Фракцгүй нам уу, фракцгүй дарга уу

378dad1d5d655310bigТ.ЦЭЛМЭГ

Их ялагдал бол дараагийн том ялалтын эхлэл гэх. Тиймээс Ардчилсан намын даргын суудал ч ирээдүйд урд урдынхаа илүү үнэ цэнэтэй болно хэмээн тооцож буй бололтой. Учир нь, энэ албан тушаалын төлөөх өрсөлдөөн ширүүн байх төлөв өдөр ирэх тусам мэдрэгдэх болов.

2012 онд Монгол ардын нам цөөнх болж, ялагдахад Ерөнхий сайд нь МАН-ын дарга Сү.Батболд байв. Намаа унагаасны төлөө Сү.Батболд, У.Хүрэлсүх нар МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаасаа үг дуугүй буусан. 2016 оны зургадугаар сарын 29-нд АН ялагдахад З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар хариуцлагаа хүлээж огцрохоо мэдэгдсэн. Энэ хоёр жишээнээс харахад дараагийн сонгуулиар АН ялалт байгуулж, МАН-ыг удирдаж сонгуульд орох дарга нь суудлаасаа огцорч энэ цикль үргэлжилж ч мэдэх юм. Ерөнхийдөө АН-ын даргын төлөөх энэ удаагийн өрсөлдөөн бол 2020 онд томилогдох ирээдүйн Ерөнхий сайдын төлөөх өрсөлдөөн байж болох гэх нэгэн ч байна.

УИХ-ын сонгуулийн дараа З.Энхболд хариуцлагаа хүлээж Ардчилсан намын даргаас огцрохоо мэдэгдсэнээс хойш намын даргад нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн жагсаалт ар араасаа хөвөрсөөр. АН-д харьяалалтай бүхэн бараг гараа өргөж, нэрээ дэвшүүлэх нь холгүй байгаа. Хамгийн анх П.Цагаан эрхэлж байгаа албан тушаалаасаа татгалзаж, даргын марафоны гараанаас гарсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад УИХ-ын сонгуульд өрсөлдөж өвдөг шороодоод удалгүй ажилдаа очсон уг нь. Гэвч АСЕМ-ын хуралдааныг өнгөрөөж аваад наймдугаар сарын 24-нд “Би аль нэг фракцыг төлөөлөөгүй.

Фракцгүй, цул АН байгуулахын төлөө залуучуудаа дэмжиж ажиллана” гэж мэдэгдсэн билээ. Энэ бол товчхондоо АН-ын шинэчлэлийн төлөөх залуучуудтай хамт нэг баг шүү гэж зарласантай ялгаагүй сонсогдсон. Ерөнхийлөгчийн тамгын газарт хамт ажиллаж байсан С.Эрдэнэболд тэргүүтэн түүний ард зогсох нь ээ гэсэн үг. Ерөнхийлөгчийн тамгын газрынхан АН-ын даргын төлөө бараг бүтэн багаараа хөдөлж байна гэж хэн ч хэлэхээр байгаа. Аль нэг фракцынх биш гэх нь магадгүй зөв биз. Ямар нэг оноосон нэр өгөөгүй учраас тэр. Түүнээс бол АН дотор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талынхан гэдэг нэг том фракц байгааг ямар ч гишүүн нь хэлж байна.

Нэгэнтээ фракц болж, эрх ашгаа нэгтгэж байсан Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөр нарын “Нэг ардчилал” тарснаа мэдэгдлээ гэж албан бичиг сачиг болсон нь саяхан. Албан ёсоор намынх нь үндсэн дүрмэнд байхгүй фракцыг тарааж байна гэж мэдэгдэх нь улстөржилт гэв. Тэгснээ удалгүй Л.Гантөмөр “Фракцгүй нээлттэй нам болох хэрэгтэй” гэж ярилцлага өгсөн. АН-ыг төдийгүй Монгол Улсаа хөгжүүлэх бодлого байгаагаа хэлжээ. Гэхдээ зарим нь “Нэг ардчилал” фракцийнхан Ерөнхийлөгчийнхөн нэг зоосны хоёр тал гэсэн ч удаатай. Ярьж хэлж байгаагаас нь харвал ерөнхийдөө маш төстэй утга агуулга бүхий санаа П.Цагаан, Л.Гантөмөр нараас харагдана. Хоёр хувилбараар зүтгээд үзнэ гэж ч байх шиг.

Фракцгүй байхыг уриалах хэдий ч таван нам нэгдэж АН-ыг байгуулснаас хойш фракцууд амь бөхтэй оршин тогтносоор ирсэн. 16 жилийн турш ил далд ямар л бол ямар хэлбэртэй байсан фракцуудыг ганц дарга гарч ирээд татан буулгаад, бүгд сайхан эв найрамдалтай болно гэвэл тэрэн шиг үлгэр үгүй. Фракцгүй гэх үгээр халхавч хийсэн жинхэнэ фракцлагчид гол төлөвлөгөө боловсруулаад сууж байхыг үгүйсгэхгүй байгаа.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулийг олон жилийн өмнө баталж, бага зэргийн өөрчлөлт оруулсан учир шинэчлэх шаардлагатай гэдэг. АН-ын хувьд намын дүрэмдээ өөрчлөлт хийхээр анхан шатны үүрүүдээс саналыг нь авч байсан. Гэвч Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхтэй уялдуулах шаардлага байсан тулд тэгсгээд хойш тавьсан. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн тамгын газраас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан боловч хэлэлцүүлж чадалгүй буцаан татсан. Энэ хуулийн төсөлд орсон зарим нэг заалт анхаарал татаж байгаа юм. Нийгэм, эдийн засгийн салбарын бодлогын асуудлаар зөвлөлдөх, бодлого боловсруулах, судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулах, нийгэм дэх сонирхлын бүлгүүдийн эрх ашгийг хамгаалах зэрэг чиг үүрэгтэй бүтцийн нэгж байгуулж болохыг намын дүрмээр зохицуулж болно гэжээ. Мөн улс төрийн зорилт, мөрийн хөтөлбөр дэх тодорхой асуудлыг төрийн бодлого шийдвэрт тусгах зорилгоор нөлөөллийн бүлэг байгуулж болохыг ч зөвшөөрсөн байв. Нөлөөллийн бүлэг байгуулсан бол өөр бүлэг байгуулж болохгүй гэж тусгасан. Уг хуулийн төслөөр бол нөлөөллийн бүлэг гэх нэртэй бүтэц буюу фракц байгуулах эрхийг хуулиар олгож, намууд дүрмээрээ зохицуул хэмээн зөвшөөрсөн байх аж. УИХ-ын сонгуулийн өмнө ийм хууль баталж болохгүй гэж буцаасан бол нэгэнт бэлэн болсон төслийг дахин өргөн барьж хэлэлцүүлэхийг хэн байг гэхэв. 2017 оны зун Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч тодорч, одоогийн тэргүүн суудлаа шилжүүлж өгнө. АН-ыг байгуулалцсан хүн улс төрийн карьераа ингээд дуусгахгүй нь АН-ын даргад горилогчидтой хамгийн их хамааралтай. Гуравдахь Ерөнхийлөгч ч гэсэн улс төрөөс явахгүйг хичээж, намын дарга болж, карьераа үргэлжлүүлсээр байгаа.

Хэдэнтээ хойшилсон АН-ын ҮЗХ энэ удаад ямар уур амьсгал дунд болж өнгөрөхөөс бас их зүйл шалтгаална. Энэ сарын 16-ны лхагва гарагт зарласан ҮЗХ-ны хурлыг тэсэн ядан хүлээгсэд ямар сценарь төлөвлөсөн бол…
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих