Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Мондулаан” компани орон нутгийн удирдлагуудтай хуйвалдан “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ”-ний газар олборлолт хийж эхэлжээ

4625

Төрийн ажлын туршлага үгүй  ч,  бизнесийн туршлага ихтэй Ш.Лхамсүрэн гэгч нөхөр Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж ирснийхээ хувьд ч тэр үү, М.Энхболд даргынхаа нөмөр нөөлгөөр дэд сайдын албанд томилогдоод авсан. Гэхдээ тэрбээр өнгөрсөн саруудад мэргэжлийн гэх тодотголтой засгийн нэр нүүрийг улам л хойш нь чангааж ирсэн нөхдүүдийн нэг байв.

Учир нь улаан бизнесмэн тэрбээр ёстой л салбар салбарт гараа дүрсэн байдаг ч, барилгын салбараас харин төсөө  нэгэн юм билээ. Тиймдээ ч жинхэнэ ажлаа мэддэг, салбараа ойлгодог ёстой хүний хаших ёстой дэд сайдын албанд эрлийз морьны уяач, уул уурхайн салбарын сүүлийн үеийн шинэ тоглогч Ш.Лхамсүрэн гэж нөхөр томилогдсон нь даанч нүдээ олсонгүй гэх шүүмж дагаж ирэв.

Тиймээс ч түүний бизнестэй холбоотой анхаарал татсан мэдээллүүдээс хүргэж байна. Ш.Лхамсүрэн “Мондулаан трейд” компанийн ерөнхий захирал, 2010-2014 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, 2014 онд “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. 2015 оноос “Мондулаан трейд”  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад дэд сайд болсон нэгэн юм.

Тэгвэл түүний  “Мондулаан” гэх компанитай холбоотой анхаарал татсан мэдээллүүд нэлээд бий. “Мондулаан трейд” ХХК нь анх 1998 онд дулааны зуух үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэгээд 2000 онд уул уурхайн салбарын үйл ажиллагааг эхлүүлж алтны шороон ордоор дагнан ажиллаж ирсэн байдаг. Гэхдээ тэдний үйл ажиллагаанд хуудуу байх магадлалтай мэдээллийг эх сурвалжууд хэвлэлд өгч ирсэн юм. Тэр талаар хүргэхээсээ өмнө “Мондулаан” компанийн мэдэл дэх орд газруудын мэдээллийг хүргэе.

“Мондулаан трейд” ХХК-ийн  хамгаалагч нар энгийн иргэдийг эмэгтэй, эрэгтэй гэж ялгалгүй бүлэглэн зодож эд хөрөнгөд нь халдсан хэрэг гарч байсныг хэвлэлүүд бичдэг. Энэ нь “Ажлаа сайн хийвэл өндөр үнэ¬тэй машинаар шагнана” гэх захирлуудынхаа үгэнд дулдуйдсан хамгаалагчдын бүдүүлэг үйлдэл байсан гэгддэг. Түүнчлэн тус компанитай холбоотой дахин нэг хууль бус асуудал сөхөгдөж байсан нь,  Төв аймгийн Заамар сумын Улаан шивэртийн аманд алт олборлох тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан “Авдарбаян” компани эрх нь ноцтойгоор зөрчигдөж буй талаар мэдээлэл хийсэн явдал юм. Тэдний өгсөн мэдээллээр бол “Авдарбаян” компани 24 га талбайд алт олборлох албан ёсны эрхтэй бөгөөд урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ хэмжээ 60 га болохоор байж. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу компанийн зүгээс талбайгаа өргөсгөх ажлаа хөөцөлдөж байх хооронд Төв аймгийн Заамар сумаас уг талбайг өнгөрсөн оны долдугаар сард орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. Хачирхалтай нь орон нутгаас нь тусгай хэрэгцээнд авсан гэх газрыг нь хамруулан Ш.Лхамсүрэн захиралтай “Мондулаан трейд” ХХК-ийн компани олборлолт хийж эхэлсэн байдаг. Уг асуудлаар “Авдарбаян” компани аймгийн засаг дарга, МХЕГ, аймгийн цагдаагийн байгууллага, орон нутгийн захиргаанд гомдлоо гаргасан ч “Мондулаан трейд” ХХК хууль зөрчсөн үйлдлээ зогсоохгүй байгаа талаар мэдээлэл байсан юм. Тиймээс “Авдарбаян” компанийн захирал Ц.Ганхуягийн хэвлэлд өгч байсан ярилцлагаас ишлэн хүргэж байна. Сэтгүүлч түүнээс “Аймгийн засаг дарга ажлын хэсэг томилон уг асуудалд хяналт тавиулах шийдвэр гаргажээ. Ажлын хэсгийнхэн ямар дүгнэлт хийсэн юм бэ?” тодруулахад,  – Ажлын хэсгийнхэн газар дээр нь шалгалт хийж, хуулалт хийсэн талбайн зарим хэсэг тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцаж байгааг тогтоосон. Ажлын хэсгийнхнийг очиж шалгалт хийх үед хөрс хуулалтаа тэднийх түр зогсоосон. Өмнө нь өнгөрсөн сарын сүүлээр ганц өдөр зогсоосон. Ажлын хэсгийнхэн тодорхой чиглэл өгөөд, ажлаа зогсоохыг үүрэгдсэн байдаг. Гэсэн ч ажлаа өнөөг хүртэл үргэлжлүүлсээр байна.

- Аймгийн засаг даргын зүгээс Заамар сумын засаг дарга Д.Болормаа, цагдаагийн хэлтсийн дарга Р.Ариунболд нарт “Мондулаан трейд” ХХК-ийн  хууль бус үйл ажиллагааг зогсоох чиглэл өгсөн. Гэвч орон нутгийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлт болон аймгийн засаг даргаас өгсөн чиглэлийг биелүүлэхэд ерөөсөө анхаарахгүй байгаа… Орон нутгийн удирдлагууд зориуд “Мондулаан трейд” ХХК-тай хуйвалдаж, тусгай хэрэгцээнд өнгөрсөн долдугаар сард оруулсан юм билээ. Тэр талбайгаа эргээд “Мондулаан трейд” ХХК-д ашиглуулж байгаа. Үүнийг манай компанийн зүгээс эрх ашгийн зөрчил гэж харж байна. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх гурван амны талбайд тэднийх одоо ажиллаж байна.  Биднийг очиж уулзахаар MNO компанийн захирал болох н.Цэрэнбаатар тэргүүтэй нөхөд толгой компани л бидэнд бичиг баримтыг бүрдүүлж өгсөн гэх тайлбар хийдэг. Ер нь өөрсдөө хууль зөрчиж байгаагаа хяналт, шалгалтын үеэр хүлээн зөвшөөрсөн байдаг. “Мондулаан трейд” ХХК-ийн охин компани нь MNO  компани юм.

- Мэргэжлийн хяналтын газраас мөнгөн торгууль тавьдаг. Газар дээр нь очиж ажиллаагүй. Хамгийн гол нь төрийн байгууллагууд ингэж нэг нэгэнрүүгээ бичиг цаас шидэлцэж байх хооронд тэнд хөрс хуулалт хийгдэж, олборлолт явагдаад байна. Орон нутгийн удирдлагууд нь биднийг энэ талаар шаардлага тавихаар одоо утсаа авахаа байсан. Иргэд ч бас энэ компанийн талаар өчнөөн гомдол мэдүүлдэг. Иргэд нэрээ хэлэхээс айсан хэдий ч хууль зөрчиж байгаа нь шударгаар мэдүүлсэн байна лээ.” хэмээн ярьсан байдаг.

Тэгэхээр энд нэр нь дурдагдаад байгаа MNO гэж компани нь “Уул уурхайн үндэсний олборлогч” компани юм. Тавантолгойд хуруу гараа дүрсэн компани гэдгийг нь өчигдөр бид мэдээлсэн билээ.

Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн бизнесийн туршлага арвин ч, но бас чамгүй бололтой. Тэдгээр асуудлын талаар үргэлжлүүлэн мэдээлнэ.

Bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих