлого нь зардлаа санхүүжүүлж хүрэлцэхгүй байгаа нөхцөлд урсгал зардлаа нэмэгдүүлж тооцсон нь эрсдэл үүсгэж, өрийн дарамт учруулна. Солигдсон Засгийн газар болшны гаргадаг нэг алдаа уул уурхайн түүхий эдийн экспортыг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь уул уурхайгаас хараат манай эдийн засгийг ганхуулах гол нөхцөл болж байна. Энэ мэтээр ирэх оны төсвийн төслийн орлого, таамаглал, төсөөллүүд хэт өөдрөг байгаа нь эргээд илүү эрсдэлд оруулж, урьдчилсан байдлаар таамагаасан төсвийн тэнцлийн алдагдлыг 2.5 их наядаас ч илүү өндөрт хүргзж болзошгүй болоод байгааг эдийн засагчид онцолж байгаа юм.

 

Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.