Да.Ганболд: “Эрдэнэт”-ийн хувийг аваад ирсэн нь хуулийн дагуу өрнөсөн процесс

ganbold_700“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа.

ДА.ГАНБОЛД: ХУВИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ”-ИЙН ХУВИЙГ АВААД ИРСЭН НЬ ХУУЛИЙН ДАГУУЛ ӨРНӨСӨН ПРОЦЕСС

-Да.Ганболд Эрдэнэтийн ТУЗ-д яагаад ажиллах болов оо гэж олон хүн сонирхож байна. Мэдээж Оюу толгойд ажил­ласан туршлага нөлөөлсөн байх?

-Таны хэлдэг шалтгаан нөлөөлсөн нь тодорхой. Миний хувьд дэлхийд олон шалгуур үзүүлэлтээрээ тэргүүн эгнээнд гэж тооцогддог толгой компанийн ТУЗ-д гурван жил гаруй ажиллалаа. Аюулгүй үйл ажиллагаа, худалдаа арилжаагаа зохион байгуулдаг систем нь ил тод, санхүүгийн үйл ажиллагааны ихэнх нь ойлгомжтой, тоглоомын дүрэм нь анхнаасаа бүх дэлхийд тодорхой компанийн сайн чанар, сайн туршлага, сайн засаглалын туршлагыг 30 гаруй жилийн настай Эрдэнэт үйлдвэртээ авчирмаар байна гээд шинэ эзэд нь надад санал тавьсан. Эрдэнэтийн оргил үе нь социализмын жилүүдэд өнгөрсөн л дөө. Зах зээлд шилжсэн сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Эрдэнэттэй холбоотой салаа үзүүртэй ойлголтууд их байсаар өнөөг хүрсэн.

-Тийм шүү, наад зах нь л хамаагүй өндөр үнээр шахаа хийдэг энэ тэр гээд Эрдэнэттэй холбоотой эвгүй мэдээлэл их сонсогддог…?

-Ярианы эхэнд шууд тэгж хэлмээргүй байна. Эрдэнэтийн хувьд олон жилийн турш Монголын ууган үйлдвэр, төсөв бүрдүүлдэг хамгийн том компани байсаар ирсэн. Гэсэн хэр нь яг нарийн зарчим, дүрэм, ажилладаг арга барилыг нь бидний ихэнх мэддэггүй. Асуудал тавьж, шүүмжилж, өмөөрч байгаа хүмүүс нь хүртэл тодорхой тоо баримт хэлдэггүй. Улсад төлсөн татвар гээд ярихад л Ц.Нямдорж гишүүн нарийн тоог нь мэдэхгүй будилах жишээний. Эрдэнэтийн талаар ярьж байгаа гишүүдийн ихэнх нь иймэрхүү.

-Мэдэхгүй хэсэг нь харин ч илүү тод, чанга дуугараад байгаа юм биш үү?

-Магадгүй. Энэ төсөлд нэр холбогдож байгаагийн минь гол шалтгаан ч үүнтэй холбоотой. Тав, зургаахан жилийн өмнө Монголын хөр­сөн дээр цоо шинээр ажил­лагаагаа эхлүүлсэн Оюу толгой төслийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн санхүү, технологи, аюулгүй байдал, боловсон хүчин, техникийн хөгжил дэвшлийн бодлогын бүх сайн туршлага, уламжлалыг Монголын хөрсөнд, нэг салбарт ажиллаж буй зэсийн томоохон ордын өдөр тутмын амьдралд хэвшүүлэх, авчрах урилгыг шинэ эзэд нь тавьсан учраас би ийшээ орж ирэх гээд байж байна. Зүгээр нэг ахуйн жишээгээр зүйрлэе.Бид зах зээлд шилжээгүй үед ганцхан Орос гэдэг улсын машин хэрэглэдэг байсан. Гэтэл өнөөдөр орос машин шинээр нь худалдаж авах сонирхолтой хүн байхгүй. Илүү шатахуун иддэг, эвдэрдэг, тохь тухгүй гэх мэт маш олон шалгуураараа барууны, дорнын машинуудтай өрсөлдөөд дийлэхгүй учраас тэр л дээ. Жишээ нь автомашин дээр яагаад япон машин унах гээд байгаа юм бэ, хуучны унаж дадсан 69-өө уна л даа гэвэл ямар сонсогдох вэ. Хэн ч “Солиороо юу, тэнэг үү” гэж гайхна. Монголын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг, хичнээн мянган хүнийг ажиллуулж буй ууган, том үйлдвэртээ машинаар зүйрлэхэд “Тоёота”, “Мерседес бенз” шиг дэлхийн технологи, туршлага, арга барилыг авчиръя гэхээр чи ер нь яадаг хулгайч вэ гэж өндөр дуугаар шүүмжлээд суугааг нь би хувьдаа ойлгохгүй байгаа.

-Өндөр дуугаар шүүмжилнэ гэснээс Эрдэнэтийн хувьчлалын талаарх байнгын хорооны хурал ширүүхэн өрнөсөн. Ц.Нямдорж гишүүн Оросын талаас хувийг нь худалдаж авсан компанийн хүмүүсийг нэр зааж хардаж, загнаад нэлээд юм болсныг та харсан байх. Хэлцэл яагаад, ямар шалтгаанаар, яаж хийгдэв гэсэн асуултад та ямар хариу өгөх вэ?

-Худалдан авалтын процессыг би бусад хүнээс түлхүү яримгүй байна. Учир нь би Оросын 49 хувийг авалцах, өгөлцөх, төлбөр хийх, янз бүрийн зөвлөгөө өгөх, хууль зүйн зарим нэгэн олон талтай асуудлуудыг нарийн судалж, гүнзгийрч орсон хүн биш. Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд, бусад холбогдох хүмүүс, энэ бизнесийн наймаа арилжаанд оролцсон компани гэж бий. Хуучин, шинэ эздийн хооронд үүссэн хууль зүйн, бизнесийн, шилжүүлэлтийн асуудлыг хариуцсан шууд эрх мэдэлтэй, хэрэгжүүлсэн хүмүүс нь байгаа. Ямар учраас энэ наймаа зүгээр мөрөөрөө явдаг улстөрчдийн тэнцвэрийг нь алдагдуулж, өндөр дуугаар бие бие рүүгээ дайрах довтлох, хүмүүсийг элдэв шидээр яллах довтлох уур амьсгал үүсгэв гэдэг нь надад илүү сонин байна.

-Оросын талын хувийг Монголын компани аваад ирсэн нь тэгтлээ уурлаж, өшрөөд баймгүй, харин ч бусад улсаас түрүүлээд авсанд нь баяр хүргэмээр үйл явдал болсон шиг санагдах юм. Энэ асуудлыг барьж авсан улстөрчид байсхийгээд л төр Эрдэнэтийн 49 хувийг авна, наадах чинь ард түмнийх гээд байх юм. Оросын тал хувиа зарсан л хэрэг биз дээ?

-Би түрүүн автомашинаар зүйрлүүлж хэлсэн дээ. Яагаад заавал биднийг хуучин ямбий, чанар муутай, үр ашиггүй машин унуулах гээд байгааг нь ойлгохгүй байна. Байнгын хороодын хурал дээр өрнөсөн хэлэлцүүлгээс төрсөн анхны сэтгэгдлийн нэг нь энэ. Түрүүн хэлсэнчлэн хамгийн мэддэггүй нь, бүрэн гүйцэд мэдээлэл аваагүй нь, магадгүй хэн нэгний даалгавраар хөдөлж байгаа нь чанга дуугарч, илүү ихээр хөмсгөө зангидаж, бусдаас тодоор хоолойгоо шахаж яриад байх шиг. Ард түмэндээ өгнө, төр 49 хувийг авна гэж яриад байх юм. Монголын төрийн 51 хувь байснаараа байгаа. Бүх ажиллагааг 51:49 хувийн эзэмшил, хуулийнхаа хүрээнд л хэрэгжүүлээд явна. Өөрчлөлт оруулж, саад тавих гэсэн хүн огтоосоо алга. Гагцхүү Монголд ямар ч хүртээлгүй, 35 гаруй жилийн хугацаанд гадаад хүний өмчид байсан зүйлийг Монголын компани худалдаж аваад өөрийн болгоод ирсэн. Жижигхэн зүйрлэл хэлье. Нэг аймгийн музейгээс алдагдсан түүхийн ховор үзмэрийг хулгайлчихаж гэж бодъё. Гэтэл Монголын нэг иргэн Парисын дуудлага худалдаанд оролцож, түүхийн ховор үзмэрээ худалдаж аваад эх орондоо авчирвал яах вэ. Ингэлээ гээд буруутах шалтгаан байна уу. Үүнээс ялгаагүй эд. Олоод ирснийг нь улс булааж өөрийн болгох гээд байгаагийн шалтгаан нь яг юу юм бол гэж гайхаж сууна. Монголын түүх, соёлын эд өлгийн зүйл хулгайн замаар гадагшаа гарсаар байгаа. Ийм зүйлийг харсаар байж төсөвтөө мөнгө суулгаж авъя гэж зорьдоггүй, сэтгэл гаргаж мөнгө олж чаддаггүй хэрнээ дөрөв, таван зуун сая ам.долларын асуудлыг болохоор авна, бид чадах байсан, миний авах гэж байсан юмыг чи авлаа гэцгээсээр суугааг нь гайхаж байна. Хаана байгаа, ямар мөнгөөрөө авах байсан юм бүү мэд. Үнэхээр Эрдэнэтийн 49 хувийг авах дэл сул мөнгө байсан юм бол зарцуулахаас аргагүй, амин чухал хэрэгцээтэй өчнөөн зүйл бий. Цалин, тэтгэврээс эхлээд сургууль, цэцэрлэггүй аймаг, барих ёстой зам гээд шийдэх ёстой зөндөө асуудал энэ улсад байна.

-Улстөрчид дөрөв, таван зуухан сая ам.доллар гэж яриад байх юм. Уг нь төсөв улайсан, эдийн засаг хямарсан өнөөдрийн хувьд улсад бол ихээс их мөнгө. Ийм үед засгаас бэлнээр тоолоод өгчих мөнгө мөн үү?

-Их мөнгө, бараг их наяд шахуу төгрөг шүү дээ. МАН сонгуульд өрсөлдөхдөө юу ч алга, эдийн засаг сүйрлээ гэж ярьж байж гарч ирсэн. Ч.Сайханбилэгт тийм их мөнгө байгаагүйг өөрсдөө мэдсээр, ярьсаар сонгуульд ялсан улс. Сонгууль дуусаад бараг дөрвөн сар өнгөрлөө. Эхний өдрөөсөө л өрөндөө баригдлаа гэж шүүмжилсэн хэрнээ Засгийн газрын гаргаж буй анхны шийдвэр нь нэмж зээл авах. Одоо хөөцөлдөж байгаа. Гэхдээ өнөөдөр нэг ч төгрөгийн зээл бүтээгүй. Гэвч яриа хөөрөө нь дажгүй явж байгаа. Бүтэх нь ч тодорхой. Монгол Улс хэдийгээр хүндхэн зурвас үеийг туулж яваа ч итгэл найдвараа алдсан, нэмж зээл авах нүүргүй болтлоо туйлдсан орон биш. Харин ч маш том ирээдүйтэй, олон газар орны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа улс. Тийм учраас урдаас уу, хойноос уу, олон улсын байгууллагаас уу хамаагүй, хөөцөлдөж байгаа зээлүүд бүтнэ. Оросын хувьд ганц Эрдэнэт биш төрийн өмчийн маш олон обьектоо хувьчилж байгаа. Ийм нөхцөлд Монголын компани Эрдэнэтийн 49 хувийг худалдаж аваад ирсэнд баярлалаа гэх ёстой. “Монголын зэс корпораци” гэдэг компанийнханд одон медаль зүүгээд, Монголынхоо баялгийг тодорхойгоор нэмэгдүүллээ гэхийн оронд хоолойгоо шахаж, элдэв шидээр дайрч доромжилж, хардаж байгаа нь 37, 38 оны хэлмэгдүүллийн үе, цээжээ дэлдсэн коммунистуудын дүр төрхийг санагдуулаад байна л даа. Гэхдээ зугуухандаа ойлгох биз дээ.

Миний хувьд Эрдэнэт рүү бүрэн гүйцэд ороогүй. Томилгоо аваад удаагүй, үндсэн ажил руугаа бүрэн орж чадаагүй байна. ТУЗ-ийн гишүүд гэдэг томилогдонгуутаа нэг юм яриад, хаана юу зөрчигдөж байна гэж мөрдөн байцаагч шиг ухаж төнхөөд явдаг хүмүүс биш. ТУЗ бол хамтын байгууллага.

-”Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компани авсан нь хууль зөрчсөн үйлдэл боллоо гэсэн агуулгатай байр суурь, мэдэгдлүүдийг улстөрчид хийсээр байна. Хууль талаас нь та ямар тайлбар хэлэх вэ?

-Манай орны хувьд төрийн өмч, хувийн өмч, ер нь өмчийн олон хэвшлүүдийн хооронд аль нэг нь давуу эрх эдлэх ёсгүй, өмчийн бүх хэлбэр тэнцүү эрхтэй гэдгийг Үндсэн хуульдаа заагаад өгчихсөн. Төр нь Эрдэнэтийн хувийг авах мөнгийг түргэн шуурхай олоод ирэх бололцоогүй үед Монголын хувийн компани мөнгө олоод түргэн шуурхай ажиллаад аваад ирнэ гэдэг хуулийн дагуу л болсон процесс. Үндсэн хуулийн дагуу бол өрнөх ёстой зүйл өрнөдгөөрөө өрнөсөн. Монгол Улсын эд хөрөнгө баялаг, үйлдвэрлэл явуулах бололцоо нэмэгдсэн болохоос хэн нэгний юмыг булаагаад хулгайлаад авсан зүйл үгүй. Ийм зүйлийг илүү тайван, илүү өргөн, илүү томоор харах хэрэгтэй. Тэр тусмаа Монголын холын ирээдүйн хөгжлийг харж байгаа төрийн түшээ гэгдэх хүмүүс ийм юмыг олж харахгүйгээр “Би эндээс юу олох вэ, надад энэ ямар хүртээлтэй юм бэ” гэдэг амиа, халаасаа, хувийнхаа сонирхлоо урдаа тавьж өндөр, эр хонгор дуугаар ярьж байгаа нь дахиад нэг том асуудал төрүүлээд байна.

-”Эрдэнэт”-ийн 49 хувийг хэтэрхий бага мөнгөөр авчихлаа гэсэн улстөржилт ид дундаа байна. Эндээс ургуулаад бодохоор Эрдэнэт ер нь хэр үнэлгээтэй, ямар орд вэ гэдэг асуултыг тавихаас аргагүй байна л даа?

-Миний хувьд Эрдэнэт рүү бүрэн гүйцэд ороогүй. Томилгоо аваад удаагүй, үндсэн ажил руугаа бүрэн орж чадаагүй байна. ТУЗ-ийн гишүүд гэдэг томилогдонгуутаа нэг юм яриад, хаана юу зөрчигдөж байна гэж мөрдөн байцаагч шиг ухаж төнхөөд явдаг хүмүүс биш. ТУЗ бол хамтын байгууллага. Шаардлагатай мэдээллээ гүйцэтгэх удирдлагаасаа авч, олон талаас нь ярьж хэлэлцээд, ойлгомжгүй эргэлзээтэй зүйл байвал лавлаж асуугаад, бололцооны бүх мэдээллийг авсныхаа үндсэн дээр дараа нь ямар ажил хийх ёстой вэ гэдэг дээр хамтын шийдвэр гаргадаг. Гэтэл өнөөдөр Эрдэнэтийн ТУЗ ажилдаа хараахан ороогүй байна. Гучаад жил гурав, гурваараа томилогдоод ажиллаад ирсэн байгууллагыг яагаад ч юм гэнэт дөрөв болгочихлоо. Зарчмын хувьд гурав, дөрөв нь хамаагүй. Эцсийн дүнд санал хураалтын тоогоор яривал 51:49 гэсэн харьцаагаар л явна. Оросуудтай ямар зарчмаар ажиллаж байсан түүгээрээ явна гэсэн үг. Орос гэдгийн оронд л “Монголын зэс корпораци” гэсэн нэр тавигдана. Иванов гэдэг орос хүний овгийн оронд Дорж гэж монгол хүний нэрийг хуулж тавиад шинэ байдлаар дүрэм хийснийг Болор сайд баталсан хэрэг. Өмнө нь энэ компани Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр, аль далаад онд байгуулагдсан хэлэлцээгээр ажилладаг байсан бол өнөөдөр Монголын компанийн тухай хуульд захирагддаг Монголын аж ахуйн нэгж болчихсон. Өөрийгөө УИХ-ын гишүүн гэж бодож байгаа хүн наад зах нь Компанийн тухай хуулийг нэг удаа уншчих хэрэгтэй. Компанигүй байж болох ч компанийн тухай ямар нэг шийдвэр, дүгнэлт гаргах гэж байгаа бол энэ хуулийг харах ёстой. Компанийн хуульд ТУЗ, гүйцэтгэх удирдлага гэж юу байдаг, санал хураалтыг яаж явуулдаг юм, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын эрх мэдэл нь юу билээ гэдгийг харж, судалж байж ярих учиртай.

-Эрдэнэтэд тендер гэж хөшигний цаана өрнөдөг том юм бий. Улстөрчид чанга дуугаар шүүмжлээд байгаагийн гол шалтгаан нь ерөөсөө энэ. Тодруулж хэлбэл их мөнгө Эрдэнэтийг өндөр авахуулж байна л даа. Та юу гэж бодож байна?

-Миний хувьд гурван жил гаруй хугацаанд “Оюу толгой”-д ажилласан. Тэнд ямар шийдвэрүүд яаж гардаг, ямар тайлангуудыг ТУЗ-ийн гишүүдэд танилцуулдаг, ямар мэдээллээр яаж хангадаг, тендерүүд яаж зарлагддаг, хаана хэн хэн оролцдог, оролцож байгаа компаниудад ямар хариу өгдөг зэрэг бүх юм нь ил байдаг. Тендерт оролцохоос нь өмнө манай тендерийн журам энэ шүү, энэ шаардлагыг хангахгүй бол танд оролцох эрх байхгүй гээд нээлттэйгээр мэдээлчихдэг. Шаардлага хангасан, үүнийг нь зөвшөөрсөн компаниуд тендерт орж ялбал ялж, ялагдвал ялагдаад явдаг. Харин Эрдэнэт дээр юу болж байгааг хэн ч мэддэггүй. Ямар ч ил тод мэдээ байхгүй. Цахим хуудсан дээр нь дарга цэрэг нь Дорж, Батаа, Цэцэгээ гэж байдгаас биш ямар дүрэм, шалгууртай, яаж авсан, юу болсон гэх мэт нарийн ширийн мэдээллийг мэдэх бололцоогүй. Оюу толгойг өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд бүх шатны улстөрчид янз бүрээр өөлсөн, шүүмжилсэн. Мэдээж шүүмжлэх зүйл байлгүй яахав. Гэхдээ хэдэн жил өнгөрсний дараа эргээд харахад 1300 гаруй метрийн дороос, олон миллиард долларын хөрөнгө оруулалт хийж, маш хүнд хэцүү нөхцөлд уурхай ажиллуулахаар бэлдэж, өчнөөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихээд байхад нэг тонн баяжмалын гаргаж буй зардал нь худалч хүнд Эрдэнэтээс бараг хоёр дахин бага байна. Эрдэнэтийн хувьд гуч гаруй жил ажиллачихсан, хамаг ажил нь жигдэрсэн компани. Тэр ч байтугай зарим байшин барилга, тоног төхөөрөмжийн ихэнх нь өртгөө аль хэдийнэ нөхчихсөн. Дэд бүтцийн ямар ч асуудалгүй. Гэтэл Оюу толгой хол газраас хамаагүй өндөр үнээр тог цахилгаан авдаг. Хүмүүсийг ажиллуулахын тулд онгоцоор өчнөөн зардал гаргаж өдөр бүр тээвэрлэдэг. Тэгэхээр Эрдэнэтийн зардал юунаас болоод ийм өндөр байгааг бодож үзэх хэрэгтэй. Үнэхээр зохиомол алдагдал уу, үр ашиг муугаас болсон уу, хоцрогдсон техникээс шалтгаалав уу гэдгийг нягтлах ёстой. Нэг жишээ хэлье. Оюу толгой сар бүр мэдээ гаргадаг. Дэлхийн зэсийн том ордуудыг жагсаагаад энэ үзүүлэлтээрээ ийм тийм байна гэж ирээд мэдээлдэг. Тэгээд аль болох тэргүүний байр сууринд очихын төлөө зорьж ажилладаг.

-Эрдэнэтэд тэгвэл ийм хандлага, жишээ байна уу?

-Одоогоор мэдэхгүй учраас байхгүй гэж муулмааргүй байна. Гэхдээ Оюу толгойтой харьцуулахад маш олон үзүүлэлтээрээ хол хойно яваа нь үнэн. Уг нь обьемоороо, 500, 600 мянган тонн зэсийн баяжмал гаргадаг гэдгээрээ дэлхийд бараг эхний арав дотор багтдаг том үйлдвэр. Гэсэн хэр нь үр ашгийн үзүүлэлтүүдээрээ яагаад тийм хол, ард явна вэ гэдгийн цаана ямар нэг шалтгаан байгаа нь ойлгомжтой. ТУЗ юм бол, үнэхээр Монгол Улсын төлөө ажиллаж байгаа бол одоо Орос хамаагүй, зуун хувь Монголын өмч болчихлоо. Зардлаа багасгахын төлөө ажиллах боломж нээгдэж байна гэсэн үг. Зардал багасна гэдэг чинь ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Зэсийн үнэд Монгол мэдээж нөлөөлж чадахгүй. Зэсийн үнэ ямар байхаас хамаараад зардал нь багасвал манай улсын ашиг л нэмэгдэнэ. Монголын ашиг нэмэгдвэл ашигт ногдох татвар нь төсөвт орно. Рояалти буюу байгалийн баялаг ашигласны төлбөр Монголын төсөвт л очно.

-Бас Орос руу очдог байсан 49 хувийн ногдол ашгаас хүртэх бүхэн Монголд орж ирнэ…?

-Тэгнэ. “Монголын зэс корпораци” гэдэг компани өөртөө оногдох юмаа авах л юм бол түүнд оногдох бүх татварууд Монгол Улсын төсөвт орно. Улстөрчид ард түмний төлөө гэж их ярьдаг. Ард түмний төлөө хийдэг юм төсвөөр дамжиж л яригдана. Өөрөөр хэлбэл, энэ наймаа явснаас хойш Монголын төсөвт орох мөнгө нэмэгдэх нөхцөл бүрдчихсэн. Энэ компанийн ашиг нэмэгдвэл Эрдэнэтэд ажилладаг хүмүүсийн цалин өснө. Эрдэнэт хотын хүрээнд хэрэгжүүлдэг нийгмийн халамжийн янз бүрийн ажлын цар хүрээ өргөснө. Эцсийн дүндээ эрдэнэтийнхэнд л өгөөжөө өгнө. Хойд хөрш рүү явдаг мөнгө энд үлдэнэ гэсэн үг.

-Эрдэнэт ба Оюу толгой гээд харьцуулахаар эрс тэс олон юм бий. Эрдэнэт, Оюу толгойн ялгаануудыг хамгийн сайн мэдэх хүний нэг нь та даа…?

-Миний хувьд Эрдэнэт дээр ганцхан юмыг харьцуулж чадаж байна. Эрдэнэт рүү бараа бүтээгдэхүүнийг дандаа өндөр үнээр шахдаг.

-Эрдэнэтийн ТУЗ шинэ бүрэлдэхүүнээрээ ажиллаад эхлэхээр 49 хувийг төлөөлсөн гишүүдэд ядаж л юуг ямар үнээр авч байгааг нь харьцуулаад явчих нөхцөл боломж бүрдэх байх, тийм үү?

-Тэгнэ, жишээ нь маргаашнаас манай ТУЗ хэвийн үйл ажиллагаанд орж, янз бүрийн тайлан аваад эхэлбэл байдал илүү тодорхой болно. Наад зах нь баяжмал гаргадаг уут гэж бий. Хүн бүрийн мэддэг зүйл. Баяжмалын уутнуудыг бүгдийг нь Монголд оёж байгаа. Арваад компани оёдог юм. Хэдээр өгч, авч байгааг нь харьцуулаад харчихна. Маш ойлгомжтой асуудал. Орос машин хамаагүй илүү шатахуун иддэг. Гэхдээ шатахуунаа ямар нэг үнээр авч байгаа. Монголын хэдхэн компани бензин оруулж ирдэг. Ямар үнээр шатахуун авсныг нь харъя, сонин дээр хэвлэе л дээ. Хятадын хэдэн компани Эрдэнэтийн бүх баяжмалыг авдаг. Нууц юм байхгүй. Гэхдээ нэг тонн баяжмалыг Оюу толгой хэдээр өгч, Эрдэнэт хэдээр зарж байгааг харьцуулъя.

-Энэ тоонууд ил болчих учраас зарим улстөрч таны хэлдгээр хөмсгөө илүү зангидаж, бусдаас чанга дуугаар шүүмжлээд байгаа юм биш үү?

-Тийм л дээ, үүнийг ил болгочих гээд байгаа учраас зарим хүмүүс боож үхэх гээд байгаа нь үнэний хувьтай.

-Эрдэнэтэд ганц ширхэг аягыг санаанд багтамгүй үнээр шахжээ энэ тэр гээд аймаар тоонууд сонсогдоод эхэлчихсэн. Та тиймэрхүү айхтар тоонуудтай танилцаад эхэлчихсэн үү?

-Яг албан ёсоор ширээнийхээ ард, кабинетдаа, төрийн 51 хувийг төлөөлөөд ирсэн гишүүдтэйгээ ярьж суугаад хамтын шийдвэр гаргаж байж ярих асуудал. Шаардлагатай бол эхний шийдвэр гаргаад ТУЗ-ийнхөө дотор ярина. Байгууллагын, технологийн нууц гэж бий. Өнөөдөр би тантай Эрдэнэтийн асуудлаар ярьж байна. Гэхдээ сэтгүүлчийн асуусан тоолонгоор бүхнийг дэлгээд тавьчихдаг хүн гэж байхгүй. Ц.Нямдорж гишүүн төрийн мэдэхгүй нууц мэдээлэл надад байна гэнэ лээ. Төрд мэдэхгүй юм гэж байдаггүй. Харин олон нийтийн мэдэхгүй юмнуудыг мэддэг мэдээллүүд гэж байдаг юм. Нийтээрээ мэддэггүй маш олон мэдээлэл надад ч бий. Тэрийг дэлгэх шаардлагатай үед, жишээ нь УИХ дээр ч юм уу дэлгэж болно.

-Гэхдээ л Эрдэнэтэд аймаар үнээр бараа бүтээгдэхүүн шахдаг нь нэгэнт ил болчихсон шүү дээ?

-Аймаар үнээр шахдаг нь үнэн. Би нэг л зүйл хэлье. Өнөөдөр шахааны эсрэг ярьж байгаа зүйл нэг ч алга. Шахааг өнөөдөр ганц Эрдэнэт дээр онцгойлж яриад байгаа болохоос ер нь төрийн өмчийн компаниуд бүгд адилхан гэдгийг бас бодох хэрэгтэй. Том, багаараа л ялгаатай.

-Эрдэнэтээс иддэг уудаг, идэж уухыг зорьж байгаа улстөрчид 49 хувийг эсэргүүцээд байна гэж ойлгочиход болохгүй юмгүй л санагдаж байна?

-Тэндээс ямар нэг зүйл идэж уухыг ч юм уу ямар нэг зүйл горилж хүсч байгаа улс л эсэргүүцдэгээс биш улстөрчдийг бүгдийг нь хэлж болохгүй нь мэдээж. Эрдэнэтээс авахыг завдаж байгаа, өнөөдөр миний хоолны ээлж гэж бодоод ороод ирсэн хүн байхыг үгүйсгэхгүй.

-Эрдэнэтэд хувийн компани 49 хувийн хэмжээнд оролцоод ирэхээр улстөрчдийн шахаа, идээ уугаа хаагдах болов уу?

-Нэг шөнийн дотор хаагдана гэж бодохгүй байна. Улстөр гэдэг чинь өөрийн жам, дүрэмтэй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэж айхтар үг бий. Дэндүү улайрсан, дэндүү олон арван жил явчихсан. Жишээ нь бодит шалтгаанаар нэг шөнийн дотор Эрдэнэтийн белазуудыг барууныхаар сольж болохгүй. Хэдий муу машин байлаа ч солино гэдэг нэрийн цаана гаргаад хаячихаж болохгүй л дээ. Тэгэхээр нэг хэсэгтээ хуучны буруу арга барил, буруу зуршил, муу техник, муу технологитой холбоотой их олон юм үргэлжилж явахаас өөр аргагүй. Хүссэн, хүсээгүй өнөө муу юмыг нь ажиллуулна, ажиллуулахын тулд запас, сэлбэгийг нь авна. Тэднийг нь хийдэг шахдаг олон жил тогтчихсон газрууд бий. Тэдэнтэй нь харилцана. Тэр ч байтугай урьдчилаад гэрээ мөнгө хийчихсэн зүйлсийг нь үгүй гэж татгалзах эрх байхгүй. 51-тэйгээ харилцан тохиролцож байж шийдэгдэх асуудал. “Би л ганцаараа мундаг, ерөөсөө ингэх ёстой” гэж сэлэм эргүүлснээрээ ажил явдаггүй. Дотроо давхар санаатай, хожоо, хувийн улсын юмыг хослуулаад бодчихсон улс байгааг үгүйсгэхгүй. Байгаа нь тодорхой. Гэхдээ апетитаа зохицуулах шаардлага гарах нь бол тодорхой. Зөв зорилго тавиад, зөвөөр тайлбарлаад, зарчмаа, тоглоомынхоо дүрмийг ил болгоод явах юм бол 51, 49 хувийн алиных нь ч төлөөлөл бай биенээ ойлгоод явна гэдэгт миний хувьд хатуу итгэдэг. Хэдийгээр бид өөр нам болоод өөр зорилго тавьж байгаа ч ардчилал гэдэг чинь эцсийн дүндээ зугуухан, аажмаар, улс орон, хувь хүмүүс, үйлдвэрийн хамт олон, жирийн ажиллагсад, шийдвэр гаргагчдад аль алиндаа ач тустай шийдвэр гаргахын төлөөх систем. Тэгэхээр зугуухандаа явах нь тодорхой.

-Нямдорж гишүүнд үнэхээр төрийн, хэний ч мэдэхгүй нууц байгаа болов уу?

-Том том нууц дэлгэнэ гэсэн, ямар ч нууц байхгүй нь хэд хоногийн өмнө харагдлаа шүү дээ. Ерэн оноос хойш ардчиллыг яаж муу хэлж байлаа. Өмч хувьчлал, үнэ чөлөөлөх асуудал, Англи, Америк, Израил, Өмнөд Солонгостой харилцаа тогтоож байх үед яадаг байлаа. Бүгд ойлгомжтой болчихсон. Өнөөдөр том, жижиг асуудал дээр янз бүрийн маргаан байхыг үгүйсгэхгүй, өөр үзэл бодол байхыг ч хорих аргагүй, угаасаа тийм байх ёстой. Гэхдээ ерөнхий зарчим дээр, ерөнхий зарчмын гадаад бодлогын асуудлууд дээр, зах зээл, компаниудыг удирдах ерөнхий зарчим дээр бид бултаараа нэг завин дээр байна. Өнөөдөр өрсөлдөгч намын дээд удирдлагын гэр бүлийн гишүүд, хүүхдүүд нь ерээд оны эхэнд түрүүчээсээ янз бүрийн арга замаар гадаад дотоод явж, Харвард, Кэмбриж, Сорбонд сураад дэлхийн хэмжээний мэдлэг, дэлхийн хэмжээний дипломын шалгуур хангаад ирчихсэн. Тэд хорь хүрсэн. Монголынхоо нийгэмд ажиллая, амьдаръя гээд түрүүчээсээ ажиллаад эхэллээ. Энэ хүмүүс хүссэн хүсээгүй миний аавын зөв үү, энэ хүмүүсийн яриад байгаа зөв үү гэдгийг ялгахтайгаа болсон. Захын малчид хүртэл телевизээрээ хувьцаа, ногдол ашиг, зах зээлийн үнэ ханш, өсөлт бууралтыг хүсвэл мэддэг болчихсон цаг. Тэгэхээр энэ бүхэн ил болоод гараад ирнэ гэсэн үг. Ийм тодорхой юм ярихгүйгээр, цаанаа ингэсэн байна гэж хардаад, төрийн авах ёстой юмыг булаачихлаа гэх нь утгагүй хэрэг. Хэн хэнээс юу дээрэмдсэн гэж. Тэгэх тусмаа Орос улс монголчуудад дээрэмдүүлэх ард түмэн мөн үү.

Оросын удирдлагууд ямар нэг байдлаар Монголын хувийн компанитай хуйвалдаад, Монгол Улсын Засгийн газрын ар хударгаар буруу юм хийгээд явчихсан гэдэгт учир мэдэх хэн ч итгэхгүй.

-Загатнасан газар маажна гэдэг шиг хэллээ. Эрдэнэтийн хувийг шүүмжлээд байгаа улстөрчдийн байр суурийг анзаарахаар Путин ба Оросын сайдууд Монголын нэг компанид хэтэрхий хямд үнээр хувиа зарахаар хэмжээний гэнэн тэнэг болж таараад байгаа юм…?

-Оросын удирдлагууд ямар нэг байдлаар Монголын хувийн компанитай хуйвалдаад, Монгол Улсын Засгийн газрын ар хударгаар буруу юм хийгээд явчихсан гэдэгт учир мэдэх хэн ч итгэхгүй. Орос улс энэ бүс нутагт, магадгүй алсдаа Монголтой, Монголоор дамжаад Хятадтай, Хятадаар дамжаад Зүүн Өмнөд Азийн бүхэл бүтэн том бүс нутагтай хамтын ажиллагаагаа өргөжүүлье, гүнзгийрүүлье гээд явж байгаа гүрэн. Ийм жаахан асуудлаас болж тэр том нэр хүндээ алдъя гэж бодох уу. Энэ бүхний хар сүүдэр ямар нэг байдлаар, тойруу замаар Медведев, Путин руу очиж таарна шүү дээ.

-Чемезов гэж хэн ч танихгүй нөхөр, “Ростехнологи” гэх хэтэрхий гэнэн яриа шүүмж өрнүүлж суугаа улстөрчдийг харахаар яана вэ л гэсэн бодол төрөх юм?

-Тэгж хадуурч болохгүй л дээ. Ядаж Орос улс гэж хэн билээ, улс төрийн тогтолцоо нь ямар, Ростехнологи гэдэг компани ямар үүрэг, цараатай ажилладаг, энэ компанийн толгой Чемезов гэж хэн бэ гэдгийг мэдчихээд ярих хэрэгтэй. Энэ компанийн ТУЗ-д ямар хүмүүс, ямар байгууллагууд ордог билээ. Орос Улсын хар хайрцагны бодлого, төрийн хамгийн холын хариуцлагатай бодлогыг томьёолж, тодорхойлж, хэрэгжүүлдэг компани бол “Ростехнологи”. Хамгийн холын цэрэг стратегийн, хамгийн холын өндөр технологиудыг тодорхойлдог учраас “Ростехнологи” гэж нэртэй юм. Өнөөдөр Орос улс дотроо хөгжөөд байна. Тийм учраас Эрдэнэт бол нэг их мундаг, “Ростехнологи”-ийн дайны компанийн өмч хөрөнгө, актив байх шаардлагагүй, толгойны өвчин, ерөөсөө л зар гэсэн хэрэг. Хатуухан хэлэхэд дэлхий нийтийн шараа болсоор суугаад яахав гээд хувиа зарсан хэрэг шүү дээ.

-Шахааны обьект учраас ичихээс яахав. Оросууд сүүлийн үед төрийн өмчүүдээ идэвхтэйгээр хувьчлаад эхэлсэн гэж та түрүүн ярьсан. Оросын төрийн эзэмших хувийг гадны компаниуд хэр авч байна?

-Хувьчлал идэвхтэй явагдаж байгаа. Хамгийн том “Роснефть”, “Газпром”-ын өчнөөн олон обьектыг зарж байна. Өчнөөн олон компанийг нь Хятад, Европын компаниуд худалдаж авч байгаа. Эрдэнэтийн тухайд Оросын хувьд л хувьчлал болохоос Монгол Улсын тухайд хувьчлал явагдаагүй. “Эрдэнэт”-ийн 51 хувь төрд байдгаараа байгаа. Харин Монголд байгаагүй хувийг хувийн компани Оросоос худалдаж аваад оруулаад ирлээ. Би олон удаа хэлж байгаа. Даахгүй нохой булуу хураана гэж. 400, 500 сая ам.доллар байлаа ч улс өөрөө ийм обьект худалдаж авах ёсгүй. Ер нь Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүд өмч хувьчлалаас олох орлогоо нэмэгдүүлнэ гэж байгаа. Өмч хувьчлал уг нь аль ерэн онд эхэлсэн процесс. Буцааж нийгэмчлэх тухай хэн ч ярихгүй байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүх юмыг нийгэмчилнэ, 100 хувь төрийн өмч болгоно гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тийм байж, сонгуульд ялсан мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг юм яриад байна л даа. Яахаараа Оросын өмчийг төр авах ёстой билээ. Эрдэнэтийг 100 хувь төрийн болгоно гэж яриад байгаа нь өөрөө ойлгомжгүй зүйл. Гэх мэтээр яривал олон юм бий. Хамгийн гол нь Үндсэн хуулийн хувийн өмч төрийн өмч хоёрын улс төрийн эрх, статус, зэрэг дэв нь адилхан юм. Хувьд очсоноороо муудаж, дээрдэж байгаа гэдэг утгаараа биш. Төрийн болон хувийн өмч адил эрх мэдэлтэй өмч юм шүү гэдгийг эрхэм гишүүд сайн ойлгомоор байгаа юм.

-Оросууд хувиа зарсан, төр хамаагүй гэдгийг Эрдэнэтийг улстөржүүлж байгаа улстөрчид, тэр дундаа Ц.Нямдорж гишүүн мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Хувийн болоод улс төрийн эрх ашиг л Эрдэнэтийг бужигнуулаад байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Улстөрч хүний дотор эмээлтэй хазаартай морь байтугай багтдаг байх. Тэр утгаараа их холын бодолтой явааг нь үгүйсгэхгүй. Жаахан дуулиантай, сүртэй сэдэв дээр л мордож байж тодорно уу гэхээс агаарын бохирдол, эх нялхсын эндэгдэл, халдварт шар өвчний тухай яриад хол явахгүй нь тодорхой л доо. Тийм учраас гол төлөв дуулиантай, богино хугацаанд улс төрийн их хэмжээний оноо олж авч болдог сэдвийг барьж авдаг жам байдаг. Тийм аргаар явж байх шиг байна. Гэхдээ тэр бол тухайн хүний сонголт. Улстөрчдийн үйлдлийг бид дүгнэх ёсгүй. Ард түмэн сонгуулиар нэг удаа дүгнэдэг. Гэвч хэдхэн сарын өмнө болсон сонгуулиар ард түмэн сонголтоо хийчихсэн. Тийм учраас буруу зөв гэж үнэлээд яахав. Ийм юм ярихаар олонд таалагддаг юм байна. Гэхдээ олон түмэнд таалагдана гэдэг тэр хэрээрээ улс оронд хэрэгтэй гэсэн үг биш.

-Хувийн нэг компани “ГОК”, “Улаанбаатар төмөр зам”-ыг барьцаанд тавьж баталгаа гаргуулаад “Стандарт банк”-наас өчнөөн мөнгө зээлчихсэн асуудал бий. Эцсийн дүндээ Монгол Улс өрөнд ороод дууссан. Төрд буруу байхгүй, хуурамч гарын үсэг энэ тэр гэсэн тайлбар сонсогдох юм. Энэ асуудал дээр таны үгийг сонсмоор байна?

-Өмнөд Африкийн “Стандарт” банк гэхээр африкийн нигерүүд гэж төсөөлөөд байх шиг анзаарагддаг. Зарим улстөрчид тийм ойлголттой суугаа шиг байна. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс бол дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орон. Хамгийн өндөр технологитой, зам дэд бүтэц хөгжчихсөн улсын нэг. Үйлдвэрлэдэггүй бараа гэж бараг байхгүй. Банкны салбар нь Англо Саксоны Англи, Америк, Канадын хамгийн тэргүүний арга барил, стандартуудыг баримталдаг, дагадаг, мөрддөг. Тийм банкнаас зүгээр нэг хуурамч гарын үсгээр, хоёр гурван удаагийн явган залиар баталгаа гаргаж зээл авсан гэж ярьж, бодож байвал ёстой уучлаарай. Тэгэхээр баталгаа байсан нь үнэн. Ямар аргаар энд байгаа төрийн эрх мэдэлтнүүдээс нуусан гэдэг нь жич асуудал. Тэрийг би мэдэхгүй. Юм асуудаг эр хонгор дуутай хүмүүсийн анхаарлаас яаж гадуур үлдсэнийг нь бас мэдэхгүй. Ямар ч байсан тээр жилийн “Марубени”-гийн хэрэг шиг олон улсын шүүх болсон. Монгол Улс торгуульд унасан. “Та нар баталгаа гаргасан нь үнэн байна. Зээл авсан нь бас үнэн. Авсан мөнгөө төлөх ёстой” гэсэн шийдвэр гарсан. Зөвхөн шүүхийн зардал нь 120 гаруй сая ам.доллар. Үндсэн зээл нь дараагийн асуудал. Зуун хувь төрд байна гэдэг ийм үр дагаварт хүргэдэг. Хувийн компани өөрийнхөө мөнгөөр, өөрийнхөө толгойг цусдах гэнэн тэнэг гарын үсэг зурж, баталгаа гаргадаггүй. Та хамгийн сайн найз банкны захирлаасаа хорьхон саяын баталгаа гаргаад өгөөч гэж гуйгаад үз дээ. Хэн ч баталгаа гаргаж өгөхгүй. Нүдэн дээрээ байгаа ийм том дүнзийг олж харахгүй байж, бусдын мөрөн дээрх өдийг шүүмжлээд суугааг ойлгохгүй л байна.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин


URL:

Нэр: Anonymous Огноо: 17 November 2016

Uuruu TUZiin gishyyn n bolj baigaa bol Ingej tailbarlah n argagyi shd

Сэтгэгдэл бичих