Америкчууд эсэргүүцлийн жагсаалд шилжлээ

11АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч ирэх оны нэгдүгээр сарын 20-нд тангарагаа өргөж үүрэгт ажилдаа орох учиртай. Жил гаруй хугацааны турш олон улсын анхаарлын төвд байсан тус улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн дүн гарч, үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп Нэгдсэн улсын 45 дахь Ерөнхийлөгч болох нь нэгэнт тодорхой болсон билээ.

Түүний хүчтэй өрсөлдөгч, урьдчилсан санал асуулга бүрт Трампыг хол хаяж байсан Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон харин улс төрийн туршлагагүй ч, тэрбум ам.доллароор тоологдох хөрөнгөтэй тэрхүү эрхэмд ялагдсан. Ерөнхийлөгч Б.Обамагаас эхлээд эдийн засагчид, хэвлэл мэдээллийнхэн “Доналд Трампыг Нэгдсэн улсын Ерөнхийлөгч болоход тохиромжгүй хүн” хэмээн дүгнэж байлаа.

Тэдний таамаг ёсоор болсон бол Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон эдүгээ ялалтаа зарлаж байх байлаа. Ерөнхийдөө, Доналд Трампын ялалт урьдчилан тооцоогүй үр дүн байсан гэж хэлэхэд хэтийдсэн болохгүй.

Гэвч, Б.Обама улс орны Ерөнхийлөгчийн хувиар халааг нь авахаар хууль ёсны сонгуулиар сонгогдсон дараагийн төрийн тэргүүнийг хүндэтгэн, төрийн эрхийг тайвнаар шилжүүлэх бэлтгэлээ хангахын тулд Цагаан ордонд гэр бүлийнх нь хамт урьсан бол хэдэн сарын турш ширүүн тэмцэлдсэн Хиллари Клинтон ч тайвнаар ялагдлаа хүлээн зөвшөөрч, түүн рүү өөрөө утасдан баяр хүргэж, сонгуулийн үеэр хоёр хэсэгт хуваагдсан ард иргэдээ нэгтгэхийг захисан байна.

АНУ-ын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн хөгшин Ерөнхийлөгч гэгдэж буй Доналд Трампын төрөлх хотод ч мянга мянган иргэд жагсаал хийж байна.

Харин тэдэнтэй ижил Трампыг дэлхийн хүчирхэг гүрнийг тодорхойлоход тэнцэхгүй гэх бодолтой жирийн иргэд АН- ын лидерүүд шиг хууль ёсны сонгуулийн үр дүнг хүндэтгэхийг хүссэнгүй. Сонгуулийн дүн гарснаас хойш ердөө хэдхэн цагийн дараа сая сая иргэд тэмцлийн хэлбэрт шилжиж, Нэгдсэн улс даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулагдлаа.

Лос-Анжелес хотоос эхлээд Бостон хүртэлх олон хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж буй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн эрийн эзэмшлийн “Трамп тауэр”-ын гадна ч жагсаал цуглаан зохион байгуулагджээ. Жагсагчид “Тэр миний Ерөнхийлөгч биш” хэмээн хашгирч, уриа лоозон барин зогсч байна. Тэр бүү хэл, АНУ-ын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн хөгшин Ерөнхийлөгч гэгдэж буй Доналд Трампын төрөлх хотод ч мянга мянган иргэд жагсаал хийж байна.

Тэдний зарим нь “Иргэний эрхийн төлөө дахин тэмцэх ёстой болсондоо итгэж чадахгүй байна” гэж байгаа бол зарим нь “Улс орон маань урагшлан хөгжиж байна гэж бодтол хэдэн ч алхмаар хойшоо ухарчихлаа. Үнэхээр уур хүрч байна” гэж ярьж байна. Тэдний нөгөө хэсэг нь “Трамп л биш”, “Би айдастай амьдармааргүй байна”, “Үзэн ядалт ялах ёсгүй” гэж хэлж байна.

Цагаан ордны гадна ч эсэргүүцлийн цуглаан болсон бөгөөд энэ үеэр Трамп болон Хилларигийн дэмжигчид хоорондоо гар зөрүүлсэн явдал ч гарсан юм. Ийнхүү сонгуулийн дүнд балмагдаж гайхсан, үл хүлээн зөвшөөрсөн иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Вашингтонд ч олон мянган хүн цуглан эсэргүүцлээ илэрхийлсний ихэнх нь залуус, өнгөт арьстнууд байжээ.

Тэдний хувьд “АНУ-д фашизм хэрэггүй” гэх мэт уриа лоозонг барин хотын төвөөр жагссан байна. Жагсаалд оролцсон бэлгийн цөөнхийн төлөөлөгч болсон нэгэн эмэгтэй “Бэлгийн цөөнхийнхний эсрэг хатуу бодлого баримталж буй нь буруу. Бид тийм улс болохыг хүсэхгүй байна. Ижил хүйстний гэрлэлтийг хориглох вий гэдгээс би маш их айж байна. Тиймээс өнөөдөр найзуудтайгаа улсаасаа явах талаар хүртэл ярилцаж байлаа” гэжээ.

Харин өөр нэг өнгөт арьст залуу “Эмэгтэйчүүд болон үндэсний цөөнх болох Африк гаралтай америкчуудыг албадан гаргах вий гэдгээс үнэхээр их айж байна” гэж ярьжээ. Энэ мэтээр Америкчууд шинэ төрийн тэргүүнээсээ айж буй сэтгэгдлээ илэрхийлэн жагсаж, зарим нь бүр Канад, Шинэ Зеланд руу нүүх бэлтгэлээ хангах болсон гэнэ.

Оросууд тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хориг цуцлагдана хэмээн баярлаж, В.Путин хүртэл Трампад баярын цахилгаан илгээж хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Үүнээс гадна АНУ-ын Сиэтл хотод болсон мөн эсэргүүцлийн жагсаалаар буун дуу гарч, таван хүн шархадсан байх бөгөөд тэдний хоёрынх нь биеийн байдал тун хүнд байгаа ажээ. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Нэгдсэн улсад ийм хэрэг мандаж байхад, ОХУ, БНАСАУ энэ удаагийн сонгуулийн дүнг боломж гэж харж байгаа юм.

Сонгуулийн дүн гарсны дараа Оросууд тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хориг цуцлагдана хэмээн баярлаж, В.Путин хүртэл Трампад баярын цахилгаан илгээж хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Харин БНАСАУ эдүгээг хүртэл АНУ-ын улстөрийн бодлогын гол чиглэл байсан цөмийн зэвсгийг халах бодлогыг “Үеэ өнгөрөөсөн уран зөгнөл” хэмээн мэдэгдэж, даруй цуцлахыг Трампад сануулжээ. Эмэгтэйчүүдийг зүй бус үгээр гутаан доромжилж байсан тэрбумтан эр Ерөнхийлөгч болсонд урлаг соёлын зарим алдартнууд ч тун эмзэг хандаж буй. Тухайлбал, сонгуулийн урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж эхэлмэгц дуучин Лэди Гага уйлсан бол жүжигчин Деми Ловато твиттертээ бухимдлаа илэрхийлэв.


URL:

Сэтгэгдэл бичих