Хүн төрөлхтний түүхийг эргүүлсэн Октябрийн хувьсгал

999 жилийн тэртээ 1917 оны арваннэгдүгээр сарын 7-ны 21:45 цагт Оросын нийслэл Петроград хотноо (одоогийн Санкт-Петербург) “Аврора” хөлөг онгоц их буугаар буудан дохио өгснөөр Петропавлоскийн цайзнаас тус улсын түр Засгийн газар байрлаж байсан Өвлийн ордонг их буугаар буудаж, улмаар зэвсэглэсэн ажилчид хуурай замын болон тэнгисийн цэргүүдийн хамт довтолсноор хүн төрөлхтний түүхийг орвонгоор нь эргүүлсэн Октябрийн социалист хувьсгал эхэлжээ.

Хуучин юлиан цагалбараар аравдугаар сарын (Оросоор октябрь) 25-нд болсон тул энэ хувьсгалыг Октябрийн гэж тодотгосон.

Өвлийн ордонг эзлэн авсны дараа В.Ленин, Л.Троцкий, Я.Свердлов нарын удирдсан Оросын коммунистуудын большевикнам төр засгийн эрх мэдлийг гартаа авч ЗХУ-ыг зарлан тунхагласан юм. Ийнхүү дэлхийн анхны социалист улс мэндэлж, XX зууны турш дэлхийн бүхий л үйл явдалд асар их нөлөө үзүүлэн 73 жил оршин тогтноод 1990 онд үгүй болсон билээ.

1941 оны арваннэгдүгээр сарын 7-нд нацист Германы цэрэг Москвад тулж ирсэн эгзэгтэй үед тус улсын удирдагч И.Сталин Октябрийн хувьсгалын 24 жилийн ойн баярыг тэмдэглэх шийд гаргаж, Улаан талбайд цэргийн парад болжээ. Уг нь чухам энэ өдөр нацист Герман Москваг эзлэн Улаан талбайд өөрийн цэргийн сүрт жагсаал зохиохоор төлөвлөсөн байжээ.

ЗХУ-ын удирдлага Улаан талбайд парад зохион байгуулснаар ард түмэн, армийнхаа урам зоригийг бадраан дэлхий нийтэд Москва бууж өгөхгүйг тод томруунаар мэдэгдсэн юм. Парадад оролцсон Улаан армийн цэргүүд шууд фронтыг зорин эрэмгийгээр тулалдан дайсныг гэдрэг ухраасан гэдэг.

Тэгвэл 1990 оны Октябрийн баярын Улаан талбай дахь жагсаалын үеэр А.Шмонов гэгч В.Лениний бунхан дээр зогсч байсан ЗХУ-ын сүүлчийн удирдагч М.Горбачёвт халдах оролдлого хийсэн юм. Гэвч түүнийг хүрэмнээсээ ангийн тайрсан буу гарган онилоход цагдаагийн ажилтан А.Мыльников түүнд саад болж амжжээ.

Харин 1996 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельциний зарлигаар Октябрийн хувьсгалын баярын оронд анх удаа Эв нэгдэл, эвлэрлийн баярыг тэмдэглэсэн юм.

  • 1480 он Москвагийн ван III Иван Алтан ордын хааны албан бичгийг олны өмнө урж хаян өөрийгөө нийт Оросын хаанаар зарлан тунхаглажээ. Чухам энэ өдөр Оросын ванлигууд Монголын дарангуйллаас салж Москва төвтэй тусгаар тогтносон нэгдмэл улс болох эхлэлийг тавьсан гэж үздэг байна.
  • 1867 он Анхны эмэгтэй Нобелийн шагналт эрдэмтэн профессор, Францын физикч, химич Мария Склодовская-Кюри төржээ.
  • 1879 он ЗХУ-ыг үүсгэн байгуулагчдын нэг, коммунист Лев Троцкий (жинхэнэ нэр нь Лейба Бронштейн) мэндэлжээ. Улаан армийн анхны командлагч тэрбээр В.Лениний залгамжлагч болох байсан ч намын нөхдийнхөө хуйвалдааны улмаас намаасаа болон ЗХУ-аас хөөгдсөн билээ. 1940 онд Мексикт байхад нь түүнийг И.Сталины тушаалаар хороосон байдаг. И.Сталин түүний түргэвчилсэн аж үйлдвэржилт, хамтралжуулалт гээд бараг бүх санааг нь амьдралд хэрэгжүүлсэн юм.
  • 1913 он Францын Нобелийн шагналт зохиолч, сэтгүүлч Албер Камю мэндэлжээ.
  • 1921 он Италид Бенито Муссолини тэргүүтэй Үндэсний фашист намыг үүсгэн байгуулав.
  • 1944 он Японы “Сугамо” шоронд ЗХУ-ын гарамгай тагнуулч Рихард Зоргег цаазалжээ.

URL:

Сэтгэгдэл бичих