МАН-ынхан хүч түрэмгийлж, Монгол Улсад казино байгуулах уу

Мэргэжлийн Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт казино болон бооцоот морин уралдааны хуулийг батлуулна” хэмээн тусгаж УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй. Тэгвэл энэ нь Монгол Улсад казино байгуулах хуулийн төсөл санаачилж байгаа тав дахь тохиолдолд болж юм. Өмнөх хуулиуд бүгд тодорхой шалтгааны улмаас буюу манай улсад казино нь тохирохгүй, олон сөрөг нөлөөтэй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэх шалтаагаанаар буцаж байсан билээ. Харин энэ удаа хэрхэхийг цаг хугацаа харуулах буй за. Ямартай ч Монгол Улсад казино байгуулах нь ямар сөрөг талуудтай гэгдэж байсныг 24 баримтаар хүргэж байна.

1b4ke266tb53ikqpbcn13ta9rt

Баримт 1. Мэргэжлийн Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт казино болон бооцоот морин уралдааны хуулийг батлуулна” хэмээн тусгаж УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.

Баримт 2. УИХ-дахь МАН-ын бүлэг ч Монгол Улсад казино байгуулахыг дэмжиж байгаа аж.Тодруулбал бүлгийн дарга Д.Хаянхярваа “Казино болон морин тойруулга байгуулах асуудалд нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ үүнийг бид анх удаа ярьж байгаа юм биш. Дэлхийн нийтэд хэрэгжүүлж байгаа, санхүүгийн ашигтай байх боломжтой зүйлийг манай улс хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ монголчууд бус гадны жуулчдад зориулсан казино байхыг бид дэмжиж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа билээ.

Баримт 3. Ж.Эрдэнэбатын Засгийн газар улс орны эдийн засгийн хүндрэлийг гэтэлгэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлж, гаднынхны мөнгийг саах шийдэл нь энэ гэж үзсэн аж.

Баримт 4. Хэрэв Засгийн газар хуулийн төслөө санаачлаад УИХ-д өргөн мэдүүлвэл энэ хуульд батлагдах өндөр магадлалтай. Учир нь УИХ-д МАН 65 суудалтай тул хүч түрэмгийлж энэ хуулийг батлахыг үгүйсгэхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.

Казино байгуулах ямар сөрөг үр дагавартай вэ

Баримт 5. БНХАУ-ын Макаод дэлхийн хамгийн томд ордог мөрийтэй тоглоомын бүс байрладаг. Тус газар казино байгуулснаас хойш үл хөдлөх хөрөнгийн үнэ ихээхэн өсчээ.

Баримт 6. Нутгийн оршин суугчид лудомани буюу мөрийтэй тоглоомонд донтох гэсэн өвчинд нэрвэгдэх эрсдэл нь огцом өссөн байна. Энэ талаар явуулсан олон тооны судалгаанаас үзвэл казиногоос 80 км хүртэлх аслал дотор оршин суудаг хүмүүсийн лудоманид автах эрсдэл нь хоёр дахин өндөр байжээ.

Баримт 7. Мөрийтэй тоглоомонд донтсон хүмүүс ажлаа алдах магадлал нь мөрийтэй тоглодоггүй хүмүүсээс хоёр дахин өндөр байдаг аж.

Баримт 8. Хүн гудамжнаас авч болдог хоол, унд, бэлэг дурсгалаас гэх мэт зүйлсээс эхлээд зочид буудлын өрөө хүртэл олон зүйлсийг казино дотроо санал болгодог. Үүнээс болоод жижиг дунд бизнес эрхлэгчид алдагдал хүлээдэг. Улмаар ажилчдынхаа тоог халах, заримдаа бизнесээ бүрэн хаах хүртэл нөлөө үзүүлдэг байна.

Баримт 9. Казино байгуулсан улс орнуудын жишгээр тухайн улсын орлого төсвийнх нь ердөө дөрвөн хувийг бүрдүүлдэг болох нь судалгаагаар бадлагджээ.

Баримт 10. Нутгийн оршин суугчдыг казинод тоглохыг хориглодог. Монакогийн казинод зөвхөн гадаадын иргэд тоглож болно. Гэхдээ иргэдийнхээ ийм боломжийг хаасны нөхөн төлбөр болгож Монакогийн иргэдийг ашиг орлогын татвараас чөлөөлжээ.

Баримт 11. Исламын шашинт улсууд мөрийтэй тоглоомыг ёс суртахуунгүй зүйл гэж тооцдог. Тэд казино гэмт хэрэг ихсэхэд нөлөөлдөг гэж үздэг байна.

Баримт 12. Казиног дагаад биеэ үнэлэлт, мафи “газар авдаг” болох нь батлагдсан.

Баримт 13. Дэлхий дахинд жилд 680 сая ам.доллар мөрийнд зарцуулагддагаас 80 гаруй хувь нь хууль бус гэмт этгээдүүдийн халаасанд орох магадлалтай байдаг аж.

Баримт 14. Казиног дагасан гэмт хэргийн 60 хувь нь Азид бүртгэгджээ.

Баримт 15. АНУ-ын Тэнгисийн цэргийн харъяанд үйл ажиллагаа явуулдаг Стартегийн Зэвсэглэлийн Удирдах Газар буюу Цөмийн Хүчний Штабын дэд дарга, Адмирал Timothy M.Giardina өнгөрсөн жил ажлаасаа халагдсан шалтгаан нь мөрийтэй тоглоомтой холбоотой байжээ.

Баримт 16. Хууль бус мөрийтэй тоглоомноос Хонгконгийн цагдаагийн байгууллага өдөрт 64,5 сая ам.доллар хураан авч байжээ.

Баримт 17. Манай улсын хувьд ч казиноотой холбоотой сөрөг нөлөө, хар түүх олон байдаг. 1998 оны нэгдүгээр сарын 15-нд  УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатарын санаачилсан Казиногийн тухай хуулийн төслийг баталсан.  Гэвч  төд  удалгүй парламентын гурван гишүүн, казино байгуулах тендерт шалгарсан компанийн захирал нар шүүхээс ял сонссон юм. Ингэснээр 1999 онд хуулийг хүчингүй болгож байв.

Баримт 18. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын дарга Л.Бямбасүрэн “Пийс бридж” /Peace bridge/ зочид буудалд мөрийтэй тоглож байхад дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилж байв.

Баримт 19. УИХ-ын гишүүн Д.Зоригт өөрийн эзэмшлийн “Yoyage” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад баригдсан. Түүнтэй хамт ”Макс” группын С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Уул уурхайн яамны газрын дарга асан Цогтбаатар нар байсан аж. Тэднийг эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийнхэн барьж байсан.

Баримт 20. Мөрийтэй тоглоом гэдэг зүйл хүний сэтгэцэд сөрөгөөр нөлөөлж, сэтгэцийн эмгэг (addiction gambling) дон өвчин хүртэлх аюул дагуулдаг байна.

Баримт 21. “Хадгаламж” банкны эргэлтийн хөрөнгийг найз нөхдийнхөө дансаар дамжуулан халаасалж, Солонгосын казинод тавиад туучихсан гэх Ц.Чимэдцэрэн “Ганц”-д хоригдсон.

Баримт 22. Хүний наймаа, галт зэвсгийн наймаа, мөрийтэй тоглоом бол хуулиар зөвшөөрөгдөөгүй гурван бизнес. Бид мөрийтэй тоглоомыг зөвшөөрвөл дагалдаж ирэх гэмт хэргүүдээс өөрсдийгөө хамгаалж дийлэхгүй болохыг О.Баасанхүү гишүүн хэлж байв.

Баримт 23. Казино байгуулах оролдлого 2007 оны дөрөвдүгээр сард дахин гарсан. УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж тэргүүтэй А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, Л.Одончимэд, К.Сайран, Д.Туяа нар Казиногийн хуулийг төслийг санаачилсан. Гаднын санхүүжилттэй “Морин нуур ресурс” компанийн захиалгаар хууль санаачилсан гэх хардлага хуулийн төслийг унахад хүргэсэн юм.

Баримт 24. 2009 онд УИХ-ын гишүүн Д.Загджав, Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, Л.Гүндалай, Х.Жекей нарын санаачилсан Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төсөл. 2007 онд Ц.Шаравдорж нарын өргөн барьсан хуулийн төсөл тэр чигээрээ орж ирсэн нь мөн л өнөөх “Морин нуур” төсөлтэй холбоотой гэх хардлагыг төрүүлсэн. Ганц компанид давуу эрх олгох хуулийн төсөл хэмээн тухайн үед дэмжээгүй.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих