Турж үхэж буй “тэрбумтнууд”
Зимбабвечуудын хошин шогийн мэдрэмж бас муугүй. Өөрсдийгөө “Турж үхэж буй тэрбумтнууд” хэмээн инээхтэйгээ
Тэрбумын мөнгөтэй. Тэгсэн атлаа турж үхэж байдаг. Энэ хоёр утга хоорондоо нэг л авцалдахгүй, байгаа биз. Гэвч “сайн удирдагч”, “сайн засаглалын” ачаар хамгийн логикгүй зүйл ч амьдралд тохиолдож болдогийг Зимбабвегийн жишээ харуулна.
Зимбабвечуудын халаасанд триллион доллар явдаг ч түүгээрээ ганц автобусны тасалбар ч авч чаддаггүй. Тэгтлээ үнэ цэнэгүй болсон учраас төв банк нь эцэстээ өөрийнхөө мөнгөн тэмдэгтийг бүр халж орхиод одоо Хятадын юанийг хэрэглэж байгаа билээ. Үнэндээ Зимбабвегийн эрх баригчид сүүлдээ мөнгөн тэмдэгтээ юугаар гаргахаа ч мэдэхээ больсноос мөнгө үйлдвэрлэхээ зогсоосон гэвэл илүү үнэнд нийцнэ. Хамгийн сүүлд буюу 2008 онд Зимбабвегийн доллар хэрэглээнд байх үеийн тооцоогоор тус улсын инфляц 500 тэрбум хувьд хүрч, тэрнээс цааш тоогоо алдсан байна. Тухайн үед Засгийн газрын зүгээс инфляц нь 231 саяд хүрсэн хэмээн мэдэгдэж байсан бол бие даасан судалгааны байгууллага 89,700,000,000,000,000,000,000 хувьд хүрсэн гэж мэдээлж байв. Ингэж тоогоо алдсан мөнгөний ханшийг зогсоох ганц арга бол бүр хэрэглээнээс хасах.
100 тэрбум долларын мөнгөн дэвсгэрт
Ингээд өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгтгүй болсон Зимбабве өнгөрсөн долоо, найман жилийн турш харь улсын мөнгийг өөрийн мэт хэрэглэж байснаа саяхнаас шинэ бонд гаргана хэмээн ярих болжээ. Экспорт гэж бараг байхгүй болсон учраас гадаад валютын урсгал зогсч, мөнгөний гачигдал нүүрлэжээ. Энэ гачигдлыг нөхөхийн тулд дотооддоо ийнхүү бонд гаргах төлөвлөгөө зохиосон байна. Шинэ бонд нь яг америк долларын ханштай ижил түвшинд байна гэж Зимбабвегийн эрх баригчид амлаж байгаа ч тоосго шиг хүнд мөнгө зөөгөөд ч талх авч чаддаггүй байсан ард иргэд энэ үгэнд огт үнэмшихгүй байгаа аж.
Өнөөгийн Зимбабветэй ижил зовлонг унгарчууд дэлхийн хоёрдугаар дайны дараа үзэж байсан түүхтэй. Тэр үед Унгарт бүр 100 сая тэрбумын мөнгөн дэвсгэрт хэвлэж байсан ч тэр нь цаасны үнэд ч хүрдэггүй хог болоод байсныг гудамжинд хаясан мөнгийг шүүрдэж буй түүхэн зургаас харж болно. Эл зургийг 1946 онд Унгар хуучин мөнгөө халж, шинэ дэвсгэрт гүйлгээнд оруулсан өглөө авсан гэдэг. Хуучин пенгог шинэ форинтоор сольж болох байсан ч 400,000,000,000,000,000,000,000,000,000 пенгогоор ганц форинт буюу нэг л шинэ дэвсгэрт авч болох байсан учраас хүмүүс хуучин мөнгөө бүгдийг нь хэрэггүй хог хэмээн хаясан нь энэ.
Мөнгө цаас болох үед
Хамгийн хачирхалтай нь, тухайн үедээ ямар ч үнэ цэнэгүй байсан энэ том мөнгөн дэвсгэртүүд өдгөө цуглуулагчдын хувьд нэлээн үнэтэй эд болоод байгаа юм.
АНУ-ын хамгийн том буюу өндөр үнэ цэнэтэй мөнгөн тэмдэгт нь 100 мянган долларын алтан сертификат. Ерөнхийлөгч Вүүдроу Уилсоны хөрөг бүхий энэ ховор дэвсгэртийг 1930 онд 42 мянган хувь хэвлэсэн ч одоо гүйлгээнд байхгүй. Бүгд Холбооны нөөцийн санд хадгалагддаг. Ганцхан ширхэг нь Смитсонийн музейд хадгалагддаг аж. Ерөнхийлөгч Никсоны үед энэ том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд байлгавал зохион байгуулалттай гэмт хэргийнхний хэрэглээ болж, маш амраар мөнгө хуримтлуулах болно гэж сэрэмжилсний үүднээс ийнхүү Нөөцийн санд хадгалах болжээ.
Харин Европын хэмжээд 500 еврогоос дээш мөнгөн дэвсгэрт одоогоор байхгүй. Еврог нэвтрэхээс өмнө Итали 500 мянган лир хэвлэж байсан удаатай.
URL: